Шүүх | Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Чулуунбаатарын Цэнд-Очир |
Хэргийн индекс | 118/2021/0015/З |
Дугаар | 118/ШШ2021/0023 |
Огноо | 2021-06-04 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 118/ШШ2021/0023
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Цэнд-Очир даргалж, нарийн бичгийн даргаар Ч.Алтанзулыг оролцуулан тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад холбогдох
Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/31, Б/32 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр, түүний өмгөөлөгч Т.Цэрэндагва, хариуцагч Завхан аймгийн Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат, түүний өмгөөлөгч Б.Энхжаргал, гуравдагч этгээд Д.Цэрэндорж, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ч.Алтанзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Эрдэнэбаяр миний бие 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хуралд тус багийн 262 иргэн хүрэлцэн ирж Өлзийт багийн Засаг даргад Отгонбаяр гэх хүнтэй өрсөлдөж, багийн Засаг даргыг сонгох хуралд оролцсон Өлзийт багийн иргэдийн санал хураалтаар 262 иргэний 152 иргэн нь миний төлөө саналаа өгч, 110 иргэн Отгонбаярт санал өгч Өлзийт багийн иргэдийн олонхийн саналаар Өлзийт багийн Засаг даргын албан үүрэгт томилуулахаар уламжлах тухай тогтоолыг Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргад хүргүүлж Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар томилогдон ажиллаж байгаад шинээр томилогдсон Улиастай сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 тоот ажлаас чөлөөлөх тухай захирамжаар үүрэгт ажлаасаа хууль бусаар чөлөөлөгдсөн. Захирамжийг гаргахдаа надад огт мэдэгдээгүй ба 2020 оны 12 дугаар сарын 30-ны орой миний ажлыг хүлээн авсан Д.Цэрэндорж над руу утсаар ярьж маргааш чиний ажлыг чинь авна, чи ажил дээрээ байж байгаарай гэсэн. Маргааш өглөө нь мөн Д.Цэрэндорж дахин ярьж 11 цаг өнгөрөөгөөд очиж ажил хүлээлцэнэ гээд байхаар нь би шинэ Засаг дарга Ч.Наранбат руу залгаад Д.Цэрэндорж гэдэг залуу над руу залгаад чиний ажлыг хүлээлцэнэ гээд байна. Энэ ямар учиртай юм бэ гэхэд одоо танай ажил руу явж байна, чи хүрээд ир, чамайг ажлаас чөлөөлсөн байгаа, оронд нь үүрэг гүйцэтгэгч тавина, ажил дээрээ яаралтай ир гэсний дагуу 14 цагт ажил дээрээ очиход сумын шинэ Засаг дарга, Ч.Наранбат, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Саранцэцэг, миний ажлыг авсан Д.Цэрэндорж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Д.Дагвасамбуу, Засаг даргын туслах ажилтан Янжмаа, Жинст багийн төлөөлөгч банканд ажилладаг зүс таних нэг залуугийн бүрэлдэхүүнтэй ирсэн бөгөөд намайг ороход миний ажлын өрөөнд орж ирээд сууж байсан. Сайн байна уу. За та хэд маань юу болоод байна гэхэд өчигдөр чамайг ажлаас чөлөөлсөн захирамж гарсан, мөн багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч тавьсан, ажлаа өг гэсэн. Мөн араас нь Улиастай сумын Засаг даргын Тамгын газрын дарга Т.Мөнхбаатар ирсэн бөгөөд намайг чөлөөлсөн захирамжийг уншиж танилцуулсан. Би ямар хуулийн дагуу чөлөөлж байгаа юм бэ, наад захирамж дээр чинь үндэслэл гэж байхгүй байна. Би Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хуралд Засаг даргаар өрсөлдөж сонгогдсон. Тийм учраас иргэдийн Нийтийн Хурлыг хуралдуулж ажлаа тайлагнаж албан ёсоор миний ажлыг авна биз дээ. Наад захирамжийг чинь хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг чөлөөлсөн захирамжийг хэрэгжүүлэх ажил хүлээлцэх ажлын хэсэг чинь хаана байна, та нар хүний ажлыг дээрэмдэж байгаа юм шиг бөөнөөрөө ирээд ийм бүдүүлэг авна гэж байхгүй гэж хэлсэн. Миний бие 2016 оны орон нутгийн сонгуулиар Завхан аймгийн Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Өлзийт багаас нэр дэвшиж, Улиастай сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Өлзийт багийн төлөөлөгчөөр сонгогдон ажиллаж 2020 оны орон нутгийн сонгуульд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд мөн Өлзийт багаас төлөөлөгчөөр сонгогдсон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч бөгөөд төлөөлөгчийн нийгмийн баталгааг зөрчиж, иргэдийн Нийтийн Хурлын тогтоол шийдвэргүй, надад мэдэгдэлгүй, зөвшилцөлгүй, ажил хүлээлцэх ажлын хэсэггүй, намайг ажлын өрөөндөө очоогүй байхад ямар ч хамааралгүй хүмүүстэй ажлын өрөөнд сууж зөвшөөрөлгүй оруулж ирэн бүдүүлгээр ажлыг минь авсанд гомдолтой байна. Үүний хор уршиг нь энэ цаг үеийн онцгой нөхцөл байдлын үед иргэдээс сонгогддог төрийн чиг үүргийг түргэн шуурхай хүргэж, багийн иргэн бүртээ тулж ажилладаг нийтийн албан тушаалтныг нэг ч иргэнээс асуулгүй хууль бус халаа сэлгээ хийж , багийн Засаг даргын туршлагагүй иргэнийг хуульд байхгүй үүрэг гүйцэтгэгчээр тавьж байгаа нь Өлзийт багийн нийт иргэдийн эрүүл мэнд, амь насыг эрсдэлд оруулах, багийн иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан сонгох, сонгогдох эрхийг эрхийг ноцтой зөрчиж, багийн иргэдийн өөрийн оршин суух багийн Засаг даргын сонгууль хийх, түүнд оролцох, сонгогдох, сонгох эрхэд халдаж байна. Шинээр томилогдсон сумын Засаг дарга Ч.Наранбат нь чи ажлаа авсан шигээ өгч сур гэсэн. Би ажил авахдаа хууль журмын дагуу иргэдийн сонголтоор багийн иргэдийн Нийтийн Хурлаар сонгогдож, Засаг даргад уламжлуулж батламжлуулсан юм. Шинэ сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 тоот ажлаас чөлөөлөх захирамжийн үндэслэх хэсэгт нь Засаг даргыг томилох тухай заалт буюу Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасныг үндэслэсэн байна. Мөн Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.6 соёл урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хязгаарлах, цуцлах, хориглох гэсэн заалтыг баримталсан байна. Миний бие Засаг даргад дахин нэр дэвшээгүй, ажлын үүргээ гүйцэтгэх явцдаа буюу өндөржүүлсэн бэлэн байдлын үед багийн нутаг дэвсгэртээ соёл, урлаг, олон нийтийн арга хэмжээ зохион байгуулаагүй болно. Дээрх ажлаас чөлөөлсөн захирамж нь үндэслэлгүй байсан тул Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын дээд шатны байгууллага, албан тушаалтан болох Завхан аймгийн Засаг даргад 2021 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Улиастай сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар хандсан ба уг гомдлын хариугаа авахаар удаа дараа хандсан боловч бичгээр хариу өгөхгүй атлаа чиний гомдлыг шийдвэрлэх хугацаа нь дуусаагүй байна, хугацааг нь дуусгаж байж өгнө гэсэн хариуг амаар хэлсэн болно гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн хэлж байгаа зүйлийг шүүхээс онцгойлон анхаарч үзээсэй гэж хүсч байна. Төрийн үйл ажиллагаа өөрөө ямар нэгэн ялгаварлалгүй, тэгш хүртээмжтэй байх зарчимтай. Үүнийг шүүх хурлаар харгалзаж үзэх ёстой нөхцөл байдал ялт ч үгүй мөн. Өмнө нь ярьсан тайлбаруудаа дэмжиж байна. Гуравдагч этгээдийн хувьд хувийн байгууллагад ажиллаж байсан, одоо энэ албан тушаалдаа үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байгаа юм байна. Ер нь 4 жилийн хугацаа болоод ажлаас чөлөөлөгдөх нь хууль. Гэхдээ ямар журмаар чөлөөлөгдөх вэ? гэдэг дээр маргаан яваад байгаа. Багийн иргэдийн Нийтийн Хурлаас гаргасан саналыг үндэслэж томилох чөлөөлөх эрх олгосон болохоос өөрийн санаачилгаар багийн Засаг даргыг чөлөөлөөд оронд нь иргэдийн санал аваагүй, иргэдийн Хурал болоогүй байхад өөр хэн нэгнийг шууд ажиллуулах эрх сумын Засаг даргад ямар ч хуулиар олгогдоогүй. Энэ асуудлыг заавал иргэдийн Нийтийн Хурлаар шийдэх юм уу гэхээр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд маш тодорхой заасан. Тухайлбал, энэ хуулийн 23 дугаар зүйлийн 23.10, 23.11-д зааснаас харвал иргэдийн Нийтийн Хурал хуралдана, ирц нь ийм байж хүчинтэйд тооцно гэсэн байгаа. Мөн 26 дугаар зүйлд нь ийм ирцтэйгээр хуралдлаа, ийм санал гаргалаа гээд, томилох эрх бүхий албан тушаалтанд санал хүргүүлэхээр байгаа. Мөн 26 дугаар зүйлийн 26.3-д дээрх процессоор ирсэн саналыг үндэслэж томилно. Түүнчлэн чөлөөлөх асуудлыг 28 дугаар зүйлийн 28.4, 28.5-д зааснаар чөлөөлөхөөр байгаа. Үүнээс илүү яаж тодорхой нарийвчилж зохицуулах вэ?, Хэрэгт авагдсан баримтаас харахад иргэдийн Нийтийн Хурал сүүлийн бүтэн жилийн хугацаанд хуралдаагүй байна, санал очоогүй байна. Ганц шалтгаан нь бүрэн эрхийн хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хуульд байхгүй эрхээ хэрэгжүүлээд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Тэгэхээр нэхэмжлэгчийн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх байдал тогтоогдож байна. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын тухайд түр орлон гүйцэтгэгчээр томилсон асуудал нь түр ч бай байнга ч бай сумын Засаг дарга багийн Засаг даргыг иргэдийн Нийтийн Хурлын саналгүйгээр томилох эрх хуулиар олгогдоогүй. Дээр нь түр орлон гүйцэтгэгч, бүрэн эрхийн хугацаа нь дууссан хүн хоёр ажиллахад ямар ялгаа байгаа юм бэ?. Хэрвээ түр орлон гүйцэтгэгч томилох байсан юм бол нэхэмжлэгчийг яагаад ажиллуулж болоогүй юм гэдгийг шүүхээс харгалзан үзээсэй гэж хүсч байна. Мөн түр орлон гүйцэтгэгч томилсон тушаал нь өөрөө нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн захиргааны актын үндсэн дээр гарсан байна. Монгол Улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д энэ талаар маш тодорхой заасан. Бүх шатны Засаг даргын ажлын албанд харьяалагддаг Засаг даргын орлогч гэсэн албан тушаал байдаг. Энэ хуулийн 32.7-д зааснаар Засаг даргыг огцруулсан, чөлөөлсөн бол Засаг даргын ажлыг орлогч хийх ёстой. Энэ захиргааны акт нь нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх, сонгох, сонгогдох эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
Хариуцагч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Улиастай сумын Засаг дарга Ч.Наранбат миний бие Өлзийт багийн иргэн Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй танилцлаа. Улиастай сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр захирамжаар Өлзийт багийн Засаг дарга Б.Эрдэнэбаярыг үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэхүү захирамж нь доорх хууль зүйн үндэслэлтэй болно. 1.Завхан аймгийн Улиастай сумын Өлзийт багийн Засаг дарга Б.Эрдэнэбаяр нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн захирамжаар томилогдсон ба Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т... энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол аймаг, нийслэлийн Засаг даргыг Монгол Улсын Ерөнхий сайд, сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга, баг хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох бөгөөд нөхөн томилогдсон Засаг даргад энэ хугацаа хамаарахгүй... гэж заасны дагуу 4 жилийн бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон тул багийн Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Д.Цэрэндоржийг томилсон. Тус багаас иргэдийн Нийтийн Хурлыг зарлан хуралдуулахад Б.Эрдэнэбаяр нь багийн Засаг даргад нэр дэвшин оролцох эрх нээлттэй. 2. Монгол улсын хэмжээнд Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан тул Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.6-д зааснаар багийн иргэдийн Нийтийн Хурал хуралдуулах боломжгүй байна. 3. Өлзийт багийн Засаг дарга Б.Эрдэнэбаярыг чөлөөлсөн 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр захирамжид Ажил хүлээлцэх комисс-ыг нэр бүхий гишүүдийн бүрэлдэхүүнтэй байгуулсан бөгөөд тэр өдөр комиссын гишүүдээс Тамгын дарга Т.Мөнхбаатар, дотоод ажил хариуцсан түшмэл М.Нарантуяа, нярав С.Энхтуул нар очиж ажил хүлээлцсэн./ ажил хүлээлцсэн актыг хавсаргав./ 4.Б.Эрдэнэбаяр нь 2020 оны орон нутгийн сонгуульд Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Өлзийт багаас сонгогдсон төлөөлөгч бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т ...Засаг дарга эрх бүхий бусад албан тушаалтан Хурлын Төлөөлөгчийг ажлаас халах, чөлөөлөх, шилжүүлэх, өөрчлөх тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэсний дагуу Улиастай сумаас албан бичиг хүргүүлж, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн хариуг ирүүлсэн. 5. Захирамжид ажлаас чөлөөлөх үндэслэлийг заасан. 6. Б.Эрдэнэбаярыг ажлаас чөлөөлөх талаар өөрт нь урьдчилан мэдэгдсэн. 7. Миний гаргасан тайлбар хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: ... Б.Эрдэнэбаяр 4 жилийн хугацаанд ажилласан байна. 2016 оны 12 сарын 19-нд томилогдоод 2020 оны 12 сарын 19-нд 4 дэх жилийн бүрэн эрхийн хугацаа дууссан байна. Монгол Улсын Үндсэн хууль бол бүх хуулийн эцэг хууль. Тэгвэл Үндсэн хуульд багийн Засаг даргыг 4 жилийн хугацаагаар томилно гэж заасан байгаа. Гэтэл нэхэмжлэгч би багийн Засаг даргаар 4 жил ажиллаа, үргэлжлүүлэн ажиллая гэсэн үндэслэлээр шүүхдэж байна. Хамгийн гол баримтлах зүйл нь улс төрийн албан тушаал буюу Төрийн албаны тухай хуульд зааснаар хугацаатай албан тушаал. 4 жилийн хугацаа дууссан бол түүнийг чөлөөлөх хууль зүйн үндэс бүрдэнэ. Монгол Улсад өмнө нь үүсч байгаагүй буюу шинэ Үндсэн хууль батлагдсантай холбогдуулан багийн иргэдийн Нийтийн Хурлаа хийж чадахгүй байх ийм нөхцөл байдал бүрдсэн. Тийм учраас тухайн нөхцөл байдалд уялдуулан нийтийн эрх ашгийг хамгаалах шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан багийн Засаг даргыг ажлаас чөлөөлсөн байна. Энэ бол хуульд нийцнэ. Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй гэж байна. Тэгвэл энэ хуульд сонсох ажиллагаа явуулахгүй байх нөхцөлийг бас заасан. Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол хийхгүй, гарцаагүй байдлын улмаас нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол хийхгүй гэсэн байгаа. Тэгэхээр Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар бүрэн эрхийн хугацаа дуусах буюу Үндсэн хууль зөрчигдөх, цаашлаад нэгжийн хуульд заасан зохицуулалт зөрчигдөх асуудал учраас энэ бол зайлшгүй байдал үүсч байгаа. Мөн энэ хууль зөрчигдлөө гээд бүх нийтийг цуглуулах хурал цуглаан хийх, нотлох, сонсох ажиллагаа явуулах боломжгүй байсан. Ийм учраас заавал сонсох ажиллагааг хийх ёстой байгаагүй. Сонсох ажиллагааг хийнэ, хийхгүй байх боломж бас байна. Улс төрийн албан тушаалтан бол нийтийн албан тушаалтан. Нийтийн албан тушаалтан нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажиллах ёстой. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэгжийн тухай хуулийн 28 дугаар зүйлд заасны дагуу гэж яриад байна. Уг 28 дугаар зүйлд бүрэн эрхийн хугацаа дууссаны дараах асуудлыг биш, 4 жилийн хугацаа дуусаагүй байхад, Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-д баг хорооны Засаг даргыг энэ хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан үндэслэл журмаар чөлөөлөх буюу огцруулна гэж заасан. Тэгвэл 32 дугаар зүйлийн 32.1-д аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол гэж байгаа. Тэгэхээр энэ бол бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байхдаа эрүүл мэндийн байдлаас бусад хүндэтгэн үзэх шалтгаанаар ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол гэсэн ойлголт харагдаж байна. ... Нөгөө талаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д нэхэмжлэл гэж иргэн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрхээ хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлэх гэж байгаа. Гэтэл Д.Цэрэндоржийг томилж байгаа үйлдэл нь Б.Эрдэнэбаярын эрх ашгийг зөрчөөгүй байна. Учир нь Б.Эрдэнэбаярыг ажлаас чөлөөлсөн Б/31 дугаартай захирамж гарснаар эрх ашиг нь зөрчигдсөн гэж маргаан үүсгэж байна. Таны эрх ашиг зөрчигдөөгүй гэж маргахгүй. Харин Д.Цэрэндоржийг томилсон захирамж дээр нэхэмжлэгчийн ямар эрх ашиг зөрчигдөж байгаа нь ойлгомжгүй байна. Нөгөө талаар нийтийн эрх ашгийг төлөөлөх тусгайлсан эрх олгосон этгээд мөн үү? гэвэл биш. Тийм учраас нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлага нь өөрөө хуульд нийцэхгүй байна. ... Ингээд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд ярихад Б.Эрдэнэбаярыг ажилд нь эгүүлэн томилох үндэслэлгүй байна гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн томилсноор Үндсэн хууль болон нэгжийн тухай хуульд заасан 4 жилийн хугацаанд багийн Засаг дарга хийхгүй байна. Шүүхийн шийдвэрээр энэ хүнийг ажилд нь эгүүлэн томилбол багийн Засаг даргаар хэдэн жил ажиллах вэ? 5, 6-н жил багийн Засаг даргаар ажиллах ёстой байсан уу? гэдэг асуудал яригдахаар байна. Тийм учраас улс төрийн албан тушаалтныг ажилд нь эгүүлэн томилох үндэслэлгүй байна. Ажилд нь эгүүлэн томилох үндэслэлгүй байх тул ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах хууль зүйн үндэслэлгүй, мөн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх үндэслэл байхгүй байна. Нэмэгдүүлсэн шаардлагын хувьд гуравдагч этгээдийг түр орлон гүйцэтгэгчээр ажилд томилсон захирамжаар нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зүйл харагдахгүй байх тул нэмэгдүүлсэн шаардлагыг мөн адил хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээд Д.Цэрэндорж шүүхэд ирүүлсэн тайлбартаа: 2021 оны 04 дүгээр сарны 01-ний өдрийн 118/ШЗ2021/0133 дугаар захирамжийн дагуу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д заасныг баримтлан Б.Эрдэнэбаярын нэхэмжлэлтэй Улиастай сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцохыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Улиастай сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/31 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай, Б/32 дугаар Үүрэг гүйцэтгэгчээр томилох тухай захирамжийг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих санд төлүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрүүдэд нөхөн бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяр нь Улиастай сумын Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдаанд оролцогсдын олонхийн санал авч тус хурлын 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 03 дугаар тогтоолоор Өлзийт багийн Засаг даргад томилуулах саналыг Улиастай сумын Засаг даргад уламжилснаар Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/143 дугаар захирамжаар Өлзийт багийн Засаг даргаар томилогдсон байна.
Нэхэмжлэгч нь Өлзийт багийн Засаг дарга, аймгийн Хурлын төлөөлөгч Б.Эрдэнэбаяр намайг ажлаас чөлөөлөхдөө хариуцагч Улиастай сумын Засаг дарга нь нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан Хурлын Төлөөлөгчийн үйл ажиллагааны баталгааг зөрчиж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4.6 дахь заалт зэрэг багийн Засаг даргыг чөлөөлөхөд хамааралгүй заалтыг үндэслэсэн ажлаас чөлөөлсөн гэж маргаж байна.
Хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14.4-т зааснаар ... аймгийн Хурлын Тэргүүлэгчидтэй зөвшилцсөн, мөн хуулийн 26.3-т заасны дагуу ... энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол багийн Засаг даргыг сумын Засаг дарга 4 жилийн хугацаагаар томилох,... заалтын дагуу бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсноор үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Гамшгаас хамгаалах тухай хуулийн 10.4.6-д зааснаар багийн иргэдийн Нийтийн хурал хуралдуулах боломжгүй байсан гэж тайлбарлаж байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т Баг, хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн Хуралд оролцож байгаа иргэдийн ... олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно , мөн хуулийн 26.3-т Энэ хуулийн 26.2-т зааснаар нэр дэвшүүлсэн бол ..., баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус 4 жилийн хугацаагаар томилох.... гэжээ.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4-т Багийн Засаг даргыг энэ хуулийн 32.1-д заасан үндэслэл, журмаар ажлаас нь чөлөөлөх..., 28.5-д Багийн Засаг даргыг чөлөөлөх ... асуудлыг тухайн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга шийдвэрлэнэ, 32 дугаар зүйлийн 32.1-д ... Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бол дээд шатны Засаг дарга ... түүнийг бүрэн эрхийнх нь хугацаа дуусахаас өмнө үүрэгт ажлаас нь чөлөөлнө гэжээ.
Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд багийн Засаг даргыг томилох, чөлөөлөхдөө тухайн иргэдийн Нийтийн Хурлын санал болгосон шийдвэрийг үндэслэх, энэ нь бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлээр багийн Засаг даргыг чөлөөлөх тохиолдолд ч хэрэглэгдэх зохицуулалт байх ба багийн Засаг дарга эрүүл мэндийн байдал, хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар чөлөөлөгдөх хүсэлтээ бичгээр гаргасан тохиолдолд сумын Засаг дарга бүрэн эрхийн хугацаа дуусахаас өмнө шууд чөлөөлөх ялгамжтай зохицуулалттай байна.
Түүнчлэн хариуцагч Улиастай сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Завхан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Б.Эрдэнэбаярыг Өлзийт багийн Засаг даргын ажлаас чөлөөлөхдөө Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан Засаг дарга, ... Хурлын төлөөлөгчийг ажлаас чөлөөлөх .... тохиолдолд саналаа тухайн шатны Хурлын Тэргүүлэгчдэд урьдчилан танилцуулж зөвшилцсөн байна гэх хуулийн заалтыг хэрэгжүүлээгүй гэж маргаж буй нь үндэслэлтэй байна.
Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярыг Ажлаас чөлөөлөх тухай Б/31 дүгээр захирамжийг гаргахдаа хуульд заасан зөвшилцөх нөхцөлийг үндэслээгүй боловч маргаан бүхий захирамжийг гаргаснаас хойш буюу 2021 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанд зөвшилцөх /санал солилцох/ санал оруулж хэлэлцүүлсэн талаар хариу тайлбартаа дурдсан хэдий ч энэ нь цаг хугацааны хувьд маргаан бүхий захирамжаас хойш байгааг дурдах нь зүйтээ байна.
Иймд хариуцагч Улиастай сумын Засаг даргаас нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярыг Өлзийт багийн Засаг даргаас чөлөөлсөн Б/31 дүгээр захирамж дээр дурдсан үндэслэлээр хууль бус байх ба уг хэргийн гуравдагч этгээд Д.Цэрэндоржийг Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэлгүйгээр багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Улиастай сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/32 дугаар захирамж мөн эрх зүйн үндэслэлгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн эрх ашгийг хөндсөн байх тул тус тус хүчингүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь Улиастай сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/32 дугаар Үүрэг гүйцэтгэгч томилох тухай захирамж гарах болсон үндэслэл нь Б/31 дүгээр Ажлаас чөлөөлөх тухай захирамжийн үр дагавраар тодорхойлогдож байх тул Б/31 дүгээр захирамж хүчингүй болсноор үр дагаврын хувьд Б/32 дугаар захирамж ч мөн хүчингүй болж, нэхэмжлэгчийг анх Өлзийт багийн Засаг даргаар томилсон Улиастай сумын Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Б/143 дугаар Ажилд томилох тухай захирамжийн үйлчлэл шууд сэргэх үндэслэлтэй байна.
Түүнчлэн уг хэргийн гуравдагч этгээд Д.Цэрэндоржийг Өлзийт багийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон Улиастай сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Б/32 дугаар захирамж нь Өлзийт багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэлгүй гарсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх ба хуульд заасан журмыг зөрчиж гаргасан дээрх захирамжийн улмаас нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын төрийн албанд хөдөлмөрлөх, сонгогдох эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хариуцагчаас нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярыг ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын 7а/-д заасны дагуу нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын ажилгүй байсан 112 хоногийн дундаж цалин, хөлстэй тэнцэх олговор 4.998.448 төгрөгийг Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгуулах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 28 дугаар зүйлийн 28.5 дахь хэсэгт заасныг баримтлан Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/31, Үүрэг гүйцэтгэгч томилох тухай Б/32 дугаар захирамжуудыг тус тус хүчингүй болгож, Б.Эрдэнэбаярыг Улиастай сумын Өлзийт багийн Засаг даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан Улиастай сумын Засаг даргын Тамгын газраас нэхэмжлэгч Б.Эрдэнэбаярын ажилгүй байсан 112 хоногийн цалинтай тэнцэх 4.998.488 төгрөгийн олговроос зохих нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Эрдэнэбаяраас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Улиастай сумын Засаг даргаас 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.ЦЭНД-ОЧИР