Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 2023/ШЦТ/352

 

 

 

 

 

 

 

 2023         04         05                                      2023/ШЦТ/352

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Г.Баярмаа,

шүүгдэгч, хохирогч Ц.А-,

шүүгдэгч, хохирогч С.А-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2309001740280 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгч ... Ц.А-,

 

2. Шүүгдэгч ... С.А нар нь:

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: 

Ц.А- нь 2022 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ы 901 дүгээр байрны 14 тоотод С.А-тай маргалдаж, улмаар түүний зүүн нүд хэсэгт хуруугаараа хатгаж эрүүл мэндэд нь алимны урагдал, гоожилт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний хараагүйдэл, нүдний зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний нулимсны замын тасрал, цус хуралт, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

С.А- нь 2022 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ы 901 дүгээр байрны 14 тоотод Ц.А-тай маргалдаж, улмаар хутгаар гар, зүүн гуя хэсэгт хатгах, баруун гуянд нь цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвуу, зүүн гуянд зүсэгдсэн шарх, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.А-д, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.А- нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Ц.А- мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч С.А- мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй” гэв.

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.А- нь 2022 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ы 901 дүгээр байрны 14 тоотод С.А-тай маргалдаж, улмаар түүний зүүн нүд хэсэгт хуруугаараа хатгаж эрүүл мэндэд нь алимны урагдал, гоожилт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний хараагүйдэл, нүдний зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний нулимсны замын тасрал, цус хуралт, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

С.А- нь 2022 оны 12 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ы 901 дүгээр байрны 14 тоотод Ц.А-тай маргалдаж, улмаар хутгаар гар, зүүн гуя хэсэгт хатгах, баруун гуянд нь цохиж эрүүл мэндэд нь зүүн сарвуу, зүүн гуянд зүсэгдсэн шарх, баруун гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 14-18 /  

 

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол / хх 24 /

 

Хохирогч С.А-ын / хх 28 / “...Намайг гэртээ байхад Ц.А- ирээд бид хоёр нэг шил архи хувааж уугаад автобусны карт захиалахаар яваад буцаж гэрт ирсэн. Хоол хийх гэж сууж байгаад хүүхэд байхдаа найзалдаг байсан эмэгтэй рүү залгаж яриад сууж байгаад хоорондоо маргалдаад би хутга барьж аваад зууралдсан. Хутгаа булаацалдаж байхдаа Ц.А-ын гарыг хутгаар зүссэн. Тэгээд Ц.А- муудалцаж байгаад миний нүд рүү хуруугаараа хатгасан. Одоо миний зүүн нүд юм харахгүй байгаа” гэх мэдүүлэг

 

Хохирогч Ц.А-ын / хх 31 / “...Би хутгыг нь тавиулах гээд ноцолдсон чинь С.А- миний гарыг хоёр удаа хутгаараа хатгасан. Хутгыг нь тавиулаад ор руу дарж унагаад улмаар мангасдаж унагаах үед миний баруун гарын хуруу С.А-ийн нүд рүү орсон байсан.

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 1690 дугаартай дүгнэлтэд:

1. С.А-ын биед зүүн нүдний алимны урагдал, гоожилт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний хараагүйдэл, нүдний зүүн нүдний зовхинд шарх, зүүн нүдний нулимсны замын тасрал, цус хуралт, дух, зүүн нүдний зовхинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хороо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 65 хувь алдагдуулах тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэжээ. / хх 35-37 /

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 266 дугаартай дүгнэлтэд:

1. Ц.А-ын биед зүүн сарвуу, зүүн гуянд зүсэгдсэн шарх, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй болон мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 56-57 /

 

Хохирогч Ц.А-, С.А- нарын гомдол саналгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт / хх 89, 92 /

 

Яллагдагч Ц.А-ын / хх 6 / “...Би 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр найз С.А-ийн гэрт очоод нэг шил архи хувааж уугаад унтах болоод хэвтэж байсан. С.А- мах хөшиглөөд багийн найз хүүхэнтэйгээ утсаар ярьж байгаад мөнгө төгрөг өгнө гэхээр нь хаа байсан багийн найз хүүхэн чамтай ямар холбоотой байсан биш гээд маргалдсан. Тэгээд С.А- нь барьж байсан хутгатайгаа над руу дайраад хутга далайхаар нь баруун гараараа хаасан чинь миний зүүн гар руу хутгаараа хоёр удаа хатгасан. Хутгыг нь тавиулаад орон дээр мангасдаад дарахдаа нүд рүү нь хуруугаа хийгээд дарсан. Би уурандаа гараад явсан. Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг

 

Яллагдагч С.А-ын / хх 10 / “...Тухайн үед Ц.А- манай гэрт ирсэн байсан. Бид хоёр тэндээ нэг шил архи хувааж уугаад зурагт үзээд байж байгаад Ц.А- орны урд хэвтсэн байсан. Би хоол хийе гэж бодоод гал тогооны хэсэгт очоод нэг таньдаг эмэгтэйг яриад маргалдсан. Би хутга барьж байсан надтай булаацалдаад орон дээр дарж унагаад өндийх гэхэд өндийлгөхгүй гарын хуруугаа миний нүд рүү хийчихсэн. Тэгээд чи яаж байгаа юм бэ гээд маргасан чинь Ц.А- гараад явсан. Хутгаа булаацалдаж байхдаа гар руу нь хутгаараа хатгасан” гэх мэдүүлэг

 

Шүүгдэгч Ц.А-, С.А- нар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх 64, 65 / зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.А-, С.А- нарт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.А-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч С.А-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэдгээрийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Прокуророос шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч С.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Сүхбаатар дүүргээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялын санал тус тус гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.А-, С.А- нарт ял шийтгэл оногдуулахад С.А- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Ц.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.А-, С.А- нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, согтуурсан үедээ харилцан бие биедээ гэмтэл учруулсан, тэдгээр нь өндөр настай зэрэг хувийн байдлыг харгалзан прокурорын санал болгосон шүүгдэгч Ц.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч С.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Сүхбаатар дүүргээс явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, шүүгдэгч Ц.А-ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч Ц.А- нь торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлэхгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг, шүүгдэгч С.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тэдгээрт анхааруулав.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч Ц.А-, С.А- нар нь харилцан эвлэрч, гомдол саналгүй, нэхэмжлэхгүй гэж мэдүүлсэн тул тэдгээр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.А-, С.А- нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.А-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан,

С.А-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох,

шүүгдэгч С.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

 3. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд эрх бүхий байгууллагын хяналтад өөрийн оршин суух газраас шүүгдэгч С.А- нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, уг үүргийн биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Ц.А-, С.А- нар нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-д оногдуулсан торгох ялыг 2 (хоёр) жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг, шүүгдэгч С.А- нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус тэдгээрт анхааруулсугай.

 

6. Ц.А-, С.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Ц.А-, С.А- нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ