| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0068/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/080 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Энхбат |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/080
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: *******
Улсын яллагч: Ж.*******
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******, Регистрийн дугаар:*******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шөнийн 00-01 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах 6 дугаар цэцэрлэгийн үүдэн дээр *******тэй үл ялих зүйлээс буюу таксины төлбөр 12.000 төгрөгөөс болж хоорондоо маргалдаж, улмаар *******ийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1-р үүдэн шүдний булгарал, дээд уруулын дотор салстын шарх, хамрын нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид дахин гэмт хэрэг
үйлдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41/
Хохирогч *******ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
....Баянхонгор аймгийн 5 дугаар багийн нутаг дэвсгэрээс орой таксинд суухдаа *******тай таарсан. Миний таксины төлбөр 3000 төгрөг гарсан. Тэгтэл надаар ******* нь өөрийн таксины мөнгийг төлүүлэхээр 12,000,000 төгрөг өг гэж хэлсэн. Тэгээд л бид хоорондоо маргалдаж машинаас бууж нэг нэгнийгээ барьж авсан. ******* нь миний уруул хэсэг рүү цохисон. Гэтэл үүдэн шүд ойччихсон. 0,000 төгрөгөөр хиймэл шүд хийлгэсэн. Одоо суулгадаг шүд хийлгэнэ. Суулгадаг шүдний төлбөр 2,300,000 төгрөгийн өгөхөөр тохиролцсон. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
.... 2023 оны 02 дугаар сарын 16-ны 00 цаг өнгөрч байхад Баянхонгор сумын арван мянгатын гудамжны үзүүрээс такси бариад 6 дугаар цэцэрлэгийн урд буугаад таксины мөнгөнөөс болоод үл таних хүн буюу ******* гэх залуутай хэрүүл маргаан хийсэн. Тэгээд зогсож байтал ******* нь толгой руу гараараа 2 удаа цохиод авсан. Баруун талын шанаа хэсэг рүү гараараа 2 удаа, шүд рүү гараараа нэг удаа цохиод автал миний үүдэн дээд нэг шүд бүтнээрээ унасан. ...Тухайн үед бид хоёроос өөр хүн байгаагүй. Бид хоёр таксигаар ирээд буугаад гадаа барилцаж авсан. Таксины жолооч бол машин дотроо байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 17-18 /,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2023 оны 02 сарын 16-ны өдрийн шөнийн 00 цаг өнгөрч байхад би таксинд явж байсан цагаан куртиктэй залуу ганцаараа суугаад арван мянгатад нэг айлын гадаа очоод нэг хар куртиктэй залуу хамт суугаад Хөх толгойд байх 6 дугаар цэцэрлэгийн гадаа очоод буусан. Тэгээд тэр хоёр машинаас буугаад таксины мөнгөнөөс болоод хоорондоо хэрэлдээд байсан. Тухайн үед юу гэж тохирсныг мэдэхгүй байна. Би машин дотроо сууж байгаад нэг харахад хоорондоо зодоон хийгээд байхаар нь би буугаад тэр хоёрыг салгасан. Гэтэл хар куртиктэй залуу нь шүдээ хуга цохиулчихлаа гэснээ “намайг гэрч болоорой” гээд байсан. Тэр хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, бие авч явах чадвартай байсан. Намайг харж байх үед цагаан куртиктэй залуу нь нөгөө хар куртиктэй залууг 2 удаа бол цохиж авч байсан. Нөгөө хар куртиктэй залуу нь цагаан куртиктэй залуугийн араас буюу бөгс хэсэг рүү нь 2 удаа өшиглөж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 сарын 20-ны өдрийн 90 дугаартай
1.*******ийн биед баруун дээд 1-р үүдэн шүдний булгарал, дээд уруулын дотор салстын шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх баруун дээд 1-р үүдэн шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувиар алдагдуулна.
4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна....” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 сарын 20-ны өдрийн 91 дугаартай
1.*******ын биед духны зүүн дээд талд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.
3.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-35/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-03/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 10/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 45/, депозит дансны хуулгууд /хх-ийн 50-52/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 54/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шөнийн 00-01 цагийн орчимд *******тэй үл ялих зүйлээс болж хоорондоо маргалдаж, улмаар нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1-р үүдэн шүдний булгарал, дээд уруулын дотор салстын шарх, хамрын нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн шөнийн 00-01 цагийн орчимд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулах 6 дугаар цэцэрлэгийн үүдэн дээр *******тэй үл ялих зүйлээс буюу таксины төлбөр 12.000 төгрөгөөс болж хоорондоо маргалдаж, улмаар *******ийн нүүр рүү цохиж эрүүл мэндэд нь баруун дээд 1-р үүдэн шүдний булгарал, дээд уруулын дотор салстын шарх, хамрын нурууны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******ын... гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна....мэдүүлэг /хх-ийн 40-41/,
хохирогч ийн... толгой руу гараараа 2 удаа цохиод авсан. Баруун талын шанаа хэсэг рүү гараараа 2 удаа, шүд рүү гараараа нэг удаа цохиод автал миний үүдэн дээд нэг шүд бүтнээрээ унасан... мэдүүлэг /хх-ийн 17-18/,
гэрч *******ын... цагаан куртиктэй залуу нь нөгөө хар куртиктэй залууг 2 удаа бол цохиж авч байсан. Нөгөө хар куртиктэй залуу нь цагаан куртиктэй залуугийн араас буюу бөгс хэсэг рүү нь 2 удаа өшиглөж байсан... мэдүүлэг /хх-ийн 23-24/, Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2023 оны 02 сарын 20-ны өдрийн 90 дугаартай.... биед баруун дээд 1-р үүдэн шүдний булгарал, дээд уруулын дотор салстын шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /27-28/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хохирогч ийн биед биед баруун дээд 1-р үүдэн шүдний булгарал, дээд уруулын дотор салстын шарх, хамрын нурууны зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 27-28/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэг учрал болсон хохирогч , шүүгдэгч ******* нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч ******* нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар, хэргийн зүйлчлэлд маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч д учирсан хохиролд шүдний мөнгө 40000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хохирогч нь шүүхийн хэлэлцүүлэгт ...*******тай цаашид имплант шүд хийлгэх үнэ болох 2,000,000 төгрөг өгч, авалцах талаар хоорондоо тохиролцсон, шүүх хуралдаанд нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн ....мэдүүлсэн Хохирогч ******* нь эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал / ажил хөдөлмөр эрхэлдэг, тогтмол орлоготой, Голомт банк тоот дансанд 400000 төгрөгийг байршуулсан, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т мэдэгдэж,
Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Уг Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүд 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгаж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч *******т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Хохирогч ******* нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүд 1 ширхэгийг устгуулахаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн тамгын газар даалгасугай.
8. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА