| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2023/0081/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/082 |
| Огноо | 2023-04-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Эрдэнэтуяа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 2023/ШЦТ/082
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: ,
Улсын яллагч: Ц.Эрдэнэтуяа
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* ******* овогт *******ын *******, регистрийн дугаар:*******/,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дөрвөнтийн уурхайгаас нүүрс авахаар очихдоо машины урдуур оочир дайрч орсон гэх шалтгаанаар иргэн *******ийн нүүрэн тус газарт нэг удаа цохисны улмаас биед баруун дээд 1-р шүдний сурвалжийн дунд 1/3 хугарал, буйлны цус хуралт, дээд уруулын зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ./ яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
...Дөвөнтийн уурхай руу 2022 оны 9 дүгээр сараас хойш тэр хүнтэй хамт явдаг байсан. Тэр өдөр оочирлож байсан машинууд урагшаа таталт хийгээд бүгд машинаа асаагаад хөдөлсөн гэтэл Хово маань хийгээ хураахгүй зогсож байсан чинь урдуур машин орчихоор нь уур хүрээд бууж очоод цохисон гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтад өгсөн
Тухайн өдөр аав болох ******* мөн аавын найз болох нарын хамт ахын Хово маркийн 62-29 БНХ улсын дугаартай машинаар бид 3 Галуут сумын Сүмбэр 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Дөвөнтийн нүүрсний уурхайгаас нүүрс авах зорилгоор явсан. Тэгээд бид 3 тус газарт 11 цагийн үед очоод нүүрс авахаар оочирлоод зогсож байсан ба манай машины урд 5 машин байсан бид нар оочирлоод 4-5 цаг зогсоод байж байтал урд талд зогсож байсан машинууд урагшлаад зай гарсан ба тэр үед хөдлөх гэсэн чинь манай машины дугуйны хий нь гарсан байсан ба хийг нь хураах гээд 5 орчим минут болоод хийгээ хураачихаад хөдлөх гэсэн чинь манай машины урдуур машинууд орсон хамгийн түрүүнд цагаан өнгийн Маяти маркийн машин орсон чинь араас нь 7-8 машин орсон болохоор би буугаад манай машины урдуур түрүүлж орсон. Маятины жолооч дээр очоод та чинь яахаараа дарааллаар орохгүй урдуур түрүүлж ороод хүмүүсийг уруу татаж байгаа манай оочрыг дайраад гэж хэлээд уурандаа заамдаж аваад баруун гараа атгаж байгаад ам, хамрын ойролцоо 1 удаа цохисон. Би хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 78/,
Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Би 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Галуут сумын Дөрвөнтийн нүүрсний уурхайгаас нүүрс авахаар өөрийн машинаараа ганцаараа явсан. Уурхай дээр 15 цагийн үед очиход машинтай хүмүүс нүүрс авахаар оочирлоод зогсож байсан. Миний урд талд бонго, хово маркийн машинууд байсан. 20 орчим машинууд байсан ба энэ машин бол яг миний урд талд байсан 2 машин. Уурхайн хаалга онгойж машинуудыг жинлэж эхэлсэн чинь миний урд талд байсан хово маркийн машин зогсоод зайг нөхөхгүй байсан ба түүний урд талын машинууд яваад зай гарсан байсан ба миний урд талд байсан бонго маркийн машины жолооч урд талд байсан хово маркийн машины урдуур орохоор нь би дагаж орсон. Тэгээд хово маркийн машины урдуур оочирлоод зогсоод машинаасаа буугаад өөрийн орох ээлжийг хүлээж байтал хово маркийн машинд сууж явсан нэг залуу миний араас ирээд урдуур орлоо гэж уурлаад намайг заамдаж аваад баруун гараараа нэг удаа миний ам хамар хоёрыг хавсраад цохичихоод хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн,... Миний дээд талын үүдэн шүд хөдөлж хугарсан, доод талын хиймэл шүд унаж ойчсон зэрэг гэмтлүүд гарсан ба шүднүүдийнхээ хохирлыг барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32/,
Гэрч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Манай нөхөр өөрөө шүдэндээ цахилгааны утас шамлах гэж байгаад шүдээ хөдөлгөчихөөд тэрийг нь бариулах буйландаа суулгуулах эмчилгээ хийлгээд эмч нь болохгүй юм байна, авхуулаад хиймэл шүд хийлгэ гэсний дагуу үүдэн шүдний доод хэсэгт байдаг хоёр шүдээ авхуулаад одоогоос 4, 5 жилийн өмнө гэдэг шүдний эмчээр хоёр ширхэг шүд хийлгэсэн. Дараа буюу нэг жилийн өмнө Улаанбаатар хотод очиж үен тагнайтай шүд хийлгэж энэ нь эвтэйхэн юм байна гээд тэрийгээ байнга зүүдэг. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дөрвөнтийн уурхай руу өглөө 08 цагийн үед явахдаа хиймэл шүдтэй байсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 10-11/
Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...Би той найзлаад удаж байна, манай найз архи уухгүй, тамхи татахгүй, нүүрсний худалдаа эрхэлдэг, манай найз хиймэл шүдтэй, тэрийгээ байнга хийсэн явдаг. 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Дөрвөнтийн уурхайн нүүрсэндээ явна гэж байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 12-13/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
“...2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр би Баян-Овоо сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг нүүрсний Дөвөнтийн уурхай дээр том тэргээр ******* гэх айлд нүүрс авах гээд *******, ******* бид гурав хамт нүүрс ачуулах гээд оочирлоод байж байсан чинь *******, ******* нар нь машинууд оочир дайраад байх шиг байна үзчихээд ирье гээд буугаад явсан. Тэгээд хэсэг хугацааны дараа миний машин унаж явсан машины зургийг нь нэг танихгүй хүн дараад байсан. Тэгэхээр нь би машины зураг дарсан хүнтэй машинаас бууж уулзах үед амнаас нь цус гарсан хүн чиний машинд чамтай хамт явж байсан залуу намайг зодсон гэж надад хэлсэн. Машинд буцаад суух үедээ ******* нь машинуудын урд талаар оочир дайрсан машины жолоочтой маргалдаж зодоон хийснээ надад хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-ийн 39-40/,
Нүүр амны эмч ийн 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр үзлэг хийсэн ..Нүүрний тэгш хэм хэвийн бус, ам ангайлт хэвийн, хоншоорын үүдэн шүд 1.1-р шүд хөдөлгөөнтэй, харалдаа буйл нь улайсан, шүд буйлны завсар цус хурсан. Дээд уруул хавсан шархалсан...” гэх тэмдэглэл /хх-ийн 24/,
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 674 дугаартай:
“...1.2. *******ийн биед баруун дээд 1-р шүдний сурвалжийн дунд 1/3 хугарал, буйлны цус хуралт, дээд уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх баруун дээд 1-р шүдний сурвалжийн дунд 1/3 хугарал, буйлны цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх дээд уруулын зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Дээрх баруун дээд 1-р шүдний сурвалжийн дунд 1/3 хугарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна.
5. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/,
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 6-69/, Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 47-48/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49/, депозит дансны хуулгууд /хх-ийн 51-53/, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 54/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 55/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн *******ийн нүүрэн тус газарт нэг удаа цохисны улмаас биед баруун дээд 1-р шүдний сурвалжийн дунд 1/3 хугарал, буйлны цус хуралт, дээд уруулын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч ******* нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Дөрвөнтийн уурхайгаас нүүрс авахаар очихдоо машины урдуур оочир дайрч орсон гэх шалтгаанаар иргэн *******ийн нүүрэн тус газарт нэг удаа цохисны улмаас биед баруун дээд 1-р шүдний сурвалжийн дунд 1/3 хугарал, буйлны цус хуралт, дээд уруулын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
шүүгдэгч *******гийн.... хүмүүсийг уруу татаж байгаа манай оочрыг дайраад гэж хэлээд уурандаа заамдаж аваад баруун гараа атгаж байгаад ам, хамрын ойролцоо 1 удаа цохисон.... мэдүүлэг /хх-ийн 78/,
хохирогч *******ийн... намайг заамдаж аваад баруун гараараа нэг удаа миний ам хамар хоёрыг хавсраад цохичхоод хэл амаар доромжилж байгаад яваад өгсөн,... дээд талын үүдэн шүд хөдөлж хугарсан, доод талын хиймэл шүд унаж ойчсон.....мэдүүлэг /хх-ийн 31-32/,
гэрч ын ....би машины зураг дарсан хүнтэй машинаас бууж уулзах үед амнаас нь цус гарсан хүн чиний машинд чамтай хамт явж байсан залуу намайг зодсон гэж надад хэлсэн... мэдүүлэг /хх-ийн 39-40/,
Баянхонгор аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 674 дугаартай.... . ийн биед баруун дээд 1-р шүдний сурвалжийн дунд 1/3 хугарал, буйлны цус хуралт, дээд уруулын зулгаралт гэмтэл тогтоогдлоо, гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /20-21/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн биед баруун дээд 1-р шүдний сурвалжийн дунд 1/3 хугарал, буйлны цус хуралт, дээд уруулын зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан болох нь хэргийн / хх-ийн 20-21/ талуудад авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэрэг учрал болсон хохирогч *******, шүүгдэгч ******* нар нь хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, улмаар шүүгдэгч хохирогчийг цохиж зодсон үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсоныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Хохирогч ******* нь *******гийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохиролд хиймэл шүдний мөнгө 300,000 төгрөг, имплант шүдний мөнгөн 2,500,000 төгрөг нэхэмжилсэн / хх-ийн 82-83/ боловч шүд хийлгэсэн талаар холбогдох нотлох баримтаа ирүүлээгүй байх тул шүүгдэгчийн бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Харин хохирогч *******ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2500000 төгрөгийг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж тус тус заасныг баримтлан шүүгдэгч ******* нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал /Номгон ХХК-д жолооч ажилтай, сард тогтмол 800,000 төгрөгийн цалин авдаг, арын гэрийн байдал болон түүний цалин орлого, ажил хөдөлмөр хийлгэх боломжоор хангах/, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүхээс оногдуулсан торгох ял биелэгдэх боломжтой зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж,
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* ******* овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан зургаан зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 650000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 4 сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялыг арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
6.Хохирогч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 2500000 төгрөгийг нэхэмжилснийг хэлэлцэхгүй орхиж нь цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА