Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2019/00148

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч К.Бүлдирген даргалж, шүүгч А.Жархынгүл, Х.Мейрамбек нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын ***** дүгээр сургууль /Захирал Х.Е/-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Өлгий сумын **** дугаар багт оршин суух Аймгийн А намын дарга Ен Зд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Иргэдийн төлөөлөгч М овогт Мгийн А, Нэхэмжлэгч Д сумын Ерөнхий боловсролын ***** дүгээр сургуулийн захирал Х.Е, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Б, Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Т, хариуцагчийн өмгөөлөгч С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Саранцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нэхэмжлэгч Б аймгийн Д сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ажил хэргийн нэр хүндийг сэргээх, хариуцагчаас аймгийн радиогоор дамжуулан Д сумын нийт иргэд Ерөнхий боловсролын **** дүгээр сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчдээс уучлалт гуйлгахыг даалгах, тус сургуулийн ажил хэргийн нэр хүндийн үнэ болох 10000000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох тухай.

Нэхэмжлэгч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирал Х.Е шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль нь хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн Монгол Улсын баатар Ш.Нн нэрэмжит 1938 онд байгуулагдсан 80 жилийн түүхтэй сургууль юм. Тус сургуулиас баатар, нэрт зүтгэлтэн гавьяатнууд, эрдэмтэн мэргэд, ардын зохиолч, жүжигчид төрж, улс орны хөгжил цэцэглэлд үнэтэй хувь нэмэр оруулж байсан гавьяатай сургууль билээ. 1985 онд сурлага хүмүүжил хөдөлмөрөөрөө манай аймагт анхны улсад тав дахь Улсын тэргүүний сургууль болж байсан гавьяатай. Одоогоор тус сургуульд 1405 сурагч суралцаж, 180 багш, сурган хүмүүжүүлэгчид ажиллаж байна. Дотуур байранд 506 сурагч амьдран суралцаж байгаа нь манай сургуулийн нийт хүүхдийн 35 хувь болох ба эдгээр сурагчид нь бүгд малчин айл өрхийн хүүхдүүд болно. Дотуур байранд амьдрах сурагчдын тоогоороо манай сургууль улсын хэмжээнд 3-р байранд ордог онцлогтой сургууль. Дотуур байрны хүүхдийн эцэг эхтэй хамтран ажиллаж, байнгын харилцаатай байж дотуур байр нь хэвийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд тус аймгийн дотуур байртай сургуулиудын үйл ажиллагааны дүгнэлтээрээ тэргүүн байранд ордог. Бид энэхүү амжилтад бахархаж байдгийн зэрэгцээ манай сургуульд суралцаж байгаа хүүхдийн эцэг эхчүүд бидний үйл ажиллагааг талархаж, дэмжлэг үзүүлж итгэл найдвар хүлээлгэж байдаг. Гэтэл:

2018 оны 12 дугаар сарын 03-нд болсон аймгийн ИТХ-ын ээлжит VIII чуулганд аймгийн ИТХ-ын төлөөлөгч аймгийн А намын дарга Е.З "Д сумын сургуулийн дотуур байранд 3 охин жирэмсэн болж түүнд 19 хүний нэр холбогдсон. Тухайн нэр холбогдсон 19 хүний дотор дотуур байрны жижүүрүүд байгаа. Энэ талаар сургуулийн захирал мэдсээр байж нуун дарагдуулсан. Аймгийн удирдлагуудаас захиралд тооцсон хариуцлага байхгүй... - гэсэн мэдэгдэл хийж олныг цочироосон. Тус чуулганд аймгийн ИТХ-ын гишүүд, сумдын удирдлагууд, газар хэлтсийн дарга нар, сурвалжлагчид зэрэг 60-аад хүн оролцсон. Чуулганы явцаас Live бичлэг хийгдэж интернэтээр орон даяр цацагдаж жирийн ард иргэд сонирхож харж байв. Ийм олны өмнө манай сургуулийн ажил хэргийн нэр хүндийг гутаан гүтгэж нотолгоо баримтгүй худал мэдүүлэг тараасанд манай сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид болон энэ гүтгэлгийг сонссон сурагчид, эцэг эхчүүд үнэхээр дургүйцэл илэрхийлж, бидэнд амаар болон бичгээр юу болж байгаагийн үнэн худлыг тогтоож өгөхийг шаардсан хүсэлтээ ирүүлсээр байна. Түүгээр ч барахгүй дотуур байранд байгаа зарим сурагчдын эцэг эхчүүд манай багш сурган хүмүүжүүлэгчдэд үл итгэх байдлаар хандаж, хүүхдээ дотуур байрнаас гарган авч, аймаг өөр сумдын сургуульд суралцуулахыг санал болгож байгаа зэрэг үр дагавар болж байгааг эрхэм шүүгч та нарын сонорт энэ дашрамд хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ муухай үр дагавар нь цаашид ямар бодит байдалд хүргэх нь тодорхойгүй байна. Аймгийн чуулганы дараа Д сумын ИТХ-ын ээлжит VI хуралдаан дээр төлөөлөгчид энэ мэдээлэл нь гүтгэлэг эсвэл үнэн байх эсэхийг тогтоож мэдээлэхийг шаардаж байсан.

Дээр дурдсан асуудлын талаар болсон явдлыг дурдвал: 2018 онд манай сургуулийн 12-р ангийн сурагч С гэдэг охин жирэмсэн болсон нь үнэн. Тэр охин нь дотуур байранд амьдрахгүй. Хөдөөгөөс нүүж ирээд аавтайгаа айлын хажуу байр хөлслөөд суудаг байсан. Ээж нь нас барсан хагас өнчин. Тухайн С гэгч БЖ***** регистр бүхий гэрчилгээтэй 19 настай насанд хүрсэн охин байв. Уг охин нь 2018 онд сургуулиас гараад хүнтэй сууж гэр бүл болоод явсан гэж сонссон. Манай сургуульд одоо суралцахгүй байгаа. Энэ асуудлыг цагдаагийн байгууллага шалгаж, үнэн зөвийг тогтоосон болно. Уг асуудал сумын ИТХ-ын хуралдаанд яригдсаны дараа сургуулийн дотуур байрны багш, сурган хүмүүжүүлэгчид хурал хийж, санал бодлоо солилцож сургуулийн нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргахаар шийдвэр гаргасан болно.

Иймд: Бидний нэхэмжлэлийн дагуу шүүхийн журмаар энд дурдагдсан хүсэлтийг хүлээн авч, хянан шалгаад: Б аймгийн Д сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нэр хүндийг сэргээх, хариуцагчаас аймгийн радиогоор дамжуулан Д сумын нийт иргэд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчдээс уучлалт гуйлгахыг даалгах, тус сургуулийн ажил хэргийн нэр хүндийн үнэ болох 10000000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Е.Зын итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн Б аймгийн А намын дарга Е.Заас ажил хэргийн нэр хүндийг сэргээх, уучлалт гуйлгахыг даалгах, 10 сая төгрөг гаргуулах тухай шаардлагыг бүхэлдээ эс зөвшөөрч байна. Учир нь :

1. Б аймгийн А намын дарга Е.Зд холбогдуулан дээрх шаардлагыг ямар учраас гаргасан нь тодорхой бус байна. Нэхэмжлэлдээ "2018 оны 12 дугаар сарын 03-нд болсон аймгийн ИТХ-ын ээлжит 7 дугаар чуулганд аймгийн ИТХ-ын төлөөлөгч, аймгийн А намын дарга Е.З нь Д сумын сургуультай холбоотой үг хэлж сургуулийн удирдлагад хариуцлага хүлээлгэхийг шаардсан. Сургуулийн удирдлагад хариуцлага хүлээлгээгүй явдлыг шүүмжилсэн. Чуулганы явцыг олон нийтэд мэдээлэл цацсан" гэжээ. Мөн 12 дугаар ангийн сурагч жирэмсэн болсон нь үнэн болох талаар нэхэмжлэлдээ дурдаж, тэр охин дотуур байранд амьдардаггүй учраас сургууль тэр охины хүмүүжилд хариуцлага хүлээх ёсгүй, тэр охин сурагч байсан ч гэсэн насанд хүрсэн, хагас өнчин учраас жирэмсэн болоход яадаг юм гэх мэтээр нэхэмжлэл гаргажээ. Үүнээс үзвэл сурагч хүүхэд жирэмсэн болсон асуудлаар аймгийн өөрөө удирдах дээд байгууллага болох ИТХ-ын хуралдаанд аймгийн А намын дарга Е.З нь асуудал болгож тавьсан явдлыг байгууллагыг гүтгэсэн гэж үзэх боломжгүй. Тухайн хуралдаанаар аймгийн хүүхдийн эрхийн хорооны төсвийг батлахаар асуудал хэлэлцэгдэж байсан ба хурлын төлөөлөгчийн хувьд хэлэлцэж буй асуудалд санал дүгнэлт хэлэх эрх нь хуулиар олгогдсон юм. Тухайн үеэр ИТХ-ын төлөөлөгч, намын дарга Е.З нь Д сумны сургуулийн захиргаатай холбоотой шүүмжлэл, санал хэлж байсан ба хуралдааны энэ хэсэг нь хаалттай явагдсан байна. Хуралдааныг хаалттай явуулж байсан учраас лайв хийж, олон нийтэд нотолгоогүй мэдээлэл цацсан гэх нь үндэслэлгүй байна. Хурлын төлөөлөгчийн хувьд аймгийн А намын дарга Е.З нь тус аймгийн хүрээнд болж бүтэхгүй байгаа асуудлуудыг хэлэлцүүлэхээр санал гаргах эрхтэй ба хуульд заасан эрхээ эдэлж, хүүхдийн төлөө, нийгмийн сайн сайхны төлөөх шүүмжлэл, хүсэлтийг Д сумын сургууль эерэг талаас нь хүлээн авах ёстой байсан юм. Сурагчид жирэмсэн болж буй асуудлыг сургуулийн хүрээнд яаралтай арга хэмжээ авах ёстой. Аймгийн А намын дарга Е.З нь жирэмсэн болсон хүүхдүүдийнхээ нэрийг олон нийтэд цацаж тэдний нууцад халдсан асуудал гаргаагүй байна. Тус сургуульд сурагч жирэмсэн болсон нь үнэн гэдгээ сургуулийн захирал өөрөө хүлээн зөвшөөрсөн байна. Энэ талаар Цагдаагийн байгууллага шалгалт хүртэл явуулжээ.

2. Нэхэмжлэгч байгууллага нэхэмжлэлийнхээ үндэслэлд зөвхөн үнэн, бодит зүйлийг бичих ёстой. Тус сургуулийн дотуур байр нь үйл ажиллагаагаараа тэргүүн байрт ордог гэж дурджээ. Тус сургуулийн хүүхдүүдийн жирэмслэлттэй холбоотой асуудалд 19 хүний нэр холбогдсон, тэдний дунд сургуулийн дотуур байрны жижүүр, хүмүүжүүлэгч нар хүртэл байгаа гэжээ. Энэхүү асуудлыг аймгийн Цагдаагийн газраас шалгасан гэдгээ сургуулийн захирал өөрөө хэлж байна. Тус шалгалтаар Цагдаагийн байгууллага 19 хүнийг холбогдуулан шалгаж байсан гэдэг нь худал биш. Тус сургуулийн дотуур байрны хүмүүжүүлэгч нарын зарим нэг нь хүчингийн хэрэгт ял шийтгүүлж байсан хүмүүс болох нь тус шалгалтаар тогтоогдсон байна. Сургуулийн захирал хүчингийн хэрэгт холбогдсон хүнийг эмэгтэй сурагчдын дотуур байрны хүмүүжүүлэгчээр тавьж ажиллуулж байгаад тус сумын иргэд маш их шүүмжлэлтэй ханддаг байна. Энэ талаар аймгийн улс төрийн сөрөг хүчин болох А намын даргад удаа дараа бичгээр болон амаар гомдлоо илэрхийлж, Засаг дарга, ИТХ-ын хуралдаанд асуудал болгож тавьж өгөхийг хүсдэг байсан байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн хувьд А намын дарга Е.З нь энэ талаар хаалттай хуралдаанд иш татсан нь Д сумын 1 дүгээр сургуулийн ямар нэгэн эрх ашгийг хөндөөгүй. Тэдгээр хүмүүсийн нэрийг нь зааж, нэр төрд нь халдаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүээр сургуулийн захирал Х.Е хуралдаанд тайлбарлахдаа: Аймгийн ИТХ-ын ээлжит 8 хуралдаан 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдөр болсон. Уг хуралдаанд аймгийн А намын дарга, ИТХ-ын гишүүн Е.З Д сумын сургуулийн дотуур байрны 3 хүүхэд жирэмсэн болсон, 19 хүний нэр холбогдсон ба дотуур байрны жижүүр, хүмүүжүүлэгчид байгаа, уг асуудлыг Сургуулийн захирал мэдсээр байж нуун дарагдуулсан, аймаг, сум болон сургуулийн удирдлагад уг асуудлын улмаас ямар ч арга хэмжээ аваагүй гэх мэдэгдэл хийсэн. Уг мэдэгдэл нь бүхэлдээ ямар ч нотлох баримтгүй, буруу ташаа мэдээлэл байсан ба Д сумын сургуулийн нэр төрийг гутаасан, багш сурган хүмүүжүүлэгчдийн, хүүхдийн эрх ашгийг зөрчсөн асуудал болсон гэж үзсэн. Энэ талаар аймгийн ИТХ дууссаны дараа сумын ИТХ-аар уг асуудал яригдсан. Миний бие тус хуралдаанд оролцсон ба надаас аймгийн ИТХ дээр яригдсан дээрх асуудлын талаар тайлбар өгөхийг төлөөгчид шаардаж байсан. Улмаар уг асуудлыг талаар дотуур байрны хамт олны хурал хийсэн. Тус хурлаас гарсан шийдвэрийг үндэслэн Д сумын сургуулийн нэр төрийг сэргээлгэх, гүтгэлгийн чанартай мэдээлэл орон нутаг даяар тараасан хүнээр Д сумын нийт ард иргэд, сургуулийн хамт олноос уучлалт гуйлгах, нэр төрийн баталгаа болох 10 сая төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Миний бие тус сургуулийн захирлын хувьд хэд хэдэн зүйлийг хэлмээр байна. Нэгдүгээрт, Д сумын 1 дүгээр сургуулийн дотуур байранд жирэмсэн болсон хүүхэд байхгүй гэдгийг хэлмээр байна. Хоёрдугаарт, жирэмсэн болсон хүүхэд байхгүй тул түүнд холбоотой гэх 19 хүний талаар мэдээлэл аваагүй. Сургуулийн дотуур байрны жижүүрүүд, ажилчид холбогдсон талаар ямар ч нотлох баримт байхгүй. Энэ бүх зүйлийг би няцааж байна. Хуралдаанд оролцсон 60 хүн болон сумын төлөөлөл дээрх асуудлын талаар сонссон. Хуралдааны явцад лайв бичлэг хийж орон нутаг даяар цацагдаж байсан. Лайв бичлэг үзсэн хэд хэдэн хүн холбогдож сургуулийн талаар ноцтой зүйл яригдаж байна, энэ үнэн үү гэж асууж байсан. Хуралдаан болсны дараа зарим эцэг эхчүүд сургуулийн удирдлагад хандаж ийм асуудал яригдсан, энэ нь ямар учиртай вэ гэж тодруулж байсан. Би уг асуудалтай холбоотой шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа А намын дарга Е.З фейсбүүк хуудсандаа Д сумын дотуур байртай холбоотой асуудлыг тавьж дэлхий даяар тараасан. Д сумын сургуулийн нэр хүндийг гутаан доромжилсон агуулгатай мэдэгдлийг улс даяар тараасан байсан ба нэлээн хүмүүс коммент бичиж, шейр хийсэн. Е.З нь Д сумын бүрэн дунд сургуулийн талаар мэдээллийг 2 ч удаа олон нийтэд тараасан. Д сумын сургуулийн нэр хүндийг гутааж, фейсбүүк хуудсаар тараасан хариуцагч мэдээлэл дамжуулсан хэлбэрээр залруулга хийж, ийм асуудал болоогүй гэх няцаасан мэдэгдэл гаргахыг хүсэж байна. Иймд нэхэмжлэгч Б аймгийн Д сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ажил хэргийн нэр хүндийг сэргээх, хариуцагчаас аймгийн радиогоор дамжуулан Д сумын нийт иргэд Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчдээс уучлалт гуйлгахыг даалгах, тус сургуулийн ажил хэргийн нэр хүндийн үнэ болох 10000000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байна. Е.З ИТХ-ын хувьд ард түмнээс сонгогдсон гишүүний хувьд асуулт тавьж, нийгэмд болж бүтэхгүй байгаа ард олны дунд байгаа асуудлыг хөндөж тавих, шийдвэрлэх хэмжээнд аймгийн ИТХ-д асуудал оруулах эрхтэй. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 12.1.3 заасан эрхийнхээ дагуу асуудал хөндсөн. Гэхдээ уг асуудал нь ор үндэслэлгүй зүйл байгаагүй. Урд өмнө нь яригдаж байсан, ар түмний амьдралд гарсан, улс төр намын хувьд энэ талаар мессеж, мэдээлэл ирж байсан учир санал асуулга тавьсан. 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаар хурлын тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Хүний нэр төр, алдар хүндтэй холбоотой асуудал тавиагүй, тодорхой хүний нэр дурдаагүй, нийгмийг цочроосон асуудал байгаа гэдэг талаар ярьсан. Тэмдэглэлээс харахад, уг асуудлын талаар Б аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Т.Н, Б аймгийн Засан даргын Тамгын газрын хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Х нар тодорхой хэлсэн байна. Дээрх асуудал хөндөгдсөний дараа хурлыг хаалттай явуулсан. Хүний нэр төрд халдсан, нэр төрийг гутаасан асуудал хөндөөгүй. Зарчмын хувьд асуудал хөндсөн хуралдаан болсон. Хүүхэд жирэмсэн болсон эсэх асуудлыг гомдлын дагуу Цагдаагийн газар шалгаад тогтоосон зүйл байхгүй байна. Гэхдээ хүүхэд жирэмсэн болсон асуудал байгаа. Сургуульд сурч байсан хүүхэд жирэмсэн болсон асуудал байгаа. Гэхдээ тухайн хүүхэд насанд хүрсэн гэдэг байдлаар асуудалд хандаад байна. Ор үндэслэлгүй асуудал байхгүй. жирэмсэн болсон хүүхэд тухайн үед сурч байсан. Мөн дотуур байранд амьдарч байсан хүүхэд байсан нь тогтоогдсон. Тэрээр 11 жил сургуулийн дотуур байранд амьдарч байгаад, 12 дахь жилдээ хашаа байшин хөлсөлж байсан асуудал байгаа. Гэхдээ хүний нууцтай холбоотой асуудал тул хөндмөөргүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түрүүлж дугарсан хөхөөний ам хөлдөнө гэгчээр мөнгө төгрөг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа нь харамсалтай байна. Фейсбүүк хуудасны талаар хэлэхэд Е.Зын цахим хаяг биш гэдгийг хэлмээр байна. Цахим ертөнц хөгжсөн тул хуурамч хаяг ашиглан тайлбар хийх, тоглолт хийх асуудал түгээмэл байдаг. Ямар ч хүн цахим сүлжээг ашиглан, аль нэг талыг буруутгах асуудал байнга гарч байдаг. Е.Зын албан ёсны фейсбүүк хаяг гэж хэлэхэд хэцүү байна гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б аймгийн Д сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нэр хүндийг сэргээх, хариуцагчаас аймгийн радиогоор дамжуулан Д сумын нийт иргэд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчдээс уучлалт гуйхыг даалгах, тус сургуулийн ажил хэргийн нэр хүндийн үнэ болох 10000000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгохыг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын дунд сургуулийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Б аймгийн Д сумын 1 дүгээр сургууль нэхэмжлэлийн үндэслэлээ хариуцагч Е.З нь 2018 оны 12 дугаар сарын 03-нд болсон аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит VIII чуулганд Д сумын сургуулийн дотуур байранд 3 охин жирэмсэн болсон, түүнд 19 хүний нэр холбогдсон, түүний дотор дотуур байрны жижүүрүүд байгаа, сургуулийн захирал мэдсээр байж нуун дарагдуулсан, аймгийн удирдлагуудаас захиралд тооцсон хариуцлага байхгүй гэсэн мэдэгдэл хийж манай сургуулийн ажил хэргийн нэр хүндийг гутаан гүтгэж, нотолгоо баримтгүй, худал мэдүүлэг тараагдсан бөгөөд энэхүү мэдээлэл нь чуулганд оролцсон хүмүүс болон чуулганы явцаас лайв бичлэг хийгдэж интернэтээр орон даяар цацагдсан болно гэж тайлбарлажээ.

Хариуцагч Е.З нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан ба татгалзлын үндэслэлээ Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар чуулганы үед хурлын төлөөлөгчийн хувьд хэлэлцэж буй асуудлын хувьд санал дүгнэлтээ хэлсэн бөгөөд Д сумын захиргаатай холбоотой санал шүүмжлэл хэлж байсан хэсэг нь хаалттай явагдсан болно гэж тайлбарлажээ.

Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 08 дугаартай хуралдааны тэмдэглэлээс үзэхэд тухайн өдөр аймгийн иргэдийн төлөөлөгчдийн ээлжит VIII дугаар хуралдаан аймгийн Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд хийгдсэн байх ба иргэдийн төлөөлөгч Е.З нь ...Энд нэг зүйлийг асуумаар байна. Аймгийн Засаг дарга, Д сумын Засаг дарга, Т.Н нараас асууя. Энэ талаар асуухгүй байж чадахгүй нь. Чимээгүй явах нь нүгэл мэт санагдаж байна. Энэ нь Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байрнаас насанд хүрээгүй 3 хүүхэд жирэмсэн болсон тухай асуудал байна. Энэ асуудлын аймгийн болон, сумын Засаг дарга, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын дарга та мэдсэн үү, ямар арга хэмжээ авсан вэ... гэж асуусан байх ба уг асуултын дараа иргэдийн төлөөлөгч нараас хаалттай хуралдах санал гаргасны дагуу хэвлэл мэдээллийн хэрэгслийг унтрааж Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Х зарим зүйл дээр мэдээлэл өгсөн байх ба иргэдийн төлөөлөгч Е.Заас аймгийн хэмжээний асуудлыг би яриагүй байна. Зөвхөн Д сумын дунд сургуулийн дотуур байрны багшаар шахааны хүн ажилд орсон, охидын дотуур байрны жижүүр багш нь эрэгтэй хүн ажиллаж байснаас энэ хэрэг болсон. 6 сар болчихсон байхад аав нь эмнэлэгт ирээд үр хөндүүлэх гээд явж байгаатай нь таарч байна. Бид урьдчилан сэргийлэх биш ниргэсэн хойно юм яриад байна. Аав нь хүчээр ахимаг насны хүнтэй суулгасан асуудал гарч байна. Гэтэл бид аймгийн Нийгэм эдийн засгийн үндсэн чиглэлийн бүхэл бүтэн нэг бүлгийг хангалттай гээд сууж байна. Би 3 гэсэн чинь та нар 8 гэд сууж байна. Би зөвхөн хариуцлагын тухай асуудал ярих гэсэн юм түүнээс биш хүний болон хүүхдийн эрхэд халдах гээгүй байна. Харин миний авсан мэдээлэл бол маш ноцтой, 19 харилцагчтай, дотуур байранд ирж очдог зуучлагчтай бараг биеийг нь үнэлүүлдэг талаар мэдээлэл байсан. Тийм асуудал суманд яригдаж, хөндөгдөж байхад сумын Засаг дарга, ямар арга хэмжээ авсан вэ? Хариуцсан мэргэжлийн байгууллага ямар арга хэмжээ авсан вэ? Аймгийн Засаг дарга тэр сумын Засаг даргад ямар арга хэмжээ авсан вэ? гэж тус тус хэлсэн тэмдэглэлд тусгагджээ.

Хариуцагч Е.Зын Иргэдийн төллөгчдийн хурлын хуралдааны үед дээрх байдлаар хэлсэн зүйлийг сургуулийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх боломжгүй байна.

Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлд Хурлын төлөөлөгчийн бүрэн эрхийн талаар зохицуулсан бөгөөд 12.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын төлөөлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 12.1.2-т хэлэлцэж байгаа асуудлын талаар асуулт тавьж хариулт авах, санал дүгнэлт гаргах, санал хураалгах; 12.1.7-д хууль тогтоомж, Хурлын шийдвэрийн биелэлтийг хангах, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан Засаг дарга, түүний орлогч, Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх газар, хэлтэс, албадын дарга, нутаг дэвсгэрийн байгууллагын удирдлагад асуулга тавьж хариуг нь авах бүрэн эрхийг тус тус заажээ.

Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны үед иргэдийн төлөөлөгч Е.З нь хэлэлцэж байгаа асуудлын талаар, иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, нутаг дэвсгэрийн амьдралын тодорхой асуудлыг шийдвэрлэхтэй холбогдуулан асуулт тавьсан байх ба тухайн асуудлын талаар аймгийн болон, сумын Засаг дарга, хүүхдийн эрхийг хамгаалах байгууллагын дарга нар мэдсэн эсэхийг, ямар арга хэмжээ авсан эсэх талаар асуулт тавьж, хариулт авахыг хүссэн бөгөөд ийнхүү иргэдийн төлөөлөгчийн хувьд хуулиар олгосон бүрэн эрхийн хүрээнд үг хэлж асуулт тавьж хариулт өгөхийг хүссэнийг Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан гэж үзэх үндэслэлгүй болно.

Б аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2018 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн хуралдааны үед Е.Зын асуусан асуулт, мэдээллийн улмаас нэхэмжлэгч Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ажил хэргийн нэр хүнд нь ямар байдлаар гутаагдсаныг нэхэмжлэгчээс тодорхой тайлбарлаж нотлоогүй байна.

Дээрх байдлаар Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хуралдааны үед Е.Заас асуулт тавьсны дараа зарим иргэдийн төлөөлөгч болон Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын даргаас тухайн асуудлыг хаалттай хэлэлцэх санал гаргаж хэвлэл мэдээллийн хэрэгслийг унтрааж эрх нь зөрчигдсөн хүүхдүүдийн талаар Б аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн дарга Ө.Х мэдээлэл хийж, дараа нь Е.З, Т.Н, А.А, Д.Б нар асуулт хариулт маягаар хэлэлцэж байгаа асуудлын талаар үг хэлсэн байна. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслийг унтраасан байгаа байдлаас үзэхэд хуралдааны тус хэсэг нь хаалттай явагдсан байна гэж дүгнэх боломжтой байна.

Нэхэмжлэгчээс чуулганы явцаас live бичлэг хийгдэж, интернэтээр орон даяар цацагдаж байсан, жирийн ард иргэд сонирхож харж байсан гэх боловч энэхүү байдал болон хариуцагч Е.З нь live бичлэг хийж, интернэтээр орон даяар цацсан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа болно.

Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчид гэж бичигдсэн боловч тухайн нэхэмжлэлийн Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн албан бланканд бичигдэж, нэхэмжлэгч гэх хэсэгт сургуулийн захирал Хийн Е гэж тодорхойлж, сургуулийн тамга дарагдаж, захирал Х.Е гэж гарын үсэг зурсан байх ба багш сурган хүмүүжүүлэгч нараас олгосон итгэмжлэл байхгүй байгаа тул тухайн нэхэмжлэлийн шаардлагыг Б аймгийн Д сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас гаргасан гэж үзэж хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд Д сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ажил хэргийн нэр хүндийг сэргээх, хариуцагчаас аймгийн радиогоор дамжуулан Д сумын нийт иргэд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчдээс уучлалт гуйхыг даалгах, тус сургуулийн ажил хэргийн нэр хүндийн үнэ болох 10000000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон.

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д заасныг тус тус баримтлан Д сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ажил хэргийн нэр хүндийг сэргээх, хариуцагчаас аймгийн радиогоор дамжуулан Д сумын нийт иргэд Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн багш, сурган хүмүүжүүлэгчдээс уучлалт гуйхыг даалгах, тус сургуулийн ажил хэргийн нэр хүндийн үнэ болох 10000000 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ К.БҮЛДИРГЕН

 

ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ

 

Х.МЕЙРАМБЕК