Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 1253

 

 

 

 

 

 

 

 

 

  

       Г.С-т холбогдох эрүүгийн

         хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал, 

шүүгдэгч Г.С-ийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1086 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С-ийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Г.С-т холбогдох эрүүгийн 1903008380374 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Угалз овгийн Гантөмөрийн Г.С-, 19.. оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга суманд төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ........ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ........../;

Г.С- нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Монгол барагшун” ХХК-ийн баруун замд “Тоёота Приус-20” маркийн 74-08 УБД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс, явган зорчигч Д.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас: Г.С-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч  Угалз овгийн Г.С-ийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Г.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Г.С-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Г.С- урьдчилсан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдаж, Г.С-ийн жолоочийн В, М ангиллын 933861 дугаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, хохирогч Д.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж, шүүгдэгч Г.С-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг нь тухайн өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.С-ийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Г.С- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүх хуралдаанд хийсэн хэрэгтээ гэмшиж, хохирогчоос уучлалт гуйж, хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан. 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдөр тухайн осол гарсан даруй Г.С- нь эмнэлэг, түргэн дуудаж, хохирогчийг гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлэн, эмнэлэгт хэвтүүлж, байнга эм тариа, үзлэг оношлогоо, хоол унд, бусад мөнгөн тусламжийг өөрийн зүгээс шаардлагатай үед нь нэн даруй үзүүлсэн байдаг. 1.362.000 төгрөгийг төлсний дараа эмчилгээнд 500.000 төгрөг, дахин 400.000 төгрөгийг төлж, нийт 2.262.083 төгрөгийг төлсөн. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчийн зүгээс эмчилгээ, оношлогооны нийт баримт 483.700 төгрөгийн баримт өгсөн. Үлдсэн баримт болох 617.956 төгрөгийн баримт нь хоол хүнс, бензиний баримт байсан. Энэ бүгдийг төлсөн. Г.С- нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Анхан шатны шүүх хуралдаанд Г.С- нь цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан. Харин тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болно” гэж заасан байдаг. Г.С- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо бүрэн төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, эхнэр нь жирэмсэн, удахгүй төрнө, бага насны хүүхэдтэй, ажил хийж ар гэрээ ганцаараа тэжээж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.

Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Явган хүний гарцаар гарч явсан явган зорчигчийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Шүүгдэгчид хорих ял оногдуулахдаа 6 сарын хорих ял буюу хамгийн доод хугацаагаар ялыг оногдуулсан. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүгдэгч Г.С-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.С- нь 2019 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 14 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, “Монгол барагшун” ХХК-ийн баруун замд “Тоёота Приус-20” маркийн 74-08 УБД улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэж заасныг зөрчсөнөөс, явган зорчигч Д.Б-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 “... явган хүний гарцаар гарч  явтал “Тоёота Приус” маркийн 74-08 УБД улсын дугаартай автомашин ирж мөргөөд, би ухаан алдсан байсан. Тухайн үед би дэлгүүр орж, тамхи аваад гэрлүүгээ зам хөндлөн гарах гэж байгаад явган хүний гарц дээр мөргүүлсэн. Тухайн үед 2 дугаар эгнээгээр явж байсан машин надад зам тавьж өгөөд, гарцаар зам хөндлөн гарах гэж байхад 1 дүгээр эгнээгээр явсан машин ирж мөргөсөн. ...” гэх хохирогч Д.Б-ын мэдүүлэг /хх-19/,

“... жолооч Г.С-тай хамт 21 дүгээр хороолол орохоор явж байсан. Би тухайн үед автомашины арын суудалд эгчийн хойно сууж явсан. Гэтэл гэнэт түс тас гээд л дуу гараад манай автомашинд сууж явсан хүмүүс сандраад зогссон. Тэгээд автомашинаас буугаад иртэл манай автомашины хойд хэсэгт зам дээр нэг эрэгтэй хүн дайруулсан байдалтай хэвтэж байсан. ...” гэх гэрч Б.Сайханжаргалын мэдүүлэг /хх-24/,

“... зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр явж байтал гэнэт түс тас гээд над руу шил үсрээд урд шил харанхуйлаад явсан. Тэгээд манай машин зогссон. Гэтэл ард сууж явсан хүн “хүн дайрчихлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд Г.С- машинаасаа буугаад явсан. Би араас нь гараад иртэл замын зорчих хэсгийн голд хүн хэвтэж байсан. ...” гэх гэрч Т.Отгонцагааны мэдүүлэг /хх-27/,

“... Тоёото Приус маркийн 74-08 улсын дугаартай автомашин жолоодож явахдаа явган хүний гарц дээр явган зорчигч мөргөсөн. Тухайн үед эмнэлэг, түргэн дуудсан. Хохирогчийг Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээд хэвтүүлсэн. Хохирогчийн эм тариа болон бусад бүхий л туслалцааг үзүүлж байсан. ...” гэх шүүгдэгч Г.С-ийн мэдүүлэг /хх-149/, 

 Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 8646 дугаартай “... Д.Б-ын биед дух яснаас духны хөндийн гадна болон дотор ялтас дайрч баруун нүдний ухархайн дээд хана, дотор хана этмойд хөндий рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархи доргилт, ууцны 1-5 дугаар нугалмын хугарал, бүсэлхийн 5 дугаар нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хоёр талын умдаг ясны дээд салаа, их бие доод салаа хамарсан симфизийн үе дайрсан бяцарсан хугарал, хоёр талын суудал ясны дээд салааны зөрөө багатай хугарал, духанд шарх, баруун зовхи, баруун өвдөг, шилбэнд цус хуралт, баруун хацар, хамар, дух, зүүн шанаа, эрүү, хоёр тавхай зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.15-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-31/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлт /хх-37-40/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Анхан шатны шүүх Г.С-ийг Автотээврийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ

Шүүгдэгч Г.С-ийн Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас явган зорчигч Д.Б-ын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.С-ийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнэ “хохирол төлбөр барагдуулсан, цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч ямар нэгэн гомдол саналгүй, шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгиин хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн бол “... тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэлх хугацаагаар хасаж, зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар Г.С-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээнд тохирсон байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С-ийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1086 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.С-ийн өмгөөлөгч Э.Энх-Эрдэнийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                    Т.ӨСӨХБАЯР

 

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

 

ШҮҮГЧ                                                                                    Б.ЗОРИГ