Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 118/ШШ2021/0024

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Н.Соёлмаагийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид болон Хурлын даргад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24 дүгээр тогтоол, Хурлын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварыг төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Соёлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанцэцэг

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Г.Эрдэнэжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Соёлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24 дүгээр тогтоол, Хурлын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажлаас халагдсанаас хойш захиргааны хэргийн анхан шүүхэд хандах хүртэл хугацааны цалин 7,534,490 төгрөг гаргуулж, Нийгмийн даатгалын шимтгэл, Хувь хүний орлогын албан татварыг төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилуулах шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие улсад 28 жил гаруй хугацаанд ажилласан, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд 2013 оноос хойш тасралтгүй ажиллаж байгаад Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргаар ажиллаж байсан О.Алтанцэцэг нь 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 02 тоот захирамж, 2020 оны 11 сарын 01-ний өдрийн 24 тоот тогтоолоор намайг ажлаас халсан. Дээрх тогтоол, захирамжийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тогтоол, захирамжуудын дугаарууд нь бүгд давхардсан байсан. Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал 2020 оны 11 сарын 11-ний өдөр хуралдсан. Тухайн үед хурлын тэмдэглэл хөтөлсөн хүн байхгүй сүүлд нь нөхөж хийсэн байх гэж үзэж байгаа. 2020 оны 11 сарын 03-ны өдөр би сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга руугаа утсаар ярьж Улаанбаатар хотоос ирэх ач хүүгээ тосохоор чөлөө авсан. 2020 оны 11 сарын 04-ний өдөр аймгийн төвд ирээд 2020 оны 11 сарын 05, 06-ны өдрүүдэд ажилдаа ирэхгүй байж байгаад 2018 оны 11 сарын 07, 08-ний өдрүүд хагас, бүтэн сайн болоод 2020 оны 11 сарын 09-ний өглөө би ажилдаа ирсэн. Намайг ажилдаа очиход ажлаа хүлээлгэж өгөөрэй гээд миний ажилд хэрэгтэй бүх материалууд, хавтастай баримт бичгүүдийг өөрийнхөө өрөөнд хийгээд цоожлоод намайг ажил хийх боломжгүй болгосон. Түүнээс хойш би өдөр бүр ажилдаа очдог байсан. Тэгээд 2020 оны 11 сарын 11-ний өглөө над руу утасдаад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурал болох гэж байна гээд над руу залгасан. Би уг хуралд орсон. Тухайн үед хурлын тэмдэглэл хөтөлсөн хүн байхгүй. Гэтэл дараа нь хурлын тэмдэглэлийг нөхөж хөтөлсөн байсан. 2013 онд Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын ажилд ороход би төрийн албаны шалгалтанд орж тэнцээд уг ажлын болзлыг хангаад ажилд орж байсан. Миний өмнө ажиллаж байсан хүн өндөр насны тэтгэвэртээ гарсан байсан.

Би 2018 онд цалингийн 10 хувиар 3 сарын хугацаатай хасах сахилгын шийтгэл авч байсан, харин 2019 онд сахилгын шийтгэл аваагүй. Намайг ажлаас халах болсон гол шалтгаан нь би 2016 оны сонгуулиар сумын сонгуулийн хорооны даргын ажлыг хийж байсан бөгөөд сонгуулийн дараа ардчилсан намын хүн юм чинь чамайг ажлаас хална гэсэн явуулга явагдсан. Би энэ талаарх баримт бичгийг баримтжуулж өгсөнгүй, намайг ажлаас халсан тогтоол захирамж нь байгаа юм чинь гэж бодсон. Алтанцэцэг өөрөө ажлаа өгөхийнхөө өмнө надад шат дараалалтай арга хэмжээ авдаг л байсан гэж байна. Алтанцэцэг өөрөө ажилгүй болохынхоо өмнө намайг ажилгүй болгоно гэж ярьж байсан талаар надад хүн хэлсэн, мөн манай нөхөртэй тааралдчихаад манай нөхөр лүү дайрч доромжлоод танай эхнэрийг ажилгүй болгоно гэж хэлж байсан гэсэн. Намайг ажлаас халах гадна талын дарамт шахалт их байсан, гэхдээ би энэ талаарх баримтыг гаргаж өгсөнгүй, зөвхөн ажлаас халсан захирамж, тогтоолыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Алтанцэцэг намайг 2020 оны 11 сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 сарын 09-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй, өрөөний сейф нь онгорхой, сейфний түлхүүрээ алга хийсэн гэж байна. Миний сейфний түлхүүрийг өмнөх хурлын дарга алга болгосон, би өрөөнийхөө сейфийг онгорхой хаяад яваад байдаггүй. Ажлаа хүлээлгэж өгөх өдрөө би ажлаасаа халагдмааргүй байна гэж удаа дараа Алтанцэцэг даргад хэлж гуйсан. Би ажлаас халсан захирамжийг 2020 оны 11 сарын 19-ний өдөр гардаж авсан. Гэтэл намайг ажлаас халсан захирамжийг 2020 оны 11 сарын 01-ний өдрөөр гаргасан байсан.

Би нэхэмжлэлийн шаардлага дээрээ шүүхэд хандах хүртэл хугацааны цалин хөлсөө буруу тооцоолж бодсон байж магадгүй учраас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны цалин хөлс гаргуулна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэгт цугларсан баримт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хариу тайлбар зэргийг үндэслэн дараах тайлбар дүгнэлтийг гаргаж байна.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал бол Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, 12 дугаар зүйлийн 12.1.7-д зааснаар төрийн жинхэнэ албан тушаал байдаг. Иймд төрийн жинхэнэ албан тушаалтанд сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг Төрийн албаны тухай хууль болон төрийн жинхэнэ албан тушаалтны сахилгын шийтгэл оногдуулах түүнд гомдол гаргах журмын дагуу шийдвэрлэдэг. Уг журамд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэлийг заавал шалгаж тогтоосон байхыг шаарддаг. Шалгаж тогтоосон ажиллагааг шалгуулагчид өөрт нь бичгээр мэдэгдэж шалгаж байгаа талаараа танилцуулж тайлбар, тодорхойлолт, баримтуудыг өөрөөс нь гаргуулж авахаар заасан байдаг. Энэхүү журамд зааснаар сахилгын шийтгэл шалгах албан тушаалтан шалгуулагчийн дээд шатны албан тушаалтан байж болно эсхүл тухайн байгууллага доторх хяналт шалгалтын нэгж, алба байж болохоор заасан. Уг журамд заасны дагуу шалгах ажиллагааг хийгээгүй гэдгийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдүүлэг болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед гаргасан тайлбартаа мэдүүлж байна.

Н.Соёлмаагийн ажил тасалсан үндэслэл нь тодорхойгүй байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэдийгээр Н.Соёлмааг ажил тасалсан гэх боловч Яруу сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 сарын 01-ний өдрийн 24 тоот тогтоолоос харахад Н.Соёлмааг яг ямар үндэслэлээр ажлаас чөлөөлсөн юм бэ гэдэг нь тогтоогдохгүй байна. Мөн уг актын хуулийн үндэслэх хэсэг дээр төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах хуульд заасан үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй байна. Мөн Н.Соёлмааг ажил тасалсан, ажлын цагаар архи уусан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг төрийн жинхэнэ албан тушаалтны сахилгын шийтгэл оногдуулах түүнд гомдол гаргах журмын дагуу шалгаж тогтоогоогүй учраас ажлаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч Н.Соёлмаа би архи уугаагүй гэдэг асуудлыг ярьдаг боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2020 оны 11 сарын 11-ний өдөр ажил дээрээ ирэхдээ архи үнэртүүлсэн байсан гэдэг зүйлийг ярьдаг. Гэвч Н.Соёлмааг ажлаас чөлөөлөх иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор архи уусан гэж хариуцагчийн тайлбарлаж байгаа цаг хугацаанаас өмнө буюу 2020 оны 11 сарын 01-ний өдөр гаргасан байгаа байдлаас харахад уг акт нь бодит үнэн байдалд нийцэхгүй акт байна. Мөн Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл байдаг. Уг тэмдэглэл дээр 2020 оны 11 сарын 03-ны өдрөөс 2020 оны 11 сарын 11-ний өдрүүдэд архи уусан гэж тэмдэглэсэн байдаг. Уг тэмдэглэл дээр тогтоолын төслийг танилцуулав гэж бичигдсэн байдаг. Гэтэл гэрч З.Батнасан мэдүүлэгтээ энэ асуудлаар Н.Соёлмааг ажлаас халахыг шийдвэрлээгүй гэж тайлбарласан. Тийм учраас Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны тэмдэглэл хууль ёсны байх үндэслэлгүй байна. Мөн гэрч З.Батнасан Н.Соёлмааг шууд ажлаас нь халах асуудал яригдаагүй, тэргүүлэгч нар нэг удаа харгалзан үзвэл яасан юм бэ гэдэг асуудлыг ярилцаж байгаад уг асуудлыг шийдвэрлэлгүй үлдээсэн гэж мэдүүлэг өгсөн.

Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын 2020 оны 11 сарын 01-ний өдрийн 24 тоот тогтоол, мөн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 02 тоот захирамж нь хуульд заасан журмын дагуу гараагүй байна. Акт гаргах ажиллагаа хуульд заасны дагуу явагдаагүй, Н.Соёлмаагийн гаргасан зөрчлийг журмын дагуу шалгаж тогтоогоогүй байж сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байсан уу, үгүй юу гэдгийг бүрэн гүйцэт тогтоох ажиллагаа хийгээгүй. Мөн дээрх актуудыг гаргахаас өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн баримтууд байхгүй. Дээрх актуудын аль аль нь хууль зүйн үндэслэлийн хувьд төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл байхгүй, ямар үндэслэлээр, ямар нөхцөлөөр Н.Соёлмаад сахилгын шийтгэл оногдуулж ажлаас чөлөөлж байгаа, актын агуулга үндэслэл хуульд заасны дагуу үндэслэх зарчимд нийцсэн байх ёстой гэж заасан шаардлагад нийцэхгүй байна. Иймд дээрх актууд нь хуульд нийцэхгүй, эрх зүйн зөрчилтэй байгаа учраас маргаан бүхий 2 актыг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэж байна. Н.Соёлмаа 2020 оны 11 сарын 03-ны өдрөөс 2018 оны 11 сарын 11-ний өдрүүдэд архи уусан гэдгийг шалгаж тогтоох ажиллагаа хийгдээгүй, тогтоогдоогүй байхад урьд гаргасан зөрчлүүдийг үндэслээд Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 сарын 01-ний өдрийн 24 тоот тогтоол, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын даргын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 02 тоот захирамжууд нь нэхэмжлэгчийн хувийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн, журам зөрчсөн, хуульд нийцэхгүй актын шинжийг агуулж байна. Иймд маргаан бүхий актуудыг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Алтанцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хүлээн зөвшөөрч байна. Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 02 тоот захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, бусад нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2020 оны 11 сарын 03-ны өдөр Н.Соёлмаа чөлөө авсан, гэтэл тэр өдрөө хүүхдээ аваад ирсэн байсан. 2020 оны 11 сарын 04, 05-ны өдрүүдэд ажилдаа ирээгүй. 2020 оны 11 сарын 07, 08-ний өдрүүд хагас бүтэн сайн өдөр байсан. 2020 оны 11 сарын 09-ний өдөр ажилдаа ирэхдээ архи үнэртүүлсэн ирсэн байсан. Нэхэмжлэгч Н.Соёлмаа миний бүх баримт бичгийг авсан байсан гэж байна. Гэтэл Н.Соёлмаагийн ажлын сейф нь байнгын онгорхой байж байдаг, яагаад гэвэл архи ууж яваад түлхүүрийг нь гээчихсэн. Би Н.Соёлмаагийн ажлын сейфээс юу авсан бэ гэхээр улаан хавтастай тогтоол авсан. Өөр баримт бичиг аваагүй. Ажил хүлээлцээгүй учраас бүх баримт бичгийг авах боломжгүй. Би 2020 оны 11 сарын 03-ны өдөр чөлөө өгчихөөд 2020 оны 11 сарын 04, 05-ны өдрүүдэд Н.Соёлмаа руу байнга утсаар ярьж, гэр нь ажилтай ойрхон учраас байна уу, үгүй юу гэж цонхоор харж байсан. Тэгээд 2020 оны 11 сарын 09-ний өдөр хурал зарлах гээд Н.Соёлмаа руу утсаар ярьсан чинь эгч нь очиж чадахгүй гэж хэлсэн. 2020 оны 11 сарын 11-ний өдөр Н.Соёлмаа руу залгасан чинь утсаа таслаад байсан, Тэргүүлэгчид цугларсан байсан. Тэгээд хурлын Тэргүүлэгч нар Н.Соёлмаагийн утас руу залга гээд байхаар нь дахиад залгасан чинь утсаа аваад 20, 30 минут хүлээлгэж байж ирсэн. Тэгээд ирэхдээ суудал дээрээ суухгүй, цонхон дээр зогсоод архи үнэртүүлсэн байдалтай ирсэн. Тэр үед хурлын Тэргүүлэгчид намайг чи энэ хүнийг ахиж харах шаардлага байхгүй, ийм сайхан ажлыг хийж чадахгүй байна гэж хэлсэн. Н.Соёлмаа өөрөө надад эгч нь ахиж архи уухгүй, эгчийгээ уучлаарай гэж хэлдэг байсан. Би ганцаараа Н.Соёлмааг архи уудаг гэж гүтгээд байгаа юм биш, манай сумын Засаг дарга болон, сумын бүх ард иргэд мэднэ.

Н.Соёлмаагийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг шүүх шийдвэрлэх учраас надад ярих зүйл алга. Нэхэмжлэгч Н.Соёлмаа тайлбартаа 2020 оны 11 сарын 11-ний өдөр ажил дээрээ ирсэн байсан мөн 2020 оны 11 сарын 11-ний өдрийн хурлын тэмдэглэлийг нөхөж хийсэн гэж байна. Хурлын тэмдэглэлийг нөхөж хийсэн гэдгийг юугаар нотолж байгаа юм бэ, би Н.Соёлмаагийн ажлыг хүлээлцэхдээ хурлын тэмдэглэлийг тогтоолын хавтсанд хийгээд өгсөн. Н.Соёлмаа хувь хүний ёс зүй болон төрийн албыг цалгардуулж байсан гэдгээ хүлээн зөвшөөрөх хэрэгтэй, өөрөө үүнийгээ мэдэж л байх ёстой.

Н.Соёлмаа өөрийгөө төрийн албаны шалгалтанд тэнцэж уг ажилд орж байсан гэж байна. Гэтэл Төрийн албаны зөвлөл болон аймгийн салбар зөвлөлөөс ирсэн албан бичгээр Н.Соёлмааг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн ажилд нийцэхгүй хүн байгаа учраас ажлын байрыг нь зарлаж шаардлагын дагуу уг ажлын байранд нийцсэн хүнийг ажилд авна уу гэсэн албан бичиг 2, 3 удаа ирж байсан. Тийм учраас нэхэмжлэгч Н.Соёлмаагийн тайлбар худлаа байна. Н.Соёлмаа өөрийн хариуцлагагүй үйлдлээс болж ажлаасаа халагдсан учраас ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татварыг хаанаас яаж шийдвэрлэхийг мэдэхгүй байна. Намайг ажлаа хүлээлгэж өгөхөд Н.Соёлмаагийн оронд өөр хүнийг ажилд аваагүй байсан. Н.Соёлмааг архи ууж ажил тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан. Н.Соёлмаа ажлын байран дээр, ажлын цаг мөн ажлын бус цагаар архи уудаг. Өмнө нь 2019, 2020 онуудад сахилгын шийтгэл авч байсан. Энэ талаар Н.Соёлмааг ажлаас чөлөөлсөн захирамж дээр байгаа.

Би өөрөө хүнийг ажлаас нь шууд халчихъя гэсэн бодол байхгүй, Тэргүүлэгчид мөн надтай адилхан ийм бодолтой байсан байх. Тэргүүлэгч Шижир өөрөө банкинд ажилладаг учраас Н.Соёлмаа банкинд өр зээл ихтэй, одоо шууд ажлаас нь халчихаар банкны зээлээ төлж чадахгүй байдалд хүрнэ, хэрвээ арга хэмжээ авах байсан юм бол хагас жилийн хуралдаанаар арга хэмжээ авахгүй яасан юм бэ гэж хэлж байсан. Хагас жилийн хуралдаанаар арга хэмжээ авахаар бол авахаар байсан. 2018 оны 06 сард Хурлын Тэргүүлэгчид хуралдсан, түүнээс хойш 7 хоног архи уугаад ажилдаа ирээгүй. Би Н.Соёлмааг ажилдаа ирэхгүй болохоор баримт бичгийг нь авч өөрөө хурлын бэлтгэлээ хангах болдог. Тэр үед хурал болох гээд Н.Соёлмааг ажилдаа ир гэж дуудахад архи үнэртүүлсэн, салгалсан орж ирсэн. Н.Соёлмаа өөрийгөө архи уухгүй болохоор салгалаад байдаг гэдэг зовлонгоо ярьж байсан. Эмэгтэй хүн архи уугаад төрийн ажил хийнэ гэж байхгүй, намайг эмэгтэй хүн архи уудаг гэж ярихаар хүмүүс итгэх ч үгүй байх. Хагас жилийн хуралдаанаар тэр үед нь Н.Соёлмааг ажлаас халчих байж дээ гэж хурлын Тэргүүлэгч Шижир хэлж байсан. 2019 онд амралтаа авчихаад ажилдаа орж ирэх өдөртөө ажилдаа ирээгүй, Н.Соёлмаагийн ээж нь манай ажил дээр орж ирчихээд цаадах чинь архи уугаад болдоггүй, чи л нэг тус болж үз, ямар нэгэн аргаар чөлөө өгчих Н.Соёлмааг эмчилгээнд авч явах гэж байгаа гээд гуйж ирж байсан. Би тэр үед үнэхээр эмчилгээ хийлгэх гэж байгаа бол та нарт болон бидэнд хэрэгтэй байна гээд цалинтай чөлөө олгож байсан гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Соёлмаа нь Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын /цаашид ИТХ гэх/ Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 24 дүгээр тогтоол, Хурлын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 02 дугаар захирамжийг тус тус хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаан дээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 2 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг ... баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Яруу сумын Хурлын даргын 2020 оны 11 сарын 11-ний өдрийн 2 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цуглуулсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан, хэргийн оролцогчдын тайлбар, дор дурдсан хууль зүйн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Нэг: Завхан аймгийн Яруу сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгуулах, Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ажилд эгүүлэн томилуулах шаардлагын тухайд:

Завхан аймгийн Яруу сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 24 дүгээр тогтоолоор[1] Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх заалт, Засгийн газрын 258 дугаар тогтоолын 1.7 дахь заалтуудыг баримтлан Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга Н.Соёлмааг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, хариуцагч тогтоолынхоо үндэслэлийг удаа дараа ажлын болон ажлын бус цагаар архи ууж, ажил цалгардуулсан, ажил тасалсан тул ажлаас чөлөөлсөн гэж тайлбарласан, нэхэмжлэгчээс Хурлын даргаас чөлөө авч явсан, ажлын цагаар архи ууж, ажил цалгардуулаагүй, Хурлын Тэргүүлэгчдээр хэлэлцүүлээгүй, гаргасан тогтоол, захирамж нь үндэслэлгүй гэж маргажээ.

Төрийн албаны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь хэсэгт зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарах ба мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.3-т зааснаар төрийн жинхэнэ албан тушаал юм.

Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг төрийн албаны төв байгууллага, Засгийн газар хамтран батална гэж заасны дагуу Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга,Төрийн албаны зөвлөлийн даргын хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалын хавсралтаар Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам батлагдсан байх ба уг журмын 1.3.4-т төрийн байгууллагын үйл ажиллагаанд хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрээр тогтоосон журмыг зөрчсөн тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 258 дугаар тогтоолын 1.7-д төрийн албан хаагч албан томилолтын явцад, ажлын болон ажлын бус цагаар ажлын байранд согтууруулах ундаа хэрэглэх явдлыг таслан зогсоох, төрийн байгууллагын байр, ажлын байранд согтууруулах ундаа, мансууруулах бодис ... хэрэглэхийг ... байгууллагын дотоод журамд тусган хориглож, зөрчсөн тохиолдолд хариуцлага тооцох-оор заажээ.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар 48.1.1-48.1.4-т заасан сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанаас халах, төрийн албанд гурван жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах зэрэг сахилгын шийтгэлийг заавал дэс дараалан хэрэглэхийг шаардахгүй ч хуульд өөрөөр заагаагүй бол тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дээр дурдсан сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулахаар хуульчилсан.

Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид ... сахилгын шийтгэл ногдуулахаар заажээ.

Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 сарын 01-ний өдрийн 24 дүгээр тогтоолоор Н.Соёлмаад сахилгын шийтгэл ногдуулахдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, 39 дүгээр зүйлд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчсөн эсэх, эсхүл албан үүргээ биелүүлээгүй аль нь болох нь тодорхойгүй, энэ талаар шалгаж тогтоолгүйгээр, тус хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 гэсэн ерөнхий заалтыг баримталж түүнийг ажлаас чөлөөлсөн нь буруу байна.

Түүнчлэн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс[2] харахад нарийн бичгийн дарга Н.Соёлмаагийн талаар хэлэлцсэн байх боловч 24 дүгээр тогтоол нь хуралдаанаас өмнө 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөр огноог бичсэн зөрүүтэй, гэрч З.Батнасангийн ...Тэргүүлэгчдийн хуралдаанд Соёлмаад өмнө нь авч байсан арга хэмжээнүүдийг танилцуулж, өмнө нь ийм арга хэмжээ авагдаж байсан. Үүнтэй танилц гээд танилцуулсан. Тэр бичиг баримттай танилцсан талаар гарын үсэг зуруулсан. Тэрнээс өнөөдөр энэ хүнийг хална, тогтоол шийдвэр гаргана гэж албан ёсоор танилцуулаагүй. Гэтэл сүүлд нь Тэргүүлэгчдийн тогтоолоор халсан байсан. Тэр хуралдаан дээр би Соёлмаагийн тухайд урьд өмнө арга хэмжээ авагдаж байсан ч гэсэн амьдрал ахуй, цалингийн зээлтэй байдал, ээж нь өвчтэй хотод байгаа зэрэг байдлыг нь харгалзаад арга хэмжээг авбал яасан юм гэдэг саналтай байсан. Бусад хүмүүс ч гэсэн тиймэрхүү саналтай байх шиг байсан гэж мэдүүлснээс үзэхэд Тэргүүлэгчдийн хуралдаанаар Н.Соёлмааг ажлаас халах асуудлыг хэлэлцэж, Тэргүүлэгчдийн олонхийн саналаар шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна. Энэ нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12.1.4-т заасан ...Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга ... -ыг сонгох тухай санал, дүгнэлт гаргах төлөөлөгчийн бүрэн эрх; 22.1.6-д заасан Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх Хурлын даргын нийтлэг бүрэн эрх хэрэгжээгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

Хуулийн энэхүү зохицуулалтаар Хурлын нарийн бичгийн даргыг томилох эрх хэмжээ Хурлын Тэргүүлэгчдэд олгогдсон байх тул түүнийг халах, чөлөөлөх асуудлыг мөн Хурлын Тэргүүлэгчид шийдвэрлэнэ гэж ойлгохоор байна.

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам-ийн 2.1-д Сахилгын зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйн талаар гомдол гаргасан, мэдээлсэн, эсхүл холбогдох баримтыг илрүүлсэн нь шалгалт явуулах үндэслэл болно., 2.2-т Энэ журмын 2.1-д заасан тохиолдолд албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл байгаа эсэхийг тухайн албан хаагчийн дээд шатны албан тушаалтан, эсхүл тухайн байгууллагын дотоод хяналт, шалгалтын нэгж, албан тушаалтан шалган тогтооно, 2.5-д Шалгагч сахилгын зөрчлийн талаарх гомдол, мэдээлэл, баримтыг шалгаад сахилгын шийтгэл ногдуулах эсэх талаар дараах дүгнэлтийн аль нэгийг гаргаж, албан хаагчийг томилсон эрх бүхий албан тушаалтанд танилцуулна гэж заажээ.  

Мөн журмын 6.1-д зааснаар албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэл ногдуулахаар тус тус зохицуулсан.

Хариуцагч нь Н.Соёлмаагийн сахилгын зөрчил гаргасан эсэх, эсхүл албан үүргээ биелүүлээгүй эсэхийг тодорхой ажиллагаа явуулж, бүрэн нягтлан шалгаж, тогтоолгүйгээр 24 дүгээр тогтоолыг гаргажээ гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн хувьд Яруу сумын Хурлын даргын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Б/8 дугаар захирамжаар[3] үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 10 хувиар бууруулах сахилгын шийтгэл хүлээж байсан боловч Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.6-д зааснаар төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан өдрөөс хойш 1 жилийн дотор сахилгын шийтгэл хүлээгээгүй бол түүнийг сахилгын шийтгэлгүйд тооцохоор заасны дагуу сахилгын шийтгэлгүй болсон байна.    

Хариуцагч нь Н.Соёлмааг 2020 оны хагас жилийн хуралдааны бэлтгэл ажлыг хангалгүй ажил тасалж, архи уусан гэж тайлбарлах боловч нэхэмжлэгч нь чухам ямар ажил үүргийг, хэзээ, хэрхэн биелүүлээгүй, түүнийг шалган тогтоож, баримтжуулаагүй, албан үүргээ зохих ёсоор биелүүлж ажиллаагүй гэх байдлыг нотолсон баримтгүй, хариуцагчаас үүнтэй холбоотой баримтыг ирүүлээгүй байна.

Хариуцагч тайлбартаа Н.Соёлмаа нь хуралдааны бэлтгэл ажлыг хангалгүй архи ууж, ажил тасалсан, тухайн үед өөрөө ажлаас халагдахад гомдолгүй гэсэн бичиг хийж өгч байсан гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаас[4] харахад Н.Соёлмаа нь 2019 оны 06 сарын 10-ны өдөр тухайн бичгийг үйлдсэн, 2019 онд түүнд ямар нэгэн сахилгын шийтгэл хүлээлгээгүй, 2019 оны гаргасан зөрчилд 2020 оны 11 сарын 11-нд шийтгэл хүлээлгэхэд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4-т заасан сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй гэж заасныг зөрчихөөр байна.

Мөн Н.Соёлмааг 2020 оны 11 сарын 03-ны өдрийн чөлөөг Хурлын даргаас авсан боловч 11 сарын 11-ний өдрийг хүртэл 5 өдөр ажил тасалсан гэх боловч ажлын цагийг бүртгэсэн бүртгэл байхгүй, ажлын цагийн тооцооны баримт[5], нягтлан бодогч Я.Отгонбилэгийн тодорхойлсноор түүнийг 2020 оны 11 сарын 11 хүртэл 5 өдөр ажилласнаар тооцож, 456,785 төгрөгний цалин олгогдсон байх тул хариуцагчийн 5 өдөр ажил тасалсан гэх тайлбар үгүйсгэгдэж байна.

Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 02 сарын 04-ны өдрийн 01/358 дугаар албан бичиг[6] болон хариуцагчийн тайлбарт[7] дурьдсанаар Н.Соёлмааг уг ажлын байранд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон гэх боловч түүнийг тухайн үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй тул шүүх энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй байна.

Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 сарын 1-ний өдрийн 24 дүгээр тогтоол нь хуралдаанаас өөр өдөр үйлдэгдсэн, агуулга нь ойлгомжгүй, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн аль хэсгээр шийтгэл ногдуулж байгаа нь тодорхойгүй, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байх, 40 дүгээр зүйлийн 40.2.3-д заасан захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах шаардлагыг хангаагүй байх тул хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Төрийн жинхэнэ албан хаагч нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.1-д зааснаар энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөгдөхгүй, халагдахгүй байх нэмэгдэл баталгаагаар хангагддаг тул хэн нэгэн төрийн албан хаагчийг албан тушаалаас нь түр болон бүр чөлөөлөх, халах зэрэг тохиолдолд хуульд заасан урьдчилсан нөхцөл нь бодит байдалд бүрэн дүүрэн тогтоогдсон, өөрөөр хэлбэл, халагдаж буй албан хаагч нь ёс зүйгүй, хариуцлагагүй, албан тушаалдаа тэнцэхгүй болох нь нотлогдсон, албан тушаалаас нь халахаас өөр аргагүй болох нь бодитой тогтоогдсон байх ёстой.

Нэхэмжлэгчийг ажлаас нь чөлөөлсөн Завхан аймгийн Яруу сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 24 дугаар тогтоол нь үндэслэлгүй, тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн ажлаас хууль бусаар чөлөөлөгдөхгүй байх эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх тул  Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Нэгэнт Н.Соёлмааг ажлаас чөлөөлсөн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 24 дүгээр тогтоолыг хуульд нийцээгүй үндэслэлээр хүчингүй болгохоор байх тул нэхэмжлэгчийг өмнө эрхэлж байсан сумын Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.

Хоёр. Ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг төлүүлж нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх шаардлагын тухайд:

Хариуцагч Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид нь нэхэмжлэгч Н.Соёлмааг үндэслэлгүйгээр чөлөөлсөн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Н.Соёлмаад ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг олгохоор байна.

Монгол Улсын Нийгмийн хамгаалал, Хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 сарын 55 дугаар тушаалаар батлагдсан Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ыг баримтлан Н.Соёлмаагийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг[8] үндэслэн түүний авч байсан сүүлийн 3 сарын буюу 2020 оны 8, 9, 10 сарын дундаж цалин хөлс болох 1,702,079 төгрөгнөөс нэг өдрийн цалинг 78,799 төгрөгөөр тооцож, 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах 2021 оны 06 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцоход, нийт 152 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 11,977,448 төгрөг байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй гэж заасны дагуу Н.Соёлмаагийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг дээрх 11,977,448 төгрөгнөөс хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, дэвтэрт бичилт хийж олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.2.3, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 22 дугаар зүйлийн 22.1.6 дахь хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны 11 сарын 01-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 24 дүгээр тогтоолыг хүчингүй болгож, Н.Соёлмааг Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын албан тушаалд эгүүлэн томилсугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн Ажлаас чөлөөлөх тухай 2 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасныг баримтлан Н.Соёлмаагийн ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 11,977,448 төгрөгнөөс хуульд заасан хувь хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын татварыг тооцон суутгаж, холбогдох дэвтэрт бичилт хийж олгохыг Завхан аймгийн Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Яруу сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Н.Соёлмаад олгосугай

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 


[1] Хавтаст хэргийн 8-р хуудас

[2] Хавтаст хэргийн 33-36-р хуудас

[3] Хавтаст хэргийн 29-р хуудас

[4] Хавтаст хэргийн 30-р хуудас

[5] Хавтаст хэргийн 39-р хуудас

[6] Хавтаст хэргийн 06-р хуудас

[7] Хавтаст хэргийн 26-р хуудас

[8] Хавтаст хэргийн 135-р хуудас