Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2025/0187

 

 

 

 

К*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү*******

Нэхэмжлэгч: “К*******” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд

Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дүгээр “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/1028 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Я*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0637/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч К*******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дүгээр “Газар ашиглах эрх хүчингүй болгох тухай” тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/1028 дугаар шийдвэрээр:

“Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “К*******” ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дугаартай тушаалыг хүчингүй болгожшийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Нэхэмжлэгч “К*******” ХХК-д анх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/300 дугаар тушаалаар Жаргалантын аманд 50,549 м.кв газрыг аялал жуулчлалын зориулалтаар 5 жилийн хугацаагаар газар ашиглах эрх олгосон байсныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/381 дүгээр тушаалаар газар ашиглах эрхийг хүчингүй болгосон. Энэхүү тушаалын гол үндэслэл нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй", 40.1.6-д "хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэж тус тус заасныг удирдлага болгосон.

Нэхэмжлэгч нь Газрын тухай хуульд заасны дагуу хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2-оос дээш жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй болох нь Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/630 дугаар албан бичигт ирүүлсэн саналаар нотлогддог. Мөн Дээд шүүхийн 2008 оны “Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан "... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан.

Нэхэмжлэгчийн хийж хэрэгжүүлсэн ажил гэж дурддаг Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий болон нарийвчилсан үнэлгээ батлуулсан нь гурвалсан гэрээ байгуулахаас өмнө хийгддэг процесс ажиллагаа юм. Тус компани нь 2022 онд Архитектур төлөвлөлтийн даалгаврыг 1 жилийн хугацаатай батлуулсан. Хугацаа нь 2023 онд дуусчихсан загвар зураг батлуулаагүй, барилгын ажлын зөвшөөрлийг аваагүй болох нь Хот байгуулалт, хотын стандартын газраас ирүүлсэн албан бичгээр нотлогддог.

Мөн Татварын албаны тодорхойлолт болон Газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар 2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар газрын төлбөрийн үлдэгдэл 16,680,180 төгрөг байгаа нь нотлох баримтаар хэрэгт авагдсан. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д "эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй" хуулийн үндэслэлийг бүрэн хангаж байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийг тал бүрээс нь бодитой дүгнээгүй, нотлох баримтыг дутуу шинжлэн судалж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1028 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, гомдлыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангасангүй.

1.Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон Сайдын маргаан бүхий тушаал хэрэгт авагдсан баримтуудаар няцаагдсан талаар, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 01/630 дугаар албан бичгээр Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн Бодлого, зохицуулалтын газарт хүргүүлсэн санал нь Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн зөвхөн 40.1.6 буюу “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн үндэслэлээр гарсан байхад тушаалд үүнээс гадна 40.1.5 буюу “газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэж нэхэмжлэгчийг буруутгасан нь үндэслэлгүй болох,  түүнчлэн газрын төлбөр төлөгдсөн төдийгүй газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхгүй талаар шийдвэрт тус тус зөв дүгнэжээ.

К*******ХХК-ийн Хан-Уул дүүргийн Засаг дарга, Богдхан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргаатай байгуулсан газар ашиглах тухай 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/244 дүгээр гэрээний 2.3-т зааснаар 50549,5 м.кв газрын төлбөрт 1 жилд 71.274.795 төгрөг төлөхөөр, уг төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны өдрийн дотор нийслэлийн Татварын газрын дансанд төлөхөөр харилцан тохиролцсон байна.

1-р хх-ийн 124 дүгээр талд авагдсан 2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрөөр огноолсон газрын төлбөрийн тооцоо нийлсэн актаар газрын жилийн төлбөр 66.720.720 төгрөг, нийт 167.939.085 төгрөг төлөхөөс 151.258.905 төгрөг төлж, мөн өдрийн байдлаар 16.680.180 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь, мөн 2024 оны 1 дүгээр улирлын газрын төлбөр 16.680.180 төгрөгийг нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу мөн оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төлсөн болох нь Худалдаа, хөгжлийн банкны гүйлгээний баримтаар тус тус тогтоогдсон, харин 2-р хх-ийн 86 дугаар талд авагдсан Хан-Уул дүүргийн Газар зохион байгуулалтын албаны 2024 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 10-17/1224 албан бичгээр нэхэмжлэгчийн 2022, 2023, 2024 оны газрын төлбөр төлөлтийг төлбөрийн нэхэмжлэхний дугаар тус бүрээр болон төлсөн огнооны жагсаалтаар нь ирүүлсэн, шүүхээс шаардсаны дагуу ийнхүү ирүүлсэн төлбөрийн талаарх мэдээлэлд хугацааны хувьд сүүлд төлөгдсөн төлбөр ч бүрэн тусгагджээ.

Анх Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаанаас 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01/88 дугаар албан бичгээр К******* ХХК-д хандаж “...2022, 2023 оны газрын төлбөр төлөөгүй, мөн газрын үзлэгээр газраа ашиглаагүй нь тогтоогдсон. …Иймд уг зөрчлүүдтэй холбоотой хариу тайлбар, санал нотлох баримтыг ирүүлэх” талаар сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлснээр дээрх 2024 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт үйлдэгдсэн, улмаар Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны саналыг үндэслэн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2024 оны А/197 дугаар тушаалаар байгуулагдсан Тусгай хамгаалалттай нутагт газар ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн мөн оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаас К*******ХХК-ийн газар ашиглах эрхийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байна.

Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар газар ашиглах эрх олгох, эсхүл уг эрхийг хүчингүй болгох эрх хэмжээ зөвхөн Сайдад олгогдсон ч, хариуцсан хамгаалалтын захиргаа, мөн дээрх Зөвлөлөөс нэхэмжлэгчийн газрын төлбөр төлөлтийн байдлыг шалгаад зөрчилгүй болохыг ийнхүү тогтоосон, өөрөөр хэлбэл энэ үндэслэлээр газар ашиглах эрхийг хүчингүй болгох саналыг хүргүүлээгүй байхад хариуцагчаас чухам ямар үндэслэлээр маргаан бүхий тушаалд нэхэмжлэгчийг газрын төлбөрөө төлөөгүй гэж буруутгасан нь ойлгомжгүй, энэ нь бодит нөхцөл байдалд нийцээгүй талаар шийдвэрт үндэслэлтэй дүгнэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд “…2024 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төлбөрийн үлдэгдэл 16.680.180 төгрөг байгаа нь нотлогдсон…” гэснийг шүүхээс үгүйсгээгүй, өөрөөр хэлбэл дээр дурдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн 01122-2021/02956 тоот актаар үүнийг тодорхойлсон боловч цаг хугацааны хувьд энэ нь маргаан бүхий тушаал гарахын өмнөх буюу 2024 оны 1 дүгээр улирлын төлбөр, түүнчлэн хамгаалалтын захиргаанаас энэ үндэслэлээр нэхэмжлэгчийг буруутгаагүй төдийгүй шүүхээс маргааныг шийдвэрлэх явцад уг төлбөр бүрэн төлөгдсөн, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийг газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэж үзэхээргүй болох нь баримтаар тогтоогдсон зэргийг тус тус харгалзсан болно.

2.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор заасан.

Харин нэхэмжлэгчийн тухайд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2021 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн А/300 дугаар тушаалаар Богдхан уулын дархан цаазат газрын Жаргалантын амны хязгаарлалтын бүсэд 5.0 га газар ашиглах эрхтэй болсноос хойш 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 11/07 дугаар “Амралт сувилалын цогцолбор” төслийн Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ хийх ажлын гэрээ, 11 дүгээр сарын 29-ний өдрийн 7 дугаар Худаг өрөмдөх гэрээ, 12 дугаар сарын 13-ны өдрийн 2021/244 дүгээр Газар ашиглах гурвалсан гэрээ байгуулж, 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдөр МЗХ2022/18-009 дугаартай Аялал жуулчлалын цогцолборын архитектур төлөвлөлтийн даалгавар батлуулсан, 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн “Жаргалант эх хүүхдийн амралт, сувилалын цогцолбор” төслийн бизнес төлөвлөгөөг боловсруулах ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, мөн онд хэрэгжүүлэх төслийнхөө танилцуулга гаргаж, 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээг байгуулсан, шүүхийн үзлэгийн тэмдэглэлээс үзэхэд газраа аялал жуулчлалын зориулалтаар ашиглах бэлтгэл ажил хийгдсэн болох нь тогтоогдсон байх тул нэхэмжлэгчийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр  газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэж үзэхгүй, энэ талаар шийдвэрт илүү дэлгэрэнгүй дүгнэсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 128/ШШ2024/1028 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ү*******гийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                         ШҮҮГЧ                                           Т.ЭНХМАА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                         Д.БААТАРХҮҮ

                   ШҮҮГЧ                                              Э.ЛХАГВАСҮРЭН