Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 00014

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж 

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оюунбилэг

Улсын яллагч Ц.Идэрмөнх

Шүүгдэгч О.Бямбадорж нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Гөрөөчин овгийн Ойдовын Бямбадоржид холбогдох 201614000553 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

 

1. Шүүгдэгчийн биеийн байцаалт.

 

Гөрөөчин овгийн Ойдовын Бямбадорж, Монгол Улсын иргэн, 1972 оны 03 сарын 04-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр, 5 хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 8-13 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нь Хөвсгөл аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 01 сарын 01-нд Эрүүгийн хуулийн 123.2 зүйлээр 1 жил 6 сарын хорих ял, 2002 оны 12 сарын 16-нд Эрүүгийн хуулийн 145.3 зүйлээр 2 жил хорих ял, 2004 оны 12 сарын 10-нд Эрүүгийн хуулийн 145.2 зүйлээр 3 жил 6 сар хорих ял, 2012 оны 05 сарын 12-нд Эрүүгийн хуулийн 99.2 зүйлээр 4 сар 6 хоног баривчлах, 2011 оны 04 сарын 12-нд Эрүүгийн хуулийн 99.2 дахь зүйлээр 5 сар баривчлах ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай. РД:ФБ72030471

 

2.Шүүгдэгчийнхолбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч О.Бямбадорж нь 2016 оны 11 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 8-13 тоотод гэртээ хонож байсан Ж.Наранцэцэгийн цаа бугын арьсаар хийсэн годон гутлыг хулгайлж 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ж.Наранцэцэгийн “2016 оны 11 сарын 26-ны орой 20 цаг өнгөрч байхад спорт цогцолборын тэнд Бямбадоржтой тааралдсан. Тэгээд Бямбадоржтой хамт архи ууж байгаад намайг “Хувцасаа тайл, манайхаас юм алга болохгүй” гээд байсан. Тэгээд нүүрсээ хийе гээд босоод миний гутлыг өмсөөд нүүрс хийж байгаа харагдсан би архиндаа согтсон байсан учир зарим зүйлийг сайн санахгүй байсан. Бямбадорж миний хувцасыг тайлах гээд ноцолдоод байсан. Хүзүүнд зүүлттэй байсан зүүлтийг тасалсан, мөн чихэнд байсан ээмгийг мултлаад унагаасан байсан. Маргааш өглөө нь босоход миний өмсөж явсан гутал байхгүй болчихсон байсан. Тэгээд Бямбадоржоос гутлаа асуухад би санахгүй байна, би тасарчихсан байна, гэрт хүн орж ирсэн юм болов уу” гээд байсан. Уг нь шөнө Бямбадорж миний гутлыг өмсөөд гарч нүүрс хийгээд бие засахдаа өмсөөд байсан. Тэгээд өөрийнхөө орны дэргэд миний гутлыг тавьчихсан байсан. Тэгэхээр Бямбадорж миний гутлыг өмсөж байгаад хулгайлж аваад нэг тийш нь нуусан гэж үзэж байна. Тэднийх цахилгаан тасарчихсан лаа асаачихсан байсан. Би явна гэж уурлаж байхад миний хоолойноос бариад гинжийг татаж байсан. Би зарим зүйлийг санаж байна. Намайг унтахад миний гутал орны доогуур байсан би харсан. Миний ээмэг бол гоёлын төмөр ээмэг байсан. 10 000 төгрөгийн ээмэг байсан. Гинж нь мөнгөн гинж байсан. 20 000-30 000 төгрөгийн үнэтэй гинж байсан. Тэр гинжийг хулгайлж аваагүй өглөө ав гээд байсан. Би гутлаа 2015 оны 11 сард 670 000 төгрөгөөр худалдаж аваад цагаан сараар нэг удаа өмссөн. Тэгээд энэ жил гаргаж өмсөж байсан юм. Намайг унтахад орны дэргэд Бямбадорж миний гутлыг тайлаад тавьсан байсан. Өглөө босоод гутлаа хайхад Бямбадорж хайлцаагүй “би гутлаа асуухад мэдэхгүй, хүн орж ирээд авчихсан байх” гэж байсан. Уг нь шөнө унтахад Бямбадорж манай гэр рүү хүн орж ирдэггүй юм хулгай байхгүй гээд байсан. Гэтэл өглөө нь гутал байхгүй болохоор Бямбадорж хүн орж ирээд авсан байх, манай хашаанд нэг эрэгтэй хүн зогсож байсан тэр л авсан байх гээд худал яриад байсан. Тэгээд надад гэрийн үстэй шаахай өгөөд явуулсан. Гэртээ ирж байж байгаад эргээд Бямбадоржийн гэрт очиход мэдэхгүй би аваагүй, хашааны үүдэнд эрэгтэй хүн зогсож байсан тэр л авсан байх гээд байсан. Тэгээд цагдаад өргөдөл бичиж өгсөн. Тэгсэн сүүлд цагдаа нар над руу залгаад Бямбадорж миний гутлыг хулгайлж аваад төрсөн дүүдээ 50 000 төгрөгөөр зарсан байсан байна. Ирээд үз гэхээр нь үзэхэд миний гутал мөн байсан. Магадгүй намайг согтуу байсан болохоор хүн амьтанд хэлэхгүй гэж тооцоолсон байх, түүнээс биш тоглосон, андуурсан үйлдэл гаргах боломжгүй байсан юм. Би өөрийнхөө гутлыг бүрэн бүтэн хүлээн авсан учир ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-р хуудас/

 

2. Гэрч О.Эрдэнэцэцэгийн “2016 оны 11 сарын 27-ны өдөр намайг Уурхайчин багт байрлах Хишиг цайны газарт байхад төрсөн ах Бямбадорж ирээд надтай уулзаж байгаад “ах нь энэ гутлыг 50 000 төгрөгөөр тавьчихья” гэхээр нь би авахгүй гэхэд Бямбадорж ах “чи авчих л даа, хоёр хүүхэд түлээ модгүй даараад хэцүү байна энэ гутал бол Улаанаагийн /Цэнгэлмаа гэж эхнэрийг нь хэлж байна/ эгчийн гутал байгаа юм. 50 000 төгрөгөөр авчих, ах нь удахгүй авчихана гээд байсан юм. Ахын хүүхдүүд даараад өвдчих байх, Цэнгэлмаагийн эгчийн гутал юм байна дараа нь ирээд авна биз гэж бодоод 50 000 төгрөг өгөөд явуулсан. Би тэр гутлыг хулгайн гутал гэж мэдээгүй. Цэнгэлмаагийн эгчийнх гээд байхаар нь тийм байх гэж бодоод аваад үлдсэн юм. Дараа мөнгө аваад ирэхээр нь гутлыг нь өгөөд явуулчихъя гэж бодож байсан. Урд өдөр нь манай эгч Нямдаваа “Бямбадоржийн хоёр хүүхэд хэцүү байгаа юм байна. Их л даардаг юм байна. Интернэт дээр тавьчихсан байна” гээд байхаар нь би аваад үлдсэн юм. Бямбадоржийн авч ирсэн гутал нь бор саарал өнгийн годон эмэгтэй хүний гутал байсан. 2016 оны 11 сарын 30-ны өдөр цагдаа ирэхээр нь “би гутлыг нь авсан ажил дээр байгаа гэдгээ хэлээд цагдаад өгсөн. Бямбадорж гутлаа авч ирэхдээ ганцаараа ирсэн. Архи уугаагүй эрүүл байсан байх” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-р хуудас/ болон шүүгдэгчийн мэдүүлэг, ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас, шүүхийн шийтгэх тогтоолуудын хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. Дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үнэлэх боломжтой гэж үзэв.

 

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Бямбадорж мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэв.

 

Шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч О.Бямбадорж нь 2016 оны 11 сарын 26-наас 27-нд шилжих шөнө Орхон аймгийн Баян-Өндөр сумын Эрдэнэ багийн 8-13 тоотод гэртээ хонож байсан Ж.Наранцэцэгийн гутлыг хулгайлж 600 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдсон гэж үзлээ.

 

Хохирогч Ж.Наранцэцэг нь алдсан гутлаа буцааж авсан гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, шүүгдэгч О.Бямбадорж нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, урьд ял шийтгүүлсэн боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2.3-д заасан хугацаа өнгөрсөн тул ял шийтгэлгүйд тооцож, анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэстэй байх тул Эрүүийн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлд заасны дагуу хохирогч шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

                                             ТОГТООХ нь:

 

            1.Шүүгдэгч Гөрөөчин овгийн Ойдовын Бямбадоржийг бусдын эд хөрөнгийг хулгайлж бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар шүүгдэгч О.Бямбадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

 

3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдсугай.

 

4.Шүүгдэгч О.Бямбадоржид авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

 

5.Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ц.АЛТАНГАДАС