Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 11 өдөр

Дугаар 001/ХТ2022/00053

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/00520 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 883 дугаар магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,  нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт нийт 49,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,, , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Баттогтох, хариуцагчийн өмгөөлөгч Б.Түвшинтөгс, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 49,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/00520 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Хиад боржигин овогт ,,,,,,,,,,,,,,,,,,,,ын ,,,,,,,,,,,,,,,,,,,аас 39,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Боржигин овогт ,,,,,,,,,,,,,,,,,,,ийн ,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлээс 10,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 883 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/00520 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.04.17-ны өдрийн 883 дугаар магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ” хэмээн хуульчилсан байх боловч давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 1,000,000 төгрөгийг өгсөн байдаг ба аль ч шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж 1,000,000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,аас хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 49,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 39,500,000 төгрөгийг хангаж, үлдэх 10,000,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

7. Тодруулбал, зохигчийн хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч “мөнгө аваагүй, мөнгө хүлээн авсан баримтад гарын үсэг зураагүй” гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т заасны дагуу нотлоогүй тул нотариатаар батлуулсан мөнгө хүлээн авсан баримтаар зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,, г зээлийн гэрээний үүргээ биелүүлсэн, үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзнэ.

8. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1., 232 дугаар зүйлийн 232.6. дахь хэсэгт заасны дагуу талууд гэрээг бичгээр байгуулж, хүү, алдангийн хэмжээг харилцан тохиролцсон байх тул хариуцагч нь үндсэн зээл 30,000,000 төгрөг, 3 сарын, 5 хувийн зээлийн хүүнд 4,500,000 төгрөг, мөн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги төлөх үүрэгтэй.

9. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан үндэслэлээр хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын гэрээний үндсэн үүргээ биелүүлж чадаагүй нөхцөл байдлыг харгалзан алдангийн хэмжээг багасгаж 5,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэнд нэхэмжлэгч гомдол гаргаагүй тул хэвээр үлдээх нь зүйтэй.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо “...давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалд дүгнэлт хийхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн, хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчид 1,000,000 төгрөгийг өгсөн байдаг ба аль ч шатны шүүх энэ нөхцөл байдлыг харгалзахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн...” (Тодорхойлох хэсгийн 4-т) гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байх тул хоёр шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.

11. Иймд, шүүх бүрэлдэхүүн шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 102/ШШ2020/00520 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 883 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр төлсөн 28,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                           ШҮҮГЧИД                                                          Г.БАНЗРАГЧ

                                                                                                     П.ЗОЛЗАЯА

                                                                                                     С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                     Х.ЭРДЭНЭСУВД