Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/393

 

 

 

 

 

 

 

   2023         04         11                                   2023/ШЦТ/393

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Ц.Төгөлдөр,

шүүгдэгч Ц.Б-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2309000000609 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Ц.Б- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын автобусны Си Юу нэртэй дэлгүүрийн гадна хохирогч Б.Ө-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод, зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд шарх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Б- мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ц.Б- нь 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо, 7 буудлын автобусны Си Юу нэртэй дэлгүүрийн гадна хохирогч Б.Ө-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод, зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд шарх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч Б.Ө-ын / хх 13-14, 16 / “...2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Зүүн салаанд Одко гэх баз хүргэний гэрт байж байхад шөнийн 00 цагт манай эхнэр Батцэцэг манай ажлын найз Батхуяг руу залгаад “Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороонд байрлах гэртээ харих гэсэн юм. Хүргээд өгөөч” гэтэл Батхуяг “ Найз нь архи уучихсан байна. Дуудлагын жолооч дуудаад яваад очьё “ гээд удалгүй ирсэн. Тэгээд замдаа явж байтал Батхуяг нь Си Юу орж нэг шил архи аваад танай гэрт орж ууя гэхээр нь зөвшөөрөөд 7 буудал дээр зогсож Батхуяг дэлгүүр орсон. Тэгээд сууж байтал Балжаа намайг бууж тамхи татъя гэхээр нь дагаад буутал хэрэлдээд байхаар нь буцаад машиндаа ороод машинд байсан хувцсаа аваад явах гэтэл Балжаа миний нүүр рүү гараараа цохих шиг болсон. Тэгээд би унатал миний нүүр рүү 1 удаа өшиглөсөн. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлгээр,

 

Гэрч П.Б-ийн / хх 18-19 / “...Өсөхөө, Балжаа хоёр ажлаас болж маргалдаад эргээд эвлэрсэн. Тэгээд бид 3 нэг пиво хувааж уухаар болоод би 7 буудалд байрлах Си Юу дэлгүүр рүү орчихоод гарч ирэх хооронд муудалцаж зодолдож байхаар нь дундуур нь орж салгаад Балжааг аваад гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлгээр,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 3161 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

1. Б.Ө-ын биед зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд шарх, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй гэжээ. / хх 25-26 /

 

Шүүгдэгч эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас / хх 35 /

 

Яллагдагч Ц.Б-ын / хх 6-7 / “...Б.Ө- бид хоёр бууж тамхилах гэж байгаад дахин маргалдсан. Тэгээд бие биенээ нэг нэг удаа цохьсон. Газарт унасан байхад нь би өшиглөсөн. Тэгэхэд нүүр рүү нь өшиглөсөн байх. Б.Ө-ын эхнэр бид хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Прокуророос шүүгдэгч Ц.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Ц.Б-д ял шийтгэл оногдуулахад түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Б- нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Б.Ө- нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан / хх 53 /, ажил хөдөлмөр эрхэлдэг, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгийн торгох ялыг оногдуулж шийдвэрлэв. 

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч Б.Ө- нь гомдол саналгүй гэх хүсэлт гаргасан тул шүүгдэгч төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүйг дурьдав.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Б-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ц.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 / таван зуун тавь / нэгж буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Ц.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүйг дурьдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Ц.Б- нь шүүхээс тогтоосон торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ