| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2019/0319/И |
| Дугаар | 432 |
| Огноо | 2019-07-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 432
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн У сумын 7 дугаар багт оршин суух, М овогт Тгийн А /рд:, утас: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн У сумын Засаг дарга /Огийн Н рд:, утас: /-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С, орчуулагч Б.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 2018 оны 03 сарын 18-ны өдрийн Б аймгийн У сумын Засаг даргын 17\48 тоот захирамжийг хүчингүй болгож, Т овогтой А намайг эрхэлж байсан ажилд эгүүлэн томилох тухай.
Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2014 оны 01 сарын 15-ны өдрөөс Б аймгийн У сумын Засаг даргын захирамжаар Соёлын төвийн эрхлэгчийн ажилд томилогдон ажилласан бөгөөд өөрийн сум орон нутагт соёлын иж бүрэн хөтөлбөрийг явуулж, багуудад өдөрлөг зохиох, соёлын өвийг хамгаалах зэрэг ажлуудыг жил бүрийн төлөвлөгөөний дагуу явуулж ирсэн. Ажиллах хугацаанд 2015 онд сумын соёлын аварга шагнал, 2017 онд аймгийн Засаг даргын жуух бичиг, 2018 онд БСШУЯамны жуух бичгээр шагнагдаж сайн ажиллаж байсан. Өлгий сумын Боловсрол, урлаг, соёлын газартай хамтран гэрээ байгуулж, ажлаа зохих ёсны дагуу гүйцэтгэж байсан.
Архи ууж, алдаа зөрчил гаргаснаа хүлээж байна. Гэвч сүүлийн нэг жилийн хугацаанд миний ажлыг буруу үнэлсэн, үр дүнгийн гэрээг дүгнэж өгсөн оноо үнэлгээг би зөвшөөрөхгүй байгаа. 2019 оны 02 сарын 26-ны 04-09-043\26 тоот Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлтийн дагуу Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн сангийн мэдээлэл, үнэн зөв, бүрэн гүйцэд, зөрүүгүй цаасан болон цахим хэлбэрээр бүрдүүлэх ажиллагааг хуульд заасан дагуу гүйцэтгэж, ажлаа сайжруулах хөтөлбөр боловсруулан ажиллаж байсан. Гэтэл Сумын Засаг дарга 2019 оны 03 сарын 18-ны өдөр 17\48 тоот захирамжаар төрийн албанаас халах сахилгын шийтгэл ногдуулсныг зөвшөөрөхгүй гомдолтой байна. Миний бие Гөрийн албаны тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилладаг, төрийн үйлчилгээний албан тушаалтан, гэтэл хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан гэх боловч надтай үр дүнгийн гэрээ байгуулан ажилладаг.
Иймд 2018 оны 03 сарын 18-ны өдрийн Б аймгийн У сумын Засаг даргын 17\48 тоот захирамжийг хүчингүй болгож, Т овогтой А намайг эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.
Хариуцагч О.Н шүүхэд өгсөн хариу тайлбартаа: Тус сумын Соёлын төвийн бүжгийн багш ажилтай Т.Аийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Т.А нь ажлын цагаар хэд хэдэн удаа архи ууж төрийн албан хаагчийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, Мэргэжлийн Хяналтын газрын удаа дараагийн шалгалтаар ажлаа хангалтгүй гүйцэтгэж зөрчил давтан гаргасан, төрийн ажилд хайнга хандсан учраас шат дараалсан сахилгын шийтгэл ногдуулж 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/48 дугаар захирамжаар төрийн албанаас халсан.
Иймд Т.Аийн нэхэмжлэлийг хүлээж авах, эрхлэгчээр томилох боломжгүй гэв.
Нэхэмжлэгч Т.А шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би анх 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр соёлын эрхлэгчээр томилогдож ажилласан. Түүнээс өмнө анх 2007 онд тус Соёлын төвд бүжгийн багшаар томилогдоод 3 жил ажиллаж байгаад мэргэжлийн дагуу орон тоо гарах үед дуу хөгжмийн багшаар ажилласан. 2014 онд Соёлын төвийн эрхлэгч эрүүл мэндийн байдлаас шалтгаалж ажиллах боломжгүй байсан учир чөлөө авсан. Тэр үед намайг соёлын төвийн эрхлэгчээр түр орлон гүйцэтгэгчээр томилсон. Тухайн үед сумын удирдлагуудын зүгээс соёлын төвийн эрхлэгчийн биеийн байдлыг харгалзаад мэргэжлийн бус ч гэсэн хүүхдийг нь авч ажиллуулах шийдвэр гаргасан. Тухайн хүүхэд нь биеийн тамирын багш мэргэжилтэй хүн байсан. Хоёр жилийн дараа Паратын биеийн байдал сайжирсан тул эргээд ажилдаа томилогдсон. Тухайн үед хүүхэд нь мэргэжлийн бус хүн гэсэн гомдол ирсэн байсан. Би 2014 онд эрхлэгчийн ажлыг авснаас хойш Улаанбаатар хотод Соёл, Урлагийн Их сургуулийг 2 жил эчнээгээр суралцаж соёлын мэргэжлийн ангийг төгссөн. Бид нарын үйл ажиллагаа явуулж байсан Соёлын төвийн барилга нь 1979 онд баригдсан хуучин барилга байсан учраас аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийгээд үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн дүгнэлт гарсан. Тэгээд сургуулийн Б зааланд очиж засвар хийж үйл ажиллагаа явуулж байсан. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас соёлын бус өвийг хадгалахтай холбоотой улсын байцаагч А шалгалтаар ирсэн байсан. Шалгалтаар ирэхдээ хэд хэдэн асуудлыг даалгаж явсан. Манайх өөрсдийн байранд үйл ажиллагаа явуулдаггүй, хуучин байранд үйл ажиллагаа явуулж байсан. Нэлээд хүйтэн барилга байсан учраас энэ талаар сумын удирдлагуудад удаа дараа асуудал болгож тавьж байсан. Санхүүгийн асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт тавьсан боловч шийдвэрлээгүй. Тиймээс би хөдөө айлуудаар яваад соёлын бус биет өвүүдийг бүртгэх ажлыг хийсэн. Тухайн үед би манай суманд 40 гаруй жил ажилласан К гэдэг хүнээс зөвлөгөө аваад бүх бичиг баримтуудаа хийгээд журмын дагуу хийсэн байсан. Гэтэл аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалтаар А ирэхдээ чиний хийсэн ажил шаардлага хангахгүй байна, чи дандаа ингэж сууж байдаг, би энэ тухай удирдлагуудад чинь албан тоот явуулна гэхэд би ямар ажлыг буруу хийсэн бэ, сайн хийсэн Соёлын төвийн байгууллагуудаас зөвлөгөө авъя гэж хүсэлт гаргасан боловч буцааж манай удирдлагуудад намайг ажлаа хийж чадахгүй гэсэн албан шаардлага хүргүүлсэн байна. Тэгээд тэр албан шаардлагын дагуу намайг ажлаас чөлөөлсөн.
Өмнө нь сумын Засаг дарга надад сахилгын арга хэмжээ авсан байсан. Урьд нь би гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх шалтгаанаар 14 хоног баривчлагдсан. Үүнээс болж нягтлан бодогч миний цалинг 200 гаруй мянган төгрөгөөр хасаж олгосон. Би энэ талаар сумын Засаг даргад очиж учир байдлаа хэлсэн боловч чиний асуудлыг мэдэхгүй, чи 14 хоног ажил тасалсан арга хэмжээ авна гээд ямар нэгэн хурал болоогүй байхад надад мэдэгдэхгүйгээр миний цалинг 6 сарын хугацаагаар 20 хувиар хассан. Тэгээд улсын байцаагч Аы албан шаардлагын дагуу ажлаас чөлөөлөгдсөн гэв. Би нэгэнт эрхлэгчийн ажлыг хийж байсан болохоор 2-3 жилийн хугацаанд Улаанбаатар хотод мэргэжлээ дээшлүүлээд суралцсан. Улаанбаатар хотод очиход маш их хэмжээний өртөг гардаг гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Би тухайн үед цалингийн зээл авсан байсан. Мөн төрөлхийн бөөрний дутагдалтай гэсэн оноштой байгаа. Бүжгийн багшаар ажиллахад авсан цалин маань цалингийн зээлд хүрэхгүй байсан. Иймд сар бүрийн цалингийн зөрүү гаргуулах, урьд эрхэлж байсан эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлд төрийн албан тушаалын ангилал, төрлийг заасан. Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал; 14.1.3-т яам, агентлагийн харьяа болон түүний дэргэд ажилладаг, төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллана гэж заасан. Мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д Төрийн албаны төв байгууллага төрийн албан хаагчийн улсын нэгдсэн тоо бүртгэлийг хөтлөх бөгөөд уг бүртгэлд төрийн албан тушаал эрхэлж байгаа, эрхэлж байсан мэдээлэл болон энэ хуулийн 10.1.2, 10.1.4-т заасан удирдах албан тушаалтны нөөцийн бүртгэлийг тусгасан байна гэж заасан. Төрийн албаны зөвлөлийн 60 дугаар тогтоолоор Төрийн удирдах албан тушаалтныг сонгон шалгуулах журмыг баталсан байгаа.
Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т Төрийн жинхэнэ албан хаагчийг албан тушаал дэвшүүлэх, цалин хөлсийг өөрчлөх, цол, зэрэг дэв олгох, урамшуулах, зохих шатны сургалтад хамруулах, албан тушаал бууруулах, хариуцлага хүлээлгэх асуудлыг түүний ажлын гүйцэтгэл, үр дүнг үндэслэн шийдвэрлэнэ, 37 дугаар зүйлийн 37.1.7-д төрийн албан хаагч төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдэлнэ гэж заасан. Мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д Төсвийн шууд захирагч тухайн жилийн Төсвийн тухай хуульд заасан өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хэрэгжүүлэх хөтөлбөр, арга хэмжээний биелэлтийг зохион байгуулах зорилгоор гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулан баталж, жил бүрийн 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийн хооронд хэрэгжүүлнэ гэж заасан. Бид нар урьд нь Т.Атэй үр дүнгийн гэрээ байгуулж байсан.
Засгийн газрын 01 дугаартай төрийн албан хаагчийн сахилга батыг сайжруулах тухай албан даалгавар байгаа. Нэхэмжлэгч Т.Ат удаа дараа сахилгын арга хэмжээ авч байсан. Мөн удаа дараа согтуурсан гэдэг нь Цагдаагийн байгууллагаар нотлогдон тогтоогдож 14 хоног баривчлагдсан. Сумын Засаг дарга 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн А/64 дугаартай захирамжаар сануулах арга хэмжээ авч байсан. Т.А дахин архидан согтуурсан зөрчил гаргасан учраас Прокурорын газраас арга албан шаардлага ирүүлсэн тул түүнд 20 хувийн цалин хасах арга хэмжээ авсан. Түүнчлэн шинэ Төрийн албаны тухай хуулиар түр орлон гүйцэтгэгч томилохыг хориглосон. Тийм учраас шинэ Төрийн албаны тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр түр орлон гүйцэтгэгчээс чөлөөлсөн. Мөн удирдах албан тушаалтны сонгон шалгаруулалтад ороогүй, нөөцөд бүртгэгдээгүй. Тийм учраас Т.А удирдах албан тушаал эрхлэх боломжгүй.
Нэхэмжлэгч Т.А шүүх хуралдаанд монгол хэл мэдэхгүй байдлаа харуулж байна. Учир нь шүүх хуралдаанд орчуулагч оролцуулж байна. Монгол хэл мэдэхгүй хүн төрийн албанд тэнцэхгүй. Байгууллагын удирдах албан тушаал эрхэлж байгаа хүн монгол хэлээр ярьж, албан хэрэг хөтлөх ёстой. Тийм учраас Т.Аийг төрийн албанд тэнцэхгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Л.С шүүх хуралдаанд тайлбарлахдаа: У сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ний өдөр гаргасан тушаал нь хуульд нийцээгүй байна гэж үзэж байна. Уг тушаалд Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтыг баримталсан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасныг баримталсан. Түүнчлэн төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн, ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж ажлаас халсан гэж тайлбарлажээ. Тушаал хуульд нийцэж байх шаардлагатай. Нэгдүгээрт, Төрийн албаны тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаал байна. Төрийн албаны тухай хуульд зааснаар төрийн үйлчилгээний албан тушаал эрхэлж байсан албан тушаалтны эрх зүйн харилцааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна гэж заасан. Төрийн албан хаагчийн ангилал гэж байгаа. Өөрөөр хэлбэл төрийн тусгай болон захиргааны албан хаагч нь төрийн жинхэнэ албан хаагч байна гэж заасан. Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаар төрийн үйлчилгээний албан хаагч хөдөлмөрийн гэрээгээр ажиллана гэж заасанд нэхэмжлэгч Т.Аийн албан тушаал хамаарч байгаа. Төрийн үйлчилгээний албан тушаалтан хөдөлмөрийн гэрээний үндсэн зээр ажиллана гэж зааж өгсөн. Үүнийг баримтлаад Хөдөлмөрийн тухай хуулийг баримталсан байх гэж үзэж байна.
Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.2, 40.1.4-т заасан зөрчил гаргасан гэдэг нь тодорхойгүй байна. Нэхэмжлэгч Т.А хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах ёстой ажилтан учраас хөдөлмөрийн гэрээ байх ёстой байтал үр дүнгийн гэрээ байгуулсан байна. Харин төрийн жинхэнэ албан хаагчтай үр дүнгийн гэрээ байгуулна. Төрийн албаны зөвлөлөөс гаргасан Төрийн албан хаагчийн ажлын үр дүнг мэргэжлийн түвшинд үнэлэх журам гэж байгаа. Гэтэл нэхэмжлэгч Т.Атэй хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажиллуулж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 33 дугаар тогтоолд зааснаар хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр ажил үүрэг гүйцэтгүүлэхийг шаардсан маргааныг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэнэ гэж заасан.
Нэхэмжлэгч Т.А ажлын байрандаа архи ууж байгаагүй. Архи уусан үедээ ажилдаа ирж байгаагүй. 14 хоног баривчилсан талаар нотлох баримт авагдсан байгаа. Нэхэмжлэгч Т.А архи уусан үедээ гэр бүл дотроо хэрүүл маргаан гаргаад Зөрчлийн тухай хуулиар 14 хоног баривчлагдсан асуудал байгаа. Тэр талаар аймгийн Прокурорын газраас төрийн албан хаагч ийм байна, арга хэмжээ аваач гээд шаардлага хүргүүлсэн байна. Гэтэл авагдсан арга хэмжээнээс нь харахад зөрчилд нь давхар давхар арга хэмжээ авсан байна. Сумын Засаг дарга цалин бууруулсан, 14 хоног баривчлагдсан, цалин нь хасагдсан. Давхар давхар арга хэмжээ оногдуулсан байна.
Нэхэмжлэгч Т.А одоо бүжгийн багш хийж байгаа. Тийм учраас цалингийн зөрүү гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Бүжгийн багшаар ажиллаж байгаад 1 сая гаруй төгрөгийн цалингийн зөрүү гарсан. Мөн нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийх талаар шаардлага гаргасан.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталсан байна. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтны хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан аль нэг үндэслэлийг баримтлах ёстой. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол гэж заасан. Өөрөөр хэлбэл албан ёсоор комисс тогтоох ёстой. Тэгэхээр нэхэмжлэгч Т.Аийн хувьд ийм дүгнэлт гараагүй байгаа. Хариуцагчийн тайлбарлаж байгаагаар Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн гаргасан шаардлагыг дурдаж байна. Энэ бол дүгнэлт биш зөвхөн албан шаардлага байгаа. Хэрвээ үүнийг дүгнэлт гэж үзэж байгаа бол үндэслэлгүй. Уг Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагч соёлын өвийг хамгаалах талаар дурдсан байгаа. Яагаад гэвэл энэ албан бичигт Соёлын өвийг хамгаалах тухай хуулийг зөрчсөн гээд үүгээр хариуцлага ногдуулах эрхтэй. Сумын Засаг дарга өмнө нь хоёр удаа сахилгын арга хэмжээ авсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Тэгэхээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасныг баримталж байгаа бол хөдөлмөрийн гэрээг цуцлах гэж байгаагаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдсэн байх ёстой. Тэгэхээр ажил олгогч энэ заалтыг яагаад хэрэглэхгүй байгаа вэ? Засаг даргын гаргасан тушаал хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.
Хоёрдугаарт: Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг баримталсан. Үүнийг баримталж байгаа шалтгаан н сахилгын зөрчлийг хоёр ба түүнээс дээш удаа гаргасан, ноцтой зөрчил гаргасан гэж үзэж байгаа. Үүнийг гэр бүлдээ архи ууж агсам тавьсантай холбоотой сахилгын арга хэмжээ авагдсан. Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн албан бичгээр хариуцлага ногдуулсан нь үндэслэлгүй. Ноцтой зөрчил гэдгийг хоёр тал харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээндээ тусгасан байх ёстой. Гэтэл ажилтан болон ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ноцтой зөрчил гэж юуг үзэх талаар тохиролцоогүй. Мөн хөдөлмөрийн дотоод журам ч байхгүй байгаа. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч би хариуцагч талаас хөдөлмөрийн дотоод журмыг шаардсан боловч гаргаж өгөөгүй. Төрийн албанаас халах тухай тушаал гаргаж сахилгын арга хэмжээ авч байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түр орлон гүйцэтгэгчээр томилохгүй гэсэн зүйлийг хэлж байна. Төрийн албаны тухай хуулийг хэлж байна. Энэ нь нэхэмжлэгч Т.Ат ямар хамааралтай юм бэ гэдгийг хэлмээр байна. Хөдөлмөрийн тухай хуульд түр хугацаа гэж байхгүй бөгөөд туршилтын хугацаа, цагаар ажиллах хугацаа, дагалдан ажиллах хугацаа гэж байгаа. Хэрвээ хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа хугацаа заагаагүй бол хугацаагүй хөдөлмөрийн гэрээ байгуулсан гэж үзэхээр байгаа. Тэгэхээр хөдөлмөрийн гэрээ байгуулахгүйгээр өнөөдрийг хүртэл ажиллуулчхаад төрийн албанаас хална гээд сахилгын шийтгэл оногдуулаад эрхийг нь дордуулчхаад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэсэн хариуцагчийн тайлбарыг зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн хэлэлцээд,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А нь Б аймгийн У сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/48 дугаартай захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан У сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож өгөх, ажилгүй басан хугацааны цалин болон цалингийн зөрүү 1083373 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Б аймгийн У сумын Засаг дарга нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/48 дугаартай захирамжаар Т.Аийг Монгол улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 40.1.4-т заасныг баримтлан Т.А нь удаа дараа төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж, ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан тул төрийн албанаас халах сахилыг шийтгэл ногдуулсан байна.
Хариуцагчаас татгалзлынхаа үндэслэлээ Т.А нь ажлын цагаар хэд хэдэн удаа архи ууж төрийн албан хаагчийн ёс зүйн ноцтой зөрчил гаргасан, Мэргэжлийн хяналтын газрын удаа дараагийн шалгалтаар ажлаа хангалтгүй гүйцэтгэж зөрчил давтан гаргасан, төрийн ажилд хайнга хандсан учраас шат дараалсан сахилгын шийтгэл ногдуулж төрийн албанаас халсан болно гэж тайлбарлажээ.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд У сумын Засаг даргын 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр А/64 дугаартай захирамжаар Соёлын төвийн эрхэгч Т.Ат сануулах арга хэмжээ, 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Б/129 дугаартай захирамжаар цалинг 6 сар хүртэл хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байх тул ажил олгогчоос тухайн үед гаргасан зөрчил бүрт сахилгын шийтгэл ногдуулжээ. Ажил олгогч У сумын Засаг дарга нь 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/48 дугаартай захирамжаар удаа дараа төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн, ажилдаа хайнга хариуцлагагүй хандсан гэж тайлбарлаж байгаа боловч тухайн зөрчлүүдийг хэзээ гаргасан, төрийн ажилд хайнга хандсан гэх үндэслэлүүдээ тодорхой тайлбарлаагүй, тухайн үндэслэлүүдийг нотлох баримтаа гаргаж ирүүлээгүй байна. Б аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн Зөрчил үйлдсэн албан тушаалтанд сахилгын хариуцлага ногдуулах тухай албан бичгийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч уг албан бичигт дурдсан зөрчлийг цаг хугацааны хувьд хэзээ гаргасан нь тодорхой бус байх ба Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2т зааснаар Сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулах тул энэхүү заалтын дагуу Т.Аийн гаргасан зөрчил нь хэзээ үйлдэгдсэн, түүнийг хэзээ илрүүлсэн байдалд дүгнэлт хийх боломжгүй байна. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар заасан байх бөгөөд ажил олгогч У сумын Засаг дарга нь ажилтан Т.Атэй хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, хөдөлмөрийн дотоод журмыг гаргаж өгөөгүй байх тул сахилгын зөрчил гаргаасан үзэх боломжгүй болно.
Ажил олгогчоос Т.Аийг ажлаас халах тухай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг баримталсан байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцлах талаар зохицуулсан байна. Хариуцагчаас хуулийн дээрх заалтад заасан байдлын талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй тул энэхүү үндэслэлээр сахилгын шийтгэл оногдуулсан нь хуульд нийцээгүй байна.
Ажил олгогчоос сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.3-т заасныг баримталжээ.
Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна: 48.1.З-т төрийн албанаас халах гэж заажээ.
Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Төрийн үйлчилгээний албан тушаалд төрийн үйлчилгээг адил тэгш, чанартай, хүртээмжтэй хүргэх болон төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах чиг үүрэг бүхий хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах дараах албан тушаал хамаарна:, 14.1.2-т боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, соёл, урлаг, спорт зэрэг төсвөөс санхүүждэг төрийн үйлчилгээний байгууллагын дарга, захирал, эрхлэгч, бусад удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаал; гэж заасан байгаа тул У сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаал нь төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарч байх ба Т.А нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллах албан тушаалтан байх бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл нь төрийн жинхэнэ албан тушаалтанд сахилгын шийтгэл ногдуулах заалт байх тул энэхүү үндэслэлээр ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй болжээ.
Иймд Б аймгийн У сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/48 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Т.Аийг урьд эрхэлж байсан У сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Т.А нь ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүү нийт 1083373 төгрөгийг гаргуулах, түүнд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгүүлж өгөхийг хүссэн байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажил хийж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгоно гэж заажээ. У сумын соёлын төвийн ня-бо нь Т.А нь эрхлэгч байсан үед 677953 төгрөгийн цалин авч байсан, одоо бүжгийн багшаар 522715 төгрөг авч байгаа, 4, 5 дугар сарын зөрүү 465714 төгрөг, 6 дугаар сарын 13-ны өдөр хүртэл 264473 төгрөг, 3-р сард 5 хоног цалин гарсан үлдсэн 15 хоногт 353186 төгрөг дутуу байгаа, нийт 1083373 төгрөг дутуу байна гэж тодорхойлсон байх тул энэхүү баримтыг үндэслэн Т.Аийн ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүү нийт 1083373 төгрөгийг У сумын Засаг даргаас гаргуулж, энэ хэмжээгээр нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 угаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Б аймгийн У сумын Засаг даргын 2019 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн А/48 дугаартай захирамжийг хүчингүй болгож, Т.Аийг урьд эрхэлж байсан У сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар У сумын Засаг даргаас 1083373 төгрөгийг гаргуулан Т.Ат олгосугай.
3. Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаар Т.Аийн ажилгүй байсан хугацааны цалин болон цалингийн зөрүү 1083373 төгрөгт ногдох нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын санд төлж, нөхөн бичилт хийхийг хариуцагч У сумын Засаг даргад даалгасугай.
4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30551 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч У сумын Засаг даргаас 30551 төгрөгийн гаргуулан Т.А, 70200 төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК