Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 2023/ШЦТ/415

 

 

 

 

 

 

 

  2023        04          17                                   2023/ШЦТ/415

 

 

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Оюунчимэг даргалж,   

улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

шүүгдэгч Т.Т-,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхтуул нарыг оролцуулан эрүүгийн 2209019260477 дугаартай хэргийг нээлттэй хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Т.Т- нь:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13-333 тоотод хохирогч П.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн цус хуралт, няцрал, урагдал, цусны хүүдийн хуулрал, хэвлийн хөндийн цус алдалт, хэвлийн хөндийг нээж шалгах мэс заслын дараах байдал, духанд зулгарал гэмтэл бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Яллах болон өмгөөлөх талуудаас шүүх хуралдаанд гаргасан нотлох баримтуудаас шүүх дараах баримт мэдээллийг хэрэгт ач холбогдол бүхий бөгөөд хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж үзлээ. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Т- мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн эмчилгээний зардлыг нөхөн төлнө” гэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Т- нь 2022 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо, Рашааны 13-333 тоотод хохирогч П.Э-ийг зодож эрүүл мэндэд нь хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн цус хуралт, няцрал, урагдал, цусны хүүдийн хуулрал, хэвлийн хөндийн цус алдалт, хэвлийн хөндийг нээж шалгах мэс заслын дараах байдал, духанд зулгарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий  нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд: ...

 

Хохирогч П.Э-ийн / хх 34-35 / “...Тухайн өдөр Т.Т-, түүний эхнэр Мөөгий, манай эхнэр Энхтуул, бид 4 Т.Т-ын хөлсөлж байсан нийтийн байранд архи уусан. Тэгээд нилээд согтоод Т.Т-тай маргалдсан. Тэгтэл намайг газарт цохиж унагаагаад өшиглөсөн. Тэгээд би Т.Т-аа чи яагаад байгаа юм бэ гэхэд намайг зодохоо больсон. Тэгээд архи уухаа болиод унтацгаасан. Маргааш өглөө босоод иртэл миний гэдэс өвдөөд их эвгүй байсан болохоор түргэн дуудаад үзүүлтэл намайг шууд эмнэлэг рүү авч яваад элэг гэмтсэн байна гээд хагалгаанд орсон” гэх мэдүүлэг

 

Гэрч О.Э-ын / хх 23-24 / “...Т.Т-ын гэрт П.Э-, Т.Т- хоёр архинаас ууж байгаад хоорондоо маргалдаад Т.Т- П.Э-ийн үснээс зулгааж байгаад газар духаар нь мөргүүлээд газарт унагааж П.Э-ийн цээжин хэсэг рүү нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. П.Э- өшиглүүлснийхээ дараа хэсэг хугацаанд үг дуугарахгүй суугаад байсан. Тэр өдөр П.Э-, Т.Т- нар унтсан. Маргааш нь П.Э- “  Миний гэдэс өвдөөд байна. Цээжин дээр хий хуралдаад өвдөөд байна “гэж яриад байсан. Мөн П.Э- хий огиулаад “ Цээж өвдөөд байна. Туслаач “гэж чанга орилоод байхаар нь түргэн дуудсан. Тэгээд эмч ирээд гэмтэл согог судлалын төвд хүргэгдэн очтол элэг нь бяцарсан байна гэж эмч нар хэлсэн” гэх мэдүүлэг

 

Гэрч Н.Х-ийн / хх 45-46 / “...Намайг очиход нэг залуу гудамжинд зогсож байсан. Машиндаа оруулж үзлэг хийсэн. Яасан гэж асуухад “ Хэвлийгээр өвдөөд байна. Хэд хоног архи уусан “гэж хэлсэн. Хэвлийд үзлэг хийхэд хэвлийн урд булчин чангарсан маш их эмзэглэлтэй байсан. Өчигдөр орой хүнд хэвлий рүүгээ өшиглүүлж зодуулсан гэж хэлж байсан. Зодуулсны дараа эмчид үзүүлээгүй гэсэн. Тэгээд гэмтэлд хүргэж, цагдаад хүнд зодуулсан байна гэж мэдэгдсэн” гэх мэдүүлэг

 

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх / хх 48 /

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 10007 дугаартай дүгнэлтэд:

1. П.Э-ийн биед хэвлийн хөндийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн цус хуралт, няцрал, урагдал, цөсний хүүдийн хуулрал, хэвлийн хөндийн цус алдалт / 2000мл /, хэвлийн хөндийг нээж шалгах мэс заслын дараах байдал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ. / хх 69-70 /

 

Хохирогч П.Э-ийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт / хх 127 /

 

Яллагдагч Т.Т-ын / хх 6-7 мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Т.Т-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд мөрдөн байцаалтын явцад ач холбогдолтой байж болох бүхий л байдлыг бүрэн шалгасан, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан зэрэг тогтоогдвол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон байна.

 

Шүүхээс шүүгдэгч Т.Т-ын үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлага оногдуулах талаар:

Прокуророос шүүгдэгч Т.Т-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт 1 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргажээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулахаар хуульчлан тогтоосон ялаас дараах нөхцөл байдлуудыг харгалзан үзсэний үндсэн дээр шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв. Үүнд:

Шүүгдэгч Т.Т-т ял шийтгэл оногдуулахад түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Т.Т- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдэж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, хохирогч П.Э- нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч П.Э- нь баримтаар хохирол нэхэмжлээгүй, түүнд шинжээчийн дүгнэлтээр хүнд гэмтэл учирсан тул дээрх гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэл цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцов.  

 

Шүүхээс шүүгдэгч Т.Т-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч, өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 3, 4, 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Т-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Т.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар Т.Т-ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Т.Т- нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч П.Э- нь гэмтэлтэй холбоотой эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлсэн үедээ иргэний журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Т-ын цагдан хоригдсон 45 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Т.Т-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, улсын яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч  Т.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              С.ОЮУНЧИМЭГ