Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 05 сарын 10 өдөр

Дугаар             2023/ШЦТ/67    

 

 

 

 

 

 

 

 

 

 

    2023               05                    10                                                        2023/ШЦТ/67                                

 

 

                             

                                              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваанаран даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Н,

Улсын яллагч: Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Т.С /томилолтоор/,

Хохирогч нарын өмгөөлөгч: Н.Э,

Хохирогч: Г.Т,

Хохирогч: Б.У,

Шүүгдэгч: Н.Б /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2329000350044 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Энержи ресурс” ХХК-д даампын оператор ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 11 дүгээр баг, 6 дугаар хороолол, 10 дугаар байрны 6 тоот хаягт оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Н-ын Б /

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, Даланзадгад, Цогтцэций сумыг холбосон автозамын 32 дахь километрт “Тоёота приүс-30” маркийн 45-97 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас Г.Т эрүүл мэндэд хүндэвтэр, Б.У-ийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сумын дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн 2329000350044 дугаартай хэргийг хянан шийдвэрлэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ:

Г.Т, Б.У нарын хэлж байгаа үнэн. Тэр үед том машин яваагүй. Би өмнө нь зам тээврийн ослын тохиолдол мэдэхгүй учраас том тэрэг гээд мэдүүлэг дээрээ худлаа хэлчихсэн. Гэм буруутайгаа мэдэж, гэмшиж байгаа. Энэ хүмүүсийн хохирлыг барагдуулна. Би хохиролд нийт 10,221,000 төгрөгийн хохирол хохирогч нарт нөхөн төлсөн. Шүүхээс шийдвэрлэсэн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байна гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.У гаргасан тайлбартаа:

Бид хоёр хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг. Одоогийн байдлаар ажил хийж, мөнгө олж байгаа хүн нь ганц манай нөхөр. Би цалингийн зээл 557,000 төгрөг төлдөг. Манай нөхөр тухайн үед 1,000,000 төгрөг төлдөг байсан. Бид 900,000 төгрөгөөр байр түрээслэж амьдардаг. Нийт 2,500,000 төгрөгийг зээл, түрээсэнд төлдөг байсан. Би жирэмсэн байсан ч гэсэн хэдэн сар ажил хийж амьдралдаа нэмэр болъё гэж бодож явж байгаад энэ осолд орсон. Тэгээд амьдралдаа нэмэр болсон ч юм байхгүй, хүүхдээ ч алдаад, насаараа эрүүл мэндээрээ хохирсон. Хэдэн жилийн дараа алхаж ч чадахгүй болж магадгүй. Одоо миний байгаа нөхцөл байдал хүүхэдтэй болоход эсрэг заалттай. Жин нэмж болохгүй. Би төрөхдөө 80, 90 килограмм болдог, яаж би жин нэмэхгүй жирэмслэх вэ дээ. Аарцаг, умдагны хугархайнаас болоод 3-5 жил жирэмсэлж болохгүй, жирэмсэн болсон ч заавал эмчийн хяналтад байж жирэмслэх үгүйг нь шийднэ гэж хэлсэн.

Би маш гоё ирээдүй бодсон. Олон хүүхэдтэй болоод сайхан гэр бүл болно гэж бодож байсан чинь одоо хэдэн жилийн дараа алхаж ч чадахгүй хэвтэрт ороод, хагалгаанд ороод, үр хүүхдээ алдаад ийм ирээдүйтэй болчихсон. Хэдэн сарын хугацаанд хамаг амьдрал маань оронгоороо эргээд хар залуугаараа юу ч болчхов гэж боддог. Маш их хэцүү байгаа. Би уг нь шүүх дээр энийгээ хэлэхгүйгээр хохирлоо барагдуулаад өнгөрье гэж бодож байсан, хохирол л гэж бид хоёрын цалингийн мөнгөө л нэхэмжилж байгаа. Бид хоёр одоо ганцхан Г.Тэмүүжингийн цалингаар амьдарч байгаа болохоор би эмчилгээгээ ч хийлгэж чадахгүй, мөнгө байхгүй болохоор ээж, аавынхаа тэтгэврийн зээлийг авахуулаад өөрсдөө болгох гэж хичээлээ. Тэгж байхад шүүгдэгч талаас Н.Баттулга залгаснаа аав уурлаад байна гэж ярьсан. Бид хоёр хохироочихсон юм уу яасан юм. Бид хоёр өөрөөс нь болоод хохирчихоод манай гэр бүл аав, ээж бүгд байдгаа бариад ийм нөхцөл байдалтай байгаа. Харин ч манай аав, ээж л уурлахаар биз дээ, арай гэж өсгөж, өндийлгөж, эрүүл саруул болгосон хүнийг нь ийм нөхцөл байдалтай болгоод хаячихсан. Хохирлоо барагдуулчихвал энэ мөнгөөрөө эмчилгээгээ хийлгээд аль болох удаан хугацаагаар өөрийн хөлөөр явмаар байна. Хагалгаа хийлгэхгүйгээр өөрийн хөл дээр явмаар байна. Би хагалгаанд ороод хэвтэрт ороод явж чадахгүй болох үедээ өөрөө мөнгөө босгоод ч хамаагүй тэр үедээ болох л байх. Цаашид би хамрын салст муруйлтыг эмчлэх хагалгаа, эрүү хадуулсан хадаас авах хагалгаанд орох, ураг зулбасан тул эмэгтэйчүүдийн эмчилгээ хийлгэх, аарцагны нөхөн сэргээх физик эмчилгээ хийлгэх, зүүн түнхний элэгдэл үүсэх магадлал үүсч болох тул протец хийлгэх шаардлагатай гэх мэт зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Т  гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч Н.Б эмчилгээний зардалд 3,630,000 төгрөг, нөүтбүүкний үлдэгдэл мөнгө 651,000 төгрөг, миний 2 сарын цалин 8,131,026 төгрөг, Б.Ундармаагийн 4 сарын цалин 15,431,000 төгрөг, өвчтөн асарсан үйлчилгээний 4,000,000 төгрөг, бусад зардал болох ирж очих унааны зардал 239,311 төгрөг, нийт 32,082,340 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна. Шүүгдэгчээс хохиролд нийт 9.300.000 төгрөгийг авсан. Түргэний машины жолоочид өгсөн мөнгийг бид хохиролд оруулсан тооцоогүй, тухайн жолоочид өгсөн эсэхийг бид мэдэхгүй. Бид хоёр осол болдог өдөр ээлжийн ажилдаа явж байсан, албаны унаанаас хоцорсон болохоор хувийн унаанд сууж явж байгаад осолд орсон. Ослын үеэр миний албаны нөүтбүүк нугасаараа хугарч ямар ч ажиллагаагүй болсон, байгууллагадаа шинээр нөүтбүүк авч өгч, албандаа ашиглаж байгаа, үүнийг шүүгдэгч өөрөө мэдэж байгаа гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нарын өмгөөлөгч Н.Э гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Г.Тэмүүжин, Б.Ундармаа нар нь Н.Баттулгын машинд сууж Улаанбаатар хотоос Цогтцэций сум руу ажилдаа ирэх замдаа осолд орсон байдаг. Тухайн осол нь шүүгдэгч Н.Баттулга үүрэглэснээс болж гарсан байдаг. Н.Баттулгын үүрэглэж байгаа үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрэмд заасан “...өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөнд тооцогдож байгаа. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын биед хүндэвтэр болон хүнд гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Г.Тэмүүжингийн биед хүндэвтэр хохирол учирсан, хохирогч Б.Ундармаагийн биед дээд шүдний уналт гэмтэл, аарцаг ясны хугарал, эрүүний хугарал гэх мэт гэмтлүүд үүссэн. Хамгийн хүнд хор уршиг бол 4 сартай ураг зулбасан байдаг. Хүнд, хүндэвтэр гэмтэл учруулсан нь шүүгдэгч Н.Баттулгын гэм буруутай үйлдлээс шалтгаалсан учир хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн тал дээр маргах зүйл байхгүй учир шүүгдэгч Н.Баттулгыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал гаргасантай санал нэг байна.

Тухайн ослын улмаас Г. н нь 1, 2 сард ажилдаа яваагүй, цалингаа авч чадаагүй. Үүний төлбөрт 8,131,025 төгрөг нэхэмжилж байгаа. Лист олгогдсон байгааг хасаж тооцох үндэслэлтэй байгаа. Үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна. Б.Ундармаа нь тухайн үед декритээ авсан байсан ч гэсэн байгууллагаас шийдвэр гараад ажилд нь ирүүлж байсан. Ирэх замдаа осолд орсон учраас ажилдаа орж чадаагүй. Тэгэхээр 01 сараас хойш өнөөдрийг хүртэл 4 сарын төлбөрийг гаргуулъя гэсэн нэхэмжлэл гаргаж байгаа. Б.Ундармаагийн сарын цалинг тооцож 1-4 сарын цалин буюу нийт 15.431.004  төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн байгаа. Энэ талаар байгууллагаас тодорхойлолт гаргаад ийм хэмжээний цалин авахаар байсан гэдгийг тооцож оруулсан байдаг. Иймд Б.Ундармаагийн 4 сарын цалинг гаргуулж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байгаа. Мөн Б.Ундармаа, Г.Тэмүүжин нар эмнэлэгт хэвтээд гарсны дараа зайлшгүй эмчилгээ, сувилгаа, асаргаа шаардлагатай байсан учраас Б.Ундармаад 01 дүгээр сарын 28-наас 03 дугаар сарын 28-ныг хүртэл 2 сарын хугацаанд асрагч авсан байдаг. Тухайн асрагчдаа сарын 2,000,000 төгрөг өгнө гээд, 2 сарын хугацаанд 4,000,000 төгрөг өгөхөөр тохиролцоод 2 сарын дараа 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. Энэ талаарх баримтаа хэрэгт хавсаргасан байгаа. Энэ хэргийн улмаас зайлшгүй асаргаа шаардлагатай байсан учраас энэ төлбөрийг гаргуулах үндэслэлтэй гэж үзэж байна. Мөн өмнө нь шүүх хуралдаанд 3 удаа, өнөөдрийнхтэй нийлээд 4 удаа шүүх хуралдаанд ирж буцаж байгаа. Үүнд зөвхөн бензиний зардал буюу 239,310 төгрөгийг нэхэмжилж байгаа. Ингээд нийт 32,082,340 төгрөг нэхэмжлэхээр гаргасан байдаг. Шүүх хуралдааны өмнө 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байгаа учраас уг 1,000,000 төгрөгийг хасаад 31,082,340 төгрөгийг гаргуулж өгнө үү гэсэн саналыг шүүх хуралдаанд оруулж байна. Улсын яллагчийн зүгээс эмнэлгийн түргэний машинд зардалд төлсөн 921,000 төгрөгийг хохиролд тооцуулах саналыг гаргаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ төлбөр шүүгдэгчээс төлөгдсөн гарсан зардал байж болно. Гэхдээ хохирогчоос гараагүй. Хэрвээ гарсан байсан бол баримтаа гаргаад нэхэмжлэх байсан. Өөрөөр хэлбэл өнөөдрийн нэхэмжилж байгаа мөнгөн дүн дээр нэмэгдэж нэхэмжлэхээр байсан боловч хохирогч нарт ийм зардал гараагүй, дээрээс нь хохирогч нарт энэ мөнгийг төлөөгүй учраас нийт дүндээ оруулаагүй.  Өөрөөр хэлбэл хохиролд оруулж тооцоогүй учраас хохиролд оруулан тооцох үндэслэлгүй. Тийм учраас 31,082,340 төгрөгийг гаргуулж хохирогч нар олгуулж өгнө үү гэсэн саналыг гаргаж байна. Шүүгдэгч сарын 2,400,000-2,800,000 төгрөгийн цалинтай байдаг. Тэгэхээр хохирлыг богино хугацаанд төлөх боломжтой. Тийм учраас үүн дээр хугацаа тогтоохгүйгээр шийдэж өгнө үү гэсэн саналыг оруулж байна. Мөн хохирогч Б.Ундармаагийн хувьд ураг зулбасан учраас нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх зайлшгүй, мөн эрүүндээ хагалгаа хийлгэчихсэн байгаа учраас хотод эмчилгээ хийлгэх, цаашид нөхөн сэргээх физик эмчилгээ хийлгэх зайлшгүй шаардлагатай байгаа учраас эдгээр эмчилгээг хийлгэхэд гарах зардлыг баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

 

-Гэмт хэргийн талаарх, гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 8 дахь тал/,

 

-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газар хийсэн схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 12-13, 14-16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Т өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.У өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч Ц.Э өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Г.Т гэрчээр өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч О. өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1907 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

-Компьютерт томографийн шинжилгээ, хэвлийн хөндийн эрхтнүүдийн хэт авиан оношлогоо, дүрс оношилгооны шинжилгээний хариу, өвчний түүх, мэс заслын өмнөх дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас, төрөлтийн түүх, хүлээн авсан эмчийн үзлэг, мэс засал ажилбар хийлгэх тусгай зөвшөөрлийн хуудас, амбулаториор эмчлүүлэгсдийн карт /хавтаст хэргийн 42, 43, 44-45, 75-80, 81-83, 83-84, 86-87, 88-95, 95-99, 191-193 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3153 дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ” шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дахь тал/,

 

-Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагинн хэлстийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.О 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

 

-“Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн №11091 дугаартай “Авто машин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээ” /хавтаст хэргийн 67 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106, 108 дахь тал/,

 

-Н.Баттулгын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, сурагчийн тодорхойлолт, бүрэн дунд боловсролын үнэмлэх /хавтаст хэргийн 109, 115, 116, 117, 118, 119, 121-122, 123 дахь тал/

 

-Хохирлын баримтууд /хавтаст хэргийн 125-131, 165-170, 211, 171-172, 173, 174-175, 183, 185-188, 197, 208, 209-210 дахь тал/,

 

-Хохирол төлсөн тухай баримтууд /хавтаст хэргийн 138-142, 205 дахь тал/ зэргийг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн тухайд:

 

1.1. Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт.

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Н.Б нь 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дэвсгэр, Даланзадгад, Цогтцэций сумыг холбосон автозамын 32 дахь километрт “Тоёота приүс-30” маркийн 45-97 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчиж, зам тээврийн осол гаргасны улмаас Г.Тэмүүжингийн эрүүл мэндэд хүндэвтэр, Б.Ундармаагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн хэргийн нөхцөл байдал буюу үйл баримт тогтоогдсон болно.

 

1.2. Нотлох баримтын үнэлгээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Үүнд:

 

-Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн12-16 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Г.Т өгсөн: “...Эхнэр бид хоёр 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг Цогтцэций сум руу явах гэж явуулын жижиг машинаар жолоочтой хамт эхнэр бид гурав явсан юм. Тэгээд орой 20 цагийн үед Цогтцэций сумаас 30 гаруй км-т явж байгаад Приус маркийн тээврийн хэрэгслийг унаж явсан жолооч нь гэнэт үүрэглээд замын баруун тийш онхолдчихсон, гэнэт л замын хажуу руу орчихсон. Тэр үед тээврийн хэрэгсэл 4-5 удаа эргэж унасан машинаас гараад би эхнэрээ хайтал замын баруун талд газарт шидэгдсэн дээшээ харсан байдалтай байсан... Тухайн үед тээврийн хэрэгслийг тэр машины жолооч Баттулга унаж явсан... 120-130 км цагийн хурдтай явж байсан осол болох үед өөдөөс тээврийн хэрэгсэл байгаагүй... Жолооч зүүрмэглэснээс болж анхаарал алдаж замын хажуу руу онхолдчихсон... Н.Баттулга бид хоёрт эмчилгээний болон ойр зуурын зардалд нийт 5.000.000 төгрөг өгсөн байгаа...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.У өгсөн: “...Нөхөр бид хоёр 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг Цогтцэций сум руу явах гэж би зар дээрээс Цогтцэций сум руу явах унаа олсон юм. Тэгээд явах жолоочтой холбогдож драгон дээрээс жижиг приус маркийн машинд суугаад нөхөр бид хоёр машины ард талд зэрэгцэж суугаад явсан. Тэгээд орой 20 цагийн үед Цогтцэций сумаас хойшоо 30 гаруй км-т явж байгаад тээврийн хэрэгсэл гэнэт хажуу тийш болохоор би “хөөе яаж байна” гэхэд огцом толгой нь дээшээ болоод огцом хажуу тийшээ дараад замын баруун тийш онхолдчихсон. Тэр үед тээврийн хэрэгсэл 4-5 удаа эргэж хөрвөөсөн байх машины дөрвөн дугуй нь дээшээ харчихсан байсан би тэгээд машины цонхоор шидэгдсэн нэг сэртэл машин нэлээн их зайтай онхолдсон хамаг бие аймаар их өвдөж байсан... Тухайн үед тээврийн хэрэгслийг машины жолооч Баттулга өөрөө машинаа унаж явсан... 120-130 км цагийн хурдтай явж байсан осол болох үед өөдөөс ямар нэгэн тээврийн хэрэгсэл ирж байгаагүй.... Жолооч зүүрмэглэж унтсанаас болж анхаарал алдаж замын хажуу руу онхолдчихсон... Н.Баттулга бид хоёрт эмчилгээний болон ойр зуурын зардалд нийт 4.000.000 төгрөг өгсөн байгаа.... Цаашид түнхний үе солиулах шаардлагатай байгаа. Мөн шүд хийлгүүлнэ, хамрын сальстыг янзуулна мөн шүдний аппарат зүүх болсон. Эрүү хагалгаанд ороод эрүү далийчихсан дахиад хагалгаанд орж магадгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дахь тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1907 дугаартай шинжээчийн “...1.Б.Тэмүүжингийн биед бүсэлхий нурууны L4-L5-р нугалмын жийргэвчийн урагдал, цүлхийлт, баруун талын мэдрэлийн язгуур дарагдал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 5.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

 

-Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3153 дугаартай шинжээчийн “...1.Б.Ундармаагийн биед гэмтлийн шалтгаант 13-14 долоо хоногтой ургийн зулбалт, эрүү яс болон зүүн талд ууц ясны латериал масс, сүүжний дэлбэнгийн их бие. ацетабулийн урд ирмэг, умдаг ясны доод салаа дайрсан, умдаг ясны их биеийн зөрөө багатай хугарал, эрүүний хугарлыг ил аргаар эвлүүлж ялтас шургаар бэхэлж хадах мэс заслын дараах байдал /2023.01.16/, хугарлыг дайрсан 38-р шүдний булгарал, эрүү, сарвуу, хэвлий, ууц, нуруу, гуя, өвдөгт зулгаралт, цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой. 3.Дээрх 1 шүдний булгарал гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. Харин бусад гэмтлүүд нь цаашид еренхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. 4.Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.15, 3.5.3, 3.6.1-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-50 дахь тал/,

 

-Шинжээч Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэслтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Отгонбатын гаргасан 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай “...а/45-97 ДАР улсын дугаартай “Toyota Prius” тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ням-Очирын Баттулга нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн Нэг.Нийтлэг үндэслэл 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн дүрмийн Гурав. Жолоочийн үүрэг 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байна. б/ Уг зам тээврийн осол нь 45-97 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ням-Очирын Баттулга нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 3.7а гэсэн заалтуудыг зөрчсөнөөс гарсан байна. в/ 45-97 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Ням-Очирын Баттулга нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн шууд шалтгаантай байна. г/ Уг зам тээврийн осол нь замын зохион байгуулалт, нөхцөл байдал нөлөөлөөгүй байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 54-55 дахь тал/,

 

-Мөрдөн шалгах ажиллагаанд Н.Б яллагдагчаар өгсөн:  “...Би 2023 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг Цогтцэций сум руу явах зар тавьсан юм. Тэгээд над руу 2 хүн утастаад Өмнөговь аймаг Цогтцэций сум руу явах гэсэн юм бид хоёр одоо драгон дээр байна гэхээр би очиж аваад Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг руу гарсан юм. Тэгээд орой Цогтцэций сум руу салдаг засмал замаар явж Цогтцэций сумаас хойшоо 30 орчим км-т явж байхад өөдөөс том тэрэг зөрсөн. Тэр үед миний баримжаа алдаад засмал замаас гарч байхад би буцаагаад зам руу дартал машин онхолдоод өнхөрчихсөн. Тэгэээд машин онхолдсон дараа нь машины ард сууж явсан хоёр хүний эмэгтэй хүн нь машинд байхгүй байхаар тэр залуу бид хоёр гараад эмэгтэйг хайхад засмал замын хажуугийн хөвөөн дээр хэвтэж байсан... Би 45-97 ДАР улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Хоёр зорчигчтой явж байсан хоёр зорчигч нь машины ард нь сууж явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дахь тал/,

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлэг зэрэг болно.

 

Дээрх дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон шүүх үнэлэв.

 

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Б нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан өмгөөлөгчийг оролцуулах үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэж, шүүгдэгчийн хүсэлтээр шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

 

1.4. Хууль зүйн дүгнэлт.

 

“Зам тээврийн осол” гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг хэлнэ.

 

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Н.Баттулга нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 3.7.а-д заасан “...хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасан болох нь Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн ослын газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт, Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Гэрээт цагдаагийн хэлтсийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Отгонбатын 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 04 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон. /хавтаст хэргийн 12-13, 14-16, 54-55 дахь тал/

 

Иймд энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй, өрсөлдүүлэн шалгах хэм хэмжээ байгаагүй тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Н.Баттулгыг Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн зүйлчлэл, гэм буруу дээр маргаж мэтгэлцээгүй болно.

 

1.5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан.  

 

Хохирогч нарын хохирлын тухайд:

 

Хохирогч Г.Т биед “бүсэлхий нурууны L4-L5-р нугалмын жийргэвчийн урагдал, цүлхийлт, баруун талын мэдрэлийн язгуур дарагдал гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 1907 дугаартай шинжээчийн дүгнэлтээр,

 

Хохирогч Б.У биед “гэмтлийн шалтгаант 13-14 долоо хоногтой ургийн зулбалт, эрүү яс болон зүүн талд ууц ясны латериал масс, сүүжний дэлбэнгийн их бие, ацетабулийн урд ирмэг, умдаг ясны доод салаа дайрсан, умдаг ясны их биеийн зөрөө багатай хугарал, эрүүний хугарлыг ил аргаар эвлүүлж ялтас шургаар бэхэлж хадах мэс заслын дараах байдал, хугарлын дайрсан 38-р шүдний булгарал, эрүү, сарвуу, хэвлий, ууц, нуруу, гуя, өвдөгт зулгаралт, цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хүнд хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 3153 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. /хавтаст хэргийн 40-41, 48-50 дахь тал/,

    

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Г.Т, Б.У нарыг хохирогчоор тогтоосон нь үндэслэлтэй, тэд гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 18, 21 дэх тал/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Т, Б.ндармаа нар нь “...эмчилгээний зардалд 3.630.000 төгрөг, Нөүтбүүкний төлбөрийн үлдэгдэлд 651.000 төгрөг, Г.Тэмүүжингийн 2 сарын цалинд 8.131.026 төгрөг, Г.Ундармаагийн 4 сарын цалинд 15.431.004 төгрөг, өвчтөн асарсан үйлчилгээний төлбөрт 4.000.000 төгрөг, замын зардал /бензин/-д 239.310 төгрөг, нийт 32.082.340 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, цаашид хохирогч Б.Ундармаа нь хамрын салст муруйлтыг эмчлэх хагалгаа, эрүү хадуулсан хадаас авах хагалгаанд орох, ураг зулбасан тул эмэгтэйчүүдийн эмчилгээ хийлгэх, аарцагны нөхөн сэргээх физик эмчилгээ хийлгэх, зүүн түнхний элэгдэл үүсэх магадлал үүсч болох тул протец хийлгэх шаардлагатай гэх мэт зайлшгүй эмчилгээ хийлгэх шаардлагатай байх тул цаашид гарах эмчилгээний зардлыг нээлттэй үлдээж өгнө үү” гэх тайлбарыг гаргасан.

Шүүх хохирлыг дараахь байдлаар шийдвэрлэсэн болно. Үүнд:

Хавтас хэргийн 125 дугаар талд хохирлын 227.700 төгрөгийн, 126 дугаар талд 520.280 төгрөгийн, 127 дугаар талд 353.948 төгрөгийн, 128 дугаар талд 279.927 төгрөгийн, 129 дүгээр талд 559.800 төгрөгийн, 130 дугаар талд 620.000 төгрөгийн, 131 дүгээр талд 959.289,5 төгрөгийн, 195 дугаар талд 250.000 төгрөгийн, 196 дугаар талд 850.000 төгрөгийн, 197 дугаар талд 193.954 төгрөгийн, 198 дугаар талд 4.851.000 төгрөгийн, 200 дугаар талд 2.530.000 төгрөгийн, 207 дугаар талд 4.000.000 төгрөгийн, 221 дүгээр талд 45.360 төгрөгийн, нийт 16.241.258,5 төгрөгийн баримт хэрэгт авагдсан, хохирогч Г.Тэмүүжин 2 сарын цалинд 8.131.026 төгрөг, хохирогч Г.Ундармаа 4 сарын цалинд 15.431.004 төгрөгийг тус тус нэхэмжилсэн.

 

Хавтас хэрэгт авагдсан 16.241.258.5 төгрөгийг баримтыг төрлөөр нь ангилахад эм тариа, хүнс, ахуйн хэрэглээ, асруулсан болон эмчлүүлсэн зардалд-10.871.144,5 төгрөг, замын зардал /бензин/-д 519.114 төгрөг, нөүтбүүкын үнэнд-4.851.000 төгрөгийн баримт байна.

 

 Эм тариа, хүнс, ахуйн хэрэглээ, асруулсан болон эмчлүүлсэн зардал болох 10.871.144,5 төгрөгөөс хүнс, ахуйн зүйлс авсан, бичилт, утга тодорхойгүй нийт 1.344.264,5төгрөг/11.400+4.300+4.400+7.800+9.300+8.500+76.800+2.900+10.200+16.800+13.600+7.950+69.398+24.000+18.800+10.800+5.678+3.500+37.999+33.250+7.600+98.706,50+331.434+76.966+183.000+269.183/-ийг хүн өдөр тутмын хооллож ундлах, ахуйн хэрэгцээнд зарцуулсан зардлыг эрүүл мэндэд учирсан хохиролд тооцох боломжгүй,

мөн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч нарын мэдүүлэгт нөүтбүүк эвдэрсэн, эд хөрөнгөд хохирол учирсан талаар мэдүүлээгүй, тусгагдаагүй, зам тээврийн ослын улмаас нөүтбүүк эвдэрч гэмтсэн эсэх, ямар эвдрэл, гэмтэл гарсан, түүнийг засварлах боломжтой эсэх талаар шинжээчийн дүгнэлт, хохирлын үнэлгээ гараагүй учир нөүтбүүкний үнэ болох 4.851.000 төгрөгийг тус тус хохирогч нарын нэхэмжлэлээс хасаж тооцсон болно.

 

Хохирогч Г.Т нь “Э” ХХК-д төлөвлөлтийн ахлах инженерээр, Б.У нь “Э” ХХК-д нягтлан бодогчоор тус тус ажилладаг, ээлжийн хуваарийн дагуу ажилласан тохиолдолд авах ёстой байсан цалин, урамшуулал хэдэн төгрөг болох нь “Э” ХХК-ийн Ухаа худаг салбарын 2023.05.01-ний өдрийн 23-657 дугаартай, 2023.04.06-ны өдрийн 23-525 дугаартай, 2023.05.08-ны өдрийн 23-697 дугаартай тодорхойлолт, Г.Т, Б.У нарын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт зэргээр нотлогдож байна. Иймээс хохирогч Г.Тажилгүй байсан 2 сарын цалин хөлсөнд 8.131.026 төгрөг, хохирогч Б.У ажилгүй байсан 4 сарын цалин хөлсөнд 15.431.004 төгрөгийг шүүгдэгчээс тус тус гаргуулж, хохирогч нарт олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эрүүл мэндэд учирсан хохиролд 9.526.880 төгрөг, Г.Тэмүүжингийн ажилгүй байсан 2 сарын цалин хөлсөнд 8.131.026 төгрөг, хохирогч Г.Ундармаагийн ажилгүй байсан 4 сарын цалин хөлсөнд 15.431.004 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар замын зардал /бензин/-д 519.114 төгрөг, нийт 33.608.024 төгрөгийг хохирогчийн нэхэмжлэлээс хангаж, шүүгдэгч нь хохирогч нарт хохиролд нийт 9.300.000 төгрөг /3.000.000+1.100.000+4.200.000+1.000.000/-ийг төлсөн гэж мэдүүлсэн, үүнд талууд маргаагүй тул шүүгдэгчийн нөхөн төлөх хохирлоос 9.300.000 төгрөгийг хасч тооцож, шүүгдэгчээс нийт 24.308.024 төгрөгийг гаргуулж, хохирогч Г.Тэмүүжин, Б.Ундармаа нарт олгохоор, хохирогч нарын нэхэмжлэлээс 7.774.316 төгрөгийг хэрэгсэхгүй болгож тус тус шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Унь цаашид гарах эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь Өмнөговь аймаг БОЭТөвийн түргэний машины жолоочид “хохирогч нарыг эмнэлэг рүү зөөвөрлөхөд гарсан замын зардалд нийт 941.000 төгрөг төлсөн тул хохирлоос хасуулна” гэх, хохирогч нар нь “тухайн зардлыг хохиролд оруулан тооцож нэхэмжлээгүй, тухайн түргэний машины жолоочид өгсөн эсэхийг мэдэхгүй” гэх тайлбаруудыг тус тус гаргасан ба шүүх шүүгдэгчийн Өмнөговь аймаг БОЭТөвийн түргэний машины жолоочид өгсөн гэх 941.000 төгрөгийг хохиролд оруулан тооцоогүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн тухайд:

 

Зам тээврийн осол болох үед шүүгдэгчийн унаж явсан “Тоёота приус-30” маркийн 45-97 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь иргэн Ц.Эрдэнэчимэгийн өмч болох нь түүний өгсөн мэдүүлэг болон тээврийн хэрэгслийн лавлагаагаар тус тус тогтоогдож байна. /хавтас хэргийн 26, 114 дэх тал/

 

Ц.Э эзэмшлийн “Тоёота приус-30” маркийн 45-97 ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 6.658.000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Мастер үнэлгээ” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11091 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаар тогтоогдож байна. /хавтас хэргийн 67 дахь тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2023 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн мөрдөгчийн тогтоолоор иргэн Ц.Э иргэний хариуцагчаар тогтоосон нь үндэслэлтэй, тэрээр гэм хорын хохирол шаардах эрхтэй этгээд байна. /хавтаст хэргийн 24 дэх тал/

 

Иргэний нэхэмжлэгч Ц.Э нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” болох нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд түүний өгсөн “...Би шинжээчийн гарсан дүгнэлттэй танилцлаа, дүгнэлттэй холбоотой ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй байна...энэ тээврийн хэрэгсэл нь манай хүү Баттулгын өмч байгаа юм. Анх худалдаж авахад нь би тээврийн хэрэгслийг өөрийнхөө нэр дээр болгож орос руу бараанд явж байсан. Тэгээд хүүгийнхээ авсан машиныг өөрийнхөө нэр дээр бүртгэлтэй болгосон юм” гэх тайлбараар тогтоогдож байна. /хавтас хэргийн 26 дахь тал/

 

Иймд иргэний нэхэмжлэгч Ц.Э нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын тухайд:

 

Шүүгдэгч Н. нь Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ял шийтгэх үндэслэлтэй байна.  

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэх саналыг,

 

Хохирогч Г.Т, Б.У нараас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “...Хохирлоо нөхөн барагдуулж байгаа тул хөнгөвчлөх саналтай байна...” гэх саналыг,

 

Хохирогч нарын өмгөөлөгч Н.Э шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар “тусгайлан гаргах саналгүй” гэх саналыг тус тус гаргасан.

 

Улсын яллагчаас шүүгдэгчид оногдуулбал зохих эрүүгийн хариуцлагын талаар гаргасан санал нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн шинжид тохирсон, шүүгдэгч нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 109 дэх тал/-аар тогтоогдож байх тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар, шүүгдэгч хохирогч нарт эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Н.Баттулгад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан 24.308.024 төгрөгийн хохирлыг хохирогч нарт нөхөн төлүүлэх”, 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авч, хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэлээ.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.Баттулга нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Баттулгын 697498 дугаартай, B,C,M ангиллын жолооны үнэмлэхийг шүүгдэгчийн тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоож тус тус шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Шүүгдэгч Б овогт Н-гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

                

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.Б тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Шүүгдэгч Н.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “гэмт хэргийн улмаас учруулсан 24.308.024 төгрөгийн хохирлыг хохирогч нарт нөхөн төлүүлэх”, 2.5-д заасан “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Баттулгад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд шүүгдэгч Н.Б-д хяналт тавихыг шүүгдэгчийн оршин суух газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэг, Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар эрүүл мэндэд учирсан хохирол, ажилгүй байсан хугацааны цалин хөлсөд нийт 23.788.910 төгрөг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар замын зардал /бензин/-д 519.114 төгрөг, нийт 24.308.024 төгрөгийг шүүгдэгч Н.Баттулгаас гаргуулж, хохирогч Г.Тэмүүжин, Б.Ундармаа нарт олгохоор, хохирогч нарын нэхэмжлэлээс 7.774.316 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Ундармаа нь цаашид гарах эрүүл мэндэд учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

9. Иргэний нэхэмжлэгч Ц.Э нь “шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэсэн болохыг дурдсугай.

 

10. Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэг байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч Н.Баттулгын В,С,М ангиллын №697498 дугаартай жолооны үнэмлэхийг тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг хэрэгжүүлэх зорилгоор шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын харьяалах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

13. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэйг болохыг мэдэгдсүгэй.

 

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.ДАВААНАРАН