Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 552

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг, Р ХХК /захирал Н.Б, утас: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Т сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, К ХХК /захирал Х.Х, утас: /-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1669047 төгрөг, алданги 834523 төгрөг нийт 2503570 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч РХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хариуцагч К ХХК манай компанитай 2017 оны 07-р сарын 20-ний өдөр 1 жилийн хугацаатай Нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ байгуулсан ба гэрээний 4.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч /зээлдэгч/ нь авсан шатахууны үнийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлж тооцоог дуусгаж байхаар үүрэг хүлээсэн юм. Хариуцагчийн 2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх авсан шатахууны тооцоог гаргахад 2,576,190 төгрөг болсон ба төлбөрийг 2016 оны 8 дугаар сарын 10-ны өдөр дотор төлөхийг хариуцагчид хэлж №09 тоот нэхэмжлэх өгсөн. Хариуцагч уг нэхэмжлэхийн дагуу төлөгдөх 2,576,190 төгрөгний төлбөрөөс 907,143 төгрөгийг хугацаандаа тушаасан ба үлдэгдэл төлбөр болох 1,669,047 төгрөгийг одоо болтол өгөхгүй байна. Хариуцагч К ХХК-ийн захирал Х.Х нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ уг 1,669,047 төгрөгийг төлж өгнө гэж хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг. Гэвч хариуцагч К ХХК нь уг 1,669,047 төгрөгийг төлж өгөөгүй ба гэрээгээр хүлээсэн үүргээ олон хоногоор /1045 хоног/ зөрчсөн учраас гэрээгээр тохиролцсон алдангийг нэмж нэхэмжилнэ. Гэрээнд зааснаар зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон.

2016 оны 08-р сарын 11-ний өдрөөс 2019 оны 06-р сарын 21-ний өдөр хүртэл 1045 хоног хэтрүүлсний алданги тооцоход (1,669,047х0,5%=8345.23 х1045 хоног = 8,720,770.57 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50%-иас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэн гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50%-иар тооцоход алданги нь 834,523.5 төгрөг болж байна. Иймд хариуцагч К ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1669047 төгрөг, алданги 834523 төгрөг нийт 2503570 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч К ХХК-ийн захирал Х.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Р ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хувийг хүлээн авч танилцлаа. Манай компани Р ХХК-тай гэрээ байгуулж шатахуун авч байсан нь үнэн. Авсан шатахууны үлдэгдэл 1669047 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин алданги 834523 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь бидний хооронд байгуулсан гэрээнд алданги төлөх талаар ямар нэгэн заалт байхгүй.

Иймд нэхэмжлэлийг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.С шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Р ХХК хариуцагч К ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 20-ний өдөр нэг жилийн хугацаатай нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах гэрээ байгуулсан ба гэрээний 4.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь авсан шатахууны үнийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлж тооцоог дуусгаж байхаар үүрэг хүлээсэн юм. Хариуцагчийн 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх авсан шатахууны тооцоог гаргахад 2576190 төгрөг болсон ба төлбөрийг 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр дотор төлөхийг хариуцагчид хэлж 09 тоот нэхэмжлэх өгсөн. Хариуцагч уг нэхэмжлэхийн дагуу төлөгдөх 2576190 төгрөгийн төлбөрөөс 907143 төгрөгийг хугацаандаа тушаасан ба үлдэгдэл төлбөр болох 1669047 төгрөгийг одоо хүртэл төлөөгүй.

Хариуцагч компанийн захирал Х.Х нь 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр аймгийн Цагдаагийн газарт өгсөн мэдүүлэгтээ уг 1669047 төгрөгийг төлж өгнө гэж хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Гэвч хариуцагч компани нь уг 1669047 төгрөгийг төлж өгөөгүй ба олоо гэрээгээр хүлээсэн үүргээ 1045 хоногоор зөрчсөн учраас гэрээгээр тохиролцсон алдангийг нэмж нэхэмжилж байна. Гэрээнд зааснаар зээлдэгч нь төлбөр тооцоог гэрээнд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хоног тутамд үлдэгдэл үнийн дүнгийн 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги төлөхөөр тохиролцсон. 2016 оны 08 дугаар сарын 11- ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүртэл 1045 хоног хэтрүүлсний алдангийг тооцоход 8720770 төгрөг болж байна. Тухайн алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтрэхгүй байх гэсэн Иргэний хуульд заасан зарчмыг үндэслэж гүйцэтгэгдээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцоход алданги нь 834523 төгрөг болж байна. Иймд хариуцагч К ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 1669047 төгрөг, алданги 834523 төгрөг, нийт 2503570 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна. Хариуцагч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа үндсэн төлбөрийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна, алданги төлөх талаар гэрээндээ тохиролцоогүй гэж бичсэн байна. Дээр дурдсанчлан гэрээний 4.3-т талууд хоорондоо төлбөрийг төлөөгүй тохиолдолд алданги төлөхөөр тохиролцсон гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Р ХХК нь К ХХК-аас шатахууны үнэ 1669047 төгрөг, алданги 835523 төгрөг, бүгд 2503570 төгрөг гаргуулахыг шаарджээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Р ХХК нь К ХХК-тай нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах талаар гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээ нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс 2017 оны 07 дугаар сарын 19-ны өдөр хүртэл хугацаанд хүчинтэй байхаар тусгаж өгсөн байна. Гэрээний хугацаанд К ХХК нь 2576190 төгрөгийн нефтийн бүтээгдэхүүнийг худалдаж авсан болох Р ХХК-ийн нэхэмжлэхээр тогтоогдож байгаа ба үүнээс 1669047 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь хариуцагчийн тайлбар болон нэхэмжлэгчээс нотлох баримтаар гаргаж өгсөн Х.Хын гэрчийн мэдүүлгээр тогтогдож байна.

Хариуцагчаас үндсэн төлбөр 1669047 төгрөгийг төлж өгөхийг хүлээн зөвшөөрсөн байх ба гэрээ байгуулаагүй тул алданги төлөх боломжгүй гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгч Р ХХК болон К ХХК нар нь 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдөр нефтийн бүтэгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах 08 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээнд Р ХХК-ийг төлөөлж Н.Б, К ХХК-ийг төлөөлж Х.Х нар гарын үсэг зурж, талууд тус тусын тамгын дарж баталгаажуулжээ.

Р ХХК нь К ХХК-тай нефтийн бүтээгдэхүүнийг дараа төлбөрт тооцоогоор борлуулах талаар байгуулсан 08 дугаартай гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4.2-т Хэрэглэгч авсан нефтийн бүтээгдэхүүний үнийг дараа сарын 10-ны дотор бүрэн төлж дуусгана, уг гэрээний 4.3-т Хэрэглэгч нь төлбөр тооцоог заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд хугацаа хэтрүүлсэн хоног тутамд үлдэгдэл үнийн 1%-тай тэнцэх алдангийг нийлүүлэгч байгууллагад төлөхөөр харилцан тохиролцжээ.

Хугацаа хэтэрсэн хоног тутамд төлөх алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээнээс илүү тогтоосон хэдий боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заажээ. Талууд гэрээндээ алданги тооцохоор хүсэл зоригоо илэрхийлсэн бөгөөд үлдэгдэл үнийн дүнгийн 1 хувьтай тэнцэх хэмжээгээр тогтоосныг хууль зөрчиж хийгдсэн хэлцэл гэж үзэж гэрээг бүхэлд хүчингүй төгөлдөр бус гэж үзэх боломжгүй тул хуульд заасан хэмжээ болох 0.5 хувиар алданги тооцож гаргуулах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч талаас хугацаанд төлөгдөөгүй төлбөр болох 1669047 төгрөгт 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл буюу 1045 хоногт Иргэний хуулийн дээрх заалтаар тооцоход хугацаа хэтэрсэн хоног тутамд 8345.047 төгрөг /1669047 х 0,5% = 8345.047/-ийн алданги төлөхөөр байх ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлд тусгасан 1045 хоногт алданги тооцоход 8720770 /8345.047 х 1045 хоног = 8720770/ төгрөгийн алданги төлөхөөр байгаа боловч Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байх тул алдангийн хэмжээг хариуцагч К ХХК-ийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүн болох 1669047 төгрөгийн 50 хувь болох 834523 төгрөгөөр тогтоож хариуцагчаас гаргуулан Р ХХК-д олгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд К ХХК-иас шатахууны үнэ 1669047 төгрөг, алданги 834523 төгрөг, бүгд 2503570 төгрөг гаргуулан Р ХХК-д олгох нь зүйтэй байна.

Хариуцагч К ХХК-ийн захирал Х.Хад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх ба нэхэмжлэгч талаас хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримт нотолгоог үндэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасныг баримтлан К ХХК-иас шатахууны үнэ 1669047 төгрөг, алданги 834523 төгрөг, бүгд 2503570 төгрөг гаргуулан Р ХХК-д олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55008 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч К ХХК-иас 55008 төгрөг гаргуулан Р ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Х.МЕЙРАМБЕК