Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 569

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 05 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Т банкны Б салбар /салбарын захирал Х.Ж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б утас:/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 05 дугаар багт оршин суух, М овгийн Сийн Б, /рд: /,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 05 дугаар багт оршин суух, С овогт Хгийн А /рд:, утас: / нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б, хариуцагч С.Б, хариуцагчийн өмгөөлөгч К.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Нийт зээл, зээлийн хүүний төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 21.135.398,68 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Т банкны Б аймаг дахь салбарын захирал Х.Ж шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч С.Б болон хамтран зээлдэгч Х.А нар нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тус банктай №0 тоот Зээлийн гэрээг байгуулж, 20 000 000 /хорин сая / төгрөгийн ажилтны зээлийг хөнгөлөлттэй нөхцөлөөр буюу сарын 0,5% хувийн хүүтэй, 180 сарын хугацаатайгаар амины сууц барих зорилгоор авсан. Энэхүү зээлийн барьцаанд амины сууц, өмчлөх эрхтэй газрыг барьцаалсан болно. Зээлдэгч С.Б нь Т банкны Б тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан. Зээлдэгч С.Б нь 2016 онд өөрийн хүсэлтээр ажлаас гарсан бөгөөд 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр №0 Зээлийн гэрээний 4.1.12-д заасны дагуу зээлийн хүүг нэмэгдүүлж жилийн 21.6 хувь болгосон. Зээлдэгч зээлийн хүүг хүлээн зөвшөөрч 2018 оны 12 дугаар сар хүртэл зээлээ хэвийн төлж ирсэн. Харин 2019 оны 1 дүгээр сараас эхлэн зээлдэгч С.Б, хамтран зээлдэгч Х.А нар зээлийн гэрээний дагуу зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудаас удаа дараа тавьсан, хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, зээл төлөх сонирхолгүй өнөөдрийг хүрлээ. 2019/03/26 болон 2019/05/14-ний өдрүүдэд мэдэгдэл өгсөн

Иймээс зээлдэгч С.Б, хамтран зээлдэгч Х.А нартай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр тус банктай №0 тоот зээлийн гэрээний 2.3.1, 3.2.4 дэх заалтуудыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй байгаа тул мөн гэрээний 6.2.1, 6.3 дахь заалтыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөр гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 19,171,245.14 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1,962,651.32 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1,502.22 төгрөг Нийт зээл, хүүгийн төлбөр, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 21,135,398.68 /хорин нэгэн сая нэг зуун гучин таван мянга гурван зуун ерөн найман төгрөг жаран найман мөнгө/ төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч С.Б, Х.А нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие 2016 оны 07-р сарын 26-ний өдрийн №0 тоот зээлийн гэрээгээр нөхцөл хүүгээ тохирон 20.000.000 төгрөгийг сарын 0,5 хувийн хүүтэй авсан билээ. Гэтэл би 2016 оны оны орны орон нутгийн сонгуульд нэр дэвшин сумын ИТХТ-өөр сонгогдон улмаар Б сумын засаг даргаар томилогдсон тул Т банкны ажлаас чөлөөлөгдсөн. Би банкнаас ажлаас чөлөөлөгдсөн хэдий ч гэрээнд заасан нөхцөл журмын дагуу зээлээ төлсөөр ирсэн. Гэтэл банкны зүгээс 2016 оны 11-р сарын 29-ний өдрийн №0 дугаар бүхий гэрээгээр надтай зээлийн хүүг нэмэгдүүлсэн нөхцөлтэйгөөр дахин гэрээ байгуулсан мэтээр тайлбарлан надаас илүү мөнгө нэхэн шүүхэд нэхэмжлэл гаргаж буй нь огт үндэслэлгүй юм.

Учир нь 2016 оны 11-р сарын 29-ний өдрийн №0 дугаар бүхий гэрээг би огт хараагүй би банктай зээлийн хүүг нэмэгдүүлсэн байдлаар дахин гэрээ хийгээгүй бөгөөд өмнө би сард 168.824 төгрөг төлөх эргэн нөхцөлтэй байсан бөгөөд банк надтай шинэчилсэн гэрээ хийгээгүй мөөртлөө чи ажлаас гарсан тул хүү өссөн гэх тайлбар тавин сард 400.000 гаран төлөхийг шаардаж буй нь огт үндэслэлгүй юм. Миний данснаас ийнхүү байдлаар сүүлийн хэдэн сар илүү төлөлттэйгөөр мөнгө суутгаж авч ирсэн бөгөөд миний банктай хийсэн албан ёсны гэрээний нөхцөл эргэн төлөлтийн дагуу тооцоолон үзэхэд зээлийн хугацаа хэтэрсэн асуудал огт байхгүй юм. Харин банкны зүгээс 2016 оны 11-р сарын 29-ний өдрийн №0 дугаар бүхий миний гарын үсэг байхгүй өөрсдийн дур мэдэн гаргаж буй гэрээ би огт хараагүй тийм төрлийн гэрээ байгуулаагүй гэдгээ дээр тодорхой дурдсан.

Иймд Т банкны нэхэмжлэл огт үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Т банк 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр зээлдэгч С.Бтэй зээлийн гэрээ байгуулж 20 сая төгрөг олгосон. Тухайн үед зээлийн хүүг банкны ажилчдад зориулсан зээл болох 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай олгосон. Зээлийн гэрээний 4.1.12-т хэрвээ ажилтан нь байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах, дуусгавар болгосон бол банк зээлийн гэрээг цуцалж, зээлийг эргэн төлүүлэх эсвэл гэрээг шинэчлэн байгуулах эсэхийг бие даан шийдвэрлэнэ гэж заасан. Уг заалтын дагуу 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр гэрээг шинэчилж зээлийн хүүг нэмэгдүүлж, жилийн хүүг 21.6 хувь болгосон. Өмнөх гэрээний хүү нэмэгдсэн тухай мэдэгдлийг зээлдэгчид өгсөн. Тухайн үед зээлдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй. Банкны зүгээс зээлийн гэрээний 4.1.12-т заасны дагуу хүүг нэмэгдүүлсэн. Улмаар хоёр жилийн хугацаанд нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээгээр эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж байсан учраас хүлээн зөвшөөрсөн гэж ойлгосон. 2019 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн зээлээ төлөөгүй учир шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иймд зээлдэгч С.Бтэй байгуулсан 0 тоот гэрээг цуцалж, үлдэгдэл төлбөр, хүүгийн хамт 21135398,68 төгрөгийг С.Б, Х.А нараас гаргуулж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч С.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 291400416910 тоот зээлийн гэрээ байгуулж 20 сая төгрөгийн зээлийг жилийн 6 хувийн хүүтэй авсан. Улмаар би 2016 оны 11 дүгээр сард өөр ажилд шилжсэн. Нэхэмжлэгч тал зээлийн гэрээний 4.1.12-т заасныг баримталж хүүг өөрчилсөн гэж байна. Надад гэрээний нэг хувийг явуулж мэдэгдэх хуудас явуулсан гэж байна. Би гэрээ, мэдэгдэх хуудас хүлээж аваагүй. Харилцагч талууд хоёулаа байж харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулагдах ёстой. Зээлийн гэрээний 4.1.12-т банк дор дурдсан үндэслэл бий болсон тохиолдолд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийг эргэн төлүүлэх, эсхүл тухайн үеийн банкны мөрдөж буй үйлчилгээний шимтгэлийн дагуу гэрээг шинэчлэн байгуулах эсэхийг бие даан шийдвэрлэнэ гэж заасан. Одоог хүртэл гэрээг шинэчлэн байгуулаагүй. Зээлийн гэрээний 8.1-д энэхүү гэрээ нь талуудыг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан гарын үсэг зурж, тэмдэг дарснаар гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж дуусгавар болно гэж заасан. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй. Яагаад гэвэл урьд нь байгуулсан гэрээ хүчин төгөлдөр хэвээр байгаа. Нэхэмжлэгч гэрээг цуцлах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Гэрээг цуцлаагүй байж өөрсдийн байгуулсан гэрээгээр илүү төлбөр, хүү нэхэмжилж байна. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний хувьд зээлийн гэрээг зөрчсөн зүйл байхгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч К.Е шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллага тайлбарлахдаа нэмэлт гэрээ байгуулж явуулсан гэж байна. Талуудын хооронд анх байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн дугаар бүхий гэрээний 4.1.12-т гэрээг цуцалж шинээр гэрээ байгуулах эсэхийг банк бие даан шийдвэрлэнэ гэж заасан. Үүнд нэмэлт гэрээ байгуулна гэсэн зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл нэмэлт гэрээ байгуулна гэсэн заалт байхгүй. Банкны зүгээс гаргаж өгсөн нэмэлт гэрээг бид нар хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Гэрээ нь өөрөө хэлцлийн нэг хэлбэр. Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж заасан. Сүүлд явуулсан гэх гэрээнд талуудын гарын үсэг зурагдаагүй учир хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Банкны зүгээс нэг ёсондоо анх байгуулсан гэрээг хүчингүй болгож өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлаж байна. Тэгэхээр анх байгуулсан гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байна гэж ойлгож байна. Тэгэхээр нэмэлт гэрээ ямар нэгэн байдлаар үйлчлэх ёсгүй. Гэрээний дээрх заалтад нэмэлт гэрээ байгуулна гэж заагаагүй, шинээр гэрээ байгуулна гэж заасан. Нэхэмжлэгч байгууллага тухайн зээлийн гэрээг цуцалж өгөх талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг зээлийн гэрээг цуцлах боломжгүй гэж үзэж байна. Анх гэрээг байгуулахдаа гэрээ цуцлах үндэслэлийг тодорхой зааж өгсөн. Харилцагч С.Б ажлаас чөлөөлөгдөх үед гэрээг цуцална гэж тохиролцсон зүйл байхгүй. Аливаа гэрээг талууд тохиролцож гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа харилцагч С.Бт зээлийн гэрээний 4.1.12-т заасан нөхцөл байдал үүссэн тул удаа дараа мэдэгдэх хуудас явуулсан, нэмэлт гэрээ явуулсан гэж тайлбарлаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаад нотлох ёстой. Нэхэмжлэгч бид нар тухайн үед мэдэгдэх хуудас хүргүүлсэн, нэмэлт гэрээ явуулсан гэж тайлбарлаж байгаа боловч хавтас хэрэгт энэ талаар нотлох баримт байхгүй. Явуулсан гэх нэмэлт гэрээнд С.Б гарын үсэг зураагүй учир үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч байгууллага шүүхэд харилцагч С.Бтэй анх байгуулсан 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байгуулсан гэрээг цуцалж өгөх талаар шаардлага гаргасан учир уг гэрээ одоо хүртэл хүчин төгөлдөр байна гэсэн үг. Ямар нэгэн байдлаар зээлийн гэрээг цуцлах ямар нэгэн үндэслэл байхгүй.

Иргэний хуулийн 450 дүгээр зүйлд зааснаар зээлийн гэрээг заавал бичгээр байгуулах ёстой. Дээр дурдсан бичгээр байгуулсан гэрээнд талууд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр үйлчлэх ёстой. Илүү суутгасан мөнгөөр бид нарт илүү суутгачихлаа гээд лавлагаагүй, бид нар сар болгон суутгасан учраас нэмэлт гэрээ хүчин төгөлдөр байна гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарлаж байна. Хуульд ямар нэгэн байдлаар заасан дуугүй суутгасан тохиолдолд зээлийн гэрээг хүлээн зөвшөөрсөн гэсэн хуулийн зохицуулалт байхгүй. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Одоогийн байдлаар 3 сая хэдэн зуун мянган төгрөгийн илүү төлөлт хийж байсан. Илүү төлөлт хийх эсэх нь тухайн харилцагчийн дурын асуудал. Зээлийн гэрээ болон бусад гэрээнд илүү төлж болохгүй гэсэн хязгаарлалт байхгүй. Илүү төлөх нь тухайн хүний эрхийн асуудал. Тэрийг банкны зүгээс илүү төлж байсан учраас гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж үзэх боломжтой гэж үзэх боломжгүй. Банкны зүгээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний ойлгосноор банкны зүгээс С.Бийн төлөх ёстой мөнгө нь хүрэлцээгүй, 2-3 сар зээлийн хугацаа хэтрүүлсэн бол гэрээг цуцлах үндэслэл байгаа юм байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээг цуцлах талаар тайлбарлаж байна. Бодит байдал дээр зээлийн гэрээг зөрчсөн асуудал байхгүй. Гэрээгээр хүлээн үүргээ зохих журмын дагуу биелүүлсэн. Хуваарилж өгсний дагуу илүү төлөлтөөр яваад ямар нэгэн зээлийн хүү хэтрүүлсэн асуудал байхгүй тул гэрээг цуцлах үндэслэл тогтоогдохгүй байна. Шинээр нэмэлт гэрээ байгуулсан эргэн төлөлтийн хуваарь гаргасан байна. Үүнд мөн адил С.Б гарын үсэг зураагүй учир хүчин төгөлдөр бус байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т банкны Б салбар нь хариуцагч С.Б, Х.А нартай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №0 тоот зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 19171245 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1962651 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1502 төгрөг, нийт 21135398 төгрөг гаргуулж өгөхийг хүссэн байна. Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангаж үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Т банкны Б салбар нь нэхэмжлэлийн үндэслэлээ зээлдэгч С.Б, Х.А нар нь 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №0 тоот зээлийн гэрээний 2.3.1, 3.2.4 дэх заалтуудыг зөрчиж, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн гэрээг цуцалж, үндсэн зээлийн үлдэгдэл 19171245 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 1962651 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1502 төгрөг, нийт 21135398 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан байна.

Нэхэмжлэгч Т банк болон хариуцагч С.Б, Х.А нарын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №0 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч Т банк нь зээлдэгч С.Б, Х.А нарт 20000000 төгрөгийг амины орон сууц барих зориулалтаар, жилийн 6 хувийн хүүтэй, 180 сарын хугацаатай олгожээ. Мөн энэхүү гэрээний хавсралт 1-ээр зээл эргэн төлөлтийн хуваарийг гаргасан байх уг хуваарийг зөвшөөрч гэрээний талууд гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэгч талаас зээлдэгч болох С.Б нь Т банкны Б тооцооны төвийн захирлаар ажиллаж байхдаа 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №0 тоот гэрээ байгуулж банкны ажиллагсдад олгодог хөнгөлөлттэй зээлийг авсан бөгөөд С.Б нь 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өөрийн хүсэлтээр ажлаас гарсан ба дээрх гэрээний 4.1.12-т заасны дагуу зээлийн хүүг нэмэгдүүлж жилийн 21.6 хувь болгож, хариуцагчид хүү өссөн тухай мэдэгдэх хуудсыг нэмэлт гэрээний хамт өгсөн гэж тайлбарлажээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч хариуцагч нарын байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №0 тоот зээлийн гэрээний дөрөвдүгээр зүйлийн 4.1.12-т Банк дор дурдсан үндэслэл бий болсон тохиолдолд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг цуцалж, зээлийг эргүүлэн төлүүлэх эсвэл тухайн үеийн банкны мөрдөж буй үйлчилгээний хүү шимтгэлийн ерөнхий нөхцөлийн дагуу гэрээг шинэчлэн байгуулах эсэхийг бие даан шийдвэрлэнэ, 4.1.12.а д ажилтан нь байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах гэж тусгажээ.

Нэхэмжлэгчээс зээлдэгч нарт хүүг нэмэгдүүлж жилийн 21.6 хувь болгосон талаар мэдэгдэх хуудас нэмэлт гэрээний хамт өгсөн гэх боловч хариуцагчаас банкны зүгээс мэдэгдсэн, нэмэлт гэрээ байгуулсан үйл явдал болоогүй гэж мэдүүлсэн ба Т банкнаас хэрэгт нотлох баримтаар өгсөн 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 0/2 дугаартай Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, уг гэрээний хавсралт 1 буюу зээлийн эргэн төлөлтийн хуваарь, 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай нэмэлт гэрээ байгуулах тухай мэдэгдэл зэрэг баримтуудад зээлдэг нарын гарын үсэггүй, тухайн гэрээ, мэдэгдлүүдийг зээлдэгч болох С.Б, Х.А нарт хүргүүлсэн, мэдэгдсэн талаар нотлох баримтгүй байх тул нэмэлт гэрээ байгуулагдсан, 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №0 тоот зээлийн гэрээ цуцлагдсан гэж үзэх боломжгүй байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зээлдэгч С.Б, Х.А нар нь 2016 оны 12 дугаар сараас эхлэн нэмэлт гэрээний хавсралтаар тогтоосон зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлж байсан тул нэмэлт гэрээг хүлээн зөвшөөрсөн гэж тайлбарыг үндэслэн хариуцагч С.Б, Х.А нар нь зээлдүүлэгчтэй харилцан тохиролцож зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулсан гэж үзэх үндэслэлгүй болно. Энэхүү байдлыг хариуцагч С.Бээс зээлийн хүүг нэмэгдүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй, миний хувьд илүү төлөлттэй яваад байсан гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2-т хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэж тус тус заасан байх тул 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 19 дугаартай нэмэлт гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй байна.

Т банк болон С.Б, Х.А нарын хооронд байгуулагдсан 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №0 тоот орон сууцны зээлийн гэрээний 4 дүгээр зүйлд банкны эдлэх эрхийн талаар заасан бөгөөд уг гэрээний 4.1.12, 4.1.12.а-д банк нь ажилтан байгууллагатай байгуулсан хөдөлмөрийн гэрээгээ цуцлах тохиолдолд зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг цуцлах эсэхийг бие даан шийдвэрлэнэ гэж заажээ.

Хариуцагч С.Б нь Т банкны Б тооцооны төвийн эрхлэгчийн ажлаас 2016 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр эхлэн чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байгаа тул нэхэмжлэгч Т банкны Б салбар нь хариуцагч С.Б, Х.А нартай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №0 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцлах тухай нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №0 тоот орон сууцны зээлийн гэрээ болон уг гэрээний хавсралтын 1-д заасан зээл эргэн төлөх хуваарийн дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргах хүртэл хугацаанд 2019 оны 06 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 5908840 /сард 168824 х 35 сар= 5908840/ төгрөгийг төлж, 17376612 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхаар байна. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хүү тооцооллын хүснэгтээс үзэхэд зээлдэгч нараас 10114281 төгрөг төлсөн байх тул 13171171 /17376612+5908840=23285452-10114281=13171171/ төгрөгийг хариуцагч нараас төлүүлэх нь зүйтэй байна.

Иймд Т банкны Б салбарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж Т банкны Б салбарын хариуцагч С.Б, Х.А натай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №0 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Б, Х.А нараас 13171171 төгрөгийг гаргуулан Т банкны Б салбарт олгож, илүү нэхэмжилсэн 7964227 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан Т банкны Б салбарын хариуцагч С.Б, Х.А нартай байгуулсан 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн №0 тоот орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Б, Х.А нараас 13171171 төгрөгийг гаргуулан Т банкны Б салбарт олгож, илүү нэхэмжилсэн 7964227 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 263627 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.Б, Х.А нараас 223805 төгрөг гаргуулан Т банкны Б салбарт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Х.МЕЙРАМБЕК