| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2019/0430/И |
| Дугаар | 570 |
| Огноо | 2019-09-19 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 570
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б аймаг, Ө сумын 8 дугаар багт оршин суух, И овогт Нгийн Б /рд:, утас: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургууль /захирал Н.О, утас: /-д холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З, хариуцагч Н.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ур чадварын нэмэгдлийн цуцлах тухай Б/47 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, ур чадварын нэмэгдлээс хассан 56000 төгрөг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч Н.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Б би тус сургуульд 1997 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тус сургуульд сургуулийн эмчийн ажилд томилогдож одоо 22 дахь жилдээ ажиллаж байна. Өнгөрсөн хугацаанд хариуцсан ажилдаа эзний ёсоор хандаж ямар нэгэн сахилгын зөрчил авагдаж байгаагүй юм. Гэтэл Ө сумын ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ур чадварын нэмэгдлийг цуцлах тухай Б\47 дугаартай тушаалаар миний сар бүр авч байсан ур чадварын нэмэгдлийг үндэслэлгүй цуцалсан байна. Н.Б миний үндсэн цалин 616482 төгрөг юм. Гэтэл 2019 оны 06 дугаар сард 560438 төгрөг гарч гартаа бэлэн авах цалин хөлс маань 56000 төгрөгөөр буурсан байна. Би сургуулийн удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд биелүүлж байсан ямар нэгэн хугацаат бичгийг саатуулсан зүйлгүй, улсын хэмжээнд явагдсан вакцинжуулалтын ажлыг цалгардуулаагүй, цаг хугацаанд өндөр хэмжээтэй зохион байгуулж явуулсан. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн Н.Б миний ур чадварын нэмэгдлийг цуцлах тухай тушаалд дурдсан зөрчлүүдийг гаргаж байгаагүй юм. Ер нь тус сургуулийн захирал Н.О нь томилогдсон цагаас хойш намайг гадуурхаж дарамталж байгаа юм. Иймээс ажил олгогчийн миний ур чадварын нэмэгдлийг цуцалсан шийдвэр нь бодит байдалд нийцэхгүй, хууль зүйн үндэслэл муутай гэж үзэж байна. Н.Б би тус сургуульд ажиллаж эхэлсэн цагаас хойш сургуулийн сурагчдын эрүүл мэндийг хамгаалах үйлсэд ухамсарт амьдралаа зориулж, маш их санаачилгатай ажил хэрэгч байдлаар хариуцсан ажилдаа хандаж ирсэн юм. Үүнийг тус сургуулийн хамт олон сайн мэднэ. Ер нь сургуулийн эмчийн ажил өдөр бүр маш их ачаалалттай байдаг ба хүүхдийн тоо 3 дахин их байдаг юм. 1 эмчид стандарт ёсоор 600 сурагч ногдох ёстойгоос одоогийн байдлаар би 1800 гаруй сурагчтай ажиллаж байна . Гэхдээ өнгөрсөн хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаж байгаагүй юм.
Иймд Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ур чадварын нэмэгдлийг цуцлах тухай Б\47 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, ур чадварын нэмэгдлээс хассан 56000 төгрөгийг сургуулийн санхүүгээс нөхөн гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Н.Б нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн нэхэмжлэлдээ: Б аймгийн Ө сумын 8 дугаар багт оршин суудаг,Н.Б, би 2019 оны 06 дугаар сарын 19-ны тус шүүхэд Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ур чадварын нэмэгдлийг цуцлах тухай Б\47 дугаартай тушаалыг хүчингүйд тооцож, ур чадварын нэмэгдлээс хассан 56000 төгрөгийг сургуулийн санхүүгээс нөхөн гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан юм. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш хариуцагч Н.Б миний 2019 оны 04,05.06-р сарын урамшууллын мөнгөнөөс сар бүр 12 хувь буюу 120,000 төгрөгийг дахин суутгасан байна.
Иймд хариуцагчийн санхүүгээс урамшууллын мөнгө болох төгрөгийг гаргуулан Н.Бд олгуулахаар шийдвэр гаргуулж, нэхэмжлэгч Н.Б миний 2019 оны 04,05,06-р сарын урамшууллын мөнгөнөөс хассан санхүүгийн бичиг баримтуудыг хариуцагчаас албадан гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.О шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Н.Бгийн нэхэмжилсэн Ур чадварын нэмэгдлийг цуцлах тухай Б/47 дугаартай тушаалыг хүчингүйд тооцох, ур чадварын нэмэгдэл болох 56000 төгрөгийг сургуулийн санхүүгээс нөхөн гаргуулах нэхэмжлэлийг хангах боломжгүй юм.
Учир нь тэрээр үүрэгт ажлаа гүйцэтгээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа шаардсан боловч биелүүлээгүй, сургуулийн хөдөлмөрийн гэрээ, дотоод журамд заасан ажлын чиг үүргийг хангаж ажиллаагүй болно. Ур чадварын нэмэгдлийг эрхэлсэн ажлаа мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэдэг, бусдаас илүү дэвшилтэт арга барилаар ажиллаж ажлын өндөр амжилт гаргасан ажилтанд олгодог ба Н.Б нь ямар нэгэн ажлын амжилт гаргаагүйгээр үл барам үүрэгт ажлаа ухамсарлаагүй тул сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлаар оруулан алдаа дутагдлыг анхааруулан сануулж ур чадварын нэмэгдлийг хассан нь холбогдох журмыг хэрэгжүүлэн ажилласан зөв зүйтэй шийдвэр байсан ба цаашид энэ мэтээр ажиллавал сахилгын арга хэмжээ тооцогдохыг анхааруулсан байгаа. Мөн эмч Н.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж улирлын мөнгөн урамшууллыг сар бүр хассан 12% буюу 120000 төгрөг суутгасан гэсэн нь мөн ташаа ойлголт байна. 1-рт сар бүр 12%-ийг хасаагүй, 2-рт улирлын үр дүнгийн мөнгөн урамшууллыг хийсэн ажлын үр дүнгээр олгодог, үр дүнтэй ажиллаагүй тохиолдолд олгодоггүй ба 2-р улирлын үр дүнгийн урамшууллыг түүний ажлын үр дүнгээр тооцож олгосон болно гэжээ.
Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ талаар тайлбарлахдаа: Миний бие Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуульд эмчээр ажилладаг, 23 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд миний бие ажилдаа эзэн ёсоор хандаж, ажилдаа өөрийнхөө оюун ухаан, бие сэтгэлээ зориулж ирсэн. Миний 23 жил ажилласан хөдөлмөрийг 2015 онд тус аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Айгүл өндрөөр үнэлж шагнаж байсан. Миний хийж байгаа ажлыг манай хамт олон, дээд байгууллагууд, Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газар, Боловсролын газар мэдэж байгаа, удаа дараа шалгалт очих үед ажлын өндөр үзүүлэлтээр хангаж сайн ажиллаж байгаа. 2019 оны 05 дугаар сард улс орон даяар явагдаж байсан Улаан бурхны вакцинд хамруулах ажиллагаа манай сургуульд хоёр хоног явагдсан. Миний бие манай сургуулийг хариуцаж ажилладаг өрхийн эмнэлэг болох Р өрхийн эмнэлэгтэй хамтарч ажилласан. Энэ үйл ажиллагаа хоёр хоног явагдаж дууссан. Дараа нь вакцинд хамрагдсан хүүхдүүдийн судалгааг гаргахад 100 хүүхэд вакцинаас хоцрогдсон байсан. Тэгээд би 15 хоногийн дотор тус хүүхдүүдийн эцэг эх, анги удирдсан багш нарт нь шаардаж 100 хүүхдээс 40 хүүхдийг вакцинд хамруулсан. Тэгээд цаана нь 60 хүүхэд үлдсэн байсан. Гэхдээ уг 60 хүүхэд нь сургуулийн эмч болох надаас шалтгаалсан зүйл байгаагүй. Энэ хүүхдүүд хувийн шалтгаантай байсан. Тухайлбал өвчтэй, чөлөөтэй, эцэг эх нь зөвшөөрөөгүй гэх шалтгаануудаар вакцинд хамрагдаагүй байсан. Энэ судалгааг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл захирал 100 хүүхдийг вакцинд хамруулаагүй, ажил цалгардуулсан гэх шалтгаан гаргаж миний ур чадварын мөнгийг хассан. Би 23 жил ажиллахдаа 15 жил энэ ур чадварын мөнгийг авч байсан. Урьд захирлаар ажиллаж байсан А сургуулийн хүүхдийн тоог харгалзаж, миний ачааллыг харгалзаж ур чадварыг мөнгийг олгосон. 600-800 хүүхдэд нэг эмч ажиллах ёстой. Манай сургуулийн хувьд 1800-2000 хүүхэд суралцдаг. Би дээрх стандартаас 2-3 дахин их ачаалалтай ажилладаг. Гэтэл Н.О захирал тухайн үед вакцины үйл ажиллагаа явуулаагүй, ажил цалгардуулсан, 100 хүүхдийг вакцинаас хоцруулсан гэх шалтгаанаар тушаал гаргаж миний ур чадварын мөнгийг хассан. Тийм учраас үндэслэлгүй байна гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тухайн үед манай сургуультай хамтарч ажилласан Р өрхийн эмнэлэг эмч нь яаж ажилласан гэдгийг хянаж байсан. Сургууль дээр явагдах вакцин зөвхөн ганц эмчид хамаарах асуудал биш. Өөрөөр хэлбэл сургуулийн захирал, менежер, нийгмийн ажилтан ангийн багш нар нь хамтарч бүгд хяналт тавьж оролцох ёстой. Р өрхийн эрүүл мэндийн төв хяналт тавьж байсан тул мэдэж байгаа. Манай сургуулийн хэмжээнд 60 хүүхэд вакцинаас хоцорсон. БИд нар хүүхдийг хүчээр барьж аваад вакцин тарих хууль байхгүй. Эрүүл мэндийн тухай хууль байгаа. Хүүхэд өөрөө зөвшөөрсөн, эцэг эх нь зөвшөөрснөөр вакцинд хамруулах ёстой.
Н.О захирал ажлаа аваад 2 жилийн хугацаа болж байна. Гэтэл захирлын ажлаа хүлээж авсан цагаас эхлээд намайг байнга дарамталдаг, миний ажлыг дэмждэггүй. Миний ур чадварыг үндэслэлгүйгээр хувийн өс хонзонгийн асуудлаар эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж хассан гэж үзэж байна. Миний ур чадварын мөнгийг хассаны дараа 10 хоногийн дараа улиралд нэг удаа олгох миний урамшууллын мөнгийг бас хассан. Тодруулбал 2019 оны 4, 5, 6 дугаар сарын урамшуулал байсан. Энэ бол үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайн үед ямар нэгэн тушаал гаргаагүй. Тухайн үед сургуулийн эмч миний ажлыг дүгнээгүй, тайлан тавиулаагүй. Ганц миний биш сургуулийн багш нарын урамшууллыг хассан. Багш нар бүгдээрээ үүнд гомдолтой байгаа. Тэдгээр хүмүүсийн дотроос шүүхэд хандаж байгаа нь би байгаа. Хоёр удаа миний цалин хөлсөөр оролдож ур чадвар, урамшууллын мөнгийг хассан. Ийм учраас маш гомдолтой байна. 23 жил ажилласан миний хөдөлмөр, нэр төрийг гутааж цалинг хассанд гомдолтой байна. Иймд үнэн шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.
Хариуцагч Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирал Н.О шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Нэхэмжлэгч Н.Б бид нарын хооронд гарсан маргаан вакцинжуулалттай холбоотой гэх тайлбарлаж байна. Би тушаал гаргахдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргийн чиглэлийн дагуу удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа буцаасан, эсэргүүцсэн, үүнээс болж хугацаат бичгийн хариу саадсан, вакцинжуулалтын ажлыг идэвх санаачилгатай зохион байгуулаагүй гэсэн болохоос ажлыг огт хийгээгүй гэж тушаал гаргаагүй. Тэгэхээр манай сургуульд ур чадварын мөнгийг хоёр журам баримталж олгодог. Нэг нь нийгмийн ажилтан, багш ажилчид гээд сургалтын албаны ажилчдыг нэг журмаар, бусад захиргааны аж ахуйн ажилчдын урамшууллыг Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын хамтарсан 1996 оны 63/104 дугаартай тушаалыг баримталж олгодог. Ур чадварыг өндөр үр дүнтэй, онцгой амжилт гаргаж ажилласан ажилтанд олгодог. Нэхэмжлэгч Н.Б тайлбарлахдаа энэ мөнгийг А захирлын үеэс авч байсан гэж байна. Ур чадварын нэмэгдлийг хассан шалтгаан нь вакцинжуулалтад манай сургуулийн 1735 хүүхэд хамрагдахаас 1614 хүүхэд хамрагдсан. Манай сургуульд энэ вакцинжуулалт 2 хоног явагдсан. Н.Б эмчийн хувьд эхний өдөр өөрөө байгаад дараа өдөр нь зайлшгүй шаардлага гаргаад байна гээд чөлөө аваад явсан. Би тухайн үед та өөрөө байх нь зүйтэй юм биш үү гэж хэлсэн боловч чөлөө авах зайлшгүй шаардлага гараад байна гээд чөлөө авсан. Дараагийн өдөр нь нийгмийн ажилтныг оролцуулсан. Вакцинжуулалтад 121 хүүхэд хамрагдахгүй үлдсэн. Гэхдээ 18 наснаас дээш хүүхэд хамрагдахгүй гээд 5 хүүхэд хамрагдаагүй, цаана нь 116 хүүхэд вакцинд хамрагдаагүй. Бид нарын ярьж байгаа зүйл бол Б аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас энэ вакцинжуулалтад хамрагдсан, хамрагдаагүй хүүхдийн тоог гаргаж ирүүлэх талаар хугацаатай бичиг ирсэн. Уг вакцинжуулалтыг хариуцаж хийх хүн нь сургуулийн эмч учраас миний бие энэ судалгааг эмч Н.Б хийх талаар цохолт хийж өгсөн. Энэ судалгаа ийм хүүхэд хамрагдсан, ийм хүүхэд хамрагдаагүй гээд л гаргаад явуулчих амархан судалгаа байсан. Бичиг хэргийн ажилтан уг бичгийн нэхэмжлэгч Н.Бд хоёр удаа аваачиж өгсөн боловч хүлээж аваагүй. Тэгээд би 3 дахь удаа аваачиж өгөхөд хүлээж авахгүй, миний өмнөөс эсэргүүцсэн, хэрэлдсэн. Хэрвээ тухайн үед нэхэмжлэгч Н.Б эмч ачаалалтай байсан бол би харгалзаж үзээд өөр хүнд шилжүүлж өгч болох байсан. Гэхдээ тухайн үед тийм ажлын ачаалал байгаагүй. Өрөөндөө дасгал хийгээд байж байсан.
Хувь хүний хандлагыг ярихад би энэ хүний өчнөөн ёс зүйгүй асуудлыг тэсэж тэвчиж ирсэн. Би нэхэмжлэгч Н.Бд ямар нэгэн зүйл санадаггүй. Би тус сургуульд 130 хүн удирдаж ажиллаж байна. Гэтэл нэхэмжлэгч Н.Б өөрөө ёс зүйгүй үйлдэл гаргаж байна. Ганц энэ удаагийн асуудал биш. Ер нь ажилдаа хайнга ханддаг. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Эрүүл мэндийн газраас ирээд шалгахад ажил нь хангалтгүй байсан, тэдгээр хүмүүс шүүмжлэлтэй хандаж хэлж байсан. Тухайн үед шалгалт хийсэн хүмүүс өөрт нь хэлж байсан. Би бас зөвлөлийн хурлаар танилцуулсан. Энэ нь хурлын протоколд тэмдэглэгдсэн байгаа. Манай сургуульд сургуулийн дотоод хяналтын баг ажилладаг. Энэ баг нь сургуулийн нэгж болгонд хүрч хяналт тавьж ажилладаг. 3 хоногийн өмнө мэдэгдэж, чиний ажлын гүйцэтгэлд чинь хяналт тавих гэж байна гэхэд эсэргүүцдэг, шалгуулдаггүй. Удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлдэггүй. Тийм учраас энэ хүнийг ажил үүргээ ухамсарлаасай гэх үүднээс хуралд оруулсан. Н.Бгийн гаргасан зөрчил сахилгын шийтгэл хүлээлгэх хэмжээнд байгаа. Гэхдээ бид нар сахилгын шийтгэл хүлээлгээгүй. Шат дараалсан арга хэмжээ авч эхний удаа ойлгуулаад анхааруулъя гэж шийдсэн. Гэхдээ өөрийнхөө үзэл бодлоор яваад байдаг. Төлөвшүүлье гэх байдлаар хандаж хурал хийсэн боловч дургүйцэж, хүлээж авахгүй байсан. Ингэх шаардлага байхгүй байсан. Ур чадварын нэмэгдлийг дээрх тушаалын 2, 4, 5, 6-р зүйлд зааснаар идэвх санаачилгатай, үр дүнтэй ажилласан ажилтанд олгох ёстой. Ажлын үр дүн буурсан бол олгохгүй байх бас боломжтой. Мөн улирлаар авч хэлэлцэнэ гэж заасан. Ажил үүргээ ухамсарлаагүй байна гэх үүднээс ийм шийдвэр гаргасан. Сургуулийн дотоод журмын 18.1.1, 18.1.2-д ур чадварын нэмэгдлийг хэлэлцэж захирлын тушаалаар баталгаажуулж олгоно гэж заасан. Энэ хүрээнд шийдвэрлэсэн гэдгийг хэлмээр байна. Мөн сургуулийн дотоод журмын 22.3.5-д шат дараалсан арга хэмжээ авна, сахилгын шийтгэл тооцно гэж заасан. Н.Б өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй. Тэгэхдээ хариуцлага тооцохоосоо илүү анхааруулж ур чадварын мөнгийг хассан. 26.1.7-д ажил мэргэжлийн шаардлагыг мушгин гуйвуулж хүлээж авахгүй, зүй бусаар харьцсан гэж заасан. Миний өгсөн үүрэг даалгавар хийж чадахааргүй хэцүү үүрэг даалгавар биш байсан байхад эсэргүүцэж ёс зүйн алдаа гаргасан. Н.Б ажил олгогчтойгоо байгуулсан хөдөлмөрийн гэрээнд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг зохих шаардлагын хүрээнд бүрэн хангалттай биелүүлнэ гэж заасан. Биелүүлэх боломжтой зүйл өгсөн байхад биелүүлэхгүй, ажил үүргээ ухамсарлаагүй учир ажил үүргээ ухамсарлаасай гэж бодож зөвлөлийн хуралд оруулсан. Энэ шалтгаанаар ур чадварын мөнгийг хассан. Урьд нь А захирлын үеэс 15 жил авсан гэж тайлбарлаж байна. Гэхдээ энэ талаар гарсан тушаал байхгүй. Ур чадварын нэмэгдлийг олон жилээр авахгүй, улирлаар хэлэлцээд ажил нь үр дүнтэй байвал олгодог.
Нэхэмжлэгч Н.Б тайлбарлахдаа захирал үр дүнгийн урамшууллын мөнгийг эрх мэдлээ хэтрүүлэн хассан, олон багш нарыг үр дүнгийн урамшууллыг хассан, бүгд гомдолтой байгаа гэж байна. Үр дүнгийн урамшуулал сард үндсэн цалингийн 15 хувь буюу 3 сард 45 хувийн нэмэгдэл олгоно гэж заасан. Гэхдээ төсөв батлагдаж ирэхдээ 13-14 хувиар батлагдаж ирдэг. Заавал 15 хувийн үр дүнгийн урамшуулал авна гэж байхгүй. Харин 2019 он гараад гайгүй ирдэг болсон. Хүн бүр ажлаа 100 хувь хийдэггүй. Тийм учраас цаанаасаа төсөвлөгдөж ирдэг. Ажлын үр дүнгээс хамаарч олгох ёстой. Төрийн албан хаагчид үр дүнгийн урамшуулал олгох журмыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн. Уг журмын 4.3-т үр дүнгийн ажлын мөнгөн урамшууллыг сургалтын байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэсэн, хөдөлмөрийн ажлын байранд хөдөлмөрийн сахилга, ёс зүйн зөрчил гаргаагүй багш, туслах багш, ажилчдад олгоно гэж заасан. Тэгэхээр ёс зүйн зөрчил гаргасан хүнд олгохгүй гэж байна. Гэтэл энэ хүн ямар ёс зүйн зөрчил гаргасан талаар хурлын протоколд байгаа. Н.Бд үр дүнгийн урамшууллыг огт олгоогүй байх боломжтой. Гэхдээ бид нар огт олгоогүй биш. Нэхэмжлэгч Н.Б сургуулийн дотоод хяналтыг эсэргүүцсэн, вакцинжуулалттай холбоотой судалгаа гаргахыг эсэргүүцсэн. Тийм учраас 10 хувийг хассан. Харин 4-р сард хасаагүй. Цаанаасаа ирсэн хэмжээ нь тийм байгаа. Зарим багш нар маш их ачаалалтай ажилладаг. Тийм ачаалалтай ажилласан ганц хоёр хүнд хэдэн хувийг нэмж өгсөн. Харин 5 дугаар сард ажил гүйцэтгэл нь тийм байсан учраас хассан. Үр дүнгийн урамшууллыг огт олгохгүй байх боломжтой боловч огт олгоогүй биш олгосон. Ажил, үүргийг нь ухамсарлуулах үүднээс ийм шийдвэр гаргасан. Нэхэмжлэгч Н.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа би маш олон хүүхдүүдтэй ажилладаг, ачаалалтай ажилладаг гэж тайлбарлаж байна. Би хавтаст хэрэгт орон тооны норматив тогтоосон тушаал журмыг гаргаж өгсөн. Үүнд 1500-аас дээш сурагчтай сургуульд нэг эмч ажиллана гэж заасан. Тийм учраас ачаалалтай ажилладаг гэж үзэх үндэслэл байхгүй гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигч нарын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Н.Б нь Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар бүрэн дунд сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ур чадварын нэмэгдлийг цуцлах тухай Б/47 дугаартай тушаалыг хүчингүй болгож, ур чадварын нэмэгдлээс хасагдсан 56000 төгрөг, 2019 оны 04, 05, 06-р сарын урамшууллын мөнгөнөөс сар бүр 12 хувь хасагдсан 120000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Б аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Б/47 дугаартай ур чадварын нэмэгдлийг цуцлах тухай тушаалаар Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.1.7 дахь заалт, Хүн амын бодлого, Хөдөлмөрийн Сайд, Сангийн сайдын 1996 оны 63/104 тоот тушаал, Сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 22.3.5, 26.2.1 дэх заалт, хөдөлмөрийн гэрээний 5.2, 5.8 дахь заалтуудыг баримтлан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил үүргийн чиглэлийн дагуу удирдлагаас өгөгдсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй удаа дараа буцаасан, эсэргүүцсэн, үүнээс болж хугацаат бичгийн хариу саатсан, улсын хэмжээнд явагдсан вакцинжуулалтын ажлыг идэвх санаачилгатай зохион байгуулаагүй, хайнга хандсан сургуулийн эмч Н.Бг цаашид ажил үүргээ ухамсарлан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хатуу анхааруулж, өмнө нь авч байсан ур чадварын нэмэгдлийн 10 хувийг цуцалсан байна.
Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д захирлын эдлэх эрхийн талаар заасан байх ба мөн хуулийн 20.1.1-д холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохих шийдвэр гаргаж хэрэгжүүлэх; 20.1.7-д сургуулийн барилга байгууламж дахь хоол үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай байр, талбай, тоног төхөөрөмжийг нийтийн өмчийг ашиглах, эзэмших, захиран зарцуулахтай холбогдох хууль тогтоомж, эрх зүйн актаар тогтоосон журмын дагуу нээлттэй сонгон шалгаруулалтаар зориулалтын дагуу түрээслүүлэх эрхтэй гэж заажээ.
Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн дотоод журмын хорин хоёрдугаар зүйлийн 22.3-т дараах тохиолдолд ажилтныг хөдөлмөрийн сахилга зөрчсөнд тооцно, 22.3-ын 5-д Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд шат дараалсан арга хэмжээ авна, 26 зүйлийн 26.2-т Ёс зүйн зөрчилд дараах зөрчлийг тооцно 26.2.1-д ажил мэргэжлийн зөв шаардлагыг мушгин гуйвуулах, хүлээн авахгүй зүй бусаар харьцах гэж тус тус зохицуулсан байна.
Ажил олгогчоос ажилтан Н.Бтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний тавдугаар зүйлд ажилтны хүлээх үүргийг зохицуулсан бөгөөд 5.2-т Ажил үүрэгтэй холбоотой бүх шаардлагыг бүрэн хангаж, хариуцах, 5.8-д удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь зохих шаардлагын хэмжээнд бүрэн, хангалттай биелүүлэх гэж харилцан тохиролцжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд хөдөлмөрийн сахилгын шийтгэлийн талаар зохицуулсан бөгөөд 131.1 Ажил олгогч буюу түүний хууль ёсны төлөөлөгч, эрх олгогдсон албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд дор дурдсан хэлбэрийн сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулна. 131.1.1 сануулах, 131.1.2 үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, 131.1.3 ажлаас халах гэж тус тус заажээ.
Ажил олгогчоос хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д заасан сахилгын шийтгэлийн аль нэг хэлбэрийг сонгон шийтгэл ногдуулдаг байтал дээрх зүйл заалтад байхгүй ажил үүргээ ухамсарлан, ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ хатуу анхааруулж, өмнө нь авч байсан ур чадварын нэмэгдлийн 10 хувийг цуцлах шийдвэр гаргасан нь хуульд нийцээгүй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэх тул ажилтан Н.Бгийн ур чадварын нэмэгдлийг тодорхой хувиар бууруулсан нь хуульд нийцээгүй байна.
Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын дэргэдэх хурлын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн тэмдэглэлээс үзэхэд 1. Сургуулийн эмч Н.Бгийн 3 өргөдлийн хариуг өгөх 2. Сургуулийн эмч Н.Бгийн ажил үүрэг, гүйцэтгэлтэй холбоотой асуудлын талаар хэлэлцсэн байх ба шийдвэрлэсэн хэсэгт Эмчийн өргөдлийн хариуг өгсөн, Сургуулийн эмчийн ур чадварын 10 хувийг хасах шийдвэр гаргаж байна гэж дурджээ. Гэвч тухай хурлаар Н.Бгийн ажил үүрэг, гүйцэтгэлтэй холбоотой байдлыг дүгнэсэн байдлыг шийдвэрлэхгүйгээр шууд ур чадварын 10 хувийг хасахаар шийдвэрлэсэн нь ойлгомжгүй болжээ.
Ажил олгогчоос гаргасан тушаалд дурдсан зөрчлүүдийг гаргасан болох нь нотлох баримтаар тогтоогдохгүй байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчээс 2019 оны 04, 05, 06-р сарын урамшууллын мөнгөнөөс сар бүр 12 хувь хасагдсан 120000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримт болох сургалтын менежер Цын гаргасан тооцооноос үзэхэд 2019 оны 1-р улиралд Н.Бгийн авах урамшууллын хэмжээ нь 45 хувь байсан бах ба 2019 оны 2-р улиралд авах урамшуулан хэмжээг 33 хувь болж буурсан байна. Н.Бд 1-р улиралд 45 хувийн урамшуулал олгож байсан байх ба 2-р улиралд 33 хувь болгож бууруулсан үндэслэл нь тодорхойгүй, ямар үнэлгээ, шийдвэрийг үндэслэн бууруулж тооцож олгосон талаар нотлох баримтгүй байх тул зөрүүг нь гаргуулж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Н.Б нь сард 616482 төгрөгийн цалинтай болох нь сургуулийн нягтлан бодогч тодорхойлолтоор тогтоогдож байх ба 2 улиралд олгох урамшууллын мөнгө нийт 12 хувиар буурсан байх тул 73978 /616482х12%=73977.84/ төгрөгийг хасагдсан байх тул энэхүү мөнгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй байна.
Урамшуулал олгохдоо сар бүр 12 хувь хасаг даагүй бөгөөд улиралд 12 хувиар хасагдсан тул Н.Бгийн илүү нэхэмжилсэн 46022 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон.
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 128 дугаар зүйлийн 128.1.11 -д заасныг тус тус баримтлан Б аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн захирлын 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн Ур чадварын нэмэгдлийг цуцлах тухай Б/47 дугаартай тушаалыг хүчингүй болгож, Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас ур чадварын нэмэгдлээс хасагдсан 56000 төгрөг, 2019 оны 2 дугаар улирлын урамшууллын мөнгөнөөс хасагдсан 73978 төгрөгийг гаргуулж Н.Бд олгож, илүү нэхэмжилсэн 46022 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9100 төгрөгийг, Б аймгийн Ө сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас 70200 төгрөгийг гаргуулан тус тус улсын орлого болгож, хариуцагч Б аймгийн Ө сумын Ерөнхий боловсролын 2 дугаар сургуулиас 4550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Бд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК