| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2024/0299/З |
| Дугаар | 221/МА2025/0202 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2025/0202
“Ю*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Т.Энхмаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш*******
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч “Ю*******” ХХК
Хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд
Нэхэмжлэлийн шаардлага: Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын “Ю*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0922 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш*******, А.М*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжин
Хэргийн индекс: 128/2024/0299/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Ю*******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан “Байгаль орчин, аялал жуулчлалын сайд /хуучин нэрээр/-ын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын “Ю*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 128/ШШ2024/0922 дугаар шийдвэрээр:
“Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Ю*******” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад холбогдуулан гаргасан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалын “Ю*******” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ш******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “...Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж нэхэмжлэгчийн зүгээс үзэж байна. Учир нь хариуцагч захиргааны байгууллагын гаргасан 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаал нь хуульд нийцсэн тушаал биш юм.
Хариуцагч байгууллагын зүгээс маргааны гол үндэслэлээ Богдхан уулын дархан цаазат газрын хилийн цэсийг өөрчлөн тогтоосон бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын эрх мэдлийн газар бус нийслэлийн эзэмшлийн газарт газар ашиглах эрх олгосон байсан тул тухайн асуудлыг залруулж шийдвэр гаргасан гэж маргадаг.
Тэгвэл захиргааны актын хууль зүйн үндэслэл нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 40 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалт, Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4 дэх заалт, Улсын Их Хурлын тогтоолыг тус тус үндэслэсэн байхад анхан шатны шүүх хууль зүйн үндэслэлтэй захиргааны акт гэж дүгнэсэн. Гэтэл тус хуулийн үндэслэлээр газар ашиглагчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгож шийдвэрлэх боломжгүй юм.
Учир нь хэрвээ захиргааны байгууллага, албан тушаалтан өөрт олгогдоогүй эрхийг хэрэгжүүлж захиргааны акт гаргасан бол тус захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуульд заасан илт хууль бус захиргааны акт болох бөгөөд анх гарсан цагаасаа эхлэн илт хууль бус захиргааны актад тооцогдох бөгөөд нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн зүгээс тус хугацаанд зарцуулсан хөрөнгө мөнгөө иргэний журмаар нэхэмжлэх эрхээ хэрэгжүүлэх зэрэг эрх нээлттэй болох ёстой. Гэтэл анхан шатны шүүх хуулийг хэт нэг талд буруу тайлбарлан, үндэслэлгүй захиргааны актыг хуульд нийцсэн гэж дүгнэж шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.
Хариуцагч захиргааны байгууллагад шинэ захиргааны акт гаргах зарчмын хүрээнд актаа зөвтгөх, нөгөөтэйгүүр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхтэй газрын солбилцолыг өөрчилж, тусгай хамгаалалттай газар нутагт оруулан шийдвэрлэх бүрэн боломж хариуцагчид байгаа гэж үзэж байна.
Тиймээс захиргааны акт гаргахаас өмнө хуулийн дагуу сонсох ажиллагааг явуулсан бол нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч байгууллагатай зөвшилцөж солбилцол өөрчлөх эсхүл захиргааны актыг зөвтгөх боломж байсан.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.
1.Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/634 дүгээр тушаалаар нийт 59 иргэн, хуулийн этгээд, түүний дотор нэхэмжлэгч “Юу би экүпмент” ХХК-ийн Богдхан уулын дархан цаазат газрын Ташгайн аманд байрлах 52589.2 мкв газрын ашиглах эрхийг хүчингүй болгосон гол үндэслэл нь Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2022 оны 08, 2023 оны 03 дугаар тогтоол байх бөгөөд тухайлбал 8 дугаар тогтоолоор Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын тодруулж зурагласан “Богдхан уулын дархан цаазат газар”-ын хилийн заагийг хянан баталгаажуулж мөрдүүлэх, газар ашиглалтын харилцаа үүсгээгүй газруудыг хамгаалалтын бүсэд оруулж, хамгаалалтыг сайжруулахыг, 3 дугаар тогтоолоор өмнөх 8 дугаар тогтоолын хэрэгжилтийг бүрэн хангахыг, мөн Богдхан уулын хилийн заагийн мэдээллийг холбогдох мэдээллийн санд Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу бүртгэж, газрын харилцаатай холбоотой үйл ажиллагаанд мөрдөж ажиллах, хилийн заагийн эргэлтийн цэгийг газарт бэхэлж, тэмдэгжүүлэхийг тус тус Засгийн газарт чиглэл болгожээ.
Нэхэмжлэгчид ашиглуулахаар олгосон Богдхан уулын Ташгайн аманд орших дээрх газрын хил зааг анх тусгай хамгаалалттай газарт хамрагдаж байсан учраас Сайдын 2022 оны А/605 дугаар тушаал гарч, нэхэмжлэгчид газар ашиглах эрх үүссэн, гэтэл маргаан бүхий тушаалд “…Богдхан уулын дархан цаазат газрын хил заагийг алдаатай болохыг харилцан зөвшөөрч, …Жаргалантын ам, Ташгай амны хилийн цэст залруулга оруулсан…” гэсэн нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолд нийцсэн эсэхэд шүүхээс огт дүгнэлт өгөлгүйгээр зөвхөн төрийн байгууллага хоорондын харилцан санал солилцсон албан бичиг болон хүсэлтийн агуулгыг тоочиж, мөн хэт ерөнхийлөх байдлаар “…Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах” бүрэн эрхийг хэрэгжүүлж, маргаан бүхий тушаалыг гаргасан нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2-т нийцсэн, нэхэмжлэгчийн шүүхээр хамгаалагдах, сэргэх эрх байхгүй болох нь үйл баримтаар тогтоогдсон…” гэж дүгнэсэн нь хангалтгүй.
Иймд энэхүү маргааныг шийдвэрлэхийн тулд нэхэмжлэгчийн ашиглаж байсан газар анхнаасаа дархан цаазат газарт хамаардаггүй байсан уу, эсхүл дээрх байдлаар хилийн заагийг өөрчлөгдсөнөөс, магадгүй хилийн заагт алдаа гарсныг зассанаас шалтгаалж одоогийн маргаан бүхий нөхцөл байдал үүссэн үү, түүнчлэн ямар алдааг хэрхэн зөвтгөсөн зэрэгт хамааралтай нотлох баримтыг бүрэн цуглуулах, цаашлаад цугларсан нотлох баримтын хүрээнд Улсын Их Хурлын тогтоолоор тогтоосон хилийн заагийг тодотгосон уу, эсхүл өөрчилсөн үү гэдэгт, угтаа аль ч тохиолдол нь Улсын Их Хурлын тогтоолд нийцсэн эсэхэд шүүхээс дүгнэлт өгөх шаардлагатай.
2.Өөрөөр хэлбэл маргаан үүсэх болсон үндэслэл нь Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг газрын мэдээллийн санд өөрчлөгдөж бүртгэгдсэнтэй холбоотой байхад шүүхээс цаг хугацааны хувьд нэхэмжлэгчид анх газар ашиглуулах үед Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолын дагуу Ташгайн амны хилийн заагийг хэрхэн тогтоож байсан талаарх нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй, мөн нэхэмжлэгчээс үл хамаарах шалтгаанаар газар ашиглах эрхийг ийнхүү хүчингүй болгох тохиолдолд давж заалдах гомдолд дурдсанчилан нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх, ашиг сонирхлыг цаашид хэрхэх талаар эрх бүхий этгээдээс чиглэл өгсөн эсэхийг ч тодруулах нь зүйтэй.
3.Хэргийн 37 дугаар талын арын хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн ашиглах эрх бүхий газрын нэгж талбарын байршлын зургаас үзэхэд Богдхан уулын дархан цаазат газрын Ташгай амны хилийн зааг Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоолоор тогтоосон заагаас багассан буюу байршил илтэд өөрчлөгдсөн байх тул ийнхүү өөрчлөгдөх болсон шалтгаан нөхцөлийг тодруулах ажиллагааг огт хийгээгүй, хэдийгээр Улсын Их Хурлын байнгын хорооны хуралдаанаар Богдхан уулын дархан цаазат газрын хилийн зааг алдаатай байгааг зөвтгөх талаар хэлэлцэгдсэн нь хуралдааны тэмдэглэлээр, мөн Нийслэлийн Засаг дарга, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд болон Барилга, хот байгуулалтын сайдын албан бичгүүдээр тус тус тогтоогдох боловч эдгээрт дурдагдсан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын Газрын мэдээллийн санд оруулсан гэх зураглал нь Улсын Их Хурлын 1995 оны 26 дугаар тогтоол, түүний хавсралтад заасантай тохирч байгаа эсэх, байнгын хорооны тогтоолоор өгсөн үүргийн дагуу Засгийн газрын шийдвэр гарсан эсэх, уг шийдвэрийн дагуу мэдээллийн санд өөрчлөлт оруулсан эсэх, нэхэмжлэгчийн газар ашиглах эрх олж авах үед газрын мэдээллийн санд ямар байдалтай байсан болон байнгын хорооны тогтоолын дараа ямар байдалтай болж өөрчлөгдсөнийг харуулах баримтууд бүрэн авагдаагүй байна.
Нэгэнт маргааныг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдолтой баримтууд бүрэн цуглараагүй байх тул тушаалын хууль зүйн үндэслэлийн талаар анхан шатны шүүхийн дүгнээгүй орхигдуулсныг давж заалдах шатны шүүхээс гүйцээн дүгнэх боломжгүй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 922 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч Н.Ш*******ын давж заалдах гомдлыг хангаж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Т.ЭНХМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН