Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 118/ШШ2021/0025

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Н.Амарзаяа даргалж тус шүүхийн танхимд явуулсан шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох

Завхан аймгийн ******* сумын нутагт орших Тоглойн худаг нэртэй 11200Х тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б*******,

шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Алтанзул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани нь Завхан аймгийн ******* сумын нутагт орших Тоглойн худаг нэртэй 11200Х тоот хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмшин геологи хайгуулын ажил явуулж ирсэн.

Уг тусгай зөвшөөрөл бүхий талбайд нийтдээ 1 029 941,5 /нэг тэрбум хорин есөн сая есөн зуун дөчин нэгэн мянга таван зуун/ төгрөг зарцуулан хайгуулын ажил хийсний дүнд хайгуулын ажлын үр дүнгийн тайлан боловсруулан Уул уурхай хүнд үйлдвэрийн Яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн нөөцийг Монгол Улсын эрдэнэсийн нөөцийн нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлсэн.

Гэтэл уг тусгай зөвшөөрөл бүхий талбайн ******* суманд байрлах хэсгийг бүхэлд нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 40 тоот тогтоол гаргаж орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн.

Нэг. Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т ...шударга ёс,...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэж, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-т Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь ...үйл ажиллагаандаа ... хууль дээдлэх зарчим баримтлана гэжээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэж хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулинд газрыг нөхөх олговортойгоор улсын тусгай хэрэгцээнд авах, нөхөх олговорын асуудлыг газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцох гэсэн заалтууд агуулж байгаагаас харахад иргэдийн Хурал газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авахаас өмнө нөхөн төлбөрийн асуудлыг Засаг дарга манай компанитай тохиролцох, Хурал эцэслэн шийдвэрлэх ёстой байсан. Нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан боловч шийдвэрлээгүй байна.

Ашигт малтмал, газрын тосны газарт хандахад хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулах шаардлагатай гэсний дагуу Аудитын компани сонгон дүгнэлт гаргуулах тухай ******* сумын удирдлагад хүсэлт явуулсан боловч хариу ирүүлээгүй. Иймээс 2020 оны 10 сард Нийслэл Аудит компаниар аудитын дүгнэлт гаргуулахаар хандаж, 2020 оны 11 сараас эхлэн тус аудитын компани бичиг баримтын шалгалтын ажлаа эхлүүлсэн.

Гэвч улс орон даяар тогтоосон хөл хорио, онцгой нөхцөл байдлын дэглэмээс шалтгаалан ажил нь удааширч 2021 оны 1 сард дуусч дүгнэлт гарсан.

******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурал хуралдах гэж байгаа сураг сонсож, аудитын дүгнэлтээ илгээн, тус хурлаар хэлэлцүүлсэн боловч нөхөх олговрын асуудлаар тодорхой шийдвэр гарсангүй, харин тогтоолоо хүчингүй болгох боломжгүй гэсэн хариу өгсөн ба нөхөх олговрыг хэрхэн шийдвэрлэх тухай огт дурдаагүй юм.

Иймээс Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасныг үндэслэн ******* компани нь Завхан аймгийн ******* сумын нутагт орших Тоглойн худаг нэртэй 11200Х тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул нөхөх олговрын асуудлыг шийдвэрлэхийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* ХХК нь Завхан аймгийн ******* сумын нутагт орших Тоглой худаг нэртэй газарт 11200ХV тусгай зөвшөөрлийн хүрээнд оногдсон талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон тул нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд ******* ХХК нь ******* сумын нутагт орших Тоглой худаг нэртэй 11200ХV тусгай зөвшөөрлийг эзэмшиж геологи хайгуулын үйл ажиллагаа явуулж ирсэн. Тусгай зөвшөөрлийн талбайд нийтдээ 1 тэрбум 29 сая 941 мянган төгрөгийг зарцуулж хайгуулын ажил хийсний дүнд хайгуулын ажлын тайлан боловсруулах, Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж нөөцийг нэгдсэн тоо бүртгэлд бүртгүүлсэн байгаа. Гэтэл ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 40 тоот тогтоол гаргаж тухайн газрыг бүхэлд нь орон нутгийн тусгай хамгаалалтад авахаар шийдвэрлэсэн. Энэ нь Ашигт малтмалын тухай хуульд зааснаар тусгай хэрэгцээнд авсан бол нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр хуульчилсан. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуульд заасан Хурлын бүрэн эрх, Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар ..хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авсан бол нөхөн олговрыг 1 жилийн дотор төлнө гэж хуульчилсан. Ингээд нөхөн төлбөрийн асуудлыг 1 жилийн дотор шийдвэрлээгүй учраас тус компаниас нөхөн төлбөрийн хэмжээ, нөхөн төлбөрийн хугацааны талаар буюу Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар тохиролцох, тухайн асуудлыг Хурлаар хэлэлцүүлэх асуудлыг шийдвэрлүүлэхээр удаа дараа хандсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй учраас хөндлөнгийн байгууллагаар дүгнэлт гаргуулж, дүгнэлтээр тогтоогдсон нөхөн олговрыг төлөх асуудлаар тохиролцохоор 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр компанийг төлөөлж миний бие хүсэлтээ, албан бичгийн хамт авч очсон боловч хуралд өмгөөлөгч намайг оролцуулаагүй бөгөөд нэгэнт сумын Хурал болсон учраас бид уг асуудлыг хурлаар хэлэлцээд хариу өгөхийг нь хүлээж байтал тогтоолоо хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн хариу өгсөн. Иймд нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа эс үйлдэхүй нь өөрөө Монгол Улсын Үндсэн хуульд заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим, хууль дээдлэх зарчим, мөн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд шийдвэр гаргах ёстой боловч шийдвэр гаргахгүй эс үйлдэхүй гаргаж байна. Ийм учраас нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгаж өгөөч гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4, 14.5-д заасны дагуу шийдвэр гаргасан байгууллага өөрөө төлнө. Харин төрийн захиргааны байгууллага аль аль тал нь тохиролцоогүй тохиолдолд аудитын актыг үндэслээд төрийн захиргааны байгууллага нөхөн олговрын хэмжээг тогтоохоор хуульчилсан. Түүнээс төрийн захиргааны байгууллага шийдвэрлэнэ гэсэн үг биш. Нөгөө талаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын бас нэг яриад байгаа зүйл нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл чинь хүчинтэй байсан юм бол яах гэж тусгай хэрэгцээнд бүртгэж авсан юм бэ? гэсэн асуудал ярьдаг. Тэгэхээр кадастрын газар бүртгэх ёстой. Харин тусгай хэрэгцээнд авсан учраас нөхөн олговрын асуудлыг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэх ёстой. Өмнө нь шүүх хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж байна. Энэ нь 2018 оны 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой. Хэдийгээр энэ нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон боловч тухайн Хурлын шийдвэрийг хүчин төгөлдөр гэж үзнэ. Тийм учраас Хурал нь нөхөн төлбөрийг төлөх үүргийг хүлээнэ. ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь захиргааны акт гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасан эс үйлдэхүй гаргасан байна. Захиргааны ерөнхий хууль болон Үндсэн хуульд заасан зарчмуудыг зөрчиж байна. Хурал нь өөрийнхөө шийдвэрийг хууль зөрчиж хамгаалж байгаа нь эс үйлдэхүй гаргаж байна гэж үзэж байна. Тусгай зөвшөөрөл одоогоор хүчингүй болоогүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.

Хариуцагч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зүгээс ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагад туссан ******* сумын нутагт орших Тоглын худаг нэртэй ХV-11200 тоот тусгай зөвшөөрөл хуулийн хүрээнд цуцлагдсантай холбоотойгоор хариуцагч талаас 1 тэрбум гаран төгрөг нэхэмжилж байгаа нь ямар ч эрх зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байна.

Нэг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь холбогдох хуулийн хүрээнд өөрт ногдсон үүргийг хангалтгүй биелүүлж цаг тухай бүрд хайгуулын ажлын төлөвлөгөө, тэдгээрийн хэрэгжилт тайлагналтыг хугацаа хэтрүүлж, сумтай харилцан хамааралгүй явсан асуудлаас тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх хугацаа дуусгавар болж цуцлагдсан байдаг. Энэ нь өмнөх шатны шүүх хурлуудын процесс тэмдэглэлээс тодорхой харагдана.

Хоёр. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллагын бүрэн эрхийн хүрээнд хөндөгдсөн асуудал гэж үзэж байна. ******* компанийн өөрийн хариуцлагагүй байдлаас тухайн тусгай зөвшөөрөл цуцлагдсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан заалтын хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан. Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.5-д заасан эрхийн хүрээнд энэ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.23-т заасан дүгнэлт гаргуулах тухай хүсэлтийг төрийн захиргааны байгууллагад тавин шийдвэрлүүлсэн.

Гурав. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөн олговрыг 1 жилийн дотор төлнө гэж заасан байна. Гэвч ******* ХХК нь манайхтай гэрээ байгуулан харилцан тохиролцсон болон үүний дүнд газрыг тусгай хэрэгцээнд өгч авалцаагүй, тухайн талбай нь холбогдох хуулийн зохицуулалтаар хугацаа нь дууссан цуцлагдсан байсныг дахин дурдая.

Дөрөв. Тусгай зөвшөөрөл бүхий газруудын бүх мэдээлэл Ашигт малтмал газрын тосны газар кадастрын хэлтэст хянагдаж бүртгэгдэж явдаг.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал хуулийн хүрээнд хурлаа хуралдуулан гаргасан тогтоол шийдвэрээ Кадастрын хэлтэст хүргүүлж түүнийг холбогдох газар нь хянаж үзээд орон нутгийн тусгай хэрэгцээний газраар бүртгэсэн байдаг. Үүнийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 7/1713 тоот бичгээс харж болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан заалтын хүрээнд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна.

Тав. Тухайн газрыг орон нутгийн тусгай хэрэгцээний газраар бүртгэсэнтэй холбоотойгоор болон хайгуулын эрхээ сэргээлгэх сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 40 тоот тогтоолыг хүчингүй болгуулах зорилгоор ******* ХХК-ийн зүгээс Завхан аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гомдол гаргасныг анхан шатны шүүхээс 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 96 дугаар захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үндэслэлийг уг захирамжид тодорхой тусгасан байдаг. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулахаар тухайн компанийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан байна. Үүнийг давж заалдах шатны шүүх хэлэлцээд 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр 646 тоот тогтоолоор 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 96 дугаар захирамжийг хэвээр үлдээх шийдвэр гаргасан. Ингэсээр байтал тухайн компанийн зүгээс өөрийн эс үйлдэхүйг заавал бусдад тохохоор зүтгэж байгаа нь тухайн компани нь асуудалд хэрхэн ханддаг болоод бодит байдал нь харагдаж байна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгч талаас гаргасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

******* ХХК нь Завхан аймгийн *******, Дөрвөлжин сумдын нутаг дахь Тоглойн худаг нэртэй газар орших 11200Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг[1] эзэмшиж байсан байна. Уг тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2011 оноос 2019 он хүртэл хайгуулын үйл ажиллагаа явуулж нийт 1,003,443,425 төгрөгний зардал гаргасан талаар Нийслэл аудит ХХК-ийн 2021 оны 01 сарын 08-ны өдрийн хараат бус баталгаажуулах ажлын тайлан[2]-д тодорхойлжээ.

Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 01 сарын 22-ны өдрийн 40 дүгээр тогтоолоор[3] Тоголын худаг орчмын ******* сумын нутаг дэвсгэрт хамаарах 287,21 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авснаас тус нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон гэж үзэж тухайн нутаг дэвсгэрт хайгуулын үйл ажиллагаа явуулсны зардал болох дээрх нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих шийдвэр гаргахыг даалгуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т Хүчин төгөлдөр хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн тусгай хэрэгцээнд авснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч ашигт малтмал эрэх, хайх, ашиглах боломжгүй болсон бол тухайн шийдвэр гаргасан байгууллага тусгай зөвшөөрөл эзэмшигчид нөхөх олговрыг нэг жилийн дотор төлнө гэжээ.

Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Энэ хуулийн 14.4-т заасан нөхөх олговрын хэмжээ, төлөх хугацааг тусгай зөвшөөрөл эзэмшигч болон тухайн газрыг тусгай хэрэгцээнд авах шийдвэр гаргасан байгууллага хоорондоо тохиролцон тогтоох бөгөөд тохиролцоонд хүрээгүй бол эрх бүхий хөндлөнгийн этгээдийн дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны байгууллага тогтооно гэж зааснаас үзвэл хайгуулын тусгай зөвшөөрөл бүхий газрыг тусгай хэрэгцээнд авсан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь эхний удаад нөхөн олговрын хэмжээ, төлөх хугацааг нэхэмжлэгч ******* ХХК-тай тохиролцон тогтоохоор байна.

Үүний дагуу нэхэмжлэгч ******* ХХК нь нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр 2021 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 21/01 дүгээр албан бичгээр[4] Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд ханджээ.

Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 01 сарын 13-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс харахад нөхөн олговорын хэмжээ, төлөх хугацааны талаар хэлэлцэж шийдвэрлээгүй болох нь тогтоогдож байх бөгөөд 2021 оны 02 сарын 08-ны өдрийн 02 дугаар албан бичгээр[5] нэхэмжлэгчид хариу өгөхдөө ИТХ-ын 2018 оны 40 дүгээр тогтоолыг хүчингүй болгох шаардлагагүй гэсэн хариу өгснөөс нөхөн олговрын асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн нь тодорхойгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж зааснаар даалгах нэхэмжлэлийн шаардлагын хувьд хариуцагчийн эс үйлдэхүй, татгалзал хууль бус байхын зэрэгцээ тухайн захиргааны байгууллагын бүрэн эрхэд хамаарах асуудлыг шийдвэрлүүлэхээр гаргасан байх учиртай.

Нэхэмжлэгч компаниас нөхөн олговрын асуудлыг шийдвэрлүүлэхээр ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хандсан байх боловч Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасны дагуу тухайн нөхөн олговрыг төлөх эсэх, төлөх хэмжээ, хугацааны талаар хуралдаанаар хэлэлцүүлж ямар нэгэн хариу өгөөгүй байх тул эс үйлдэхүй байна гэж үзэхээр байна.

Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2019 оны 05 сарын 31-ний өдрийн 19 дүгээр албан бичгийг[6] Ашигт малтмал газрын тосны газарт хүргүүлэхдээ ******* ХХК-ийн хайгуулын зардал болох 1,025,000,000 төгрөгийг төлөх боломжгүй тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ. 2019 оны 05 сарын 31-ний өдөр тус хурлын хуралдаан хуралдаагүй зөвхөн хурлын дарга тухайн хариуг өгсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Харин тус сумын Хурлын хуралдааны 2019 оны 05 сарын 24-ний өдрийн хуралдааны тэмдэглэлээс[7] харахад нөхөн олговрын талаар хэлэлцсэн байх боловч ямар нэгэн шийдвэр гаргаж өгөөгүй байна

Иймд нэхэмжлэгч ******* ХХК-ийн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, зохих шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй байна.

Хариуцагчаас ******* ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хугацаа дуусгавар болсон тул тусгай хамгаалалтад авсан гэж маргаж байх боловч Ашигт малтмал, газрын тосны газрын 2021 оны 05 сарын 05-ны өдрийн 8\1897 дугаартай албан бичгээр[8] тухайн компанийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгааг тодорхойлсон байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан ******* ХХК-ийн нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэхгүй байгаа Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэж, хариу өгөхийг ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.АМАРЗАЯА

 

 


[1] Хавтаст хэргийн 6-р хуудаст

[2] Хавтаст хэргийн 10-р хуудас

[3] Хавтаст хэргийн 146-р хуудас

[4] Хавтаст хэргийн 19-р хуудас

[5] Хавтаст хэргийн 21-р хуудас

[6] Хавтаст хэргийн 141-р хуудас

[7] Хавтаст хэргийн 66-68-р хуудас

[8] Хавтаст хэргийн 105-р хуудас