| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2019/0433/И |
| Дугаар | 579 |
| Огноо | 2019-09-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 24 өдөр
Дугаар 579
Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Т овогт Кы С /рд:, утас: /-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 2 дугаар багт оршин суух, Т овогт Мын Х /рд:, утас: /,
Хариуцагч: Б аймгийн Ө сумын 11 дүгээр багт оршин суух, Ж овогт Кы К /рд:, утас: / нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч К.С, хариуцагч М.Х, К.К, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэлийн шаардлага: 5000000 төгрөгийг гаргуулах тухай.
Нэхэмжлэгч К.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие К.С нь валютын ченж хийдэг. Иргэн М.Х, К.К нар хамт ирж 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр надаас 400000 рубль зээлээр авсан. Энэ нь тухайн үеийн ханшаар монгол мөнгөөр 13000000 төгрөг юм. Үүнээс М.Х нь 8000000 төгрөгийг төлж өгсөн. Үлдсэн 5000000 төгрөгийг элдэв шалтаг зааж өгөхгүй намайг 3 жилийн турш хохироож байна. Иймд эдгээр хүмүүсээс миний 5000000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүсэж байна гэжээ.
Хариуцагч К.К шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие К овогтой К 2016 оны 06 дугаар сард М овогтой Хтай хамт С ахаас 400000 рубль авсан нь үнэн юм. Энэ үед К Орос улсаас ачаа оруулах визтэй байсан учир бид мөнгө өгч авхуулдаг байлаа. Харин С ахаас авсан мөнгөнд надад 20 тонн байцаа авчирч өгөх ёстой байсан. Гэтэл тэр үед байцаа авчирч өгөөгүй юм. Уг мөнгөөр Б гэдэг бидэнтэй хамт наймаа хийдэг залууд лууван авчирч өгсөн юм. Үүнийг Б нотлох болно. Тийм учир уг мөнгийг С ахад төлөх болсон юм. Энэ хугацаанд би тэдний хооронд оролцоогүй билээ. Кадрын С ахад бичиг өгсөн бичгийг анх удаа харж байна. Үүнд би гомдолтой байна. Яагаад гэвэл С ахтай бид хамт байхад уг мөнгийг Х төлж өгөхөөр болсон юм. Үүнд миний ороолцоо байгаагүй билээ. С өөрөө мэдэж байгаа гэв.
Хариуцагч М.Х шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Миний бие М овогтой Х 2019 оны 09 дугаар сарын 18-ны өдөр Саас К.Ктай хамт 400000 рубль авсан нь үнэн болно. Тэр үед миний гадаад паспортын хугацаа дуусаж С миний захиалсан гадаад паспортыг барьцаалж К.Кгаас мөнгө авч өг гэсэн. С К.Кд өгсөн мөнгийг надаас авсан. Би төлж өгөх ёсгүй. Гадаад паспорт барьцаанд байсан учраас 8000000 төгрөгийг бэлнээр төлж өгсөн маань үнэн болно гэв.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ талаар тайлбарлахдаа: Би М.Х, К.К нарт удаа дараа валют өгч байсан. Бид нар мөнгө өгөөд заримдаа зээлээр авдаг байсан. Тэр өдөр М.Х, К.К нар ирээд 17 сая төгрөг авсан. Бэлнээр өгсөн 13 сая төгрөгийг зээлээр авсан. Өөрөөр хэлбэл хэд хоногийн дараа авчирч өгч дуусгана гэж хэлсэн. М.Х 2-3 жилийн хугацаанд 9 сая төгрөгийг төлж өгсөн. Гэтэл үлдсэн 4 сая төгрөгийг М.Х, К.К нар хоорондоо маргаж төлж өгөхгүй байна. Иймд 4 сая төгрөгийг өгөөгүй учир шүүхэд хандсан. Энэ хоёр хүнд хэн нь төлж өгөх юм бэ гэсэн боловч хоёулаа төлж өгөхгүй байна. М.Х, К.К нар хамт ирээд авсан учраас хоёулаа төлж өгөх ёстой гэж үзэж байна. М.Х 9 сая төгрөгийг төлж өгсөн. Үлдсэн 4 сая төгрөгийг К.К төлж өгнө гэсэн боловч одоо хүртэл төлөхгүй байна гэв.
Хариуцагч М.Х шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: К.С ахаас очоод мөнгө авахдаа К.Ктай хамт очиж авсан. 400000 рубль байсан, бэлэн мөнгө өгөөд бусдыг нь зээлээр бичүүлсэн. Бид хоёр гадаа гараад явахдаа тэр мөнгийг надад өгөөд юм захисан. Тэгээд К.С ахад би төлөх мөнгөө төлж өгнө, бусдыг нь К.К төлж өгнө гэж хэлсэн. Би эхлээд 8 сая төгрөгийг төлж өгөөд сүүлд нэг сая төгрөгийг төлж өгсөн. Үлдсэн мөнгийг К.К төлж өгнө гэдгийг хэлсэн байгаа. Би төлөх мөнгөө төлсөн гэв.
Хариуцагч К.К шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Тухайн үед М.Х визтэй байсан. Би М.Хыг явах болгонд мөнгө төгрөгөө өгч ачаа бараагаа захидаг байсан. Тухайн үед би жимстэй хамт 20 тонн байцаа захисан. Тэгээд К.С ахад би 20 тонн байцаа захимаар байна, та 20 тонн байцааны мөнгийг өгөөрэй М.Х 20 тонн байцаа авчирч өгнө, тэгээд би мөнгийг нь өгье гэхэд зөвшөөрч өгсөн. Бид нар угаасаа хоорондоо тийм харилцаатай хүмүүс байсан. Тэгээд М.Х ачаандаа явсан боловч надад 20 тонн байцаа авчирч өгөөгүй. М.Х тэр үед лууван авчраад өөр хүнд өгөөд шатсан байсан. Үүнийг бол бид нар харсан. Тэгээд М.Х К.С ахтай энэ мөнгийг би төлж өгнө, би шатсан байгаа, та сонссон байгаа биз дээ, би бараандаа явж байгаад төлж өгнө гэж хэлсэн байсан. Үүгээр асуудал дууссан. Миний нэр дээр бичиг өгсөнд гайхаж байна, гомдолтой байна. Яагаад гэвэл надад нэг ч кг ачаа авчирч өгөөгүй мөөртлөө энэ мөнгийг надаар төлүүлэх гэж байгаад М.Хт гомдолтой байна гэв.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч К.С нь хариуцагч М.Х, К.К нараас зээлээр өгсөн мөнгөний үлдэгдэл болох 5000000 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч К.С нь нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие валютын ченж хийдэг бөгөөд М.Х, К.К нар хамт ирж 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 400000 рубль зээлээр авсан ба үүнээс М.Х нь 8000000 төгрөгийг өгч, үлдсэн 5000000 төгрөгийг элдэв шалтаг зааж өгөхгүй байгаа тул М.Х, К.К нараас 5000000 төгрөг гаргуулж өгөхийг хүсэж байна гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргасны дараа хариуцагч М.Х нь 1000000 төгрөгийг төлж өгсөн байх тул М.Х, К.К нараас 4000000 төгрөг гаргуулж өгөхийг шаардсан байна.
Хариуцагч М.Х нь Саас 13000000 төгрөгийн рублийг К.Кгийн хажууд би байсан нь үнэн, үүнээс 9000000 төгрөгийг би төлж өгсөн, үлдсэн мөнгийг К төлөх ёстой гэж тайлбарлажээ.
Хариуцагч К.Кгаас Миний бие 2016 оны 6 сард М.Хтай хамт Саас 400000 рубль авсан нь үнэн. М.К нь Оросын холбооны улсаас бараа оруулах визтэй байсан учраас бид мөнгөө өгч ачаа авхуулдаг байсан бөгөөд М.Х нь Саас авсан мөнгөнд надад 20 тонн байцаа авчирч өгөхөөр болсон боловч өгөөгүй тул миний бие уг мөнгийг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч хариуцагч нарын дээрх тайлбараас үзэхэд нэхэмжлэгч К.С болон М.Х, К.К нарын хооронд зээлийн гэрээний харилцаа, М.Х нь К.Кд Оросын холбооны улсаас бараа бэлтгэн нийлүүлэхээр болсон тул хариуцагч М.Х, К.К нарын хооронд худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Нэхэмжлэгч К.Саас шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлага болон мөнгө зээлж авсан талаар хэнтэй тохиролцсоныг тодруулж асуухад хариуцагч М.Х, К.К нартай тохиролцож мөнгийг тухайн хүмүүст олгосон тул зээлээр авсан 13000000 төгрөгөөс үлдэж буй 4000000 төгрөгийг хариуцагч М.Х, К.К нараас гаргуулж өгөхийг хүсэж байна, мөн М.К, К.К нарын бараа нийлүүлэхтэй холбоотой асуудлыг би мэдэхгүй гэж тайлбарлажээ.
Нэхэмжлэгч К.С хариуцагч М.Х, К.К нарын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байх ба зээлдүүлэгчээс зээлдэгч М.Х, К.К нарын өмчлөлд 13000000 төгрөгт оногдох буюу 400000 рублийг шилжүүлсэн нь тогтоогдож байх тул зээлдэгч М.Х, К.К нар нь зээлээр авсан мөнгөө буцаан өгөх үүрэгтэй байна.
Хариуцагч К.К болон М.Х нарын худалдах худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг энэхүү хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй бөгөөд хариуцагч нар нь хүсвэл энэхүү асуудлаар нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжтой болно.
Хариуцагч М.Х нь 13000000 төгрөгөөс 9000000 төгрөгийг би төлсөн тул үлдсэн 4000000 төгрөгийг К.К төлөх болно гэж тайлбарлаж байгаа боловч ийнхүү илүү төлөх болсон үндэслэлээ тайлбарлаж нотлох баримтаар нотолж чадаагүй тул 4000000 зээлийн гэрээний зээлдэгч тал болох К.К, М.Х нараас тэнцүү хэмжээгээр буюу К.Кгаас 2000000 төгрөг, М.Хаас 2000000 төгрөгийг тус тус гаргуулан К.Сд олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Кы К/рд: /-гаас 2000000 төгрөг, Мын Х /рд: /-аас 2000000 төгрөгийг тус тус гаргуулан Кы Сд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95950 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч М.Х, К.К нараас 95950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Сд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК