Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 582

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 3 дугаар багт оршин суух утас:, РД:, С овогт Шн Аийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б аймгийн Ө сумын 1 дүгээр багт оршин суух, Ш овогт Тийн Ед холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.А, хариуцагч Т.Е, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: 4245500 төгрөгийг гаргуулах тухай.

Нэхэмжлэгч Ш.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Е 2 сарын өмнө надаас 4245500 төгрөгийг маргааш өгнө гэж хууран мэхэлж хүүгүй зээлдэн авсан бөгөөд дараа нь мөнгөө авах гэж нэхэхэд өдрийн 16000 төгрөгийг хүүтэй төлж өгнө гэж амаар тохиролцсон ба хэд хонгийн дараа өгнө гэж гарын баримт өгсөн юм. Тохиролцсон хугацаа дуусаж хоёр сар өнгөрсөн боловч мөнгийг маань буцааж өгөхгүй байна. Би зээлдүүлсэн мөнгөө иргэн Т.Еаас нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Т.Еы шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ш.Аийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбар гаргаж байна. Ш.Аийн нэхэмжилсэн 4245500 төгрөгөөс 3800000 төгрөгийг төлж өгөх болно. Харин нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 445000 төгрөгийг төлж чадахгүй. Учир нь Ш.А илүү мөнгө нэхэмжилж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн Ш.А шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ талаар тайлбарлахдаа: Би шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байгаа бөгөөд шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой гэж үзэж байна гэв.

Хариуцагч Т.Е шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Надад одоогийн байдлаар мөнгө төлөх боломжгүй байна. Миний ар гэрийн байдлыг харгалзаж хугацаа олгож өгөхийг хүсэж байна. Сая нөхрөө эмнэлэгт хэвтүүлээд ирсэн. Нэхэмжлэгчтэй ярилцсан. Нөхөр маань удахгүй тахир дутуугийн группт гарна. Тэр үед өгье, он гартал хүлээж байхыг хүсэж байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.А нь хариуцагч Т.Еаас зээлээр авсан мөнгө болох 4245500 төгрөгийг гаргуулж өгөхийг хүссэн байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ Т.Е нь 4245500 төгрөгийг зээлээр авсан ба уг мөнгийг хэд хоногийн дараа өгнө гэж гарын баримт өгсөн боловч одоо хүртэл өгөхгүй байгаа тул гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Т.Е нь шүүх хуралдаан дээр Ш.Аээс 4245500 төгрөг авсан бөгөөд баримт бичиж өгсөн маань үнэн, энэхүү 4245500 төгрөгийг төлж өгөхийг зөвшөөрч байна, гэхдээ өөр хүмүүст төлөх төлбөртэй, нөхөр маань өвчтэй байгаа, энэ мөнгийг энэ жилдээ багтааж төлөх боломжгүй байгаа тул 2020 оны эхээр төлж өгнө гэж тайлбарлажээ.

Нэхэмжлэгчээс хариуцагчийн 4245500 төгрөгийг 2020 оны эхээр төлж өгөхөөр тайлбарласныг зөвшөөрөхгүй, уг мөнгийг аваад нэлээн хугацаа өнгөрсөн тул төлүүлэх талаар шүүхийн шийдвэр гаргаж өгнө үү гэж тайлбарласан байна.

Хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа 4245500 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа талаар тайлбар болон нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Т.Еы гарын баримтыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж Т.Еаас 4245500 төгрөгийг гаргуулан Ш.Ад олгохоор шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан Т.Еаас 4245500 төгрөгийг гаргуулан Ш.Ад олгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 82878 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Т.Еаас 82878 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ш.Ад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Х.МЕЙРАМБЕК