Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 585

 

Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Х овогт Ты К /рд: /-ы нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б аймгийн Б сумын 5 дугаар багт оршин суух, Ш овогт Ны Н /рд: /-д холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.К, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Т, хариуцагч Н.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маншүк нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Талийгаач Н.Баас үлдсэн эсгий гэрийг Н.Наас гаргуулан хүү Б.Н, охин Б.Д нарт олгуулах тухай.

Нэхэмжлэгч Т.К шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Н.Бтай 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болж амьдарч байхад нөхөр болох Н овогтой Б 2011 онд гадны нөлөөгөөр бусдын гарт амь насаа алдсан. Түүнээс хойш хадам аав, ээжийн хамт хоёр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж хамтран амьдарч байсан. Тэгээд хадам аав, 2013 онд хадам ээж болох А.Т нас барсан юм. Миний нөхөр маань амьд сэрүүн байхад эцэг, эхийн хамт амьдардаг байсан ба бид эцэг, эхээ халамжилдаг байсан. Нөхрийн дүү болох Н.Ныг хадам эцэг, эх маань амьд сэрүүн байхад тусдаа гаргасан. Түүнээс хойш би 2 хүүхдийн хамт өөрийн байшиндаа амьдарч байсан ба надад мэдэгдэлгүйгээр байшингийн материалыг хадам эгч болох Н.М авч байшингаа газрын хамт өөрийн нэр дээр буулган авсан байна. Би хүүхдүүдийн хамт өөрийн төрхөмдөө очиж, буцаад ирж дээрх байшинд амьдарч байхад намайг хөөгөөд явуулсан. Миний бие төрхөмдөө байж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 18 цагийн үед хадмындаа байсан өөрийн эсгий гэрийг ачаад төрхмийн хажууд буулгах санаатай машинтай очсон. Тэгээд гэртээ байгаа эд хогшил болон эсгий гэрийн хамт ачаад дуусаж байхад нөхрийн дүү болох Н.Н хүрч ирэнгүүтээ надаас та энэ гэрийг ачаад хаана очих гээд байна бэ? гээд асуусан би өөрийн төрхмийн хажууд аваачиж буулгана гэдгийг хэлсэн. Тэр яваад өгсөн ба хэсэг хугацааны дараа өөрийн эгч нар болох Н.О, Н.М түүний нөхөр Т.З нарыг дагуулан ирээд чи энэ гэрийг ачиж явахгүй, энэ бол бидний эцэг эхийн гал голомт гэж хэлээд машинд ачсан гэрээ Т.З, Н.Н буулган авч үлдсэн. Үүнээс болж бидний хооронд маргаан гарсан ба тэд надыг зодож хөөгөөд явуулсан. Би зодуулсны дараа Цагдаагийн байгууллагад хандаж гомдол гаргасан ба надыг зодсон асуудал одоо хүртэл шалгагдаж байна.

Цагдаагийн байгууллагын мөрдөгч нар та нарын хооронд байгаа эд хогшлын болон эсгий гэрийн эзэмшлийн маргааны асуудлыг бид шийдвэрлэхгүй иргэний журмаар шүүхийн байгууллагад хандаж шийдвэр гаргуулан гээд зөвлөсөн. Тэдний нөхрийн нэр дээр байсан байшинг газрын хамт өөрийн нэр дээр буулган авсан асуудлыг миний хувьд булаацалдаагүй болно.

Иймд миний хоёр хүүхэд болох Б овогтой Н \ \ Б овогтой Д \ \ нарт ноогдох нөхрөөс үлдсэн эсгий гэрийг хоёр хүүхдэд олгуулж, миний нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

Хариуцагч Н.Н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний төрсөн ах болох Н.Б 2011 оны 4-р сард бусдын гарт амь насаа алдсан ээж А.Т 2013 оны 01-р сард хүнд өвчний улмаас нас барсан. Бэр эгч болох Т.К нь ээж нас барсны дараа 2013 оны 05-р сард манай аавын гэрээс хоёр хүүхдээ аваад төрхөмдөө явсан ба бид нар Т.Кыг хөөгөөгүй, энэ байшинд олон хүн үхсэн тул би энэ гэрт амьдрахгүй гэж өөрийн хүсэлтээр явсан ба явах үед Т.К байгаа малыг худалдаж, өөрт нь холбогдолтой эзэмшиж, ашиглаж байсан бүх хөрөнгө болох 60 толгойтой тоногтой эсгий гэр, эсгий гэрийн 80 толгой унь, хөлдөөгч, зурагт, гэх мэт бусад эд хогшлоо аваад явсан. Мөн Т.К нь авах ёстой бүх эд хөрөнгөө авсан гэж үзэж байна. Байшинг Т.К манай гэрт бэр болоогүй, Н.Бтай гэрлээгүй үед 2008 онд ээж А.Т нь 10 х 10 м.кв хувийн байшинг өөрийн болон төрсөн охин нь болох Н.З нарын нэр дээр өмчлөлийн гэрчилгээ авсны дараа 2009 оны 1 дүгээр сард Т.К манай ахтай гэрлэсэн. Ээж 2013 онд нас бархад Н.М байшинг өөрийн нэр дээр буулгасан гэж худлаа гүтгэж байна. Т.Кд ах болон ээж нас барсны дараа буюу төрхөмдөө байсан үед нь бид эв найртай бүхэл бололцоогоор тусалж, өвлийн идэш, түлээ нүүрс, хоёр хүүхдүүдэд хувцас авч өгч гэртээ урьж, баяр ёслолын үеэр байнга дуудаж сайн харьцаатай хэрүүл маргаангүй байсан. Харин олон нийтийн сүлжээ болох фейсбоокд хэл амаар хараалын үг хэлж, араатнаар нэрлэж нэр төрийг маань гутаан доромжилсон, хэрүүл маргааныг өөрөө эхэлж зохион байгуулж зөвшөөрөлгүй хулгайгаар төрөл садантай хамтран бүлэглэн аав ээжийн гэрийг шөнийн цагаар , /2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр орой 20 цагийн үед/ манай аавын байшинд орж хулгай хийж байхад газар дээр нь баригдсан. Тухайн үед байшингийн гадаа Уаз-469, том оврын хятад камаз машин зогсож байхад би тухайн үед юу болоод байна гэж очиход Т.К нь А, Б гэх хоёр дүү нь болон Күннур гэх зэрэг 4 хүнтэй хамт манай аавын эсгий гэр болон бусад эд зүйлийг ачиж байсан. Би төрсөн эгч Н.М, Н О нарыг утсаар дуудаж Т.Кд над эсгий гэр манай аав ээжийн гэр учраас чамд хамаагүй, чи өөртөө холбогдолтой бүх хөрөнгөө авсан, би энэ гэрийг чамд өгөхгүй гэж би машины дээр гарахад Т.Кы төрсөн хоёр дүү нь надтай цуг камазд гарч, харин чамд эсгий гэрийг өгөхгүй шүү гэж намайг боож унгасан. Тэр үед миний хүргэн ах болох Т.З бид нарыг салгасан ба тухайн Камаз машины жолооч М.Б би маргаантай энэ гэрийг ачихгүй, К чи эсгий гэр ачна гэж хэлээгүй зөвхөн ор дэвсгэр авна гэж надад худлаа ярьж энд авч ирсэн гэж над гэрээ машинаас буулга гэж эсгий гэрийг буулгаад яваад өгсөн. Намайг болон эгч Н.М бид хоёр бүлэглэн зодсон гэж худлаа дүгнэлт гаргуулж, бид нарыг цагдаад шалгуулж уг хэрэг мөрдөн байцаалтын үед худлаа болох нь тогтоосон. Хулгай болох үед цагдаа Г гэх байсан. Бид нар Т.К нь дахиад ирж хулгайгаар эсгий гэрийг ачиж магадгүй гэж манай аав ээжийн эсгий гэрийг миний зуны байшинд аваачиж хураасан. Тухайн эсгий гэр бүхэл бүтэн 6 жил манай аавын байшин дотор агаар ороогүй, хамгаалаагүй, хүн ашиглаагүй байхад эсгийг цагаан хорхой, шавж, хулгана идсэн байсан. Эсгий нь хооронд наалдаж, хөгцөрч, мөөгөнцөртэй цаашид ахуйн хэрэглээнд хэрэглэх боломжгүй болсон, гэрийн модноос өөр юм үлдээгүй. Гэрийн ханын мод хооронд салсан. Эсгий гэрийн үнэлгээг Өлгий сумын ЗДТГазрын МЭУБайцаагч Х.Б 3.500.000 төгрөгөөр тогтоосныг би зөвшөөрөхгүй байна. Цоо шинэ бүрэн тоногтой эсгий гэр зах зээлийн ханшаар 3 саяаас 4 саяын хоорондын үнэтэй байхад манай аав, ээж гэр бүл болсноос хойш 40 гаруй жил хэрэглэж хуучирсан эсгий гэр ба эсгий болон бусад тоног нь хуучирч сохор цагаан хорхой, шавж, хулгана идсэн, ашиглаагүй, хүн амьдраагүй, 6 жил болсон эсгий гэрийг газар дээр нь шалгаж үзээгүй, зөвхөн амаар, хэт өндөр үнээр буюу 3.500.000 төгрөгөөр өндөр үнэлснийг зөвшөөрөхгүй байна. Ээж нас барсан үед Ны 2 бүтэн өнчин хүүхэд үлдсэн. Н овогтой Н, Т овогтой Е нар нь уг эсгий гэрийн үндсэн өвлөгч нь юм. Н.Н нь 2018 оны 3 сард гэр бүл болсон ба Т.Е одоо 16 настай бүтэн өнчин. Ээж маань амьд байхдаа уг эсгий гэрийг төрсөн хүү нь Т.Е өвлүүлнэ гэж ярьдаг байсан. Иймд тухайн эсгий гэр нь бүтэн өнчин хүүхэд болох Т.Е хуулийн дагуу өвлөх эрхтэй. Иргэний хуулийн 520-р зүйлийн 520.1.1, 520.1.2 дахь хэсэгт зааснаар нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх орох бөгөөд эдгээр өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ өвөлчид санал болгож зөвшөөрвөл өвлөх эрхийн гэрчилгээг олгоно гэж заасны дагуу төрсөн хүү нь болох Т.Е эсгий гэрийн өвлөгч мөн гэж үзэж байгаа ба Т.К аавын ээжийн эсгий гэрийг өвлөх эрх байхгүй гэжээ.

Нэхэмжлэгч Т.К шүүх хуралдаанд нэхэмжлэлийнхээ талаар тайлбарлахдаа: Нөхөр бид хоёр 2009 онд гэр бүл болоод хадам ээж, нөхөр, хүүхдүүдийнхээ хамт тухайн эсгий гэрт амьдарч байсан. Тэгээд 2013 онд хадам ээж маань нас барсан. Хадам ээж нас барсны дараа 2 жилийн дараа түлээ түлшний байдлаас шалтгаалж өөрийнхөө эцгийнхээ гэрт амьдрахаар явахад тухайн эсгий гэрийг хурааж тавиад явсан. Би яг авахаар очоогүй. Очоод хорхой, шавж идэхээс хамгаалж юм цацаж ороож тавьж янзлахад эдгээр хүмүүс юм хэлээгүй. Тэгээд 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр эсгий гэрээ ачиж авахаар очсон. Эцэг эхийнхээ гэрийн хажууд бариад хүмүүст цай өгье гэж бодсон. Бид нар эсгий гэрийг ачиж байхад Н.Н ирээд асуухад би учраа хэлэхэд юм хэлээгүй яваад хоёр эгчийгээ дагуулж ирээд эсгий гэр чиний гэр биш, манай аав ээжийн эсгий гэр гэж хэрүүл маргаан гарсан гэв.

Хариуцагч Н.Н шүүх хуралдаанд мэдүүлэгтээ: Тэр эсгий гэр манай аав ээжийн эсгий гэр. Манай ээжийн нэр дээр байдаг бүтэн өнчин 16 настай хүүхэд нь байгаа. Эсгий гэр бол тэр хүүхдийн өмч гэж бодож байна. Т.К 65 толгой эсгий гэр, 80 толгой уна байсныг авсан. Мөн байшин дотор байсан хөргөгч, зурагт гэх мэт өөрт нь хэрэгтэй зарим эд хөрөнгийг авсан. Бид нар тэр талаар маргалдаагүй. Тэр эсгий гэр миний эцэг эхийн хүүхдүүд нь болох Н, Е нарын өмч гэж бодож байна гэв.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судалж,

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Т.К нь нөхөр болох Н.Баас үлдсэн эсгий гэрийг хоёр хүүхэд болох Б овогтой Н, Б овогтой Д нарт олгож өгөхийг хүссэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т зааснаар Иргэний эрх зүйн чадамжгүй, зарим буюу бүрэн бус чадамжтай, түүнчлэн сураггүй алга болсонд тооцогдсон, нас барсан гэж зарлагдсан хүнийг Иргэний хуульд заасан төлөөлөгч нь бүрэн төлөөлөх тул нэхэмжлэгч Т.К нь насанд хүрээгүй хүүхдүүд болох Б овогтой Н, Б овогтой Д нарыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ миний бие Н.Бтай 2009 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гэр бүл болсон бөгөөд бид гэрлэснээс хойш хадам ээж, хүүхдийн хамт амьдардаг байсан ба нөхөр болох Н.Б нь 2011 онд нас барсан. Нөхөр маань нас барснаас хойш хадам ээж хүүхдүүдийн хамт бид нэг гэрт амьдарч байгаад 2013 онд хадам ээж А.Т нас барсан. Бид тухайн үед нөхөр болон хадам ээжээс үлдсэн эсгий гэрийг эзэмшиж, ашиглаж байсан боловч тухайн хөрөнгөө хадгалж байгаа газраас авахаар очиход нөхрийн дүү болох Н.Н өгөхгүй байгаа тул тус хөрөнгийг хүүхдүүд болох Б.Н, Б.Д нарт олгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Н.Н нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч Т.К нь 2009 онд Ны Бтай гэр бүл болсон байх ба гэрлэснээр хойш хоёр хүүхэдтэй болсон болох нь Б аймгийн Б сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтнаас 2009 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр олгосон гэрлэлтийн гэрчилгээ, 2009 оны 10 дугаар сарын 20-ны төрсөн хүү Б.Нийн төрсний гэрчилгээ, 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн охин Б.Дгийн төрсний гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.К, талийгаач Н.Б нар нь гэрлэснээс хойш Н.Бы эх болох А.Т болон хүүхдүүдийн хамт нэг гэрт амьдарч байсан болох нь, Н.Б нь 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр, А.Т нь 2013 оны 02 дугаар сарын 30-ны өдөр нас барсан болох нь тус тус тогтоогджээ.

Маргаж буй хөрөнгө болох эсгий гэр нь нэхэмжлэгч Т.К, талийгаач Н.Б нар гэрлэхээс өмнө буюу талийгаач Н.Бы эцэг эхийн хэрэглэж байсан хөрөнгө болохыг нэхэмжлэгч хариуцагч нараас тайлбарласан байх ба уг эд хөрөнгийг Т.К, талийгаач Н.Б нар нь талийгаач А.Тын хамт гэрлэснээс хойш эзэмшиж ашиглаж байсан байх ба 2018 он хүртэл тухайн хөрөнгийн өмчлөлийн талаар өөр ямар нэгэн этгээд маргаж байгаагүй тул тухайн эсгийг гэрийг Т.К хүүхдүүд болох Б.Н, Б.Д нар нь шударгаар эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хариуцагч Н.Наас нэхэмжлэгч Т.К нь өөртөө эзэмшиж ашиглаж байсан бүх хөрөнгийг авсан тул аав, ээжээс үлдсэн эд хөрөнгө болох эсгий гэрийг өгөх үндэслэлгүй, ээж нас барах үед Ны 2 бүтэн өнчин хүүхэд үлдсэн байсан ба ээж амьд байхдаа эсгий гэрийг Т.Ед өвлүүлнэ гэж ярьдаг байсан тул Е хууль ёсны өвлөгч гэж үзэж байгаа гэж тайлбарлажээ.

Тухайн маргаж буй эсгий гэр нь хариуцагч Н.Ны өмчлөлийн эд хөрөнгө болох нь тогтоогдохгүй байгаа ба нэхэмжлэгч Т.К, түүний хүүхдүүд болох Б.Н, Б.Д нар эзэмшиж ашиглаж байсан нь нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа тул хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй болно.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1-д Дор дурдсан этгээдийг хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх; 520.1.2-д энэ хуулийн 520.1.1-д заасан өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ гэж заажээ. Мөн хуулийн 528.1-д Өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.2-д Энэ хуулийн 528.1-д зааснаас бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзнэ, 528.3-д Энэ хуулийн 528.1, 528.2-т заасан хугацаанд өвлөгч өвлөгдөх эд хөрөнгийг хүлээн аваагүй буюу хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй бол түүнийг өвлөхөөс татгалзсан гэж үзнэ гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч Т.Кы хүүхдүүд болох Б.Н, Б.Д нар нь талийгаач Н.Б, А.Т нар нь нас барах хүртэл тэдэнтэй хамт амьдарч байсан байх ба өвлөх өв хүлээн авахаас татгалзаагүй бөгөөд бусад өвлөгч нар нь хуульд заасан дээрх хугацаанд өв хүлээн авах тухай хүсэлтээ зохих байгууллага, этгээдэд гаргаагүй байх тул өвлөхөөс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй тул нас барагч Н.Бы хүүхдүүд, А.Тын ач нар нь болох Б.Н, Б.Д нар нь өвлөх эрхтэй байна. Мөн талийгаач А.Таас эд хөрөнгийг үрчилж авсан хүүхэд болох Т.Ед гэрээсэлж байсан талаар нотлох баримтгүй болно.

Үрчилж авсан хүүхэд гэх Т.Е нь төрснөөс хойш өөрийн төрүүлсэн эцэг эхийн хамт амьдарч байсан болох нь гэрч А.Б, Н.Г нарын гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд Т.Еаас өвлөх эрхийн талаар шаардлага гаргаж байсан нь тогтоогдохгүй байгаа болно.

Иймд Нэхэмжлэгч Т.Кы хариуцагч Н.Наас эсгий гэр гаргуулж хүүхдүүд нь болох Б.Н, Б.Д нарт олгуулах нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлтэй гэж үзлээ.

Хариуцагчаас тухайн эсгий гэрийн үнэлгээг 3.5 сая төгрөгөөр тогтоосныг зөвшөөрөхгүй гэж тайлбарлажээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн эд зүйлийн үнэлгээ тогтоолгох баримтыг няцаах, үгүйсгэх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй тул тухайн баримтыг нотлох баримтаар үнэлж хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 16 дугаар зүйлийн 106.1-д заасныг тус тус баримтлан Ны Наас /рд: / эсгий гэр буюу 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулан Бы Н /рд: /, Бы Д /рд: / нарт олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70950 төгрөгийг улсын орлого болгож хариуцагч Н.Наас 70950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Кд олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ  Х.МЕЙРАМБЕК