Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2025/0214

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Ч*******” ХХК-ийн гомдолтой

захиргааны хэргийн тухай

 

   Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Т.Энхмаа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Г.Мөнхтулга

Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Г*******

Гомдол гаргагч: “Ч*******” ХХК

Хариуцагч: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д*******

Гомдлын шаардлага: Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 00013306, 00013307 дугаар шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0950 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б*******

Гомдол гаргагчийн өмгөөлөгч А.Т*******

Хариуцагч Ч.Д******* 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0789/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Ч*******” ХХК-иас Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д*******д холбогдуулан “Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 00013306, 00013307 дугаар шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах”-аар маргасан.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0950 дугаар шийдвэрээр:

Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7, 15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч “Ч*******” ХХК-иас Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д*******т холбогдуулан гаргасан “Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн 00013306, 00013307 дугаартай шийтгэлийн хуудсуудыг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ч*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1.“...Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үндэслэлгүй гэж үзэж, бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Гомдол гаргагч нь шүүхээс тус маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын үндэслэл болсон зарим хэсэгт огт дүгнэлт өгөөгүй, тус асуудлыг орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Монголбанкны хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д******* нь 2024 оны 08 сарын 07- ний өдөр 00013306, 00013307 дугаартай шийтгэлийн хуудас оногдуулсан. Энэхүү захиргааны актууд нь хуульд нийцэхгүй, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь тогтоох ажиллагааг явуулаагүй, мөн Захиргааны ерөнхий хуульд заасан зарчмыг зөрчсөн тул дор дурдсан үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж, маргасан.

3.2. 00013307 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэл:

Энэхүү хоёр шийтгэлийн хуудсыг оногдуулахтай холбоотой зөрчлийн хэргийг 2024 оны 07 сарын 24-ний өдөр нээсэн. Тухайн 2101000033 дугаартай зөрчлийн хэргийг нээсэн тогтоолд дор дурдсан үндэслэлийг тайлбарлаж бичсэн.

2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр гүйцэтгэх захиралдаа 375.9 сая төгрөгийн цалин олгосон нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 60 дугаар тушаалын 1.7 дахь заалт буюу Ч*******ны гүйцэтгэх удирдлагад цалинг олгохыг хориглох урьдчилан сэргийлэх арга хэмжээ, Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-138 дугаар тушаалаар батлагдсан "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ын 2.30.2 дахь заалт буюу "банк банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа алдагдсан бол төлөөлөн удирдах болон гүйцэтгэх удирдлагад цалин, түүнтэй адилтгах хөлс, бусад нэмэгдэл, дэмжлэг, хандив олгохгүй" гэсэн зохицуулалтыг тус тус зөрчсөн байж болзошгүй нь тогтоогдов" гээд тогтоолынхоо 1 дэх хэсэгт “Ч******* гүйцэтгэх захиралдаа цалин олгосон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 7 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй" гэж тусгажээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7 дах заалтад "Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд Монголбанкнаас тавьсан шаардлага, үүрэг, даалгаврыг биелүүлээгүй, эсхүл Монголбанкны шийдвэрийг зөрчсөн бол хуулийн этгээдийг нэг зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан. Манай компани дараах үндэслэлээр энэхүү үйлдлүүд нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг агуулахгүй байна гэж үзэж байна.

1.Монголбанкны Ерөнхийлөгч нь 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр А-60 дугаар бүхий тушаалыг гаргасан. Энэхүү тушаалынхаа 7 дахь хэсэгт “Гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий захирал, ТУЗ-ын дарга, гишүүдэд цалин, урамшуулал, бусад нэмэгдэл, хандив, тусламж олгохыг хориглох" тухай заасан. Дараа нь Монголбанкны Ерөнхийлөгч 2023 оны 12 сарын 01-ний өдөр А-228 дугаартай "Тушаалд өөрчлөлт оруулах тухай" тушаалыг гаргасан.

Энэхүү тушаал гарах болсон шалтгаан нь банкны Гүйцэтгэх захирал Э.Г******* нь 2021 оны 03 сарын 01-ний өдрөөс хойш дээрх тушаалаас шалтгаалан нэг ч төгрөгийн хөлс аваагүй ажиллаж ирсэн учраас удаа дараа Монголбанкинд цалин хөлсийг олгож өгөх тухай мэдэгдэж, шаардаж байсантай холбоотой. Энэхүү шалтгаан нөхцөлийг харгалзан, 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр А-228 дугаар тушаал гарч, тус тушаалын 7.1-д “Гүйцэтгэх захирлын үндсэн цалинг тус банкны нийт ажилтны үндсэн цалингийн дундаж хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоох" хэмээн тусгаж өгсөн. Ингэснээр зөрчлийн гомдолд дурдсан А-60 тушаалын 7.1-д буй Гүйцэтгэх захиралд цалин хөлс олгохыг хориглох заалт өөрчлөгдсөн. Иймээс Монголбанкны Ерөнхийлөгчийн А-60 дугаар тушаалыг зөрчсөн гэж үзэж байгаа нь үндэслэлгүй болно.

Үүний дараа 2023 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Гүйцэтгэх захирал Э.Г******* нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд цалин хөлсөө авахаар "Хариуцагчаас 369.469.716,05 төгрөгийн цалин хөлс, хоолны мөнгө болох 6.496.000 төгрөг буюу нийт 375.965.716,05 төгрөгийг гаргуулах”-ыг шаардаж, “Ч*******" ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан. Тус нэхэмжлэлийн шаардлага нь 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх цалин хөлс, хоолны мөнгө, мөн ээлжийн амралтын олговрыг гаргуулахтай холбоотой байсан. Манай банк нь шүүхэд "Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А-60 дугаар тушаалаар цалин хөлс олгохыг нь хориглосон учраас нэхэмжлэлд дурдсан цалин хөлс, ээлжийн амралтын олговор, хоолны мөнгийг олгох боломжгүй" гэсэн хариу тайлбарыг өгч байсан юм. СБД-ийн иргэний хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэлд дурдсан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Харин Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 210/МА2024/000563 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, Гүйцэтгэх захирал Э.Г******* нь гэрээнд зааснаар 12 сая төгрөгийн цалин хөлс, ээлжийн амралтын олговор, хоолны мөнгийг авах эрхтэй гэж үзсэн. Тухайлбал Магадлалын хянавал хэсгийн 4.2-т “Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1 дэх хэсэгт "Гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох..." үүрэгтэй гэж, мөн талуудын байгуулсан контрактын гэрээний 6.1.1-д ажилтанд олгох цалин хөлсийг энэхүү контрактад заасан хэмжээгээр цаг хугацаанд нь олгох үүргийг ажил олгогч хүлээхээр тохиролцсон байна. Иймээс ажил олгогчоос Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А-60 дугаартай тушаалыг үндэслэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж буй ажилтанд цалин хөлс олгохгүй байх үндэслэл болохгүй" гэж дүгнэлт өгсөн. Энэхүү дүгнэлтийн хүрээнд Гүйцэтгэх захирал Э.Г*******ийн сарын цалинг 12,000,000 төгрөгөөр тооцож, нийт 49,591,297 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн.

Нэхэмжлэлд дурдсан шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2, 154.2.2-т заасны дагуу эрхээ зөрчигдсөнийг мэдсэнээс хойш 90 хоногийн дотор гомдлоо гаргаагүй гэж үзэж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж дүгнэсэнтэй холбоотой. Хөөн хэлэлцэх хугацаа дууссан ч Э.Г******* нь “Ч*******”-нд ажилласан нь үнэн, мөн шүүхээс тус эрхийг нь хангасан тул 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх нийт 375,9 сая төгрөгийг олгосон. Энэ нь ажил олгогч Ч*******ны хуулиар хүлээсэн үүрэг, мөн тус шүүхийн шийдвэрээр Монголбанкны Ерөнхийлөгчийн А-60, А-228 дугаар тушаал гарснаас үл хамааран олгох эрхийг нь нээлттэй болгосон учраас цалин хөлсийг олгосон. Энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 11.3 зүйлийн 7 дахь хэсгийг зөрчсөн үйлдэл болохгүй гэж үзэж байна.

Мөн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-138 дугаар тушаалаар батлагдсан "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ын 2.30.2-т “банк банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа алдагдсан бол ...гүйцэтгэх удирдлагад цалин, түүнтэй адилтгах хөлс, бусад нэмэгдэл, дэмжлэг, хандив олгохгүй" гэсэн зохицуулалтыг зөрчсөн гэж гомдолдоо дурдсан. Гэтэл дээрх журмын зохицуулалтыг Монголбанкны Ерөнхийлөгч 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-288 дугаартай тушаалаар өөрчилж, цалин хөлсийг олгохыг зөвшөөрснөөс гадна НИХДЗШШ-ийн шийдвэрээр гүйцэтгэх захирлын цалинг хязгаарлах нь үндэслэлгүй гэж дүгнэсэн. Иймээс тус журмыг зөрчсөн үйлдэл байхгүй юм. Хэрэв Монголбанкны Ерөнхийлөгч манай банкийг дээрх журмыг зөрчсөн гэж үзэж байгаа бол өөрөө А-288 дугаар тушаал гаргаж тус журмыг зөрчсөн гэсэн үг юм.

2.Шийтгэх хуудас оногдуулсан улсын байцаагч нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д “Захиргааны үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон байх” зарчмыг зөрчсөн. Уг хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-т захиргааны байгууллага "захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах" бодит нөхцөл байдлыг тогтооно, мөн тус хуулийн 24.2-т Энэ хуулийн 24.1-т заасан бодит нөхцөл байдлыг тогтооход "ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа" хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж тус тус заасан.

Гэтэл улсын байцаагч шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийгээгүй. Энэхүү үйлдэлтэй холбоотой зөрчлийн хэргийн материалтай танилцаж үзэхэд Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А-60 дугаар тушаалыг хавсаргасан байсан. Харин Монголбанкны Ерөнхийлөгчийн 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А-228 дугаар тушаалыг огт хавсаргаагүй байсан. Үүнээс үзэхэд улсын байцаагч нь захиргааны шийдвэр гаргахдаа бодит байдлыг тогтоохтой холбоотой ажиллагааг хийгээгүй бөгөөд зөвхөн Монголбанкны Ерөнхийлөгчийн А-60 дугаар тушаалд үндэслэн шийдвэрийг гаргажээ. Иймээс энэхүү шийдвэр нь хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох зарчмыг зөрчсөн.

3.3. 00013306 дугаартай шийтгэлийн хуудсыг зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэл:

Энэхүү хоёр шийтгэлийн хуудсыг оногдуулахтай холбоотой зөрчлийн хэргийг 2024 оны 7 дугаар сарын 24-ний өдөр нээсэн. Тухайн 2101000032 дугаартай зөрчлийн хэргийг нээсэн тогтоолд дор дурдсан үндэслэлийг тайлбарлаж бичсэн.

"2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр гүйцэтгэх захиралдаа 122.7 сая төгрөгийн цалин олгосон нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны А-138 дугаар тушаалаар батлагдсан "Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ын 2.30.2 дахь заалт буюу "банк банкны нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгө, эрсдэлээр жигнэсэн активын зохистой харьцаа алдагдсан бол төлөөлөн удирдах болон гүйцэтгэх удирдлагад цалин, түүнтэй адилтгах хөлс, бусад нэмэгдэл, дэмжлэг, хандив олгохгүй" гэсэн зохицуулалт, түүнд нийцүүлэн гаргасан банканд 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/12010/001 дүгээр Улсын байцаагчийн мэдэгдлийн 2 дахь заалтыг тус тус зөрчсөн байж болзошгүй нь тогтоогдов" гээд тогтоолынхоо 1 дэх хэсэгт "Ч******* гүйцэтгэх захиралдаа цалин олгосон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 15 дахь заалтад зааснаар зөрчлийн хэрэг нээсүгэй" гэж тусгажээ.

Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 15 дах заалтад "Энэ зүйлийн 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14 дэх хэсэгт зааснаас бусад байдлаар Банкны тухай хууль тогтоомж зөрчсөн, эсхүл Монголбанк, түүний хянан шалгагч, улсын байцаагчийн шийдвэр, шаардлагыг биелүүлээгүй бол хүнийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан. Манай банк нь дараах үндэслэлээр энэ үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжийг агуулахгүй байна гэж үзэж байна.

1.Монголбанкны Улсын байцаагчийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2019/12010/001 дүгээр мэдэгдлийн 2 дах хэсэгт "Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагаанд зохистой харьцаа тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 2.30.2 дахь заалтын дагуу Ч*******ны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, гишүүд, Гүйцэтгэх захирал, түүний орлогч, Ерөнхий захирал нарт цалин, түүнтэй адилтгах хөлс, бусад нэмэгдэл, дэмжлэг, хандив олгохыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Монголбанкнаас тогтоосон нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангах хүртэл зогсоох" гэж заасан. Тус мэдэгдлийг гаргахдаа Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/48 дугаар тушаалыг үндэслэсэн.

Харин үүний дараа Монголбанкны Ерөнхийлөгч 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр А/49 дүгээр тушаалыг гаргасан. Энэхүү тушаалын 1.10-т "Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд, банкны гүйцэтгэх удирдлагын цалин хөлс, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхийг хориглох, урамшуулал олгохыг зогсоох" гэж тусгасан юм. Энэхүү тушаалаар банкны гүйцэтгэх удирдлагын цалин хөлсийг гэрээгээр тогтоосон хэмжээнээс "нэмэгдүүлэхийг хориглосон" болохоос бус гэрээнд тусгасан цалин хөлсийг олгохыг хориглоогүй. Харин урамшууллыг зогсоосон. Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн А-60 дугаар тушаалаар анх удаа Гүйцэтгэх удирдлагын цалин хөлс олгохыг хориглосон.

Ч*******ны Гүйцэтгэх захирал Э.Г******* нь 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр банкны гүйцэтгэх захирлаар томилогдож, ажиллаж эхэлсэн. Гэхдээ 2020 оны 4 дүгээр сараас 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд цалин хөлсөө аваагүй явж байсан. Гэтэл Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн А/49 дугаар тушаалаар цалин, хөлсийг олгохыг зогсоогоогүй юм. Харин урамшууллыг зогсоосныг мэдэж, 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр тухайн үед олгох ёстой байсан цалин хөлс болох 122.7 сая төгрөгийг олгож шийдвэрлэсэн. 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны Гүйцэтгэх захирлын цалин, хөлсийг олгохыг хориглоогүй байсан тул олгож шийдсэн нь банкны тухай хууль, журам, Монголбанкны Ерөнхийлөгч болон байцаагчийн шийдвэрийг зөрчсөн үйлдэл биш юм.

Иймээс энэхүү үйлдэл нь зөрчлийн шинж байхгүй юм. Гүйцэтгэх захирал Э.Г******* нь Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 2019 оны 04 дүгээр сараас 2021 оны 03 сарын 01-ний өдөр хүртэлх цалин, хөлсийг шаардаж нэхэмжлээгүй нь дээрх шийдвэртэй холбоотой юм. Гэтэл улсын байцаагч нь захиргааны шийдвэр гаргахдаа бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг зохих ёсоор хийгээгүй юм.

3.3. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зарим хэсэгт дүгнэлт өгөөгүй тухайд:

Шүүх хуралдаан болсон өдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэмэгдүүлсэн үндэслэлдээ:

"Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Эрх бүхий албан тушаалтан 14 хүртэл хоногийн дотор зөрчлийн хэрэг бүртгэлт явуулна" гэж заасан. Энэхүү хэргийн маргаан бүхий зөрчлийн хэргийг Нийслэлийн прокурорын газраас 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Монголбанкны хяналт шалгалтын газарт шилжүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 4-т "эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон үйлдэл, эс үйлдэлд зөрчлийн хэрэг нээх тухай прокурорын шийдвэрийг эрх бүхий байгууллага хүлээн авсан өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолно" гэж заасны дагуу 2024 оны 7 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацааг тоолохоор байна. Гэтэл зөрчлийн хэргийн хавтаст хэрэгт 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан гэж тэмдэглэсэн байна.

Зөрчлийн тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг бүртгэлт нь шийтгэл оногдуулснаар дуусгавар болохоор зохицуулсан. Харин энэхүү зөрчлийн хэрэгт 2024 оны 8 дугаар сарын 07-ны өдөр шийтгэлийн хуудас оногдуулж, 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хэргийн материалтай танилцуулах үед шийтгэлийн хуудсыг гардуулж өгсөн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудасны хувийг зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийдвэр гарснаас хойш ажлын 3 өдрийн дотор биечлэн танилцуулах, эсхүл харилцаа холбооны хэрэгсэл ашиглан хүргүүлнэ" хэмээн заасныг зөрчиж гүйцэтгэсэн.

Үүнээс дүгнэхэд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрөөс хойш эхлүүлсэн гэж үзвэл 14 хоногийн хугацаа дуусгавар болсон байх бөгөөд энэ хугацааг сунгасан талаарх баримт байхгүй. Иймээс сунгаагүй гэж үзнэ. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.11 дүгээр зүйлд "зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох" талаар зохицуулсан юм. Тус хуулийн 6.11 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт "Зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан" бол зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгохоор заасан. Харин дээрх үйл баримтуудаас үзэхэд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа нь дууссан байхад, хэрэгсэхгүй болгохгүйгээр шийтгэл оногдуулсан нь хууль бус байна гэж үзэж байна” гэж бичсэн.

Гэтэл шүүхээс энэхүү үндэслэлд огт дүгнэлт өгөөгүй, дүгнэлт өгөхгүй, тус асуудлыг орхигдуулсан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШШ2024/0950 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, “Ч*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

                                                  ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, гомдол гаргагчийн давж заалдах гомдлыг хангав.

1.Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн А-138 дугаар тушаалаар батлагдсан “Банкны үйл ажиллагаанд зохистой харьцаа тогтоох, түүнд хяналт тавих журам”-ын 2.30.2-т заасны дагуу тус банкны ахлах хянан шалгагч, улсын байцаагч Ч.Д******* 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2019/12010/001 дүгээр мэдэгдлээр Ч*******ны ТУЗ-ын дарга, гишүүд, гүйцэтгэх захирал, түүний орлогч, ерөнхий захирал нарт цалин, түүнтэй адилтгах хөлс, бусад нэмэгдэл, хандив олгохыг 2019 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Монголбанкны тогтоосон нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн зохистой харьцааг хангах хүртэл зогсоохыг мэдэгдсэнээс хойш Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Ч*******ны үйл ажиллагаанд зарим хязгаарлалт тогтоох тухай” А-60 дугаар тушаалын нэгийн 7-д тус банкны ТУЗ-ын дарга, гүйцэтгэх захирал нарт улсын байцаагчийн мэдэгдэлд заасантай адил хязгаарлалт тогтоосон боловч 2023 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн А-228 дугаар тушаалаар “гүйцэтгэх захирлын үндсэн цалинг тус банкны нийт ажилтны үндсэн цалингийн дундаж хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр тогтоох”-оор уг заалтад өөрчлөлт оруулжээ.

Хэдийгээр Ч*******ны ТУЗ-ын 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 20/07 дугаар тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилогдсон Э.Г*******т хязгаарлалт тогтоосон дээрх хугацаанд буюу 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр ийнхүү томилогдсоноос 2021 оны 2 дугаар сарыг дуусталх хугацааны 122.716.194 төгрөгийн, мөн 2024 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 2021 оны 3 дугаар сараас 2023 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлт хугацааны 375.965.716 төгрөгийн цалинг тус тус түүнд олгосныг хэлбэрийн хувьд мэдэгдлийг зөрчсөн гэж дүгнэж болох ч цаг хугацааны хувьд Монголбанкны Ерөнхийлөгчөөс гүйцэтгэх захирлын цалинг олгож болохыг зөвшөөрснөөс хойш гарсан маргаан бүхий шийтгэлийн хуудсуудаар Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7, 15-д заасны дагуу торгууль ногдуулсан нь үндэслэлгүй, шүүхээс дээрх үйл баримтад зөв дүгнэлт өгсөнгүй.

Тухайлбал шийдвэрт Ч*******ны 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаарх нэгдүгээр зэрэглэлийн өөрийн хөрөнгийн зохист харьцаа -360,      -921 хувь байсан талаар, дээр дурдсан цалинг олгосон талаар, түүнчлэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны А-60 дугаар тушаалтай маргаагүй, энэхүү тушаал хүчин төгөлдөр байгаа талаар тус тус дурдсанаас өөрөөр Монголбанкны Ерөнхийлөгчийн тус банкны гүйцэтгэх захиралд цалин олгох зөвшөөрөл олгосон дээрх тушаалыг агуулгаар нь бус зөвхөн үйлчлэлээр нь хязгаарлаж, цалин олгосон хугацаанд хамаарахгүй гэж дүгнэснийг зөвтгөх боломжгүй.

2.Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй” гэж заасан байхад шийдвэрт “…гүйцэтгэх захирлын цалин, хөлсний талаар дүгнэсэн шүүхийн шийдвэрийн дүгнэлт нь уг маргааны үндэслэл болохооргүй байна…” гэсэн нь буруу.

Учир нь Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 563 дугаар магадлалаар “…гүйцэтгэх захирал Э.Г*******ийг Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн А-60 дугаар тушаалд өөрчлөлт орох хүртэлх хугацаанд Ч*******инд цалин, хөлсгүйгээр ажил үүргээ гүйцэтгэж байсан болохыг тогтоосноос гадна түүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар цалин, хөлс шаардах эрхтэй, …иймд ажил олгогчоос дээрх тушаалыг үндэслэн ажил үүргээ зохих ёсоор гүйцэтгэж буй ажилтанд цалин, хөлс олгохгүй байх үндэслэл болохгүй…” гэж дүгнээд 2023 оны 10, 11, 12 дугаар сарын цалин, ээлжийн амралтын олговор, хоолны мөнгө, нийт 49.591.297 төгрөгийг олгохоор, харин үүнээс өмнөх хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагыг хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулсан нь хуулийн хүчин төгөлдөр болсон, үүнийг энэхүү маргааныг шийдвэрлэхэд зайлшгүй харгалзан үзэх ёстой.

Нэг талаас иргэний журмаар цалин, хөлс нэхэмжилснийг шүүхээс ийнхүү хангасныг биелүүлж, нөгөөтэйгүүр Монголбанкны Ерөнхийлөгчөөс гүйцэтгэх захиралд цалин олгохыг зөвшөөрсний дагуу Э.Г*******той байгуулсан контрактны гэрээгээр ажилласан хугацааны цалинг Ч*******наас нөхөн олгосныг буруутгах үндэслэлгүй.

3.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гомдлын үндэслэлээ зөрчлийн хэрэг бүртгэлтийн хугацаа дууссан байхад хэрэгсэхгүй болгоогүй гэсэн агуулгаар бичгээр нэмэгдүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанд ч энэхүү үндэслэлээ дэмжсэн байхад шийдвэрт энэ талаар дүгнэлт өгөөгүй байна.

Гэвч нотлох баримтаар авагдсан 2401000032, 2401000033 дугаар зөрчлийн хэргийн материалаас тус тус үзэхэд Нийслэлийн прокурорын газрын прокурорын 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийг хаасан хэргээс холбогдох материалыг хуулбарлан, зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий байгууллагад шилжүүлэх тухай” 7 дугаар тогтоолыг хариуцагч улсын байцаагч 7 дугаар сарын 18-ны өдрийн 14.00 цагт хүлээн авсан талаар мөн өдөр тэмдэглэл үйлдэж, улмаар 24-ний өдөр зөрчлийн хэрэг тус тус нээсэн байгаагаас үзэхэд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д заасан зөрчлийн хэрэг бүртгэлтийн 14 хоногийн хугацаа уг хуулийн 6.7 дугаар зүйлийн 2-т зааснаар энэ өдрөөс эхлэн тоологдоно, өөрөөр хэлбэл хариуцагчийг процессийн алдаа гаргасан гэж үзэхгүй.

4.Харин улсын байцаагчаас Ч*******ыг хориглосон хугацаанд л гүйцэтгэх захиралдаа цалин олгосон гэж буруутгаснаас бус олгосон цалингийн хэмжээнд, өөрөөр хэлбэл Монголбанкны Ерөнхийлөгчийн тушаалд заасанчилан банкны ажилтны дундаж цалингаас хэтрүүлэхгүй гэснийг зөрчсөн, эсхүл Контрактын гэрээний 2.6-д тохиролсон хэмжээний цалингаас ихийг олгосон гэсэн үндэслэлээр торгууль ногдуулаагүй, энэ талаар тухайлан маргаагүй болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 950 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Зөрчлийн тухай хуулийн 11.3 дугаар зүйлийн 7, 15 дахь хэсэгт заасныг баримтлан “Ч*******” ХХК-иас гаргасан “Монгобанкны хянан шалгагч, улсын байцаагчийн 2024 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 00013306, 00013307 дугаар шийтгэлийн хуудсыг тус тус хүчингүй болгож, “Ч*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал Э.Г*******ийн давж заалдах гомдлыг хангасугай

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан гомдол гаргагчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                ШҮҮГЧ                                                  Т.ЭНХМАА

 

                           ШҮҮГЧ                                                  Г.МӨНХТУЛГА

 

                           ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН