Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 42

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,                                                                                                 

           Шүүх хуралдаанд:

                 Прокурор                                              М.Сайнзаяа

                 Шүүгдэгч                                              С.Г, П.Ц

         Нарийн бичгийн дарга                        С.Гончигбал  нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолтой  С.Г, П.Ц нарт холбогдох 1915003970210 дугаартай эрүүгийн хэргийг дээд шатны прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, П.Ц.

Монгол улсын иргэн, С.Г.

Шүүгдэгч П.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч С.Г нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 09 дүгээр сарын 18-ны өдрийн 171 дүгээр шийтгэх тогтоолоор:

 Шүүгдэгч Д.Ц, С.Г нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.Г, П.Ц

нарыг тус тус 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ц-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгөөр торгох торгуулийг сар бүр 225.000 /хоёр зуун хорин таван мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгууль биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож, шүүгдэгч С.Г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин/ төгрөгийн торгуулийг хэсэгчлэн төлөх санал гаргаагүйг дурьдаж,

       Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.Г, П.Ц нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдэж,

         Шүүгдэгч С.Г, П.Ц нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж,

        Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Г, П.Ц нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэжээ.

Дээд шатны прокурор эсэргүүцэлдээ:...Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоол нь “тодорхой ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзэз төрүүлэхгүй байхаар бичигдэх” хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч П.Ц-т торгох ял оногдуулж, уг ялыг биелүүлэх хугацаа тогтоохдоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1 дэх хэсэгт заасан "Шийтгүүлсэн этгээд хууль эсхүл торгох шийтгэл оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн дотор... торгуулийг бүрэн төлж барагдуулах үүрэгтэй" гэсэн заалтыг харгалзан дүгнэлт хийлгүй, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, өөрөөр хэлбэл шүүх торгох ялыг биелүүлэх хугацааг 2 сараар буюу хуульд зааснаас бага хугацаагаар тогтоож Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэхээр байна.   

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, тохирсон байх зарчмыг хангахад торгох ялыг биелүүлэх хугацааг шүүх шүүгдэгчийн төлбөрийг нөхөн төлөх чадварт нийцүүлэн хуульд зааснаас өөрөөр тогтоох зохицуулалт чухал үүрэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөор шүүх тогтоож болохоор заасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлиин 160.3 дахь хэсэгт заасан торгох ялыг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн санхүүгийн байдалд тохируулан хуульд зааснаас илүү боломж олгох байдлаар сунгаж тогтоох зохицуулалт гэж дүгнэж байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шүүгдэгчид хуулиар тогтоосон хязгаарлалтыг чангаруулах, олгосон эрхийг хязгаарлах байдлаар хэрэгжүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж буй тул торгох ял биелүүлэх доод хугацааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоног байхаар хуульчилснаар авч үзэхээр байгааг дурьдах нь зүйтэй.

Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2-6 дахь заалтад шүүгдэгч П.Ц-н нэрийг П.Ц гэж буруу бичиж техникийн алдаа гаргасан байна. Иймд Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 171 дугаартай шийтгэх тогтоолыг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан үндэслэлээр хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэхь хэсгийг тус тус баримтлан дээд шатны прокурор эсэгүүцэл бичив.. гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор М.Сайнзаяа дүгнэлтдээ: ...Дээд шатны прокурорын эсэргүүцлийг дэмжиж шүүх хуралдаанд оролцож байна... гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл

        Шүүгдэгч нь П.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч С.Г-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч С.Г нь 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Р.Д-тэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх шүүгдэгч П.Ц-т оногдуулсан 450.000 төгрөгийн торгуулийн ялыг хэсэгчлэн төлүүлэхээр заахдаа торгууль биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэхь хэсэгт   ...торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй... гэж заасан  хуулиар тогтоосон хугацаанаас багаар буюу 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосон нь  хуулийг буруу хэрэглэж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан байна.

Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт шүүгдэгч П.Ц-н нэрийг П.Ц гэж буруу бичсэнийг зөвтгөн өөрчилж, дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 171 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

3 дахь заалтын сар бүр 225.000 /хоёр зуун хорин таван мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгууль биелүүлэх хугацааг 2 сараар тогтоож гэснийг

торгуулийг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлж гэж,

тогтоох хэсгийн 2, 3, 4, 5, 6 дахь заалтын П.Ц гэснийг П.Ц гэж зөвтгөн өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   М.ХҮРЭЛБААТАР                           

                                         ШҮҮГЧ                                   С.ЦЭЦЭГМАА 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН