Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 01 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2022/00075

 

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн  тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03378 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 401 дүгээр магадлалтай,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ийн нэхэмжлэлтэй,

,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдох

Орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 781,685 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, нь хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 781,685 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03378 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,аас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 376,266.26 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 405,418.74 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 401 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03378 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,, хяналтын журмаар гаргасан гомдолдоо:

4.1. Нийслэлийн шүүхэд 2020.02.17-ны өдөр шүүх хурал болох талаар мэдээгүй, давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа шүүх хуралд биечлэн оролцох талаар дурдаж, шүүх хуралдааны товыг мэдэгдэж өгөхийг хүссэн байхад шүүх хуралд оролцуулаагүй нь хуулиар олгогдсон оролцогчийн эрхийг зөрчсөн тул гомдолтой байна.

4.2. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2019.01.10-2019-01.31-ний өдөр хүртэл 21 хоногийн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж нотлох баримтыг буруу үнэлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг, мөн гэрээнд зааснаар 2019.01.20-ны өдрөөс үүргийн гүйцэтгэлийн шаардах эрх үүснэ. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь заалтыг тус тус зөрчсөн. Анхан болон давж заалдах шатны шүүхээс 30 хоногоор алданги тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэн гомдолтой байна. Иймд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019.12.02-ны өдрийн 101/ШШ2019/03378 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.02.17-ны өдрийн 401 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү  гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.

6. Нэхэмжлэгч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,ээс хариуцагч ,,,,,,,,,,,,,,,,,,,,,,д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 781,685 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх 376,266.26 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, үлдэх 405,418.74 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

7. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигч 2018.09.05-ны өдөр Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1. дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээг 1 жилийн хугацаатайгаар, сарын 650,000 төгрөгөөр хөлслөх, хөлслөгч орон сууцны ашиглалтын зардлыг төлөх, гэрээнд заасан хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд хөлслүүлэгчид хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алданги тооцохоор харилцан тохиролцсон. Гэвч гэрээний харилцаа 2019.01.31-ний өдөр хүртэл (хариуцагч тухайн өдөр нүүсэн) үргэлжилсэн ба хариуцагч нь СӨХ-ны төлбөр 65,200 төгрөг, ус дулааны төлбөр 91,967 төгрөг, цахилгааны төлбөр 21,254 төгрөг, нийт 178,421 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн, мөн 300,000 төгрөгийн барьцааг урьдчилж төлсөн талаар нэхэмжлэгч маргаагүй, хариуцагч 2019.01.10-аас хойш байрнаас гарах хүртэл хугацааны хөлсийг төлөөгүй үйл баримт тогтоогджээ.

8. Иймд, барьцаа 300,000 төгрөгөөс хариуцагчийн гэрээгээр хүлээсэн үүрэг болох ашиглалтын зардлыг хасаж, 2019.01.10-ны өдрөөс 2019.01.31-ний өдөр хүртэл 21 хоногийн хөлс буюу 327,188.06 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 30 хоногийн алданги тооцож нийт 376,266.26 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн шаардлагаас обой сольж наасан үнэ гэх 13,000 төгрөг, юнивишн төхөөрөмж шатаасан үнэ гэх 120,000 төгрөг, нийт 133,000 төгрөгт холбогдох шаардлага нотлогдоогүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

9. Хариуцагчийн “... Анхан болон давж заалдах шатны шүүхээс 2019.01.10-2019-01.31-ний өдөр хүртэл 21 хоногийн хөлс төлөх үүргээ биелүүлээгүй гэж нотлох баримтыг буруу үнэлсэн, гэрээнд зааснаар 2019.01.20-ны өдрөөс үүргийн гүйцэтгэлийн шаардах эрх үүснэ, анхан болон давж заалдах шатны шүүхээс 30 хоногоор алданги тооцож Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар шийдвэрлэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлж өгнө үү...” гэсэн агуулгатай (Тодорхойлох хэсгийн 4.2-т) хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

10. Тодруулбал, хариуцагч гэрээнд заасны дагуу 1 дүгээр сарын төлбөрийг тухайн сарын 20-ны өдөр төлөх ёстой байсан боловч төлөөгүй, 2019.01.10-01.31-ний өдрийг хүртэлх 21 хоногийн хөлсийг төлсөн гэж маргаагүй, холбогдох баримтыг гаргаагүй тул нэхэмжлэгчийн хувьд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1. болон талуудын хоорондын гэрээний 3.2-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэлх хугацааны (124 хоног) алданги шаардах эрхтэй, гэвч нэхэмжлэгчээс 30 хоногийн алданги шаардсан тул шүүх энэ хүрээнд шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

11. Мөн “давж заалдах шатны шүүх нь шүүх хуралдааны товыг мэдэгдээгүй, оролцогчийн эрхийг зөрчсөн” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4.1.-д заасан гомдол нь хавтаст хэргийн 152 дахь талд авагдсан шүүх хуралдааны тов мэдэгдэх тухай хуудсаар үгүйсгэгдэж байна.

12. Иймд, шүүх бүрэлдэхүүн хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.      

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2019/03378 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 401 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 4,550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                      Г.АЛТАНЧИМЭГ

                               ШҮҮГЧИД                                                            Г.БАНЗРАГЧ

                                                                                                            П.ЗОЛЗАЯА  

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                            Х.ЭРДЭНЭСУВД