| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00381/И |
| Дугаар | 00421 |
| Огноо | 2019-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 00421
| 2019 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2019/00421 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суух, Сарбас овогт Ш-ийн Е /..../-ийн нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 153/2019/00381/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Заги нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Е нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Заги нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ш.Е нь Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг багт оршин суудаг. ... регистрийн дугаартай. Ш.Е нь Ховд аймгийн 2 дугаар 10 жилд 1975 онд 1-р ангид элсэн орж 1978 онд 3-р ангид сурч байгаад муу сурсны улмаас сургуулиас гараад эцэг эхийн хамт мал малласан. 1983 оноос 1985 он хүртэл мал маллаж байгаад 1985 онд А.Хавилбай гэдэг хүнтэй гэр бүл болж тусдаа мал маллаж амьдарсан. Ш.Е нь боловсролгүй, Монгол хэл мэддэггүй. Одоо өндөр насны тэтгэвэрт гарах болсон учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдсан. Ш.Еийг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1-р бригадад 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Бог болох хонь, ямаа мал маллаж байсан....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Е нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Заги нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Ш.Еийг Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ш.Е нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 822 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг буюу 1 дүгээр бригадын 1983-1989 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, нэхэмжлэгчийн төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгч Ш.Е, А.Хавалбай нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, гэрч С.Молдатайн ....Би 1956 онд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдэлд гишүүнээр элсэн орж ажил амьдралын гараагаа эхэлсэн. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад 1967-1970 онд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд тус сумын бригадын тоо бүртгэгчээр 10 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан....Ш.Е нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар 1983 оноос хойш 1990 он хүртэл ажиллаж байсан нь үнэн. Ш.Еийн аавынх нь нэрийг Шарчихэр гэдэг. Казакаар Сарсекэр л гэж хэлдэг юм. Ээжийнх нь нэрийг санахгүй байна....Ш.Еийн нөхрийг Хавалбай гэдэг....Ш.Е нь нөхрийн хамт нэгдлийн төллөх мал маллаж байсан.... гэх мэдүүлэг, гэрч С.Мысырханы ....Би 1975-1978 онуудад Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. 1978-1981 онуудад цэргийн алба хаасан. 1981 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан. Би цэргээс 1981 оны 8 дугаар сарын 16-ны өдөр халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан....Ш.Е нь 1983 онд хөдөлмөрийн насанд буюу 16 насанд хүрээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажилласан. 1990 он хүртэл малчин байсан хүн байгаа юм. Ш.Е нь Ховд сумын 8 жилийн дунд сургуульд сурч байгаад бага ангиасаа гарсан. Ш.Еийн аавынх нь нэрийг Шарчихэр гэдэг. Ээжийнх нь нэрийг Батан гэдэг. Шарчихэр нь 12 хүүхэдтэй айл байсан. Ш.Е нь айлын том хүүхэд байгаа юм. Ш.Е нь 1985 онд Хавалбай гэдэг хүнтэй гэр бүл болсон.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-11, 17, 18, 28-29, 30-31 дүгээр тал/
Хавтаст хэргийн 15-16 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Мысырхан, С.Молдатай нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Сарбас овогт Шарчихэрийн Е /.../-ийн Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ш.Еийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ