Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/527

 

  2023         04         11                                        2023/ШЦТ/527

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,

Улсын яллагч М.Оюунбат,

Шүүгдэгч Б.Г, хохирогч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн, ****** Г-д холбогдох эрүүгийн 2106024040981 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр харьяаллын дагуу хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1991 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэл, ам бүл 5, хадам аав, эхнэр, 2 хүүхдийн хамт ****** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй. ***** Г /РД:*****/,

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Б.Г  нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ тус компанийн Хаан банкны 5021639480 дугаартай данснаас гүйлгээ хийхдээ иргэн Б.Г Хаан банкны ********* тоот дугаартай данс руу андуурсны улмаас 12,061,000 төгрөгийг шилжүүлснийг завшсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа ойлгож байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа “...Энэ хүн худлаа яриад яваад байхаар нь 7 дугаар сарын 14-ний өдөр өргөдөл өгсөн. Хүмүүсээс асуухад ажил хийгээд мөнгө олоод явж байгаа сурагтай байсан. Би нэг холбогдоход Г гэх хүн чинь үхчихсэн. Үхчихсэн хүнээс мөнгөө олж аваарай гэж тоглоод байсан. Хохирлоо барагдуулбал залуу хүүхэд учир надад гомдолгүй байна. 12.061.000 төгрөгийн хохирол авна. Энэ байдлаараа 2 жил орчим болж байна...” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Б.Г нь 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх үедээ тус компанийн Хаан банкны ****** дугаартай данснаас гүйлгээ хийхдээ иргэн Б.Г-ийн Хаан банкны **** тоот дугаартай данс руу андуурсны улмаас 12,061,000 төгрөгийг шилжүүлснийг завшсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.  Үүнд:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Д-ийн өгсөн “...2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр Г гэх хүний дансанд шилжүүлэх ёстой байсан 12,061,000 төгрөгийг андуурч, **** дугаартай, Б.Г гэх хүний данс руу шилжүүлсэн байсан. Уг мөнгө нь ажил гүйцэтгэсэн гэрээний мөнгө буюу Г гэдэг хүний цалин шилжүүлэх мөнгө байсан. Тухайн мөнгийг шилжүүлэхдээ Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт шилжүүлсэн. ******* дансны эзэмшигч нь өмнө нь манай ******* ХХК-Д: ажиллаж байсан ажилтан байсан. Манай дарга Ц.М нь тухайн Г гэх хүнтэй ярихад буцааж шилжүүлнэ гэж хэлээд гар утсаа унтраасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/-р тал,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Ц.М-ын өгсөн  “...2021 оны 07 дугаар сарын 09-ний орой 22 цагийн үед түрээсийн теникийн түрээсийн төлбөр цалинг хийх үүргийг нягтлан Д.Д-д үүрэг болгосон юм. 2021 оны 07 дугаар сарын 10-ны 16 цагийн үед манай нягтлан Д.Д надруу залгаад би Г руу хийх цалингийн мөнгө болох 12,061,000 төгрөгийг андуураад Б.Г-хийн хаан банкны данс руу андуураад хийчихсэн гэж надад хэлсэн юм. Таны эзэмшлийн данс учраас хаан банкруу андуураад хийчихсэн гэж надад хэлсэн юм. Таны эзэмшлийн данс учраас хаан банкруу залгахад бүх нийтийн амралтын өдөр таарсан байсан учир шалгах боломжгүй гэж хариу өгөөд цагдаагийн байгууллагад ханд хэж хэлсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-27-28/-р тал,

Иргэн Ц.М болон Б.Г нар нь фэйсбүүк чатаар харилцсан тэмдэглэлийг хуулбарлан хүлээн авсан тухай мөрдөгчийн “Эд зүйл, баримт бичиг хүлээн авсан тухай тэмдэглэл” /хх-30-31/-р тал,

“******” ХХК-ийн ******  тоот дансны хуулга,

Б.Г-ийн Хаан банкны ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-38-39/-р тал,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-42-44/-р тал,

Мөрдөгчийн эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-45/-р тал,

Б.М-ын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-69-70/-р тал

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.Г-ийн өгсөн “...Би “*****” ХХК-д 2019-2021 онд жолоочоор ажиллаж байсан. 2021 оны 07 дугаар сарын 10-ны өдөр “******” ХХК-ийн захирал М над руу залгаад чиний данс руу андуураад 12 сая төгрөг шилжүүлсэн байна. Тэрийг буцаагаад шилжүүлээч гэхээр нь би Заамарын уурхайд ажилтай, ээлжтэй байна. АТМ байхгүй байна. Сум руу очихоороо тан руу шилжүүлъе гэж хэлсэн. Тухайн үед баяр наадмын өдрүүд тохиолдсон байсан бөгөөд би мөнгийг нь үрээд дуусгачихсан юм. Мөнхбат ахын мөнгийг буцааж өгөөгүй нь миний буруу. Би хохиролыг төлж барагдуулах болно...” гэх мэдүүлэг /хх-85-86/-р тал зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоодож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээс харахад шүүгдэгч Б.Г нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “... бусдын гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завших...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байх тул гэм буруутайд тооцож шийдвэрлэв. 

        Түүнчлэн шүүгдэгч Б.Г нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үед өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаагүй болохыг дурдвал зохино.

            Шүүгдэгч Б.Г нь дээрх гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол болох 12,061,000 төгрөгийг төлж барагдуулаагүй байх бөгөөд төлөхөө илэрхийлсэн болно.

        Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.

        Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүхээс шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ажил хөдөлмөр эрхлээгүй байна. Жолоочооро ажилладаг учир ирээдүйд орлого олж хохирлыг барагдуулах нь зүйтэй байна. Иймд Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогчид 12.061.000 төгөргийг шүүгдэгчээс гаргуулж олгуулах. Хэрэгт эд мөрийн баримтаа хураагдсан нэг ширхэг Си-ди хэргийн хадгалах хугацаа дуустал хадгалах саналтай байна. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зардалгүй. Шүүгдэгчид мөрдөн байцаалтын шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэх саналыг гаргасан бол шүүгдэгч Б.Г-ийн зүгээс эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно. 

Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 төгрөгөөр ял шийтгэж шийдвэрлэлээ.

Гурав. Бусад

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Сд-г хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, , шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгчээс 12,061,000 төгрөгийг гаргуулж хохирогчид гаргуулахыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* Г-ийг “алдаатай гүйлгээг бусдын өмчлөл, эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж завших” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д 1800 /нэг мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,800,000 /нэг сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 02 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, түүнд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Г-ээс 12,061,000 төгрөгийг гаргуулан хохирогчид олгосугай.

6. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон 30 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн цагдан хоригдсон 30 хоногийн 1 өдрийг 15 нэгжээр тооцож 450,000 төгрөгийг түүний эдлэх ялаас хасаж 1,350,000 төгрөгөөр тогтоосугай.

8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр өөрчилсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                                 Б.БЭЭЖИН