| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00356/И |
| Дугаар | 00422 |
| Огноо | 2019-08-30 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 00422
| 2019 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2019/00422 | Жаргалант сум |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багийн 10-4 тоотод оршин суух, Молхы овогт К-ийн А / /-н нэхэмжлэлтэй,
ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 153/2019/00356/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч К.А нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч К.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Би 1964 онд төрсөн. Эцэг эхийн гар дээр байж байгаад 1981 онд Ховд аймгийн Ховд сумын 8 жилийн дунд сургуулийн 8-р ангийг эчнээгээр сурч төгссөн. 9-10 дугаар ангиа мөн л эчнээгээр сурч төгссөн. 1983 онд цэргийн албанд татагдаж 1986 онд цэргийн алба хаасан. Цэрэгт байхдаа сайн сонсголтой цэрэг гээд холбогчоор ажиллаж байсан. Цэргээс халагдаж ирээд эцэг, эхтэйгээ мал малласан. 1992 онд гэр бүл болсон. Одоо хоёр хүүхэд, эхнэртэйгээ хамт амьдардаг. 2003 оноос Ховд аймгийн Жаргалант сум руу шилжиж ирсэн. Одоо Ховд аймгийн Жаргалант сумын Рашаант багт амьдарч байна. Монгол улсын үндсэн хуулиар 55 нас хүрсэн хүнийг тэтгэвэрт гаргах болсонтой холбогдуулан мөн би малчнаар олон жил ажилласан учраас ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Ховд аймгийн төвийн 1 дүгээр сургуулийн 10 дугаар ангийг төгссөн. Манай Ховд сумынхан 8 дугаар анги төгсөөд 1 дүгээр 10 жил рүү шилждэг байсан....1983 онд 10 ангиа төгсөөд цэрэгт явсан....Эцэг бригадын агент болон малчин хийдэг байсан....2 дахь хүүхэд нь би байна....гэв.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
К.А нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч К.А нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл, 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч К.А нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 740 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг буюу 1 дүгээр бригадын 1986-1988 онуудын 70 дугаар дансны хуулбарууд, С.Мысырханы ....Би 1975-1978 онуудад Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. 1978-1981 онуудад цэргийн алба хаасан. 1981 оны 6 дугаар сард цэргээс халагдаж ирээд 1990 он хүртэл Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан....К.А бид нар нэгдэл тартал малчнаар ажиллаж байсан. К.А төл мал малладаг байсан. К.А нь 1983-1986 онуудад цэргийн алба хаасан.... гэх мэдүүлэг, гэрч С.Нагашбайн ....Би 3 дугаар ангиас сургуулиас гарч, эцэг, эхийн хамт Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад мал маллаж байгаад 1982 онд цэрэгт яваад 1985 онд цэргээс халагдаж ирсэн. Цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн Баянбулаг бригадад малчнаар хувьчлал болтол ажилласан. Би 1990 оны намраас эхлэн Ховд аймгийн Баянбулагийн пионерийн зусланд адуучнаар 12 жил ажиллаж байсан....К.А нь 1986 онд цэргээс халагдаж ирээд Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаад нэгдэл тартал ажилласан. К.А нь нэгдэлд ажиллаж байхдаа төлөг, шүдлэн малладаг байсан.... гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 12, 30-32, 33-35 дугаар тал/
К.А нь 1983 онд тухайн үеийн нэршилээр Ховд аймгийн 1 дүгээр сургуулийн Б.Нанзаддорж багштай 10а ангийг төгссөн болох нь Ховд аймгийн Ерөнхий боловсролын Лаборатори нэгдүгээр сургуулийн захирлын 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн 164 дугаартай албан бичиг, уг албан бичгийн хавсралтаар ирүүлсэн нэхэмжлэгчид холбогдох анкетын хуулбар /хх-ийн 36-37 дугаар тал/, нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ....2 дахь хүүхэд нь би байна.... гэх тайлбар зэргээр, нэхэмжлэгч нь 1983 онд 10 дугаар ангиа төгсөөд цэргийн алба хаасан болох нь Монгол улсын Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 5574 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-ны нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-ийн 15 дугаар тал/-аар тус тус нотлогдож байна.
Дээрх баримтуудаар нэхэмжлэгч нь Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан болох нь үгүйсгэгдэж байх тул нэхэмжлэгчийн тус шүүхэд гаргасан Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д Энэ хуулийн зорилт нь өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан иргэний даатгуулагч өөрөө төлөх 10 хувийг тухайн онуудын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцож төлүүлэн нийгмийн даатгалын шимтгэлээ төлсөнд тооцуулах асуудалтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино., мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэн хамаарахаар тус тус хуульчилжээ.
Нэхэмжлэгч К.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг хангасан гэх үндэслэлээр 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан болох нь нэхэмжлэгчийн 1600001431 дугаартай Баталгаажилтын хуудасны нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 16 дугаар тал/ тогтоогдож байна.
К.А нь 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан гэх Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхцөл болзлыг ханган 1990-2000 онуудад ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан байх тул түүний тус шүүхэд гаргасан Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хавтаст хэргийн 6-9, 13 дугаар хуудсанд авагдсан Ховд аймгийн Ховд сумын Баянбулаг буюу 1 дүгээр бригадын 1980-1983, 1989 онуудын 70 дугаар дансны хуулбаруудад нэхэмжлэгчийн нэр бичигдээгүй, хавтаст хэргийн 17-18 дугаар хуудсанд авагдсан иргэн С.Нагашбай, С.Мысырхан нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Молхы овогт Көвешийн А / /-н Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1986 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Ховд сумын Тариалан нэгдлийн 1 дүгээр бригадад 1980 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл малчнаар, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч К.Ан улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ