Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 00423

 

2019 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 153/ШШ2019/00423

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                          

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныгшүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 1-14 тоотод оршин суух, Бэрсүүд овогт Л-ын А /.../-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 09-ний өдөр 153/2019/00357/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Л.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Нямдорж нар оролцлоо

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1991 онд Булган аймгийн цэцэрлэгийн багшийн сургуулийг төгсөж ирээд Ховд аймгийн 1 дүгээр цэцэрлэгт багшаар ажилд орж одоог хүртэл ажиллаж байгаа. 1991-1994 оныг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт болон цалингийн цэс ажилд орсон тушаал олдохгүй байгаа. Би бүх архив, цалингийн цэс хадгалж байгаа 4 дүгээр цэцэрлэг дээр очиж өөрийнхөө материал хайсан боловч олдохгүй байгаа учраас шүүхээр тогтоолгох хүсэлт гаргасан. Намайг Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгт 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хүмүүжүүлэгч багшаар, 1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл туслах багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....3 дугаар цэцэрлэг болон 1 дүгээр цэцэрлэгүүд нэгдсэн. 3 дугаар цэцэрлэгээс хоёр багш ирсэн. Удаан жил ажиллаж байсан багш үндсэн багш хийгээд чи шинэ төгсөж ирсэн гээд намайг туслах багш болгосон....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Л.А  нь нь ажиллаж байсан байдал тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч Л.А нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгт 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хүмүүжүүлэгч багшаар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл туслах багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Л.А нь Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгт 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хүмүүжүүлэгч багшаар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл туслах багшаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 806 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 1994 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 6 дугаартай Ажилд томилох, ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, нэхэмжлэгчийн 257020 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийн 0055 дугаартай хүмүүжүүлэгч багш мэргэшлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн Тус цэцэрлэгийн багш Лүндээжамц овогтой А нь 1991 оны 9 дүгээр сарын 01-с 1994 оны 01 дүгээр сарын дуустал цалингийн картаар цалин авч байсан нь үнэн болохыг тодорхойлов гэх бичилттэй албан бичиг, гэрч М.Гармаагийн ...Би 1969 онд Цэцэрлэг багшийн сургуулийн төгсөж ирээд Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж эхэлсэн. Тэгээд 1991 оны 8 дугаар сард Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэг болон 3 дугаар цэцэрлэг хоёрын багш нар тэтгэвэрт гараад тус хоёр цэцэрлэг нэгдэж Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэг болсон юм. Би Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгт 1991 оноос 2006 оны 6 дугаар сар хүртэл багшаар ажилласан....1991 оны 8 дугаар сард миний ажиллаж байсан Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар цэцэрлэг нь Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгтэй нэгдэх үед Л.А нь Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгийн үндсэн багшаар ажиллаж байсан. Л.А бид хоёр Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгт 1991 оны 8 дугаар сараас намайг тэтгэвэрт гарах хүртэл буюу 2006 оны 6 дугаар сар хүртэл бүлгийн багшаар хамт ажилласан. Л.А одоо ч гэсэн 1 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байгаа. Л.Аийн туслах багшаар 1991 оноос 1994 оныг дуусталх хугацаанд хэн ажиллаж байсныг санахгүй байна. Тухайн үед бүлгийн багшийн туслах багшийг сольж ажиллуулж байсан учраас санахгүй байна. 1991 онд хоёр цэцэрлэг нэгдээд 1 дүгээр цэцэрлэг болоход эрхлэгчээр Баярхүү байсан уу эсвэл Баясаа нь байсан уу энэ хоёр хүний нэгэн байсан. Тэгээд Цэдэнбал, Оюунчимэг гэдэг хүмүүс 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан гэв.... гэх мэдүүлэг, гэрч Б.Цогзолмаагийн ....Би Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгт 1975 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 2012 оны 2 дугаар сар хүртэл хугацаанд асрагч, тогооч, туслах багш зэрэг ажлуудыг хийж байсан....Л.А нь 1991 онд Цэцэрлэгийн багшаар төгсөж ирээд Ховд аймгийн 1 дүгээр цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж эхэлсэн. Л.А нь тус цэцэрлэгтээ тасралтгүй одоог хүртэл ажиллаж байгаа. 1991 оноос 1994 онуудад Л.Аийн асрагч башгаар би ажиллаж байсан. Тухайн үед асрагч гэдэг байсан юм. Сүүлийн үед туслах багш гэдэг нэршилтэй болсон. Би Л.А багшийн анхных нь асрагч багш нь би байгаа юм. Бид хоёр хамт ажиллаж байсан. Энэ цэцэрлэг талбай дээр байдаг байсан учир 4 бүлэгтэй хүүхэд ихтэй байсан. Тиймээс багш нарыг хүүхэд цөөхөн байна гээд чөлөөлдөггүй байсан. Манай цэцэрлэгийн байр нь жижиг байсан учраас хүүхэд нэмж аваад шинээр бүлэг бий болгодоггүй байсан. Цэцэрлэгийнхээ байранд таарсан 4 бүлэгтэй байсан. 4 багш, 4 асрагч, 2 тогооч, 1 дуу хөгжмийн багш, 1 сахиул, 1 нярав, эрхлэгчтэй байсан. Нягтлан бодогч нь тусдаа байдаг байсан.1991 онд 1 дүгээр цэцэрлэг 3 дугаар цэцэрлэг хоёр нэгдээд 1 дүгээр цэцэрлэг болоход эрхлэгчээр Баярхүү ажиллаж байсан. Мөн Эрдэнээ, Ичинхорлоо гээд хүмүүс 1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Би 37 жил ажиллахдаа 9 эрхлэгчийн удирдлага дор ажиллаж байлаа.... гэх мэдүүлэг, гэрч М.Гармаагийн ажиллаж байсан байдлаа тогтоосон Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 264 дугаартай шийдвэрийн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 5, 6, 7-9, 16, 30, 32-34, 35-36, 37-39 дүгээр тал/

Хавтаст хэргийн 17-20 дугаар хуудсанд авагдсан иргэн М.Гармаа, Б.Цогзолмаа нарын иргэний үнэмлэхний хуулбар нь хэрэгт хамааралгүй, тэдгээрийн тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 41-42 дугаар хуудсанд авагдсан фото зургийн хэзээ авхуулсан огноо тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Бэрсүүд овогт Лүндээжамцын А /../-ийн Ховд аймгийн Жаргалант сумын 1 дүгээр цэцэрлэгт 1991 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хүмүүжүүлэгч багшаар, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл туслах багшаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Аийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        С.ОЮУНЖАРГАЛ