| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сайнбаярын Оюунжаргал |
| Хэргийн индекс | 153/2019/00371/И |
| Дугаар | 00424 |
| Огноо | 2019-08-30 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 00424
| 2019 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 153/ШШ2019/00424 | Жаргалант сум |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,
нэхэмжлэгч Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт оршин суух, Атаанхан овогт Я-ын Г / /-ы нэхэмжлэлтэй,
хариуцагч: Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух, Гурван цэнхэр овогт Ц-ийн А / /-т холбогдох
11,300,000 /арван нэгэн сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 153/2019/00371/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч Я.Г, хариуцагч Ц.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг нар оролцлоо
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ядам овогтой Г миний бие нь 69 настай. Өндөр насны тэтгэвэрт байдаг. Ховд аймгийн Мөнххайрхан сумын цэцэрлэгт тогооч, Манхан сумын Цэцэрлэгт тогоочийн ажил хийж байгаад 1992 оноос Ховд аймгийн Манхан сумын Ботгон багт нөхөр Егнэн овогтой Ядамсүрэнгийн хамт мал маллаж, 27 дахь жилдээ мал маллаж байна.
Нөхөр Е.Ядамсүрэн бид 2 гэр бүл болж, 6 хүүхэд төрүүлж өсгөсөн. Миний хань Е.Ядамсүрэн нь 2014 онд өвчний улмаас нас барсан. Бид мал маллах хугацаандаа Мянгат малчин, Аймгийн сайн малчин, Аймгийн аварга малчин цолыг хүртэж байсан. Хань Е.Ядамсүрэнг нас барснаас хойш 3 жил малынхаа тоо толгойг бууруулахгүйг хичээж малаа маллаж байсан. Хүүхдүүд өөр өөрийн ажил төрөлтэй учир нас өндөр болж байгаа миний хувьд ганцаараа мал маллах хүндрэлтэй байсан тул, 2017 оны хавар ямаа самнаж дуусаад малаа цөөлөх тухайгаа айл саахалтын хүмүүстээ ярьсан. Хүмүүс ирж ишигтэй ямаа, хургатай хонийг 20, 30-аар нь худалдан авч байсан. 2017 оны 05 сарын дундуур Манхан сумын иргэн Цогтоо овогтой А нь Х.Хүрэлчулуун /Цоохондой/-н хамт манайд ирж Би танай малыг бүгдийг нь хотоор нь худалдаж авъя. Гуанз ажиллуулахад энд тэндээс ганц нэг мал авахаар ашиггүй байна. Цоохондойгоор малаа маллуулна гэсэн. Тухайн үед аймгаас нэг хүн ирж худалдан авахаар ярьчихсан байсан болохоор Би хүнтэй ярьчихсан байгаа. Өөрөө шийдэж чадахгүй байна. Миний охин Я.Соёл-Эрдэнэ, дүү Л.Болдоо нар мэднэ гэж хэлээд зээ дүү Болдоогийнд дагуулж очсон. Л.Болдоо Өөрийн нутаг усны таньж мэдэх хүн байна. Найдвартай байх гэж хэлсэн. Би 150 мал авч үлдэнэ гэдгээ хэлсэн. Ц.А нь 590 тоо толгой бүхий бог малыг нийт 28000000 /хорин найман сая/ төгрөгөөр худалдан авахаар тохирч мал авахаар ирэх өдрөө малын үнэний 50 хувь буюу 14000000 төгрөгийг авчирахаар тохиролцсон. 2017 оны 05 сарын 18-ны өдөр Ц.А нь мал авахаар ирэхдээ ямар ч мөнгөгүй ирсэн. Хүний малыг хоттой нь туугаад явах гэж байж мөнгөгүй ирдэг нь яаж байгаа юм бэ гэж миний төрсөн дүү Я.Банзрай хэлж байсан. Ц.А нь Би гуанз ажиллууж байгаа. Бас Хөшөөтийн уурхайд том машин явуулж байгаа. Санаа зоволтгүй гэж хэлээд 2017 оны 06 сарын 01-нд 14000000 төгрөг, 2018 оны 01 сарын 01-нд 1400 000 төгрөг өгөхөөр тохиролцоод 590 толгой мал Цоохондойн хамт тууж аваад явсан. Мал хүлээлгэж өгөхөд охин Я.Соёл-Эрдэнэ, дүү Я.Банзрай, дүү Л.Болдоо, Х.Хүрэлчулуун нар байлцаж, Ц.А нь бичгээр мал хүлээж авсан тухай баримт хийж өгсөн. Ц.А нь 2017 оны 06 сарын 01-нд 10 сая төгрөг охин Я.Соёл-Эрдэнэд өгсөн түүнээс хойш одоог хүртэл нэхэл дагал болж байж 200,000, 1,000,000 төгрөг хүртэл мөнгө цувуулж өгдөг байсан бөгөөд сүүлдээ мөнгө өгөхөө ч байсан. Малын нийт үнэ 28,000,000 төгрөгөөс одоо 11,300,000 төгрөгийг өгөөгүй байна. Нэхэхээр янз бүрийн шалтаг тоочдог. Миний хань бид хоёрын 20 гаруй жил хүч хөдөлмөрөө зориулан өсгөж, амьдралаа залгуулж байсан малыг хотоор нь шахуу тууж явчихаад тохирсон хугацаандаа мөнгөө өгөхгүй, тэтгэврийн хөгшин намайг хохироож байна.
Иймд Цогтоо овогтой Ааас мал худалдан авсан үнэний үлдэгдэл төлбөр болох 11300000 /арван нэгэн сая гурван зуун мянга/ төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү....Төлнө гэдэг юм. Шүүхийн шийдвэр гаргуулна гэв.
Хариуцагч Ц.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа. 11,300,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Я.Г нь Ц.Ат холбогдуулан 11,300,000 /арван нэгэн сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд хариуцагч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,300,000 /арван нэгэн сая гурван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Я.Гд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг гаргав.
Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Я.Гы 2019 оны 7 дугаар сарын 16-ны өдөр Төрийн сангийн 100160000945 дугаартай дансанд улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,750 төгрөгийн тал хувь болох 97,875 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 97,875 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Ааас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 97,875 төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Я.Гд олгохоор тогтов.
Энэхүү захирамжийг хариуцагч Ц.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Я.Гы нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Ат холбогдох, 11,300,000 /арван нэгэн сая гурван зуун мянга/ төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Ц.А нь нэхэмжлэлийн шаардлага болох 11,300,000 /арван нэгэн сая гурван зуун мянга/ төгрөгийг нэхэмжлэгч Я.Гд төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,750 төгрөгөөс тал хувь болох 97,875 /ерэн долоон мянга найман зуун далан тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 97,875 /ерэн долоон мянга найман зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч Ц.Ааас улсын тэмдэгтийн хураамж 97,875 /ерэн долоон мянга найман зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Я.Гд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Ц.А нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ