Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 00430

 

2019 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 153/ШШ2019/00430

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Дархан сумын 1-р багийн пионерийн 14-98 тоотод оршин суух, эмэгтэй, Боржигин овогт О-ын Г / /-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр 153/2019/00422/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, нэхэмжлэгч О.Г нар оролцлоо

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Би 1966 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн цэцэрлэгээр хүмүүжиж байгаад 1974 онд 1-р ангид элсэн орж 1984 онд 10 дугаар анги төгссөн. Төгсөөд Нэгдсэн эмнэлгийн цагаан хэрэглэлийн туслах нярваар ажилд орсон. Дараа жил нь конкурс өгөөд Говь-Алтай аймгийн Анагаах ухааны сургуульд элсэн ороод суралцаж төгссөн. Төгсөж ирээд Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүүхдийн болон сэхээний тасагт сувилагчаар ажилд ороод 1997 онд амьдралын шаардлагаар Дархан-Уул аймаг руу шилжсэн. Би ажлаасаа чөлөө аваад тэр чигтээ буцаж ирээгүй. Дархан-Уул аймгийн Бирж анх байгуулагдаж байхад ажилд ороод одоо 18-19 жил болж байна. Одоо Ховд аймгийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж байсан байдлаа тогтоолгох гэж хүсэлт гаргасан. Намайг Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1984 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг дуустал туслах няраваар, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээний болон Хүүхдийн тасагт 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. 1995 оноос миний нэрээр байгууллагаас нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байгаа тул 1995 оноос өмнөх онуудад ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлттэй байна....гэв.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

О.Г  нь ажиллаж байсан байдал тогтоолгох  тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч О.Г нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1984 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг дуустал туслах няраваар, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээний болон Хүүхдийн тасагт 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодуурллаа.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч О.Г нь Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1984 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг дуустал туслах няраваар, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээний болон Хүүхдийн тасагт 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар тус тус ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 1047 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Нэгдсэн больницын Ерөнхий эмчийн 1984 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 105 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 1099 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн Нэгдсэн больницын Ерөнхий эмчийн 1985 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 85 дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн Нэгдсэн больницын Ерөнхий эмчийн 1987 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 75 дугаартай Ажилд авах тухай тушаалын хуулбар, Очир Г гэх бичвэртэй 1988-1994 онуудын Цалингийн картны хуулбарууд, нэхэмжлэгч О.Гийн 132238 дугаартай Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгээс 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдөр нээсэн гэх бичвэртэй Хөдөлмөрийн дэвтэр зэрэг баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 4-5, 25, 26, 27, 28, 29-38, 40-63 дугаар тал/

Хавтаст хэргийн 11-12 дугаар хуудсанд авагдсан иргэн Д.Уранбилэг, Д.Бямбасүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 14-15 дугаар хуудсанд авагдсан фото зургууд нь хэзээ авхуулсан огноо тодорхойгүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болно.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Боржигин овогт Очирын Г / /-ийн Ховд аймгийн Нэгдсэн эмнэлэгт 1984 оны 9 дүгээр сарын 17-ны өдрөөс 1985 оны 8 дугаар сарын 16-ны өдрийг дуустал туслах няраваар, Ховд аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэхээний болон Хүүхдийн тасагт 1987 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сувилагчаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ        С.ОЮУНЖАРГАЛ