Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/152

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2023/0138/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагч Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Болормаа,

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар******* холбогдох 2318000980191 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Дархан-Уул аймгийн*******анд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “***” ХХК-д борлуулалтын ачигч ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн*******,*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ***/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас ******* од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

    

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр *** улсын дугаартай Hyundai Sonata маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Дархан-Уул аймаг,*******ын*******ийн нутаг дэвсгэр, “***” худалдааны төвийн ертенцийн зүгээр баруун талын явган хүний гарцаар гарч явсан явган зорчигч******* г мөргөж эрүүл мэндэд нь хүзүүний 7-р нугалам, сээрний 1,10,12-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 4-5-р нугалмын мөгөөрсөн цагаригийн урагдал бүхий хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

2023 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл /хавтаст хэргийн 05-06-р хуудас/,

2023 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 07-09-р хуудас/,

Хохирогч******* гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2023 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн орчимд*******ын*******т байрлах өөрийнхөө ажлаас гараад*******ын*******т байрлах “***” худалдааны төв орох гээд “***” худалдааны төвийн ертөнцийн зүгээр баруун талд байрлах төв засмал замаар баруун талаас зүүн тийш гарах гээд явган хүний гарцаар явж байтал саарал өнгийн жижиг тээврийн хэрэгсэл мөргөсөн бөгөөд тухайн үед газар уначхаад хөдөлж чадахгүй хэвтэж байтал 20 орчим насны эрэгтэй бууж ирээд та зүгээр үү гэж хэлээд намайг босгоод өөрийнхөө тээврийн хэрэгсэлд суулгаад шууд Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хүргэж өгсөн. Тээврийн хэрэгслийн жолооч эрүүл байсан. Миний эмчилгээний зардал 1,000,000 төгрөг болсон бөгөөд одоогийн байдлаар хэвтрийн дэглэм сахиж ажил эрхлэх боломжгүй байгаа тул 10,000,000 төгрөгийг шүүхийн шатанд нэхэмжилнэ. ******* надад 1,300,000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-13, 15-р хуудас/, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... 6 сарын хугацаанд ажил хөдөлмөр хийж болохгүй хэвтрийн дэглэм сахих шаардлагатай гэж эмч зөвлөсөн, цаашид гарах эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого, лангуу түрээсийн төлбөр, өмгөөлөгчийн зардалд нийт 12,280,000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 265 дугаартай шинжээч эмчийн “...******* гийн биед хүзүүний 7-р нугалам, сээрний 1,10,12-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 4-5-р нугаламын мөгөөрсөн цагаригийн урагдал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1 удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 22-23-р хуудас/,

Техникийн шинжээч С.Бямбажавын 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 9 дугаартай: “...Hyundai Sonata NF маркийн саарал өнгийн *** улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь осол болохоос өмнө замын хөдөлгөөнд оролцохдоо тормосны системийн шингэн болон эд ангиуд нь хэвийн хэмжээнд байгаа тул тоормосны ММ5-4598:2011 стандартыг хангаж оролцсон. Тухайн тээврийн хэрэгсэл нь үйлдвэрлэлийн бус нэмэлт тоног төхөөрөмжөөр тоноглогдоогүй тул осол болоход нөлөөлөх зүйлгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 29-р хуудас/,

Шинжээч С.Саруулболдын 2023 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 62 дугаартай: “...Нарантуяа овогтой Бат-Орших нь саарал өнгийн Соната-6 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16 буюу явган хүний гарц нэвтрэх 16.1 /явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө. 16.3 /явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсоож хөдөлгөөнөө үргэлжпүүлнэ гэсэн дүрмийг зөрчсөн байна. Тус тээврийн хэрэгслийн хурдыг тогтоох боломжгүй. Осол гарсан үндсэн шалтгаан нь жолооч Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.3 заалтыг зөрчсөн явган зорчигчийг гарцаар явж өнгөрөөсний дараа хөдөлгөөнд оролцох ёстой байсан” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-р хуудас/,

*** гийн өвчний түүх /хавтаст хэргийн 67-81-р хуудас/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалтай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан бол болгоомжгүй гэмт хэрэгт тооцдог.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” 16.3-д “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас, болгоомжгүй үйлдлээр******* гийн хүзүүний 7-р нугалам, сээрний 1,10,12-р нугалмуудын их биеийн шахагдсан хугарал, бүсэлхийн 4-5-р нугаламын мөгөөрсөн цагаригийн урагдал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Иймд шүүгдэгч ******* ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй байна.

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хохирогч******* нь “...цаашид гарах эмчилгээний зардал, олох ёстой байсан орлого, лангуу түрээсийн төлбөр, өмгөөлөгчийн зардалд нийт 12,280,000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 8,000,000 төгрөг төлөх боломжтойгоо илэрхийлж, хохирогч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, шүүгдэгч хохирогч нар 8,000,000 төгрөгийн хэмжээнд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс хойш 10 хоногийн дотор төлөхөөр эвлэрч, эвлэрч эвлэрлийн гэрээ байгуулсан тул шүүх хохирогч, шүүгдэгч нарын эвлэрсэн хэмжээгээр буюу 8,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэв.

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ******* ын үйлдсэн хэргийн шинж чанар, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан ******* од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөргийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. *** ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зааснаар шүүгдэгч ******* од 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ******* од сануулж, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* оос 8,000,000 төгрөг гаргуулж, Дархан-Уул аймаг, ***/-д олгосугай.

 

5. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөргийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ******* од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Г.ГЭРЭЛТ-ОД