Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 04 сарын 25 өдөр

Дугаар 2023/ШЦТ/157

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0156/Э

                                                                                             

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мядагбадам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Золзаяа,

Шүүгдэгч Г.Цэрэнбат нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хар ямаат овогт Ганбаатарын Цэрэнбатад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318000000142 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, “***” ОНӨААТҮГ-т *** ажилтай, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 5 дугаар баг, Үйлдвэрийн 2 дугаар гудамжны 10 тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Дархан-Уул аймаг Дархан сум 5 дугаар баг, Үйлдвэр 8 дугаар гудамжны 526 тоотод оршин суух, урьд:

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2009 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 5 хоног хорих ял,

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 02 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.3 дахь хэсэгт зааснаар 5 жил, 1 сар хорих ял,

 

Дархан-Уул аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 115 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.21, 181.2.4, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сар хорих ялаар шийтгэснийг Монгол Улсын дээд шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 200 дугаартай тогтоолоор шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд нийцүүлэн хорих ялыг 1 жил, 8 сар болгон өөрчилж, 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан, ***/,

Холбогдсон хэргийн талаар:

 

Г.Цэрэнбат нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Цэрэнбат нь 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн *** тоотод байх гэртээ “бусадтай хардлаа” гэх шалтгааны улмаас хамтран амьдрагч Б.Энхзаяа гийн нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь доод уруулд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Энхзаяа гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Цэрэнбат над руу уурлаад, миний уруул руу гараараа 2-3 удаа цохиод орон дээр түлхэж унагаагаад Цэрэнбат тэр Бямбаатай ажилдаа явлаа гээд гараад явсан” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 22-23 хуудас/,

 

Гэрч Т.Бямбатогтохын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Цэрэнбат эхнэрээ алгадаад байсан... Г.Цэрэнбат нь эхнэрийнхээ хацар луу 3 удаа цохисон орон дээр сууж байхад нь нүүр лүү нь мангасдаад хэвтүүлсэн, тэгээд гараад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 хуудас/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 223 дугаартай: “ Б.Энхзаяа гийн биед доод урууланд шарх гэмтэл тогтоогдпоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 35-36 хуудас/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогдож байна.

 

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгч нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарлан хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.

 

Иймд Г.Цэрэнбат ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч урьдчилсан хэлэлцүүлэг явуулах, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, уг хүсэлтийг прокурор дэмжсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нөхцөл хангагдсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.6, 7 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

Хохирогч Б.Энхзаяа шүүх хуралдаанд оролцохгүй, гомдол санал нэхэмжлэх зүйлгүй талаар болон хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

Ял, эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Г.Цэрэнбат ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Шүүгдэгч, түүний өмгөөлөгч, прокурорын тохиролцсон ял, эрүүгийн хариуцлагын хэмжээний хүрээнд шүүгдэгч Г.Цэрэнбат ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, сарын орлогын хэмжээг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Г.Цэрэнбат ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 33.1 дүгээр зүйлийн 7, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

       1. ***ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Цэрэнбат ад 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цэрэнбат ад оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд, сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цэрэнбат ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Г.ГЭРЭЛТ-ОД