| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00275/И |
| Дугаар | 00365 |
| Огноо | 2019-07-08 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 00365
| 2019 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 153/ШШ2019/00365 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Нийслэлийн Баянгол дүүргийн 20 дугаар хорооны Үйлдвэрийн баруун бүс, Москва гудамж, 5-р барилга, Ф ХХК-ний нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хт холбогдох ажил гүйцэтгэсний хөлс 14,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ф ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ф ХХК болон Хрын хооронд БХБЯ/201802089/02 тоот Ундны усны хангамжийг сайжруулах, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Алтай Дөргөн, Дуут, Үенч сумдад суурьлуулах ажил 2 дугаар багцын нэмэлт гэрээг байгуулсан.
Тус гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын нийт үнийн дүн нь 14,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэгч тал зохих ёсоор биелүүлж, захиалагч талд хүлээлгэн өгсөн. Энэ нь 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний үүргийн биелэлтийг тооцох хуудсаар нотлогдоно.
Үүнээс өмнө буюу 85,000,000 төгрөгийн үнийн дүн бүхий 1 дүгээр багцын ажлыг Ф ХХК нь мөн зохих ёсоор хийж гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгч санхүүжилтээ авсан байсан. Гэтэл захиалагч тал болох Х нь 2 дугаар багцын нэмэлт гэрээнд заасан үүргийн гүйцэтгэл болох 14,500,000 төгрөгийг одоо болтол Ф ХХК-д шилжүүлээгүй байна.
Иймд Ф ХХК болон Хрын хооронд байгуулсан Ундны усны хангамжийг сайжруулах, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Алтай Дөргөн, Дуут, Үенч сумдад суурьлуулах ажил 2 дугаар багцын нэмэлт гэрээний дагуу төлөх ёстой 14,500,000 төгрөгийг Храас гаргуулж Ф ХХК-д олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ф ХХК болон Хрын хооронд БХБЯ/201802089/02 тоот Ундны усны хангамжийг сайжруулах, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Алтай Дөргөн, Дуут, Үенч сумдад суурьлуулах ажил 2 дугаар багцын нэмэлт гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын нийт үнийн дүн нь 14,500,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд гэрээнд заасан ажил үүргээ гүйцэтгэгч тал зохих ёсоор биелүүлж, захиалагч талд 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн гэрээний үүргийн биелэлтийг тооцох хуудас үйлдэж хүлээлгэн өгсөн. Гэтэл захиалагч тал болох Х нь 2 дугаар багцын нэмэлт гэрээнд заасан үүргийн гүйцэтгэл болох 14,500,000 төгрөгийг одоо болтол Ф ХХК-д шилжүүлээгүй, санхүүжилт байхгүй гэдэг үнэслэлээр төлөхгүй байна. Иймд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэсний хөлс 14,500,000 төгрөгийг Храас гаргуулж Ф ХХК-д олгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Ф ХХК болон Хрын хооронд БХБЯ/201802089/02 тоот Ундны усны хангамжийг сайжруулах, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Алтай Дөргөн, Дуут, Үенч сумдад суурьлуулах ажил 2 дугаар багцын нэмэлт гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу хийж гүйцэтгэх ажлын нийт үнийн дүн нь 14,500,000 төгрөг байсан. Үнийн дүн дээр маргахгүй. Дээрх ажлыг аймгийн Засаг даргын Тамгын газар хүлээн авсан. Гэхдээ энэхүү ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн. Гүйцэтгэгч компани баримтуудаа он дуусаж байхад оройтуулж өгсөн. Ингээд төсөв санхүүг Төсвийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д Энэ хуулийн 43 дугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд төсвийн жил дуусахад төсвийн захирагчийн төсөв зарцуулах эрх нь дуусгавар болох бөгөөд төсвийн захирагчийн төсвийн зарцуулагдаагүй үлдэгдлийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлнэ гэж зааснаар буцаан татан авсан. Одоо энэхүү санхүүжилт нь 2019 оны төсөвт суугдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Хт холбогдуулан ажил гүйцэтгэсний хөлс 14,500,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийг гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Ф ХХК болон Хрын хооронд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр БХБЯ/201802089/02 тоот Ундны усны хангамжийг сайжруулах, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Алтай, Дөргөн, Дуут, Үенч сумдад суурьлуулах ажил 2 дугаар багцын нэмэлт гэрээг байгуулсан. Энэхүү гэрээний дагуу ажлыг гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн тул ажил гүйцэтгэсний хөлсийг төлөх ёстой гэж,
хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...энэхүү ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэгч компани баримтуудаа он дуусаж байхад оройтуулж өгсөн. Ингээд төсөв санхүүг Төсвийн тухай хуульд зааснаар буцаан татан авсан тул одоо энэхүү санхүүжилт нь 2019 оны төсөвт суугдаагүй гэж тайлбарлалаа.
Нэхэмжлэгч Ф ХХК нь хариуцагч Хтай харилцан тохиролцож, нийт 14,500,000 төгрөгийн санхүүжилтээр 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр БХБЯ/201802089/02 тоот Ундны усны хангамжийг сайжруулах, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Алтай, Дөргөн, Дуут, Үенч сумдад суурьлуулах ажил 2 дугаар багцын нэмэлт гэрээг байгуулж, ажлын үр дүнг 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр захиалагч байгууллага хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан Ундны усны хангамжийг сайжруулах, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Алтай, Дөргөн, Дуут, Үенч сумдад суурьлуулах ажил 2 дугаар багцын нэмэлт гэрээ /хх-6-9/, Гэрээний үүргийн биелэлтийг тооцох 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн хуудас /хх-5/, улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-10/, Барилга угсралтын ажлын гүйцэтгэл /хх-12/, Ундны усны хангамжийг сайжруулах, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Алтай, Дөргөн, Дуут, Үенч сумдад суурьлуулах ажил 2 дугаар багцын нэмэлт ажил /хх-13-14/ болон шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ бичгээр байгуулагдсан байх бөгөөд тус хуульд зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба нэхэмжлэгч нь хариуцагчаас гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардах эрхтэй байна.
Энэхүү гэрээний дагуу хийгдсэн ажил гүйцэтгэсний хөлсийг төлөхгүй гэх үндэслэлээ хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Гэрэлмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...энэхүү ажлыг улсын төсвийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэгч компани баримтуудаа он дуусаж байхад оройтуулж өгсөн. Ингээд төсөв санхүүг Төсвийн тухай хуульд зааснаар буцаан татан авсан тул одоо энэхүү санхүүжилт нь 2019 оны төсөвт суугдаагүй гэж тайлбарлах боловч Х нь төсвийн жил дуусахад зарцуулагдаагүй үлдэгдэл мөнгийг тухайн шатны төсвийн ерөнхий дансанд татан төвлөрүүлсэн нь түүнийг ажил гүйцэтгэсний хөлсийг төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд хариуцагч тал нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр талууд Ундны усны хангамжийг сайжруулах, ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжийг Ховд аймгийн Алтай, Дөргөн, Дуут, Үенч сумдад суурьлуулах ажил 2 дугаар багцын нэмэлт гэрээ байгуулж, тус гэрээний биелэлтийн дагуу ажил гүйцэтгэгч Ф ХХК нь 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 87 дугаартай Улсын комисс ажиллуулах тухай албан бичгийг захиалагч талд хүргүүлснийг үндэслэн захиалагч тал 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гэрээний үүргийн биелэлтийг /хх-5/ тооцсон байх тул ажил гүйцэтгэгч компани нь холбогдох баримтуудаа он дуусаж байхад оройтуулж өгсөн гэж түүнийг буруутгах боломжгүй юм.
Иймд хариуцагч Храас ажил гүйцэтгэсний хөлс 14,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф ХХК-д олгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 450 төгрөгийг нэхэмжлэгч Ф ХХК-иас гаргуулан улсын орлогод, хариуцагч Храас 14,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф ХХК-д олгох нь зүйтэй байна.
Хавтаст хэргийн 4 дүгээр хуудаст авагдсан Ховд аймгийн Дуут сумын Засаг даргын Тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 2/340 дугаартай албан бичгийн хуулбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй, хавтаст хэргийн 11 дүгээр хуудаст авагдсан Ховд аймгийн Дуут суманд худаг гаргаж цэвэршүүлэх төхөөрөмж суурилуулах ажлын хэсгийн дүгнэлт нь байгууллагын тамга дарагдаагүй байх тул тус тус хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ганзоригт шүүх хуралдааны товыг шүүхээс мэдэгдэж, гарын үсэг зуруулсан боловч тэрээр ямар нэгэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагч байгууллагын нэг төлөөлөгч Л.Гэрэлмааг байлцуулан хэрэгт цугларсан баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1-д заасныг баримтлан хариуцагч Храас ажил гүйцэтгэсний хөлс 14,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф ХХК-д олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 230,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, түүний улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 450 төгрөгийг нэхэмжлэгч Ф ХХК-иас гаргуулан улсын орлогод, хариуцагч Храас 14,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 230,450 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ф ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА