| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 105/2023/0301/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/318 |
| Огноо | 2023-03-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Н.Өнөрбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 03 сарын 09 өдөр
Дугаар 2023/ШЦТ/318
2023 03 09 2023/ШЦТ/318
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Н.Өнөрбаяр,
Шүүгдэгч Ш.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********* О-д холбогдох эрүүгийн 2206000002155 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мужаан, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ******** тоотод оршин суух хаягтай, Урьд
2010 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял,
2011 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 432 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,
2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 216.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар,
2017 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 136 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял,
2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 33 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял,
2021 оны 03 дугаар сарын 09-ний өдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, ***** О-д РД:********,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга:
/Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч Ш.О нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баганат Өргөө хотхоны 17 дугаар блок барилгын 2 давхарын багаж хадгалдаг өрөөнөөс хохирогч Б.Т-ын эзэмшлийн гагнуурын аппарат, цахилгаан хөрөө, тасдагч, молдок, 2 ширхэг лоомбо, уртасгагч зэрэг 1,072,000 төгрөгийн үнийн дүн бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,072,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэжээ.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Ш.О нь 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баганат Өргөө хотхоны 17 дугаар блок барилгын 2 давхарын багаж хадгалдаг өрөөнөөс хохирогч Б.Т-ын эзэмшлийн гагнуурын аппарат, цахилгаан хөрөө, тасдагч, молдок, 2 ширхэг лоомбо, уртасгагч зэрэг 1,072,000 төгрөгийн үнийн дүн бүхий эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч нийт 1,072,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Т-ын өгсөн “...Би 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Баганат Өргөө хотхоны 17 дугаар байран дээр өөрийн багаж хэрэгсэлтэйгээр барилга угсралтын мужааны ажил хийж байгаа юм. Ингээд 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ажлаа хийж дуусгайд тухайн байрныхаа 2 давхарт байрлах багаж хадгалдаг өрөөндөө өөөрийн багажаа цоожилж үлдээгээд өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдөр өглөө 10 цагт багажаа авахаар ирэхэд хаалга нь онгорхой байсан учир цагдаагийн байгууллагад хандаж байгаа нь энэ юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9/-р тал,
Хөрөнгийн үнэлгээний ******* ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 01/167 дугаартай “...1,072,00 төгрөг...” гэх үнэлгээний тайлбан /хх-ийн 17/-р тал
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ш.О-ын яллагдагчаар өгсөн “...Би 2021 оноос эхлэн Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Баганат-Өргөө хотхоны барилгын ажилд ажиллаж эхэлсэн. Тэгээд 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Баганат Өргөө хотхоны 17 дугаар блокын 2 давхарт байх хувцас солих болон багаж хураадаг өрөөнөөс гагнуурын аппарат 1 ширхэг, лоом 2 ширхэг, төмөр тасдагч 1 ширхэг, дамартай уртасгагч 1 ширхэг, молдок 1 ширхэг, түрдэг хөрөө 1 ширхэг зэрэг багажнуудыг хулгайлан авч гэртээ аваачсан. Би өөрөө барилгын ажил хийдэг болохоор хулгайлсан багажнуудаа зарахгүй өөрөө хэрэглэх гээд хадгалж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 25/-р тал зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч Ш.О-дын тухайд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өөрийн гэм буруугийн асуудлаар аливаа хэлбэрээр маргаангүйн дээр шүүгдэгч Ш.О-ыг тухайн гэмт хэргийг үйлдээгүй талаар эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.
Түүнчлэн хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлог.
Шүүгдэгч Ш.О-ын тухайд дээр дурдагдсанчлан бусдын эд хөрөнгийг хувийн ашиг олох гэсэн шунахайн сэдэлтээр нууцаар, хууль бусаар авч бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан байх бөгөөд прокуророос түүний үйлдэлд холбогдуулан Эрүүгийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Түүнчлэн шүүгдэгч Ш.О нь хохирогч Б.Т-д гагнуурын аппарат, төмөр тасдагч, 2 ширхэг лоом зэргийг хүлээлгэн өгсөн бөгөөд үлдэгдэл 492,000 төгрөг дээр хор уршигт үнэлгээний төлбөр 35,000 төгрөг нийт хор уршигт 527,000 төгрөгийг хохирогч Б.Т нэхэмжилж байгааг дурдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Ш.О-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хохирогч Б.Т-д 527.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж олгуулах саналтай байна. Цагдан хоригдсон хоногийг эдлэх ялаас хасуулах...” саналыг гаргасан бол хохирогч болон шүүгдэгчийн зүгээс эрүүгийн хариуцлагын тусгайлан ямар нэгэн санал, хүсэлт гаргаагүй болно.
Шүүгдэгч Ш.О-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ...” гэж заажээ.
Шүүхээс шүүгдэгч Ш.О-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирол төлбөрийг хэсэгчлэн төлсөн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Гурав. Бусад
Шүүгдэгч Ш.О-ын үйлдсэн хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-д нийт 1,027,000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн зүгээс гагнуурын аппарат, төмөр тасдагч, 2 ширхэг лоом зэргийг хүлээлгэн өгч, үлдэгдэл хохиролд нийт 527,000 төгрөг үлдсэн байна.
Иймд шүүгдэгч Ш.О-оос нийт 527,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Т-д олгож,
-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-н урьдчилан цагдан хоригдсон 21 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцож,
-хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********* О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-д хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн тэнсэн харгалзах ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О-ын урьдчилан цагдан хоригдсон 21 /хорин нэг/ хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцсугай.
4 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.О нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, үүрэг хүлээлгэх албадлагын аргаа хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн болон албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.
5. Хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссэн мөн үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Ш.О-д хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт даалгасугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ш.О-оос нийт 527,000 /Таван зуун хорин долоон мянга/-н төгрөгийг гаргуулж, хохирогч ****** Т /РД:********/-д олгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Ш.О-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээгээр сольсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.О-од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН