| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00256/И |
| Дугаар | 00368 |
| Огноо | 2019-07-16 |
| Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 07 сарын 16 өдөр
Дугаар 00368
| 2019 оны 07 сарын 16 өдөр | Дугаар 153/ШШ2019/00368 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт оршин суух, .. регистрийн дугаартай, О******* овогт Г-ийн Оын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Ховд аймгийн Дарви сумын Мөрөн багт оршин суух, ... регистрийн дугаартай, Б******* овогт М-ын Ст холбогдох хүү О.Аийн эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.М******* нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 онд М.Стай анх танилцаж, үерхэж байсан. Ингээд улмаар жирэмсэн болж, 2014 оны 5 дугаар сард 2 ихэр хүүхэд төрүүлсэн. 1 хүү маань хүн болж чадаагүй нас барсан. Ихрийн өрөөсөн болох А хүн болоод 5 нас хүрлээ. Регистр нь ..... Анх хүү төрөхөд чиний хүү шүү гэж хэлсэн боловч тэр зөвшөөрөөгүй. Хүү А өсөхийн хэрээр эцэгтэйгээ адилхан болж байгаа учир хүү Аийн эцгийг тогтоолгон өгч, хүүхдийн тэтгэлэгийг тогтоолгон өгөхийг хүсэж байна гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Миний бие отгон охин Г.О нь 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хоёр ихэр хүү төрүүлсөн бөгөөд одоо хүү О.А нь 5 нас хүрлээ. М.С нь анх О.Аийг миний хүү биш гэдэг байсан. Одоо Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс шинжээчийн дүгнэлт ирсэн байна. Дүгнэлтийг хараад хүүгээ хүлээн зөвшөөрөх байх гэж бодож байна. Бид нартай ирж уулзаагүй. Хүү О.А нь том болох тусам аавтайгаа их адилхан болж байна. Иймд хүү О.Аийн эцэг М.С мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ц******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирсэн шинжээчийн дүгнэлтээр хүү О.Аийн эцэг нь М.С мөн болох нь 99,99 хувьтай гарсан талаар М.С болон түүний гэрийхэнд хэлсэн. Хүүхдийн тэтгэлэгийг төлнө гэж хэлүүлсэн. Үүнээс өөр надад мэдэх зүйл алга гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.О нь хариуцагч М.Ст холбогдуулан хүү О.Аийн эцэг М.С мөн болохыг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч Г.О, хариуцагч М.С нарын эцэг эх нь айл хөрш байдаг, нэг нэгнээ таньдаг, нутгийн уугуул иргэд байсан бөгөөд Г.О, М.С нар нь хоорондоо танилцаж үерхэж байсан, тэдгээрийн дундаас 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр хүү О.А төрсөн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3389 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.
Хариуцагч М.С нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн хувийг гардан авсны дараа өөрийгөө 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.Аийн эцэг мөн эсэх талаар шинжээч томилуулахаар хүсэлт гаргасан бөгөөд түүний хүсэлтийг шүүхээс хангаж, шүүгчийн захирамжийн дагуу Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 3389 дугаартай шинжээчийн дүгнэлтийг шүүхэд ирүүлсэн байна. Тус шинжээчийн дүгнэлтээр хариуцагч М.С нь хүү О.Аийн биологийн эцэг байх магадлал 99,99%-тай гэж гарсан байх тул 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.Аийн эцэг нь ... регистрийн дугаартай, Б******* овогт Мөнхбатын С мөн болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх... асуудлыг шүүх шийдвэрлэнэ гэж заасан байна. Хүү О.А нь төрснөөс хойш эх Г.Оын асрамжид байгаа, мөн хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, хүүхдийн өссөн орчин зэргийг харгалзан үзэж хүү О.Аийг эх Г.Оын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Хүү О.Аийг эх Г.Оын асрамжид үлдээсэн ч Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэнэ.
Монгол улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-д заасны дагуу үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх нь Монгол улсын иргэний журамт үүрэг бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-т зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй тул хариуцагч М.Саас хүү О.Аэд олгох тэтгэлгийг Гэр бүлийн тухай хуульд заасан хувь, хэмжээгээр гаргуулах нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүү О.Аийг эх Г.Оын асрамжид үлдээсэн нь эцэг, эхийн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан "хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах" үүргээ хэрэгжүүлэхэд, мөн эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байх ёстой.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д зааснаар хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй тул эх Г.О нь хүү О.Аийг хүссэн цагт нь эцэг М.Стай уулзуулж байх, эцэг М.С нь мөн хүссэн цагтаа буюу хүүхдийн эрх ашигт сөрөг нөлөө үзүүлэхгүйгээр цаг хугацаа, нөхцөл байдалд хүү О.Атэй уулзаж байх эрхтэй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д заасныг баримтлан 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.Аийн эцэг нь ... регистрийн дугаартай, Б******* овогт Мөнхбатын С мөн болохыг тогтоосугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.Аийг эх Г.Оын асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү О.Аийг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж, эцэг М.Саар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Г.Оад даалгасугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах, суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэг эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарласугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Г.Оын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Саас улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Оад олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА