Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 00413

 

2019 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 153/ШШ2019/00413

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Шураг багт оршин суух, .. тоот регистрийн дугаартай, С******* овогт С-ын Игийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, гэрч С.А, Ж.Б, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч С.И шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчин, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 он хүртэл мөн нэгдлийн туслах үйлдвэрлэлд нормчин зэрэг ажлыг хийж байсан бөгөөд одоог хүртэл мал аж ахуйн үйлдвэрлэлд ажиллаж байгаа болно. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон чинь 1985 оноос 1991 он хүртэл ажиллаж байсныг гэрчлэх хөдөлмөрийн дэвтэр байхгүйн улмаас Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн лавлагаа гаргуулахад 1988-1990 оны хөдөлмөр өдрийн материал хагас дутуу олдож, 1985-1987 оны хөдөлмөр өдрийн материал огт олдохгүй хохироход хүрээд байна. Иймд миний 1985 оноос 1991 он хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад /одоогоор Хонгио багт/ малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч С.И нь 1985 онд 8 дугаар анги төгсөөд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн 2 дугаар бригадад 1985 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүртэл малчин, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 он хүртэл мөн нэгдлийн туслах үйлдвэрлэлд нормчиноор ажилласан бөгөөд одоог хүртэл мал маллаж байна. Тэрээр 1989 онд Д.Д*******той гэр бүл болж мөн нэгдэлдээ мал маллаж байсан бөгөөд үүнээс өмнө ах Балжиннямын хамт мал малладаг байсан. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгох болсон тул 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн үйлдвэр бригадад норомчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч С.И нь 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн үйлдвэр бригадад норомчноор тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 567 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Захиргаа аж ахуй, туслах үйлдвэрийн 1988-1990 оны С.Игийн нэр дээрх 70-р дансны хуулга,

-С.Игийн нэр дээрх 280855 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

-С.Игийн нэр дээрх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,

-Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэл нь 4 компани болж өөрчлөгдсөний нэг Гэрэл ББХК 1992 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдан 1992 оны 5 дугаар сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна гэх лавлагаа,

-Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлаг Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 130/118 дугаартай албан бичиг,

-С.Игийн нэр дээрх 1986 оны Сайшаалын үнэмлэх, 1988 оны Гэрчилгээ,

-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 566 дугаартай лавлагаа,

-Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Захиргаа аж ахуй, туслах үйлдвэрийн 1988-1990 оны Д.Д*******ийн нэр дээрх 70-р дансны хуулга,

-Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл,

-Шүүх хуралдаанд өгсөн гэрч С.А******* ...би С.Иг сайн мэднэ. Учир нь бид нэг сумын нэг бригадад хамт ажиллаж байсан. Тэрээр төрсөн ах Б******* хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд бог мал малладаг байсан... гэх мэдүүлэг,

-Шүүх хуралдаанд өгсөн гэрч Ж.Б******* ...С.И бид нар нэг сумын нэг бригадад хамт ажиллаж байсан. С.Игийн аав нь нэлээн эрт нас барсан. Тэрээр төрсөн ах Б******* хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд бог мал малладаг байсан. Дараа нь нэгдлийн туслах үйлдвэрт бас ажилладаг байсан. С.И нь их ажилсаг, амьдралын төлөө зүтгэдэг хүн. Тэрээр одоо сумын мянгат малчин, аймгийн сайн малчин цолтой. Одоо ч гэсэн мал маллаж байгаа... гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

Хүсэлт гаргагч С.И нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хүсэлт гаргагч С.И нь 1985-1987 онд ерөнхий боловсролын сургуульд сурч байгаагүй болох нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн үзлэгийн тэмдэглэл, шүүх хуралдаанд өгсөн гэрч С.Амгалан, Ж.Б******* нарын мэдүүлэгээр нотлогдож байна. Мөн хүсэлт гаргагч С.Игийн нөхөр нь Д.Д******* мөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байх тул хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 566 дугаартай лавлагаагаар ирүүлсэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Захиргаа аж ахуй, туслах үйлдвэрийн 1988-1990 оны Д.Д*******ийн нэр дээрх 70-р дансны хуулгыг нотлох баримтаар үнэлсэн болно.

Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч С.И нь 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн үйлдвэр бригадад норомчноор тус тус ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Харин хэрэгт авагдсан С.Игийн нэр дээрх 280855 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараас үзэхэд хүсэлт гаргагч С.И нь 1990-2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдсан байх тул шүүхээс 1990 оныг давхардуулан тооцох боломжгүй юм. Иймд хүсэлт гаргагч С.Игийн 1990 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар .. тоот регистрийн дугаартай, С******* овогт С******* Игийн 1985 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд малчнаар, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн үйлдвэр бригадад норомчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, С.Игийн 1990 онд Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай. 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Б.МАРИНА