Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 27

 


    

2017.01.18


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 171/2017/0035/Э/
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Баттулга даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.***,
Хохирогчийн өмгөөлөгч Г.Баттогтох, 
Шүүгдэгчийн өмгөөлөгч  Ж.Болдбаатар,
Шинжээч эмч ***, 
Хохирогч  ***, 
Шүүгдэгч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
 
 Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т заасан гэмт хэрэгт *** холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201609000076 дугаартай хэргийг мөрдөн байцаалтад буцаасан шүүгчийн захирамжийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаан ирүүлснийг              2016 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 
Монгол Улсын иргэн, *** өдөр *** аймгийн Баян-Агт суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой*** багш  мэргэжилтэй,  ам бүл 3 эхнэр хүүхдийн хамт *** аймгийн *** оршин суух хаягтай, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх *** /РД: ***/

Үйлдсэн хэргийн талаар: 
Шүүгдэгч *** нь 2016 оны 02 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчим  Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Цайдамын хөндий” гэх газар Улаанбаатар хотын чиглэлийн хатуу хучилттай асфальтан зам дээр *** улсын дугаартай “***” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3а, 21 дүгээр бүлгийн 21.8, 9 дүгээр бүлгийн 9.1-т заасан заалтуудыг тус тус зөрчсөний  улмаас явган зөрчигч *** мөргөж амь насыг нь хохироосон тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би  2016 оны 02 дугаар сарын 14-ний өдөр *** аймгийн Баян-Өндөр сумаас Улаанбаатар хот руу 16 цагийн  орчим  гараад  явсан  юм. Ингээд  Дархан-Уул  аймгийн  Хонгор  сум  Цайдамын  гуанз өнгөрөөд явж байхад саарал өнгийн машин замын баруун гар талд тал нь зам дээр тал нь замын хөвөөн дээр замаа бүрэн чөлөөлөөгүй зогсож байсан юм. Би уг машины хажуугаар гарахдаа гэрлээ шилжүүлээд зүүн гар тал руугаа дохио өгөөд уг машины хажуугаар гараад явж байхад гэнэт хүн гарч ирээд миний машинд дайруулсан юм. Тэгэхээр нь би машинаа замын баруун гар тал руу чөлөөлөөд нөгөө дайруулсан хүн дээр яваад очиход түүнийг нэг эмэгтэй хүн тэврээд сууж байхаар буцаж машин руугаа гүйж очоод эмнэлэг рүү дуудлага өгөх гэхэд миний эмэгтэй дүү *** эмнэлэг рүү дуудлага өгч. Тэгээд би дүүгийнхээ утсыг аваад хурдлаарай болохоо байлаа шүү гэж хэлсэн юм. Тэгээд би буцаад мөргүүлсэн хүн рүү очих гээд явж байхад нэг үстэй дээлтэй хүн зогсож байхаар нь би эмнэлэг рүү хурдан яваад ирьё гэхэд чи муу алуурчин зугтах гээд байна уу гэж хэлээд миний машины түлхүүрийг очоод авсан юм. Тэгэхээр нь тэгвэл танай машинаар явъя гэж хэлэхэд тэр ах за за гээд машин руугаа явж байтал өмнөөс нэг шаргал дээлтэй ах ирээд та нар байж бай би яваад ирье гэж хэлээд машиныг асаагаад явсан юм. Түүний дараа замын хэсэгт нэг дугуй аваачаад тавьсан бөгөөд тэр дугуйг машинууд ирж мөргөөд байсан. Түүний дараа 40 орчим минутын дараа хүмүүс шуугилдаад тас няс хийх чимээ дуугарахаар нь эргээд хартал нэг цагаан өнгийн Ланд крузер 100 маркийн ***улсын дугаартай авто машины урд талын дугуй нь цогцсонд тулаад зогсож байсан юм. Тэгэхээр нь би гүйж очоод юу болсон бэ гэж асуухад нэг үстэй дээлтэй ах саяны жийп ирж мөргөөд бүр байхгүй болгочихлоо гэж хэлсэн юм. Тэгэхээр нь би өмнө нь амьсгаатай байсан биз дээ гэхэд тэр ах жийп ирж мөргөөд бүр амьсгаа нь бүр  зогсчихлоо гэж надад хэлсэн юм. Тухайн үед намайг машин жолоодож явахад гэнэт л хүн гарч ирээд мөргүүлсэн. Би тэр үед тормосоо гишгээд зүүн гар тал руугаа жолоогоо дараад л зогссон  юм”  гэх мэдүүлэг  \хавтаст хэргийн 86\, 

Хохирогч ***гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Бид нар 2016 оны 02 дугаар сарын 12-ны өдөр буюу шинийн 4-ний өдөр Улаанбаатараас *** аймгийн Хутаг-Өндөр сум руу золголт хийхээр “Spacio маркийн ***улсын дугаартай авто машинтай талийгаач болон манай нөхөр ***, хүргэн ах ***, миний хоёр охин ***, *** бид нар гарсан юм. Ингээд ***, *** аймгуудаар золголт хийж яваад 2016 оны 02 дугаар сарын 14 -өдөр 16 цагийн орчим Дарханд ирээд нэг айлаар ороод орой 19 цагийн орчим Дархан-Уул аймгаас Улаанбаатар хот руу хөдөлсөн бөгөөд явж байхад аав маань Хонгор сумаас утсандаа нэгж авна, бие засна гэж хэлсэн. Тэгэхээр нь замаасаа Хонгор сумын дэлгүүрээс нэгж аваад цааш хөдөлж яваад замын чөлөөтэй кармаа байхаар нь тэнд зогсож бие засах гээд явсны дараа удалгүй нэг их дуу чимээ гарсан бөгөөд явж очтол манай нөхөр ***, 2 охин маань өвөө машинд дайруулчихлаа шүү дээ гээд орилсон юм. Тэгэхээр нь би гүйж очоод машин тойроод гараад ирэхэд талийгаач дээшээ хараад хэвтэж байсан бөгөөд амнаас нь их хэмжээний цус гарсан байхаар нь би талийгаачийн зүрхэн дээр гараа тавихад цохилж байгаа нь мэдрэгдсэн тул  би хүргэн ах ***д хандаж хурдхан ойр байгаа эмч эмнэлгийн ажилтан олоод ирээч гээд явуулсан. Түүний дараа нөхөр *** машины запас дугуйг замын голд хаалт болгож тавьсан байсан. Гэтэл 10-20 минутын дараа нэг машин хурдтай ирээд замын голд тавьсан дугуйг мөргөөд талийгаачийн хажуугаар өнгөрөөд явсан бөгөөд түүний дараа удалгүй нэг их хурц гэрэлтэй машин орж ирээд манай нөхөр бид хоёрыг мөргөж замын хажуу руу шидээд талийгаачийг газар чирсэн юм. Тэгээд би нөхрийгөө машинд дайруулчихлаа гэж бодоод босоод ирэхэд нөхөр надаас түрүүлж босоод цагаан өнгийн жийп машины жолоочтой уулзаж байсан. Намайг босож байхад цагаан өнгийн жийп машин 2 метр орчим ухарч зогссон байсан. Би талийгаач дээр очоод харахад гар, хөл нь эргэсэн байсан юм. Тэгээд удалгүй Цагдаагийн машин ирсэн юм. Би гомдолтой байна. Холбогдох баримтын дагуу төлбөр  нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19/,
     
Шинжээч эмч ***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гавал тархины гэмтлийн улмаас нас барсан. Дээрх гэмтэл нь мохоо зүйлээс үүснэ. Цохигдох, савагдах ямарч байдлаас үүсэх боломжтой. Босоо хүн мөргүүлэхэд эхлээд автомашин руу дараа нь зам руу савагддаг. Дараа нь машинд хувцас хунар тээглэхэд мөргүүлсэн хүн чирэгдэнэ. Мөргөгдөнө гэж үүнийг хэлдэг. Машины дугуйнд шууд чигрэгдэхгүй.
...Бид эхний машинаас болж дээрх гэмтэл үүссэн гэж үзэж байгаа” гэх мэдүүлэг
 
Гэрч Н.***ийн  мөрдөн байцаалтад  өгсөн: “...Явган зорчигч замын баруун талаас гарч ирсэн юм. Тэгэхэд манай ах *** тормосоо гишгээд жолооныхоо хүрдийг зүүн гар тал руугаа эргүүлсэн тэгээд л тус тас гээд л мөргөсөн. Явган зорчигчийг мөргөсний дараа бууж ирээд харахад машинд мөргүүлсэн хүн газар хэвтэж байсан бөгөөд толгойн хэсэг нь ертөнцийн зүгээр хойт зүг рүү харсан байсан. *** ах зүүн гар тал руугаа дохио өгөөд яг машины хажуугаар гарах явцад уг машины урдаас гэнэт л хүн гараад ирсэн бөгөөд ослын гурвалжин тэмдэг тавиагүй зогсож байсан. Машины хүмүүс дараа нь машины запас дугуй тавьсан”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23/, 
     
Гэрч Д.***ын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “..Бид нар Дархан өнгөрөөд Цайдамын хөндийн тэнд бие засах гээд замаасаа гарч машинаа зогсоогоод бие засцгаасан юм. Тэгээд талийгаач машиндаа суух гээд машины зүүн талын хаалгыг онгойлгоод байж байтал нэг машин ирээд мөргөсөн бөгөөд талийгаач машинд мөргүүлээд бид нарын машинаас урагшаа хол шидэгдсэн байсан. Харин тэр талийгаачийг мөргөсөн машин нилээн яваад замын баруун гар талд зогссон юм. Тэгээд би тэр талийгаачийг мөргөсөн машины жолоочтой уулзаж түлхүүрийг нь авсан. Манай охин, эхнэр хоёр талийгаач дээр очоод амьд байна хурдан түргэн дууд гэсэн. Энд тэнд л хүмүүс залгаад байсан. Манай ах *** Хонгор сум руу эмч дуудах гээд явсан. Бид нарын сууж явсан машин замаа бүрэн чөлөөлж аваарын гэрлээ асаасан байсан. Харин талийгаач машиндаа суухдаа зам руу бага зэрэг гарсан байж магадгүй. Би талийгаачийг хамгийн сүүлд харахад машинд суух гэж байгаа бололтой машины урд зогсож байсан. Талийгаач бидний сууж явсан машинаас 7-8 метр орчим зайд газар унасан байсан бөгөөд толгойн хэсэг нь зам дээр биеийн хэсэг нь замын хөвөөн дээр байсан. Талийгаач эгц дээшээ харсан байдалтай, амнаас нь цус гарсан хоёр нүдний зовхи нээлттэй байсан. Тэгээд удаагүй байтал араас Ланд маркийн машин хурдтай ирж эхнэр бид хоёрыг шүргэж мөргөөд цааш талийгаачийг мөргөж түрээд ухарч зогссон. Түүний дараа талийгаачийг харахад хөл нь хаашаа ч хамаагүй эргээд толгойноос нь их цус гарсан байсан”  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 24-25\,

Гэрч ***мөрдөн байцаалтад өгсөн: Өвөө машины урдуур тойрч машины урд талын суудал дээр суух гээд явж байтал хойноос ирсэн машин өвөөг мөргөөд газарт унагаасан юм. Тэгээд бид нар машинаас буугаад өвөө рүү ойртож очтол ам хамраас нь нэлэнхүйдээ цус болсон, дутуу амьсгаатай байсан юм. Тэгээд өвөөг мөргөсөн машинд сууж явсан хүмүүс дуудлага өгөөд ах *** өөрийнхөө машинтай Хонгор сум руу эмч дуудахаар явсан юм. Тэгээд бид нар өвөөг хөдөлгөлгүй зам дээр хаалт болгож дугуй тавьсан байсан. Талийгаач эгц дээшээ харсан байдалтай, хоёр нүдний зовхи нь нээлттэй, хоёр хөл, гар нь шулуун байдалтай байсан бөгөөд амнаас нь цус гарсан байдалтай, уур гарч байсан  гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-29/,

 Гэрч Н.***гийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид нар Дархан өнгөрөөд Цайдамын хөндий гэх газар бие засах гээд зогссон. Тэгээд ирэхэд бөөн уйлаан болж байсан юу болсон гэхэд аавыг минь машин дайраад алчихлаа гээд охин *** уйлаад байж байсан юм. Тэгэхээр нь бид нар очоод харахад талийгаач Төрхишиг манай машин явж байсан газраас нилээд зайтай хэвтэж байсан бөгөөд талийгаач эгц дээш харсан, хоёр хөл, гар нь шулуун байдалтай амнаас нь цус гарсан мөн уур гарсан байдалтай байсан. Би машинаа замаас маш сайн чөлөөлсөн польруу орсон замруу оруулаад аваарын гэрлээ асаасан байсан. Би өөрөө 44 жил машин жолоодож байгаа хүн. Намайг яваад очиход талийгаач миний машинаас 8 метрийн зайд газар дээшээ хараад хэвтэж байсан. Тухайн үед талийгаач амьд байсан тул түүнийг аваад эмнэлэг рүү явъя гэхэд нөгөө аваар гаргасан машинд байсан хүмүүс байсан байрнаас нь хөдөлгөж болохгүй гэхээр нь авч явах гэснээ болиод би өөрийн машинтайгаа Хонгор сумын эмнэлэг рүү явж эмч аваад ирэхэд 2 дахь машины жолооч талийгаачийг дайрч түрээд 2 метр орчим газар явснаа ухраад зогссон, газарт маш их хэмжээний цус болсон байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31/, 

Гэрч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: Биднийг Хонгор сумын Цайдамын замд явж байхад урд нэг машин зогсож байсан тэгэхээр нь *** ах хажуугаар нь гарах гэтэл нэг хүн гүйгээд гараад ирсэн. Тэгээд тухайн хүнийг дайрахгүйн тулд зүүн тийш дартал тэр хүнийг машины баруун урд хэсгээр мөргөж газар унагаасан. Тэгээд бид нар машин зогссоны дараа бууж ирэхэд тухайн мөргүүлсэн хүн замын тусгаарлах зурвасаас ертөнцийн зүгээр урд хэсэгт хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33/, 

 Гэрч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: Миний сууж явсан машин Дархан Уул аймгийн Хонгор сумын Цайдам гэх газарт 20 цагийн орчимд явж байхад замын дагуу марк дугаар нь мэдэгдэхгүй машин зогсож байсан. Тэгээд тухайн машины хажуугаар гарах гээд явж байтал замын баруун талаас гэнэт хүн гарч ирээд бидний сууж явсан машинд мөргүүлж газар унасан. Тэгээд бид машин зогссоны дараа бууж ирээд харахад тэр хүн ертөнцийн зүгээр замын баруун талд шидэгдээд хэвтэж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34/, 

2016 оны  02 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний *** тоот “Талийгаач ***  биед гавал тархины хүнд гэмтэл тогтоогдсон бөгөөд уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач гавал тархины гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаачийн биед 2    талын бөөрний уйланхайт архаг үрэвсэл зүрх өөхжил, артерын даралт ихдэх өвчин, зүрхний зүүн ховдлын зузаарал /1,8 см/, гол судасны хатуурал 2-р зэрэг гэсэн архаг хууч өвчнүүд илэрсэн бөгөөд эдгээр нь үхэлд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 43-46/,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 3-12/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 214/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч ***нь 2016 оны 02 дугаар сарын 14-ний орой 20 цагийн орчим  Дархан-Уул аймгийн Хонгор сумын Цайдамын хөндий гэх газар ***улсын дугаартай “Аванте Экс Ди маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар бүлгийн 2.3 а, 21 дүгээр бүлгийн 21.8, 9 дүгээр бүлгийн 9.1-т, мөн дүрмийн 6 дугаар бүлэг 6.3 А-д Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд дуут дохио хэрэглэж болно, 9 дүгээр бүлэг 9.3-т тээврийн хэрэгслийн хурдыг суурин газрын гаднах замд 80 км-ээс хэтрүүлэхгүйгээр сонгож явна, мөн дүрмийн 6 дугаар бүлэг 6.3 А-д Ослын зогсолтын тэмдгийг зам тээврийн ослын улмаас зогссон үед хэрэглэнэ гэсэн заалтуудыг зөрчсөний  улмаас явган зөрчигч ***мөргөж амь насыг нь хохироож тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.***, хохирогч *** нарын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээч эмч ***ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Н.***, Д.***, Ж.***, Н.*** ,***, *** нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг,  2016 оны  02 дугаар сарын 15-ны өдрийн Шүүх эмнэлгийн магадлан шинжилгээний 21 дугаартай дүгнэлт зэрэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзэв. Шүүгдэгч Н.***н үйлдэлд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  хуулийн зүйлчлэл тохирсон байна. 

Иймд шүүгдэгч Н. ***г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж явган зорчигч ***мөргөж амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч ***нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд  хохирогчид 8.160.000 төгрөгийн хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлтэй байх ба хохирогч нь бусад хохирлоо иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй байна. Шүүгдэгч ***нь хохирогч ***д үлдэгдэл төлбөр 9.000.000 төгрөгийг 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2017 оны 12 дугаар сарын дуустал нийт 12 сарын турш графикийн дагуу сар бүр 750.000 төгрөг төлж байхаар тохиролцож хоорондоо эвлэрсэн болохыг дурдах нь зүйтэй байна.  

Шүүгдэгч ***нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд хохирлыг төлсөн зэрэг байдлуудыг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 285, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294,  295, 296, 297, 298, 299 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон
                                                    
                                                           ТОГТООХ НЬ:

  1.Шүүгдэгч *** ***г тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын болон ашиглалтын журам зөрчиж бусдын амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар Н.***н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасч, 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/-ийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
 
        3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар Н.***д оногдуулсан 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/-ийн хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй 
         
        4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т зааснаар Н. ***д оногдуулсан 3 жил 10 хоног /гурван жил арав хоног/-ийн хугацаагаар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж  2 /хоёр/ жилийн хугацаагаар хянан харгалзсугай. 

         5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар Н.***н засрал хүмүүжилд хяналт тавьж ажиллахыг *** аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай. 
            
         6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5-т зааснаар тэнсэгдсэн ялтан ***нь тэнсэж хянан харгалзсан хугацаанд захиргааны шийтгэл хүлээвэл Цагдаагийн газрын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэх болохыг сануулсугай. 

  7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар Н.***н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, ялтан хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолыг үл биелүүлбэл Эрүүгийн хуулийн 258 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээлгэхийг Н.***д сануулж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Н.***н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн *** угаартай үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудсын хамт *** аймгийн Прокурорын газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Э.Одончимэгт даалгасугай. 

 8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4-т зааснаар Н.***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх  тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 
  
 9.Шүүгдэгч ***нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураан авсан битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай. 

        10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч ***нь хохирогчид 8.160.000 төгрөгийн хохирлыг хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд төлснийг дурдаж, 9.000.000 төгрөгийн төлбөрийг 2017 оны 01 дүгээр сараас эхлэн 2017 оны 12 дугаар сарыг дуустал нийт 12 сарын турш сар бүр 750.000 төгрөг төлж дуусгахаар эвлэрсэн байх ба шүүгдэгч үүргээ эс биелүүлбэл хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай. 

        11.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-т зааснаар ялтан хохирогч тэдгээрийн өмгөөлөгч хууль ёсны төлөөлөгч нар тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дархан Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-т зааснаар давж заалдах гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Н.***д урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  


                      


                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            П.БАТТУЛГА