Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 01 өдөр

Дугаар 221/МА2025/0229

 


 

 

 

М******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч М******* ХХК

Хариуцагч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар

Нэхэмжлэлийн шаардлага: Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4.280.094 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05/1568 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлтэй олгосон эмийн үнэ болох 4.280.094 төгрөгийг М******* ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/1007 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0778/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч М******* ХХК-иас Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4.280.094 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05/1568 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоолгож, даатгуулагчдад хөнгөлөлтэй олгосон эмийн үнэ болох 4.280.094 төгрөгийг М******* ХХК-д нөхөн олгох шийдвэр гаргахыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт даалгуулах-аар маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/1007 дугаар шийдвэрээр:

Эрүүл мэндийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээний дагуу даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ болох 4.280.094 төгрөгийг нөхөн олгохоос татгалзсан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05/1568 дугаар шийдвэр хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч М******* ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ны өдөр хүртэлх болон 07 дугаар сарын даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ нийт 4.280.094 төгрөгийг нөхөн олгохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1....Нэхэмжлэл ирүүлээгүй бол манай байгууллагын нэхэмжлэлийн хяналт хийх боломжгүй гэдгийг тайлбарлавал:

Гэрээт Эрүүл мэндийн байгууллагууд үзүүлсэн тусламж, үйлчилгээг бодит цагийн горимоор буюу эмийн сангаас хөнгөлөлттэй эм авсан бол эмийн сангийн ажилтан бүртгэж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн санд бүгд цугларч, хадгалагдсан байдаг. Уг мэдээлэлд нэхэмжлэгч талаас ирүүлсэн нэхэмжлэлийг үндэслэж тус нэхэмжлэл нь үнэн бодитой байна уу гэдийг тулгаж шалгалт хийхийг чанар болон төлбөрийн хяналт буюу нэхэмжлэлийг хянах үйл ажиллагаа гэж ойлгож болно. Энэ үйл ажиллагааг холбогдох хууль, журмаар зохицуулсан. Мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.6-д эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлэх даатгуулагчийн төлбөрийн тайлан тооцоо, холбогдох баримт бичгийг үнэн зөв, цаг хугацаанд нь гаргаж эрүүл мэндийн даатгалын байгууллагад ирүүлэх гэж мөн гэрээгээр нарийвчлан зохицуулсан байдаг.

Нэхэмжлэгч хуулийн этгээд нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 05/1568 дугаартай албан бичгийг хууль бус болохыг тогтоох гэсэн бөгөөд тус бичиг нь "М*******" ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 30-ны өдрийг хүртэлх хугацааны даатгуулагчдад эмийн хөнгөлөлт үзүүлсэн төлбөрийн нэхэмжлэлээ гэрээнд заасан хугацаанд ирүүлээгүйг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсээс утсаар удаа дараа тус байгууллагын нягтлан бодогчид мэдэгдсэн талаар нотлох баримт ирүүлсэн. 2023 оны 6 дугаар сараас хойш тухайн байгууллага нь гомдлыг шийдвэрлэх байгууллагад мөн дээд шатны байгууллага, шүүхэд нэхэмжлэлийг хянуулах талаар гомдол гаргаагүй.

Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйл 33.14-т "Иргэн, хуулийн этгээдээс захиргааны актад гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулийн 94 дүгээр зүйлд зааснаар, захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар тодорхойлно" гэж, 94.1-т "Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана гэж Захиргааны хэрэг шүүхэд хянаж шийдвэрлэх тухай хуулийн 14.1-т "Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараах тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана" гэж тус тус заасан байна.

Анхан шатын шүүх Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.14-т заасан хөөн хэлэлцэх хугацааг нягталж үзэлгүй шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Энэ нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.

3.2.Хэрэгт цугларсан нотлох баримтын талаар:

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 5-д дурдагдсан нэхэмжлэгчээс ирүүлсэн гэх 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр цахимаар 2023 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 37 дугаартай албан бичиг Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст ирүүлсэн гэх бөгөөд энэ нь манай байгууллагад ирүүлсэн гэх ямар нэгэн бүртгэл байхгүй байгааг тус шүүгч үнэлж үзээгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.-т "Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ" гэж заасан. Нэхэмжлэгч талаас ирүүлээгүй нэхэмжлэл, албан бичгийг шүүхэд гаргаж өгсөн нь манай байгууллагад нэхэмжлэл илгээгээгүй, ирсэн, шийдвэрлэсэн бичиг баримтын бүртгэлд бүртгэгдээгүй гэдэг нь хавтаст хэргээс харагдаж байна. Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь төрийн байгууллага тул Төсвийн тухай хууль, Санхүү, бүртгэлийн тухай хуульд зааснаар анхан шатны баримтгүйгээр /нэхэмжлэл/ ямар нэгэн гүйлгээ хийх эрхгүй юм. Гэтэл нэхэмжлэл илгээсэн мэт шүүхэд нотлох баримт гаргаж өгч байгаа нь хууль зөрчсөн, шүүхийг үл хүндэтгэсэн, хууль бус нотлох баримт гаргаж байгаа үйлдэл гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлдээ Эрүүл мэндийн даатгалын цахим хаягт нэхэмжлэлээ илгээгээгүй, мөн хугацаа хоцорсон тул 8 сард хүргүүлсэн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс хүлээн аваагүй талаар захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, өгсөн тайлбар, шүүх хурлын үед ярьсан байдаг.

Гэтэл анхан шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал гэнэт цахим хаягаар Нотариатын тамга тэмдэгтэй тус эмийн сангийн ажилтан нэхэмжлэл явуулсан гэх цаасыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тус нотлох баримтыг үндэслэж нэхэмжлэл ирсэн гэдгийг шүүгч анхан шатын шүүхийн шийдвэрт тусгасан байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ" гэж 32 дугаар зүйл 32.5-д "Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гаргахыг хориглоно гэж тус тус заасан бөгөөд Нотариатын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т цахим шуудангаар ирсэн мэйлд үзлэг хийх, нотариат батлах чиг үүрэг байхгүй байхад тус цахим хаягт үзлэг хийж цахим шуудангийн хаягаар нэхэмжлэлийн мэдээлэл ирсэн мэт нотлох баримт гаргасан. Гэвч тус цахим шуудан нь Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэст ирээгүй гэдэг нь баримтаар, тайлбараар нотлогддог.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9-т Шүүх цахим баримт бичгийг эргэлзээтэй гэж үзвэл энэ хуульд заасны дагуу шаардлагатай ажиллагаа хийнэ, 32.6-д Захиргааны хэргийн шүүх хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах бөгөөд уг баримтыг шаардан гаргуулж болохгүй гэж тус тус заасан. Анхан шатны шүүх хуралдааны үед хариуцагч талаас нотлох баримтаар хасуулах талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй.

Тус нотлох баримтыг хуулийн 32.5-д заасан хуурамч, хуульд заасан арга хэрэгслээр олж аваагүй нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй тул 32.7-д Энэ хуулийн 32.5-д заасныг зөрчсөн гэм буруутай этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ гэж заасны дагуу хариуцлага хүлээлгэх, мөн 34.5-д Нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасныг анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нь хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байгаа тул шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч талтай байгуулсан гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй... гэсэн заалтыг үндэслэсэн мөртлөө хүндэтгэн үзэх шалтгааныг тодруулаагүй. Хүндэтгэн үзэх ямар шалтгааны улмаас нэхэмжлэл илгээгээгүй гэдгээ нэхэмжлэгч тал тайлбарлаагүй нотлох баримтыг гаргаж өгөөгүй байхад тус заалтыг хэрэглэх боломжтой гэж үзсэн гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэгт хамааралтай нотлох баримтыг дутуу цуглуулсан байх тул дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай байгуулсан 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах тухай ӨВ-04/0977 дугаар гэрээний 2.1.7.2-т зааснаар Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авагч нь гэрээний 2.4.4-т заасан хугацаанаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хоцроосон нэхэмжлэл-ийг хянах болон санхүүжүүлэхээс татгалзах эрхтэй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч нь 2.4.4-т зааснаар тусламж, үйлчилгээний зардлын нэхэмжлэлийн мэдээллийг цахим системээр, албан бичгийг гэрээний баримт бичигт заасан холбогдох хаягаар эсхүл орон нутгийн эрүүл мэндийн даатгалын хэлтсийн албан ёсны цахим хаягаар сар бүрийн 5-ны дотор хүргүүлэх үүрэгтэй, 4.2-т Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч гэрээний 2.4.4-т заасан үүргээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас биелүүлээгүй тохиолдолд хоцроосон хоног тутамд холбогдох тусламж, үйлчилгээний төлбөрийн нэхэмжлэлийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож суутгуулан хариуцлага хүлээлгэнэ гэж заасан, гэтэл шүүхээс нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ гэрээний зөвхөн 4.2-ыг баримталснаас бус нэхэмжлэгч үнэхээр хүндэтгэн үзэх шалтгааны улмаас нэхэмжлэх хүргүүлэх хугацаагаа хэтрүүлсэн эсэх, чухам ямар үндэслэлээр энэ тохиолдолд гэрээний энэхүү заалтыг хэрэглэх болсон талаар огт дүгнэлт өгсөнгүй.

Учир нь нэхэмжлэлд гэрээний 2.3.3-т заасны дагуу М******* ХХК нь 2023 оны 6 дугаар сарын 11-нээс 30-ны өдөр хүртэлх нэхэмжлэхийг, мөн оны 7 дугаар сарын нэхэмжлэхтэй хамт 8 дугаар сарын 5-ны өдрөөс өмнө хүргүүлэх журамтай боловч энэ өдөр амралтын өдөр таарсан учир дараагийн ажлын 7 хоногийн эхний өдөр болох 7-ны өдөр нэхэмжлэх хүргүүлсэн гэж маргасан, бодит байдалд үнэхээр дурдсан хугацаанд хүргүүлсэн байх тохиолдолд нэхэмжлэгчийг гэрээнд заасан хугацааг хэтрүүлсэн гэж үзэхгүй, хүндэтгэн үзэх шалтгааны талаар ч яригдахгүй.

Гэтэл давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У******* дээрх албан бичиг зөвхөн цахимаар 8 дугаар сарын 11-ний өдөр ирсэн гэсэн, энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А******* нэхэмжлэхийг 8 дугаар сарын 7-ны өдөр бичгээр, 11-ний өдөр цахимаар хүргүүлсэн гэсэн зөрүүтэй тайлбар тус тус гаргасан боловч маргааны гол үндэслэлд хамаарах нэхэмжлэх чухам хэдийд ирснийг, тухайлбал талуудын дээрх тайлбарыг нотлох болоод үгүйсгэх баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна.

2.Хэдийгээр хэргийн 13 дахь талд М*******ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрөөр огноолж, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт хаягласан Нэхэмжлэл хүргүүлэх тухай хүсэлт байх боловч нэхэмжлэгчээс энэхүү албан бичгийг хариуцагчид хэрхэн хүргүүлсэнийг нотлох баримт байхгүй, мөн тус албан бичгийн огнооноос үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэх хүргүүлэх гэрээнд заасан хугацааг огт хэтрүүлээгүй гэж тайлбарлаж байгаа энэ тохиолдолд 2023 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн албан бичгийг хэзээ, хэрхэн хүргүүлэх ажиллагаа хийсэн болохыг тодруулснаар үүссэн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулж болох эсэх, цаашлаад шийдвэрт үндэслэл болгосон гэрээний 4.2-ыг энэхүү маргаанд хэрэглэх эсэхэд тус тус дүгнэлт хийх боломж бүрдэнэ.

3.Мөн нэхэмжлэгчээс 2023 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 30-ныг дуусталх болон 7 дугаар сард даатгуулагчдад хөнгөлөлттэй олгосон эмийн үнэ нийт 4.280.094 төгрөгийг олгохгүй байгаатай холбогдуулан чухам ямар шалтгаанаар одоогийн хариуцагчаар татагдсан байгууллагад гомдол гаргахгүй байсан талаарх, өөрөөр хэлбэл Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн Хариу хүргүүлэх тухай 2024 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн 05/1568 дугаар татгалзал нь нэхэмжлэгчийн хэдийд гаргасан хүсэлтийн хариу болохыг тодруулах шаардлагатай байна.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан бичгийн болон давж заалдах гомдлынхоо аль алинд нь нэхэмжлэл гаргах хугацаа хэтрүүлсэн, хуулийн хугацаанд захиргааны журмаар гомдол гаргаагүй талаар тус тус дурдсан байгаагаас гадна анхан шатны шүүх хуралдаанд ч энэ талаарх байрь сууриа дэмжиж байсан болох нь хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байхад шийдвэрт энэ талаар ямар ч дүгнэлт өгсөнгүй.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт хангалттай нотлох баримт цугларсан тохиолдолд холбогдох дүгнэлтийг гүйцээн хийж болох боловч нэгэнт баримт хангалтгүй, мөн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 8-д шүүхээс М******* ХХК-ийн тусламж, үйлчилгээний зардлыг хянан үзэж, нэхэмжлэлийн үнийн дүнг шууд гаргуулах боломжгүй гэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагад тусгасан дүнгээр буюу 4.280.094 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар даалгаж шийдвэрлэсэн нь шийдэл болоод дүгнэлт хоорондоо харилцан уядаагүй байгааг хэргийг дахин хянахдаа анхаарвал зохино.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2024/1007 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                             Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

 

ШҮҮГЧ                    Э.ЛХАГВАСҮРЭН