Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 1240

 

 

 

 

 

 

 

   2019        12            12                                             2019/ДШМ/1240                                                        

 

 

М.Бод холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

прокурор А.Сайнбаяр,

шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч С.Соронзонболд,

хохирогч Ж.Жавхлантөгсийн өмгөөлөгч Ж.Батхуяг,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/1588 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Бын өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлоор М.Бод холбогдох эрүүгийн 1906035701756 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 7-ны өдрийн 7 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн;

М.Б нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” хотхоны 102 дугаар байрны 23 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Жавхлантөгстэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: М.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Юндэн овгийн Мөнхөөгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Мөнхөөгийн Быг 5 /таван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар М.Бод 5 /таван/ жил 06 /зургаан/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэж, энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, нотлох баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч Ж.Жавхлантөгс нь энэ гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгуулахаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.  

Шүүгдэгч М.Бын өмгөөлөгч С.Соронзонболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүхэд бичгээр гаргасан гомдлынхоо агуулгыг өөрчилж байна. Давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэхээс өмнө хохирогчийн хохирлыг барагдуулсан. Анхан шатны шүүхэд гэм буруугийн хувьд маргаж байсан. Хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн гэж үзсэн. Өнөөдөр өмгөөлөх талын нотлох баримтыг гаргаж өгч байна. Үүнд Бын ар гэрээс хохирогчийн эмчилгээний зардалд 6 сая төгрөг өгсөн баримт байна. Мөн хохирогчоос танил найз байсны хувьд гэсэн хүсэлт бичсэнийг гаргаж өгч байна. Анхан шатны шүүхээс ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх үндэслэл байхгүй гэж дүгнэсэн. Өнөөдрийн шүүх хуралдаанд хохирол төлбөрийг төлсөн тул ял хөнгөрүүлэх үндэслэл байна гэж үзэж байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд зааснаар хохирлыг төлсөн, хохирогчийн буруутай үйлдэл гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байдаг. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэрэгт учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээг гуравны хоёроос багагүй ял оногдуулж болно гэж зааснаар шүүхээс М.Бод 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулах боломжтой гэж үзэж байна...” гэв.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогч Ж.Жавхлантөгсийн эмчилгээний зардлыг бүрэн барагдуулсан. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Батхуяг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ өөрчилсөн тул ямар нэгэн нэмэлт тайлбар алга. Миний үйлчлүүлэгчийн хувьд шүүгдэгчид ямар нэгэн гомдол санал байхгүй, хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэж байгаа...” гэв.

Прокурор А.Сайнбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцлийг дүгнэж, эрүүгийн хариуцлага оногдуулахад хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал байна уу гэдэг дээр дүгнэлт хийсэн. Тухайн зүйл ангид заасан хорих ялын доод хэмжээ буюу 5 жил 6 сарын хорих ял оногдуулсан. Тухайн үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял шийтгэл оногдуулсан. Үүнээс бага хугацаагаар ял оногдуулах нь зохимжгүй гэж үзэж байна...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж, тодруулсан, нэмж шалгах зүйлгүй, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад М.Б нь 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Дүнжингарав” хотхоны 102 дугаар байрны 23 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Ж.Жавхлантөгстэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар зэвсгийн чанартай зүйл болох хутгаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ж.Жавхлантөгсийн “...Тэгээд сэрэхэд миний дансанд байсан 20.000 төгрөгийг Гүжирмэг ах, Б нар архи авч уусан байхаар нь уурлаж байсан ба нэг мэдэхэд намайг Б хутгаар хатгаж, зүсэж байсан. Тэгээд би зугтаад гарсан. ...Би тухайн үед 6 удаа хутгаар Боор хатгуулсан ба одоо тухайн шархнууд нь өвдөж бүрэн эдгээгүй байна. ...Мөн баруун талын булчин шархнаасаа болж агшиж жижгэрч магадгүй гэж эмч хэлсэн...” /хх 22-23, 24/,

гэрч П.Энхбаярын “...Тэгээд хөзөр тоглох гэхэд Жавхлантөгс шал согтуу Гүжирмэгийг элдвээр хэлээд ташаандаа гараа барьж зогсоод бид гурав руу агсраад байхаар нь би гараад явчихсан. Намайг гарахад архи талдаа ч ороогүй байсан бөгөөд Б, Гүжирмэг, Жавхлантөгс гурав үлдсэн. Тэгээд би шууд гэр рүүгээ ороод зурагт үзэж байгаад 18 цагийн орчимд байх /цагийг нь сайн санахгүй байна/ би байрныхаа гадаа гараад тамхи татаад байж байтал нэг эмэгтэй гүйж ирээд харуул хаана байна гэсэн. Тэгэхээр нь харуулыг зааж өгөөд юу болсон юм гэж асуухад дээрээс заазуур, хутга шидээд байна гэхээр нь харуул цагдаа дуудсан байх. Тэгээд Б гүйгээд гараад ирсэн бөгөөд миний утас болон хамаг юмыг Жавхлантөгс цонхоор шидчихлээ гэж хэлээд гарч ирсэн бөгөөд буцаад тойроод явчихсан. Араас нь Жавхлантөгс дотуур хувцастайгаа хамаг бие нь цус болчихсон гарч ирэхэд цагдаа ирсэн. Гүжирмэг хаачсаныг мэдэхгүй байна. Жавхлантөгсийг гарч ирэхэд нь уулзаагүй, хэн хутгалсныг мэдэхгүй байна. Би Быг Жавхлантөгстэй маргалдаж улмаар хутгалсан байх гэж бодож байна...” /хх 26-27/,

гэрч Д.Осоржамаагийн “...Тухайн өдөр би харуулын ажилтай байсан. Тэгэхэд 102-р байрны 9 давхрын цонхоор заазуур, хутга, эд зүйл шидээд байсан. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн ба гадна цонхоор шидээд байсан эд зүйлийг харж, хажуугаар нь явж байгаа хүмүүс гэмтэж магадгүй гэж бодоод гадна хараад зогсож байсан. Удалгүй цагдаа нар ирсэн. Би цагдаа нартай хамт 9 давхарт гарахад 23 тоотын гадна тал нилэнхүйдээ цус болсон байсан. Би гэр рүү нь ороогүй болохоор ямар хүмүүс байсныг мэдэхгүй байна. ...” /хх 29/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 1013 тоот шинжээчийн “...Ж.Жавхлантөгсийн биед цээжний баруун талаас цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээжний баруун хөндийн хий хуралдалт, баруун уушгины бүрэн бус уналт, зүүн нүдний цус хуралт, цээж, баруун шуу, баруун гуяны зүсэгдсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн болон хурц ир, үзүүртэй зүйлийн үйлчлэлээр тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх 53-54/ гэх дүгнэлт болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 9-11, 12-19/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 4/ зэргээр гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, түүний сэдэлт, зорилго, гэм буруу хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ бүрэн нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт, нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба эдгээр нь хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад тулгуурлаж, зөв хууль зүйн дүгнэлтийг хийжээ.

Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь  хэсгийн 2.4 дэх заалтад заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг “Энэ хуульд заасан “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно” хэмээн тодруулан тайлбарлажээ.

Шүүгдэгч М.Б хохирогч Ж.Жавхлантөгсийн биед хутгаар цээжин тус газарт нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсаныг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн гэж үзнэ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 заалтад заасан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч М.Бын “...Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү...” гэсэн тайлбар, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Соронзонболдын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар

зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хорих ял оногдуулах...” гэх утга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч М.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хохирогчийн биед олон удаагийн үйлдлээр цээжний баруун талаас цээжний хөндий рүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх, цээж, баруун шуу, баруун гуяны зүсэгдсэн шарх бүхий олон тооны гэмтэл учруулсан, хор уршгийн шинж чанар, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу хэлбэр зэргээс дүгнэвэл шүүхээс шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн зүйл, хэсгүүдэд заасан хэм хэмжээний дийлэнх нь тухайн заалтыг зайлшгүй, хэлбэрэлтгүй биелүүлэх үүргийг шүүхэд хүлээлгэсэн байдаг.

Харин шүүх Эрүүгийн хуулийн зарим нэг зүйл, хэсэг дэх хэм хэмжээг эрх хэмжээнийхээ хүрээнд буюу өөрийн үзэмжээр, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэж болдог онцлогтой. Ийм зүйл, хэсгүүдийн нэг бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтад “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно:, мөн зүйлийн 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулна.” гэж заажээ.

Эдгээр заалтууд нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон хуулийн зохицуулалт биш байна.

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж хариуцлагын зорилгыг тодорхойлон хуульчилжээ.

Шүүгдэгч М.Бын үйлдсэн гэмт хэрэг нотлогдон тогтоогдсон, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд тулгуурлаж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэж, түүнийг зөв тайлбарлан тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина.” гэж заасантай нийцэж байгаа болно.

Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн талаар прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан хянавал зохих асуудлуудыг бүрэн хянасан, шүүхийн шийтгэх тогтоол нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бын өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/1588 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бын өмгөөлөгч С.Соронзонболдын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

ШҮҮГЧ                                                                        С.СОЁМБО-ЭРДЭНЭ