Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 54

 

А.М-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, хохирогч Н.Э, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 505 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 810 дугаар магадлалтай, А.М-д холбогдох 201725010884 дугаартай эрүүгийн хэргийг хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Ганзоригийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт А-гийн М нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх А.М-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг 10,000 нэгж буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар А.М-ээс 3,137,238 төгрөг гаргуулж, хохирогч Н.Э-д олгохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Н.Э, түүний өмгөөлөгч Ц.Алтанцэцэг нарын гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэг гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Хохирогч Н.Э-гийн биед учирсан гэмтлийн ул мөр арилаагүй, биеийн байдал хэвийн болоогүй, байнгын эмчилгээ хийлгэж байгаа боловч олигтой засал авахгүй байгаа юм. Н.Э нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх, мэс засал хийх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байгаа бөгөөд хохирогчийн биед үүссэн гэмтэл, гэм хор нь А.М-ийн гэмт үйлдлийн улмаас учирсан болох нь тогтоогдсон. Хэрэг болох үед А.М нь Н.Э-г хоёр удаа цохьсон болох нь хохирогч болон гэрч Б.Э нарын мэдүүлгээр батлагддаг бөгөөд нэг удаагийн цохилтоор түүний баруун талын эрүү хугарч, тархинд ийм ноцтой гэмтэл учрах үндэслэл муутай гэдгийг эмч нар хэлж байгаа юм. Гэтэл А.М нь түүнийг нэг л удаа цохьсон гэдэг бөгөөд олуулаа нийлж намайг зодох гэж байна гэж ойлгоод түүнийг цохьсон гэж мэдүүлдэг, ял сонсгосон байцаалтаас эхлээд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчийн эмчилгээний зардлыг бүрэн гүйцэд төлөөгүй, түүнд учирсан хохирол, гэм хорыг арилгах талаар санаа тавиагүй, уучлал ч гуйгаагүй, эмчилгээ хийлгэх талаар ярихад баримтаа авчир гэдэг, нэхэмжлэл аваад ирэхэд утсаа авдаггүй, уулздаггүй зэрэг хүнлэг бус байдал гаргаж байсан. Мөн шүүхээр хэрэг хэлэлцэх үед хохирол төлбөрөө төлнө, энэ хүнийг эмчлүүлнэ, эрүүл болгоно гэж амладаг, гэвч дээрх байдал одоо ч хэвээр үргэлжилж байна. А.М-ийн гэмт үйлдлийн улмаас учирсан хохирол, гэм хор арилаагүй, хохирогчийн зүгээс энэ хүнд маш их гомдолтой байхад шүүх А.М-д эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзэв гэж дүгнэн хорихоос өөр төрлийн ял шийтгэл оногдуулсан нь үндэслэл муутай бөгөөд А.М-ийн хувьд илт ял хөнгөдсөн гэж үзэж байна. А.М нь “Г” ХХК-д хангамжийн менежерээр ажилладаг гэх тус компанийн захирлын тушаал, ажлын газрын тодорхойлолт зэрэг хуурамч бичиг баримт бүрдүүлж шүүхэд өгч, шүүхээс эрхэлсэн ажилтай, төлбөрийн чадвартай гэж үзэх, торгох ял оногдуулах үндэслэл болгосон нь учир дутагдалтай гэж үзэж байна. А.М нь энэ байгууллагад огт ажилладаггүй бөгөөд “Г” ХХК нь улсын бүртгэлд огт байхгүй болох нь Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын тодорхойлолтоор батлагдсан юм. Шүүхээс торгох ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал, түүний өмчлөлд байгаа эд хөрөнгийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан оноох, гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмууд энэ хэргийн хувьд илтэд зөрчигдсөн гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, А.М-д бусдад учруулсан гэмтэл, гэм хор, хохиролд тохирсон ял шийтгэл оногдуулах шийдвэр гаргаж өгөхийг хүсье” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Бурмаа хэлсэн саналдаа “...Шүүгдэгч А.М нь хохирогчид анхнаасаа эмнэлгийн тусламж үзүүлж, түүнд нийт 7,450,000 төгрөг төлсөн. Цаашид иргэний журмаар нэхэмжилсэн хохирлыг төлнө гэсэн санаа зорилготой байгаа. Хохирогчийн зүгээс өнөөдрийн байдлаар ямар ч мөнгө төгрөг аваагүй мэтээр тайлбарлаж байгаа нь үндэслэл муутай бөгөөд хохирогчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол үндэслэлгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.М-д анхан шатны шүүхээс торгох ял оногдуулсан нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохироогүй, шударга ёсны зарчимд нийцээгүй байна. Хохирогч нь хувиараа бизнес эрхэлж амьжиргаагаа залгуулдаг байсан бол уг гэмт хэргийн улмаас байнгын эмчилгээ сувилгаанд орж, дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай зэрэг нөхцөл байдлаас үзэхэд анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял нь хөнгөдсөн гэж үзэхээр байна. Иймд хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанарт тохирсон хорих ял оногдуулах нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:          

Шүүгдэгч А.М нь 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, “Г” баарны гадна Н.Э-тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт хийжээ.

А.М-ийн дээрх үйлдэл нь тухайн үед мөрдөгдөж байсан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” буюу 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангасан байна.

Хэргийг хянан шийдвэрлэх үед урьд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулиас хөнгөн ялтай шинэ хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх зарчим Монгол Улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын Пактын 15 дугаар зүйлийн 1, үндэсний хууль тогтоомж болох 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлд тусгагдсан болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх дээрх зарчим, хэм хэмжээг баримтлан шүүгдэгч А.М-ийн үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, гэм буруутайд тооцон хуульд заасан төрөл, хэмжээний дотор торгох ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчил гаргаагүй тул хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн “ял хөнгөдсөн” үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал бүхий зөрчил тогтоогдоогүй болно.

Иймд хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 505 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 810 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хохирогчийн өмгөөлөгч Ц.Алтанцэцэгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                        ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                        ШҮҮГЧ                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                           Д.ГАНЗОРИГ

                                                                                           Ч.ХОСБАЯР

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН