Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0417

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 7 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0417

Улаанбаатар хот

“Вояжерголд” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Э.Халиунбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 327 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Вояжерголд” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Э.Халиунбаярын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 327 дугаар шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2, 34.6, 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Вояжерголд” ХХК-ийн гаргасан “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 203 дугаар шийдвэрийн “Вояжерголд” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Вояжерголд” ХХК-ийн Өмнөговь аймгийн Баяндалай, Ноён сумдын нутагт орших “Хойд цахир” нэртэй ашигт малтмалын хайгуулын XV-009348 дугаартай тусгай зөвшөөрлийг сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч “Вояжерголд” ХХК нь давж заалдах гомдолдоо: Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай сумдын нутагт орших “Хойд цахир” нэртэй ХV-009348 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн хэмжээнд нь 2005-2013 онуудад 4.726.035.29 /дөрвөн тэрбум долоон зуун хорин зургаан сая гучин таван төгрөг хорин есөн мөнгө/-ний геологи-хайгуулын нарийвчилсан хайгуулын ажилд зарцуулж, үйл ажиллагаа явуулж улмаар Хонгорын зэс-алтны порфирын ордын нөөцийн тайлан болон ордыг ашиглах техник эдийн засгийн урьдчилсан үнэлгээг тус тус боловсруулж, 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Эрдэс, баялгийн мэргэжлийн зөвлөлийн ХХ-07-05 дугаар хуралдаанаар хэлэлцүүлэн, уг ордын нөөцийг Улсын ашигт малтмалын нөөцийн нэгдсэн санд бүртгүүлсэн, мөн 2014 оны 06 дугаар сарын 27-ний өдөр Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтэстэй “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээг”-г байгуулан гэрээний дагуу үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн.

2015 оны 03 дугаар сарын 26-нд 6/1897 тоот шийдвэрийн дагуу Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай сумдын нутагт орших “Хойд цахир” нэртэй ХV-009348 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайг Ашигт малтмалын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2, 34.7-д “энэ хуулийн 34.2-т заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй хугацаа хэтэрсэн алдангийн хамт төлөөгүй” гэсэн үндэслэлээр Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар шийдвэрээр цуцалсан байсан. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд манай компани нь Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд талбайн төлбөрөө цаг тухайд нь төлж байсан бөгөөд нийтдээ 4.726.035.29 /дөрвөн тэрбум долоон зуун хорин зургаан сая гучин таван төгрөг хорин есөн мөнгө/-ний хөрөнгө оруулалтыг зөвхөн XV-009348 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд хийсэн юм.

Тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх ёстой тухайн үед техник, эдийн засгийн үнэлгээ хийсэн “Ай Эм Кэй” ХХК нь манай компаниас ажлын хөлсний үлдэгдэл төлбөр болох 157 сая төгрөгийг нэхэмжилж шүүхэд хандсан байсан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 06-нд 1016 тоот захирамж гарснаар Шүүхийн шийдвэрийн ерөнхий газраас манай компанийн банкны харилцах дансуудыг хааж, Ашигт малтмалын газарт хориг тавьсан байсан учир шүүхийн шийдвэр захирамжийг нэн тэрүүнд биелүүлэхийг анхаарч байсан юм. Энэ үед өмнөх гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж нь гадаад улсад элчин сайдаар томилогдох гээд компанийн ажлыг түр хойш тавьсан байсан. Харин Т.Батаа захирал 2015 оны 06 дугаар сард томилогдон ажил хүлээн авахад өмнөх ажилтнууд нь тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар албан ёсоор мэдэгдээгүй байсан ба гүйцэтгэх захирал Т.Батаагийн хувьд 2015 оны сүүлээр энэ тухай мэдсэн, гэхдээ ашиглалтын өмнөх гэрээ байгуулсан, гэрээний хугацаа 2017 онд дуусах учир төлбөрөө төлөөгүй гэж хориг тавьсан, түдгэлзүүлсэн гэж бодож байсан учир 2015 оны 12 дугаар сард төлбөрөө төлье гэсэн хүсэлтийг Ашигт малтмалын газарт тавьсан. Үүнийг тухайн аж ахуйн нэгжийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал гэж үзэж болохгүй. Мөн “Вояжерголд” ХХК-ийн хувьд 10 жил цаг хугацаандаа төлбөрөө төлж байсан, хөрөнгө оруулалтаа бүртгүүлж, үйл ажиллагаа явуулсан, зарцуулсан хөрөнгийн хэмжээ мөн хуулийн дагуу татвар хураамж төлж байсан зэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар дүгнэгдэх юм.

Ашигт малтмалын газраас тухайн тусгай зөвшөөрлийг цуцалснаар “Вояжерголд” ХХК-ийн сүүлийн 10 жилийн хугацаанд хийсэн хөдөлмөр болоод 4.726.035.29 төгрөгийн хөрөнгө оруулалт, хийсэн ажил үнэгүйдэж, хүнд байдалд хүрээд байна. Тухайн ХV-009348 тоот хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь одоогийн байдлаар ашиглалтын өмнөх гэрээтэй, техник эдийн засгийн үндэслэлээ баталгаажуулсан байгаа нь тодорхой хэмжээний хөрөнгө оруулалтыг гадаадын зах зээлээс татан оруулах нөхцөл бүрдсэн юм. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 327 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 203 дугаар шийдвэрийн “Вояжерголд” ХХК-ийн эзэмшлийн ХV-009348 дугаар бүхий тусгай зөвшөөрөлтэй холбогдох хэсгийг хүчингүй болгож, Өмнөговь аймгийн Баяндалай Ноёд сумдын нутагт орших “Хойд цахир” нэртэй ХV-009348 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийг “Вояжерголд” ХХК-д олгохыг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст даалгаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Хариуцагч Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар шийдвэрээр “тусгай зөвшөөрлийн төлбөрийг хуульд заасан хугацаанд нь бүрэн төлөөгүй” гэсэн үндэслэлээр “Вояжерголд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-009348 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 34 дүгээр зүйлийн 34.7, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь заалтыг тус тус зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч “Вояжерголд” ХХК нь Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2010 оны 11 дүгээр сарын 1249 дүгээр шийдвэрээр Өмнөговь аймгийн Ноён, Баяндалай сумдын нутагт орших 10597.84 гектар талбай бүхий “Хойд цахир” нэртэй ашигт малтмалын хайгуулын ХV-009348 дугаартай тусгай зөвшөөрлийг “Азиагоулд Монголиа” ХХК-аас шилжүүлэн авсан ба дээрх тусгай зөвшөөрлийн 10 дэх жилийн төлбөрийг 2014 оны 02 дугаар сарын 21-ний өдөр төлсөн, харин хуульд зааснаар тусгай зөвшөөрлийн ээлжит 11 дэх жилийн төлбөрийг 2015 оны 02 дугаар сарын 23-ны дотор урьдчилан төлөх ёстой байсан боловч төлөөгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хэрэгт авагдсан бусад баримтуудаар тогтоогдож байна.

Иймээс нэхэмжлэгч хуулийн этгээдийг Ашигт малтмалын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн төлбөрийг энэ хуулийн дагуу жил бүр төлнө”, 34.2-т “Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараа жилийн төлбөрийг тухайн тусгай зөвшөөрлийг олгосон өдрөөс эхлэн тооцож жил бүр урьдчилан төлнө” гэж заасан үүргээ биелүүлээгүй, хугацаандаа төлбөрөө төлөөгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байна.

            Нэхэмжлэгч “Вояжерголд” ХХК нь “...тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх ёстой тухайн үед ...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас манай компанийн банкны харилцах дансуудыг хааж, Ашигт малтмалын газарт хориг тавьсан байсан учир шүүхийн шийдвэр, захирамжийг нэн түрүүнд биелүүлэхийг анхаарсан. Энэ үед өмнөх гүйцэтгэх захирал Т.Лхагвадорж гадаад улсад элчин сайдаар томилогдох гээд компанийн ажлыг түр хойш тавьсан байсан... Гүйцэтгэх захирал Т.Батаа тусгай зөвшөөрлийг цуцалсан талаар 2015 оны сүүлээр мэдсэн. Ашиглалтын өмнөх гэрээ байгуулсан, гэрээний хугацаа 2017 онд дуусах учир төлбөрөө төлөөгүй гэж хориг тавьсан, түдгэлзүүлсэн гэж бодож байсан учир 2015 оны 12 дугаар сард төлбөрөө төлье гэсэн хүсэлтийг Ашигт малтмалын газарт тавьсан. Үүнийг тухайн аж ахуйн нэгжийн дотоод зохион байгуулалттай холбоотой асуудал гэж үзэхгүй” гэж давж заалдах гомдол гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй байна.

            Учир нь, “Вояжерголд” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын ХV-009348 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцалсан Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 203 дугаар шийдвэр гарах үед нэхэмжлэгч аж ахуйн нэгжийн хэвийн үйл ажиллагаатай холбогдуулан ямар нэгэн хязгаарлалт тогтоогоогүйгээс гадна Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15287 дугаар захирамжаар “Зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 1016 дугаар захирамжийг албадан гүйцэтгэхтэй холбогдуулан Капитал банк, Капитрон банк, Хаан банк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк, Үндэсний хөрөнгө оруулалтын банк, Ариг банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк зэрэгт “Вояжерголд” ХХК нь хадгаламж болон харилцах данс эзэмшдэг бол зарлагын гүйлгээг 157.861.047 төгрөгийн хэмжээгээр зогсоох, Ашигт малтмалын газарт “Вояжерголд” ХХК-ийн эзэмшилд тусгай зөвшөөрөл бүртгэлтэй тохиолдолд цуцлах болон хүчингүй болгох, бусдад шилжүүлэх эрхийг түдгэлзүүлсэн нөхцөл байдал нь ашигт малтмалын ээлжит тусгай зөвшөөрлийн төлбөрийг төлөх үүргээ хэрэгжүүлэхгүй байх хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй.

            Нэхэмжлэгч “Вояжерголд” ХХК нь 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Ашигт малтмалын газрын Уул уурхайн хэлтсийн даргатай АӨҮ-2014/20178 дугаартай гэрээ байгуулсан, энэ нь тухайн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгогдохоос өмнөх ажиллагаа учраас уг гэрээг байгуулснаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

            Түүнчлэн, хариуцагчаас Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар “Вояжерголд” ХХК-ийн Х\/-009348 дугаартай тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэл бүрдсэн талаарх мэдэгдлийг 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 6/1091 тоот албан бичгээр, мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар тусгай зөвшөөрлийг цуцалсан талаарх мэдэгдлийг 2015 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 6/1897 дугаар албан бичгээр тус тус нэхэмжлэгчид хүргүүлсэн болох хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Т.Батаа нь тусгай зөвшөөрөл цуцлагдсан талаар 2015 оны сүүлээр мэдсэн гэх гомдол үндэслэлгүй.

            2013 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн “Вояжерголд” ХХК-ийн шинэчилэн найруулсан дүрмийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар Компанийн гүйцэтгэх захирал нь компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хувьцаа эзэмшигчийн олгосон эрхийн хүрээнд удирдан явуулах үүрэгтэй бөгөөд тухайн үед компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Лхагвадорж нь гадаад улсад элчин сайдаар томилогдох гээд компанийн ажлыг түр хойш тавьсан буюу тухайн компанийн удирдлага солигдсон гэх асуудал нь нэхэмжлэгч “Вояжерголд” ХХК-ийг “тусгай зөвшөөрлийн төлбөр төлөх” хуулиар олгогдсон үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

            Давж заалдах шатны шүүх өмнө нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Онолтуяагийн “ар гэрийн гачигдлын улмаас шүүх хуралдааныг хойшлуулах” хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдаанд оролцох эрхээр хангасан, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдааны товыг өөрт нь мэдэгдсэн байх тул нэхэмжлэгч “Вояжер голд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.Батаагийн гаргасан “компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөдөө, орон нутаг руу ажил явдлаар явсан, миний бие хууль эрх зүйн мэдлэггүйгээс хуралд оролцох боломжгүй учир шүүх хуралдааныг нэг долоо хоногоор хойшлуулах” хүсэлтийг хүлээн авах боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

            Иймд, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах шатны журмаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                     

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                           Б.МӨНХТУЯА

        ШҮҮГЧ                                                                Э.ЗОРИГТБААТАР

       ШҮҮГЧ                                                                  Э.ХАЛИУНБАЯР