Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 269

 

Б.Досжаны нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2017/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0268 дугаар магадлалтай, Б.Досжаны нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханы хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2017/0007 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4, 28 дугаар зүйлийн 28.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1-д заасныг тус тус баримтлан Б.Досжаны тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 52 дугаартай Нэг удаагийн тэтгэмж олгох тухай тушаалын Б.Досжанд холбогдох хэсэг, 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ажилд томилох тухай 03 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Досжаныг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний албан тушаалд томилохыг тус газрын даргад даалгаж, ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 582 422 төгрөгийг Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын төсвөөс гаргуулж, нэхэмжлэгчид олгож, 1.582.422 төгрөгийн цалин хөлсөд оногдох нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, төлөхийг ажил олгогч болох Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргад даалгаж, нэхэмжлэлийн үлдсэн хэсэг болох аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай Б/08 дугаар тушаалын Б.Досжанд холбогдох хэсгийг хүчингүй болгох болон нэхэмжлэгчээс ажилгүй байсан хугацааны олговорт илүү нэхэмжилсэн 431100 төгрөгийг ажил олгогчоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0268 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2017/0007 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын /цаашид ХХҮГ гэх/ даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезхан би Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2017/0007 дугаар шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0268 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.

Монгол Улсын Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоол гарсан ба уг тогтоолын 4 дэх заалтаар аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд шинээр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар ажиллуулахаар тогтоож өгсөн байна. Энэ 09 дүгээр тогтоолд аймагт урьд Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтсийг бусад газар хэлтэстэй нэгтгэсэн, ажилтан албан ажилчдыг аль нэг байгууллагад харьяалуулж ажилуулсугай гэсэн заалт тусгагдаагүй байна. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 6/21 дүгээр тушаалаар аймгуудад шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газруудад ажиллах орон тооны дээд хязгаар зохион байгуулалтын бүтцийг хавсралтаар баталж өгсөн байдаг. Уг 6/21 тоот тушаалд урьд өмнө аймгуудад ажиллаж байсан Хөдөлмөрийн хэлтсийн ажилтнуудыг шинэ орон тоо бүтцэд багтаан ажиллуулах тухай ямар нэгэн өгүүлбэр ороогүй юм.

Б.Досжан нь Хөдөлмөрийн хэлтэс гэх байгууллагад хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн байсан бөгөөд энэ орон тоо одоогийн Хөдөлмөр эрхлэлтийн хэлтэст байхгүй. Харин Захиргаа, хяналтын хэлтэст байгаа хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтний орон тоонд урьд Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байгаад чөлөөлөгдсөн хүмүүсийг авах боломжгүй гэж дээрээс зааварласан бөгөөд энэ орон тоонд сонгон шалгаруулалт явуулах юм. Урьд Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэст ажиллаж байгаад орон тоо, бүтэц нь үгүй болж татан буугдсанаар ажлаас чөлөөлөгдсөн ажилтнуудад төрөөс буюу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас нэг удаагийн тэтгэмжийг олгохоор болж төсөв мөнгийг нь манай төсөвт суулгаж өгснөөр тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд Б.Досжан нь уг мөнгийг данснаасаа авсан байх ёстой. Гэхдээ Б.Досжан нь урьд эрхэлж байсан ажлаа, баримт бичиг материалыг хүлээлгэн өгөлгүй төрийн ажлыг тасалдуулж, 2016 оны 8 сараас хойш чирэгдэл үүсгэн дураараа явж ирлээ. Бид түүний дур мэдэн авч явсан төрийн өмч хөрөнгө болон эд зүйлс, баримт бичгийг эвдэж сүйтгэсэн, ашигласан, нууцын зэрэглэлтэй баримт бичгийг мөн нууцлалыг тараасан устгасан байдлыг шалгаж хариуцлага тооцуулахаар цагдаагийн байгууллагад хандаж байгаагаа дашрамд дурдья. Б.Досжан нь гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн бөгөөд Төрийн албаны салбар зөвлөлийн шийдвэр өөрт нь ашигтай гарахгүй гэдгээ мэдээд, хариуг авалгүй шүүхэд гаргасан байх гэж үзэж байна. Гомдол гаргах хугацаа нь хэтэрсэн байгааг шүүх анхаарна уу. Татан буугдаж цомхтгогдсон, бүтэц нь өөрчлөгдсөн байгууллагын чөлөөлөгдсөн ажилтнуудыг багтааж авах байгууллага бол шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар биш юм. Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь Б.Досжаныг анх ажилд аваагүй, ажлаас чөлөөлөөгүй, түүнээс гадна Б.Досжаны орон тоо мөн гэж манай газарт аль нэг байгууллагаас шинээр бүтэц орон тоо, цалин мөнгө орж ирээгүй. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь шинээр байгуулагдсан шинэ бүтэц, орон тоотой, төсөвтэй байгууллага болж үйл ажиллагаагаа явуулж байгаа тул бусад байгууллагаас чөлөөлөгдсөн ажилтныг ажилд авах, өмнөөс нь хариуцлага хүлээх, тайлбар өгөх субьект биш гэж үзэж байна.

Монгол Улсын Засгийн газар 2016 оны 08 дугаар сарын 3-ний өдрийн 09 дүгээр тогтоолд мөн Монгол Улсын Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын болон ХХҮЕГ-ын даргаас урьд ажиллаж байсан хоёр хэлтсийг нэгтгэх тухай тушаал шийдвэр эрхийн акт удирдамж гаргаагүй байна. Харин ерөнхий газрын 1/2 гэсэн албан бичигт хоёр хэлтсийг нэгтгэх гэсэн өгүүлбэр байдаг. Энэ нь эрхийн акт биш. Бүхэл бүтэн хоёр хэлтсийн эрх зүйн байдал хөндөгдөж байгаа. Хоёр хэлтэс нь урьд өмнө нийт 60 гаруй ажилтантай байсан. Мөн орон байр, эд хөрөнгө, баримт бичигтэй бие даасан үйл ажиллагааг явуулж ирсэн. Эднийх яах талаар, яаж зохицуулах тухай эрхийн акт журам, заавар зөвлөмж чиглэл дээрээс ирээгүй. Одоогийн баталж өгсөн ХХҮГ-ын нийт орон тоо 45 хүн байгаа, урьд 2 хэлтэст 60 гаруй хүнтэй байсан гэж анхан шатны шүүх нь бүгдийг нь энэ газарт ажилд оруулаад байх янзтай бөгөөд ингэлээ гээд төрийн залгамж үйл ажиллагааны хэм хэмжээ алдагдах байх.

Яам, ерөнхий газар нь энэ байдлын талаар: …“урьд өмнөх хоёр хэлтэс татан буугдсан. Тухайлбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар татан буугдсан байгууллагын урьд ажиллаж байсан ажилтнууд нь урьдах авч байсан цалинг 8, 9, 10 дугаар сараар урьдчилан авсан. Тэд хөдөлмөр хийлгүй байж 3 сарын цалинг сул авч дээр нь 3 сарын тэтгэмжийг улсаас хувийн дансандаа хийлгүүлж авлаа. Одоогийн ХХҮГ-ын ажлын чиг үүрэг зохион байгуулалт, бүтэц орон тоо нь урьд он хоёр хэлтсээс өөр болохоор ажилтнуудаа шилж ав, тэгээд хяналт тавьж ажилла” гэсэн чиглэл, зөвлөмжийг хэлдэг ерөнхийдөө би энэ байдлыг мөрдлөгөө болгон ажиллаж байна.

Анхан шатны болон давж заалдах шатны шүүх нь:

1.  Хоёр хэлтэс татан буугдаагүй ажлын байр, ажлын чиг үүрэг нь ХХҮГ-т байгаа тул тэд орох ёстой гэж тус байгууллагад 60-н хэдэн хүнийг бүгдийг нь оруулахаар шийдвэр гаргаж байна.

2.   2016 оны 8 дугаар сард ажлаас чөлөөлөгдсөнөө мэдсэн Б.Досжан нь чөлөөлөгдсөнөө мэдсэнээс хойш 3-4 сарын дараа “дөнгөж мэдээд” гэж худал хэлж хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсний дараа шүүхэд гомдол гаргасныг шүүх үнэлж дүгнээгүй.

Цаашид Б.Досжаны нэхэмжлэлийг хангах боломжгүй тул анхан шатны шүүхийн 110/ШШ2017/0007 дугаар шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн 221/МА2017/0268 дугаар магадлалыг тус тус хүчингүйд тооцож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан болон давж заалдах шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй бөгөөд хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна.

            Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 67, 2015 оны 8 дугаар тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтэс тус тусдаа ажиллахаар тогтоосныг Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор хүчингүй болгож, аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар ажиллахаар тогтоосон, үүний дагуу Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн б/08 дугаар тушаалаар тус хэлтсийн нийт албан хаагчдыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, цалингийн сангийн хамт шинээр байгуулагдсан Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн, талууд эдгээр үйл баримтуудтай маргаагүй, нэхэмжлэгчээс “... миний ажиллаж байсан орон тоо хэвээр батлагдаж ирсэн байхад ... намайг уг орон тоонд томилоогүй ... нь хууль бус” гэж, хариуцагчаас “... байгууллага шинээр зохион байгуулагдсан, ... урьд ... ажиллаж байгаад чөлөөлөгдсөн хүмүүсийг авах боломжгүй гэж дээрээс зааварласан ... энэ орон тоонд сонгон шалгаруулалт явуулна, ... чөлөөлөгдсөн ажилтнуудыг багтааж авах байгууллага ... биш” гэх зэргээр маргажээ.

            Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаас үзвэл, өмнөх бүтцэд ажиллаж байсан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтэст  “хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоо тус бүр нэг байсан, шинээр зохион байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрыг бүтцэд “хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн”-ий 2 орон тоо батлагдсан, энэ тохиолдолд тухайн ажлын байрны орон тоо хасагдаагүй, хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх талаар хоёр шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

             Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан ... эсхүл зохион байгуулалтын бүтэц нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах...”-аар заасан байхад хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нэхэмжлэгч Б.Досжаныг албан тушаалын орон тоо, чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн “хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн”-ий албан тушаалд томилоогүй нь Төрийн албаны тухай хуулийн уг заалтад нийцээгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт зөв байна.

            Өөрөөр хэлбэл, Засгийн газрын 2016 оны 9 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар ажиллуулахаар шийдвэрлэсэн, үүний улмаас өмнөх бүтцээр ажиллаж байсан Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс болон Хөдөлмөрийн хэлтэс цаашид ажиллахгүй болсон нь уг хэлтсүүдэд ажиллаж байсан төрийн албан хаагчдыг “үргэлжлүүлэн ажиллуулах эсэх”-ийг өөрийн үзэмжээр шийдвэрлэх бүрэн эрхийг хариуцагч  Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханд олгосон гэж үзэхгүй, Төрийн албан тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасны дагуу чиг үүрэг нь хэвээр хадгалагдан үлдсэн албан хаагчдыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй гэж үзнэ.

Иймд, хариуцагчаас “... Засгийн газрын тогтоолоор ... ажилтан албан ажилчдыг аль нэг байгууллагад харьяалуулж ажилуулах, ... ажилтнуудыг шинэ орон тоо бүтцэд багтаан ажиллуулах тухай ямар нэгэн өгүүлбэр ороогүй”, “...бүтэц нь өөрчлөгдсөн байгууллагын чөлөөлөгдсөн ажилтнуудыг багтааж авах байгууллага бол шинээр байгуулагдсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар биш” гэх зэргээр маргаж байгаа нь үндэслэлгүй, энэ үндэслэлээр гаргасан гомдлыг хүлээж авах боломжгүй.

Түүнчлэн, шүүхээс “... төрийн албан хаагчийн баталгааг алдагдуулж”, орон тоо, чиг үүрэг нь хэвээр хадгалагдсан байхад нэхэмжлэгч Б.Досжаныг эрхэлж байсан ажил, албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус, энэ нь нэхэмжлэгч Б.Досжаны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн талаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж байх тул хариуцагчийн “... одоогийн баталж өгсөн ... нийт орон тоо 45 хүн байгаа, урьд 2 хэлтэст 60 гаруй хүнтэй байсан ... /шүүх/ 60-н хэдэн хүнийг бүгдийг нь оруулахаар шийдвэр гаргаж байна” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлгүй.

Нэхэмжлэгч “хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн” гэх маргааны үйл баримтуудад хоёр шатны шүүхээс тодорхой дүгнэлт хийсээр байхад “...хөөн хэлэлцэх хугацаа нь хэтэрсний дараа шүүхэд гомдол гаргасныг шүүх үнэлж дүгнээгүй” гэх хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзлээ.

Тодруулбал, хариуцагч Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга нь 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдөр нийт албан хаагчдыг оролцуулан хурал хийж, “...чөлөөлөгдөх ажилтнуудад тэтгэмж олгох асуудлыг танилцуулсан”, Б.Досжан нь 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргаж, 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “...гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргах”-аар заасантай нийцсэн байна.

Түүнчлэн, хариуцагчаас хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Б.Досжан нь хөдөлмөр хийлгүй байж 3 сарын цалинг сул авч дээр нь 3 сарын тэтгэмжийг улсаас хувийн дансандаа хийлгүүлж авлаа” гэх боловч энэ нь маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, урьдчилж олгосон 3 сарын тэтгэмжийг цалин, олговороос суутган тооцох эрхийг шүүх үгүйсгээгүй тул энэ асуудлаар хяналтын шатны шүүх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Иймд, шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагчаас хяналтын шатны шүүхэд хандаж, “...итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Алтай өвчний улмаас эмнэлэгт хэвтэж байгаа” гэх үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтдээ эмнэлэгийн магадлагаа, хэвтэн эмчлүүлэгчийн карт зэрэг холбогдох нотлох баримтуудыг хавсарган ирүүлээгүй, хавсаргаж ирүүлсэн нь захиргааны байгууллагын “тодорхойлолт” нь уг хүндэтгэн үзэх шалтгааныг нотлохгүй байх тул мөн уг хүсэлтийг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 110/ШШ2017/0007 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 221/МА2017/0268 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч  Баян-Өлгий аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сьезханы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                    Х.БАТСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА