Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Бээжин |
Хэргийн индекс | 105/2023/0122/Э |
Дугаар | 2022/ШЦТ/165 |
Огноо | 2023-02-01 |
Зүйл хэсэг | 11.4.1., |
Улсын яллагч | Б.Эрдэнэбаяр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2022/ШЦТ/165
2023 02 01 2022/ШЦТ/165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Бээжин даргалж,
Нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Б.Эрдэнэбаяр,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *********** Б-д холбогдох эрүүгийн 2206053500009 дугаартай 1 хавтас хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ганц бие, ********** тоотод оршин суух хаягтай, ********* Б, /РД:********/,
Яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга:
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эра” нэртэй зочид буудлын 518 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаатай, хамтран амьдарч, хохирогч Б.Э-г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэжээ.
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч С.Б нь 2022 оны 11 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Эра” нэртэй зочид буудлын 518 тоот өрөөнд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэр бүлийн харилцаатай, хамтран амьдарч, хохирогч Б.Э-г тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.Э-ийн өгсөн “...Би С.Б гэх хүнтэй 2022 оны 02 дугаар сараас эхлэн танилцаж 2022 оны 4 дүгээр сараас эхлэн хамтран амьдарч эхэлсэн. С.Б-ийг урьд өмнө таньдаггүй байсан. Харин С.Б намайг мэддэг байсан гэсэн. Бид миний эзэмшлийн ********** тоотод хамт амьдарч байсан. С.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг. С.Б нь намайг байнга бусадтай харддаг. Хардаж уурлахаараа намайг янхан, пизда гэх мэтээр харааж зүхээд байдаг. 2022 оны 8 дугаар сарын 17-ны шөнө манай хөрш айлынд ууж идэж байтал хамт байсан нэг хүн нь миний хуучны танил байсан бөгөөд тэр хүнийг С.Б тэр хүнийг ийм хол ирсэн юм чинь манайд хоноод яв гэж хэлсэн. Бид гэртээ ороод байж байтал С.Б нь гэнэт тэр хүнийг надтай хардаад надад чи энэ хүнийг гэртээ орууллаа гэж уурлаад эхэлсэн. Тэр хүнийг хутгална гээд агсраад, хэрэлдээд байхаар нь би С.Б-ийг гэрээс гаргатал чулуугаар манай гэрийн цонхыг хагалаад эхэлсэн. Энэ үед манай хажуу айлын хүмүүс цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа нар С.Б-ийг аваад явсан бөгөөд унтаж байтал буцаж ирээд дахин цонх хагалж эхэлсэн. Энэ талаар би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан. Энэ үед манай хажуу айлын хүмүүс цагдаад дуудлага өгсөн байсан. Удалгүй цагдаа нар С.Б-ийг аваад явсан бөгөөд унтаж байтал буцаж ирээд дахин цонх хагалж эхэлсэн. Энэ талаар би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байсан. 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр С.Б-ийн найз нь Замын-Үүдээс ирсэн гээд хамт ууж иднэ гээд гарах гэхээр нь зөвшөөрсөн. Удалгүй найз нь манай гэрт ирж С.Б-ийг авах гэхэд С.Б гэртээ ууж, идье гээд дэлгүүр явсан. Тэр хоёр гарч яваад 2-3 цаг болсоны дараа Эра зочид буудалд 23:00 цагийн үед ирсэн. Намайг ирэхэд тэр хоёр өөр нэг залуугийн хамт ресторанд сууж байсан. Бид нар тэнд хоол идэж, пиво ууж байгаад дээшээ өрөөрүү оръё гээд 518 тоот өрөөнд орсон. Өрөөнд С.Б түүний О бид гурав орсон. Намайг ирэхэд тэр хоёр нэг шил виски уусан байсан бөгөөд О нь унтаад өгсөн. С.Б намайг хамт уухуу гэхээр нь би дургуй бага зэрэг уусан. С.Б 2 шил архи уусан байсан. Би С.Б-д хандаж О унтаж байгаа юм чинь гэртээ харъя гээд хувцасаа өмсөөд байж байхад С.Б миний араас хүрэмний малгайнаас татаж газарт унагаад нүүрэн хэсэгт хөлөөрөө нэг өшиглөөд гараараа зүүн эгэм хэсэгт нэг удаа цохиод алгадаад байсан. Би өрөөнөөс зугтаж гараад цахилгаан шатанд суухад миний зүүн гар мэдээгүй болоод толинд нь харахад зүүн эгэм болсон байсан. Намайг цахилгаан шатнаас бууж ирэхэд С.Б ресепшин дээр ирсэн байсан бөгөөд түүнд хандаж наад хүн чинь худлаа ярьж байгаа юм битгий цагдаа дууд гээд байхаар нь би шууд гарч такси бариал гэмтэл явсан. Би ресепшинд хандаж наад хүн чинь намайг цохисон би гэмтэл явлаа гэж хэлээд гарсан. Гэмтэл орж үзүүлэхэд миний зүүн эгэмний яс цуурсан байна гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлгийн гар сарвууны тасагт хэвтэж байгаад нүүрээ толинд харахад хамар хэсэг хөхөрсөн байхаар нь чих хамар хоолойн эмчид үзүүлтэл яс нь цуурсан байна тодосгогчтой зураг авхуулаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч А.М-ын өгсөн “...Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т зааснаар “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ гэж заасан байдаг. Хохирогч Б.Э нь Гэмтэл согог судлалын үндэсний төвийн эмийн эмчилгээний зардалд 2,600,800 төгрөг, тус эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байдаг. Иймд нийт 2,600,800 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52х/-р тал
Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн №15844 дугаартай “...Б.Э-ийн биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн цохих үйлдлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр зэргийн гэмтэл тогтоов. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27/-р тал зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бүхий л нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна гэж шүүхээс дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан болон хавтас хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, мөн хохирогч, шүүгдэгч, гэрч нараас тайлбар, мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан гэх үйл баримт тогтоогдоогүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Шүүгдэгч С.Б-ийн тухайд өөрийн гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд аливаа хэлбэрээр маргаагүйн дээр шүүхээс хавтас хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр гаргахад эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмтлийн зэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн ангиллаар тогтоох бөгөөд дараах үндсэн шалгуур шинжээр гэмтлийн зэргийг тогтооно. Үүнд,
-Амь насанд аюултай эсэх;
-Эрүүл мэндийн байдлыг сарниулсан хугацаа;
-Гэмтлээс үүссэн үлдэц уршиг байгаа эсэх;
-Хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг үндсэн шалгууруудаар гэмтлийн зэргийг тогтоодог.
Гэмтлийн "хүндэвтэр" зэрэгт амь насанд аюултай шинж агуулаагүй гэмтэл хамаарах ба энэ ангиллын гэмтлийг дараах шалгуур шинжээр тогтооно.
Үүнд:
Гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан буюу удаан хугацаагаар сарниулсан гэмтэл хамаарна.
Өөрөөр хэлбэл хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмтэл нь учирсан үедээ хүний амь насанд аюулгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан ноцтой үр дагаварт хүргэхгүй зэргээрээ хүнд гэмтэл учруулахаас ялгаатай ч нөгөөтээгүүр тухайн гэмтэл нь хохирогчийн хөдөлмөрийн чадварын гуравны нэгээс дээшгүйг алдагдуулах буюу, эрүүл мэндийн удаан хугацаагаар сарниулдаг.
Шүүгдэгч С.Б нь хохирогч Б.Э-ийн биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл, гэмтлийн зэрэг нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэрэгт хамаарах нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд прокуророос шүүгдэгч С.Б-ийн үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон гэж үзнэ.
Иймд шүүгдэгч С.Б-ийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа “... Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 3.200 нэгжтэй тэнцэх буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялын саналыг гаргаж байна. Уг ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Хохирогч цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай....” гэх саналыг тус тус гаргажээ.
Шүүгдэгч С.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй бөгөөд шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүх хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн санал зэргийг судалж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 3.200 нэгжтэй тэнцэх буюу 3.200.000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, шүүгдэгч нь шүүхээс торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тус тус сануулж шийдвэрлэлээ.
Гурав. Бусад асуудлаар.
Хохирогч Б.Э-ийн зүгээс хохиролд 436,200 төгрөг, Иргэний нэхэмжлэгч А.М 2,600,800 төгрөгийг нэхэмжилж байгаа бөгөөд төлөгдөөгүй байгааг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******** Б хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 3200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,200,000 /гурван сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 01 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай..
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч С.Б-оос 436,200 /дөрвөн зуун гучин зургаан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Э-д олгосугай.
6. Шүүгдэгч С.Б-оос 2,600,800 /хоёр сая зургаан зуун мянга найман зуун/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч болох Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.
7. Шүүгдэгч С.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН