Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 00418

 

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 153/ШШ2019/00418

Ховд аймаг

 

                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч С.Оюунжаргал  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Чандмань сумын Талын булаг багт оршин суух, ... регистрийн дугаартай, Цэцэгт олхонод овогт Д-ийн Лын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багт байрлах Зд холбогдох гэм хорын хохиролд 11,761,372 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, иргэдийн төлөөлөгч Т.Туул, нэхэмжлэгч Д.Ла, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир, хариуцагчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ла шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Л.Лхаасүрэн нь 1993 онд төрсөн. 2011 оны 10 сард Ховд аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас цэргийн жинхэнэ албаны зарлан дуудах хуудас аваад Ховд аймгийн төвд орж ирсэн. Цэргийн албаны комиссын эмч нарын үзлэг, сорилоор бие эрүүл, тэнцэнэ гээд Ховд аймгийн төвд байрлах Зэвсэгт хүчний 123-р анги ангид цэргийн алба хаахаар хуваарилагдсан. Энэ нь Иргэний цэргийн үүргийн цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 1-д заасан цэргийн жинхэнэ албанд татагчдад нарийн мэргэжлийн эмчийн үзлэг хийлгэх шаардлагад нийцсэн. Урьд нь Л.Лхаасүрэн нь цэргийн албанд татагдахаас өмнө эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэгт хэвтэж үзээгүй, цоо эрүүл хүүхэд байсан. Л.Лхаасүрэн нь 2011 оны 11 сараас 2012 оны 10 сарын хооронд цэргийн алба хаасан ба цэргээс халагдахад усан тэнэгрэл оноштой сэтгэцийн өвчтэй болсон байсан. Би хүүгээ цэргийн алба хааж байхад нь 2012 оны 01 сар, 08 саруудад эргэлтээр уулзаж байсан бөгөөд 2012 оны 01 сарын эхээр эргэлтээр очиход миний хүүгийн хөл доголсон, бие нь ядруу байдалтай байсан. Яагаад хөл нь доголсон талаар асуухад орноос унаад доголсон гэж хэлж байсан. Би хөлийг нь үзэхэд гуян дээрээ хэсэг газар цус хурж хөхөрсөн байсан.2012 оны 04 сард хүү Лхаасүрэн 7 хоногийн чөлөөгөөр гэртээ ирэхдээ үг яриа нь орон гаран, үгээ хольж хутгасан байдалтай бидэнтэй ярилцаж чадахгүй байсан тул эхнэр Даваа хүүгээ аваад Ховдын Ач заяа эмнэлэгийн Шинэбаяр эмчид үзүүлэхэд мэдрэлийн эмчид үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. БОЭТ-ийн мэдрэлийн эмч Цэрмаа, Алтангэрэл нарт үзүүлэхэд эрүүл мэндийн дэвтэр хэрэгтэй, хэрэв дэвтэр нь цэргийн ангид байгаа бол цэргийн шугамаар үзүүлж эмчлүүлэх хэрэгтэй гэсэн. Тэр үед хүүгийн чөлөөний хугацаа дуусаж, эхнэр Даваа нь 123-р ангийн салааны захирагч Бямбасүрэнтэй уулзаад болсон үйл явдлыг хэлж чөлөө хүсэхэд Зэвсэгт хүчний 123-р ангийн салааны захирагч Бямбасүрэн нь та зоволтгүй би эмчид үзүүлнэ гэж хэлээд аваад орсон. 2012 оны 08 сард 123-р ангид хүүтэйгээ эргэлтээр уулзахад хүү Лхаасүрэнгийн хэл нь унжсан, өрөөсөн шанаа чих нь хавдартай, чихнээс нь шингэн ус гоожсон байхаар нь Зэвсэгт хүчний 123-р ангийн эмч Батсүхтэй уулзахад Лхаасүрэн одоогоор эмнэлэгт хэвтэж байгаа өвөл хөлдсөнөөс болоод чих нь ийм болсон гэж тайлбарлахад нь би итгээгүй. Улмаар Чандмань сумын миний хүүтэй цэргийн алба хааж байсан Бэхболд гэдэг цэргээс асуухад Л.Лхаасүрэнг ротын дарга Сүхбат зодсоноос болж чихний мөгөөрс нь хугарч идээлсэн гэж хэлсэн. Би хүүгээ 123-р ангийн цэргийн эмнэлэгт 2012 оны 08 сарын 13-аас зүүн чихний гэмтэл гэсэн оноштойгоор хэвтэж эмчлүүлж байсан болохоор гайгүй биз гэсэн бодлоор итгээд буцсан.

Хавтаст хэрэгт Зэвсэгт хүчний 123-р ангийн историйн хуулбарыг хавсаргасан. Миний хүү Л.Лхаасүрэн нь бусдад зодуулж биедээ гэмтэл авсан талаар 123-р ангийн удирдлагаас надад огт мэдэгдэж байгаагүйд гомдолтой байна. Хариуцагч байгууллага нь Монгол улсын Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Байлдагч, түрүүчийн эрх эрүүл мэндийн байдал,...зэрэг хүндэтгэн үзэх шалтгаанаар хугацаанаас өмнө цэргийн жинхэнэ албанаас чөлөөлж болно, мөн зүйлийн 2 дахь хэсэгт Хугацаанаас өмнө чөлөөлөх, хасах асуудлыг орон нутгийн төрийн захиргааны байгууллагын тодорхойлолт, цэргийн эмнэлэгийн магадлагаа, шүүхийн шийдвэрийг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах ерөнхий газар шийдвэрлэнэ гэж заасан байтал байлдагчийн эрүүл мэндийн байдал цаашид цэргийн жинхэнэ алба хаахад харшлах эсэхийг цаг тухайд нь дүгнээгүй, улмаар хугацаанаас өмнө цэргийн албанаас чөлөөх эсэх асуудлыг бүрэн эрхийнхээ хэмжээнд холбогдох газарт мэдэгдэж шийдвэрлүүлээгүйд гомдолтой байна. Учир нь хүү Л.Лхаасүрэнг 2012 оны 10 сард 1 жилийн цэргийн алба хаагаад халагдахад нь ротын дарга Сүхбат нь Ховдод оршин суудаг миний дүү Дарьсүрэн, Лхамсүрэн нарт хүргэж өгсөн байсан. Гэтэл Л.Лхаасүрэн нь ах дүү нараа танихгүй, хэний хүүхэд билээ гэж байсан талаар надад хэлсэн. Маргааш нь миний төрсөн ах Цэвээнравдан, эхнэр Энэбишийн хамт Чандамнь суманд хүүг маань гэрт нь хүргэж өгсөн. Гэтэл хүү минь хавар уулзсанаас бие нь улам дордож, сэтгэцийн өвчтэй болсон байсан бөгөөд өвөл, зуныг ялгахгүй, ах дүү нараа таньж мэдэхгүй, урьд нь нутаглаж байсан нутаг орны нэр, мал зүс мэдэхгүй, хүйтэн дулааныг мэдрэхгүй байсан. Гэртээ ирсэнээс хойш хүү Л.Лхаасүрэн нь саахалт газар ганцаараа явахаар гэрээ олдоггүй, бидний байнгын асаргаанд орсон. Хүү Л.Лхаасүрэнгийнхээ эрүүл мэндээс шалтгаалж би эхнэртэйгээ зөвшилцөөд үзүүлсэн эмчийн зааврын дагуу аль сайн гэх эмчилгээтэй эмнэлэгт хандаж эмчлүүлсэн.

2012 оны 11 сарын сүүлээр Улаанбаатар хот авч яваад клиникийн нэгдсэн 1 болон 3-р эмнэлэгт үзүүлж оношийг тодруулсан. 1-р эмнэлгийн эмч Цагаанхүү эмчид үзүүлэхэд танай хүү тархины усжилттай, хугацаа алдсан тул хүнд шатандаа орсон байна эмчилгээ хийлгээд нэмэр алга цэргийн алба хааж байх хугацаандаа зодуулсанаас болж ийм болсон байх магадлалтай гэж хэлсэн. Сонгдо эмнэлэгт үзүүлэхэд тархины ус авах хагалгаанд орох шаардлагатай клиникийн үндсэн онош нь доргилт цохилт авсанаас болж өнчин тархи сууринаас гарч, тархи нугасны хооронд гүйх усаа дарж гүйлтгүй болсон тул тархинд усжилт үүсч хүнд шатандаа орсон байна яаралтай гадаад улс руу явж эмчилгээ хийлгэх шаардлагатай, Монголд хагалгаа хийх боломжгүй гэсэн. Би хүү Л.Лхаасүрэнгээ БНСУ руу авч яваад 2013 оны 01 сард Солонгос улсын Дэжон хотын мэдрэлийн эмнэлэгт үзүүлэхэд эмч нар нь тархины усжилт бий болоод удаан хугацаа өнгөрсөн тул хагалгаа хийх боломжгүй эхлээд биеийн эсэргүүцэл сайжруулахаар удаан хугацааны эмчилгээ хийлгэсний дараагаар хагалгаа хийх боломжтой гэсэн. Улмаар Ховд аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гомдол гаргаад 2014 оны 3 сарын 14-ны өдөр 201421000055 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2014 оны 4 сарын 18-нд Д.Лыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоож, иргэний нэхэмжлэгчээр тус тус тогтоосон. 2016 оны 8 сарын 03-ны өдөр 5/48 дугаартай тогтоолоор Д.Сүхбатын үйлдлийг гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2016 оны 8 сарын 03-ны өдөр Д.Магнайбаярын үйлдлийг 5/108 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн 277 дугаар зүйлийн 277.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдон тогтоогдсон, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 2016 оны 8 сарын 03-нд 5/177 дугаартай Д.Лат Ховд аймгийн хариу мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхтэй гэж шийдсэн.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж заасан. Иймд дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна.

1.2012 оны 12 сарын 10-ны өдрийн Улаанбаатар хотын Ганжин эмнэлэгт Л.Лхаасүрэнг үзүүлсэн төлбөрийн баримтаар 30,000 төгрөг,

2.2013 оны 10 сарын 21-ний өдрийн Л.Лхаасүрэнг Улаанбаатар хотын Сонгдо эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн баримтаар 16000 төгрөг,

3.2013 оны 01 сарын 15-ны өдрөөс 2013 оны 01 сарын 25-ны өдөр Д.Ла, Л.Лхаасүрэн нар нь Улаанбаатараас Сөүл чиглэлд, Сөүл-Улаанбаатарын чиглэлд зорчсон Миат ХК-ийн онгоцны билетний үнэ 663 616 төгрөг, 543 136 төгрөг нийт 1,206,752 төгрөг,

4.2013 оны 01 сарын 15-наас 2013 оны 01 сарын 22-ны өдрийн Л.Лхаасүрэн Солонгос улсын Дэжон хотын Ёнхүний анагаахын сангийн Дэжонсон эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардлын тооцоо 3,519,060 вон /1вон - 1,31төгрөг/ 3,519.060 х 1,31 = 4,609,968 төгрөг,

5.2013 оны 01 сарын 28-ны өдрийн Захиалгын хуудас" шинээр орсон дистрибьютор Д.Ла Солонгос улсаас худалдаж авсан эмийн төлбөрийн баримтаар 1 233 ам.доллар, энэ нь 1,392.69x1233=1,717,186.77 төгрөг,

6.2018 оны 06 сарын 07-ны өдрийн Мон Тай Сино Групп-ээр солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулга хийлгэсэн төлбөрийн баримтаар 25,000 төгрөг,

7.2013 оны 09 сарын 16-ны өдрөөс 2013 оны 09 сарын 25-ны өдөр Л.Лхаасүрэн нь Ховд аймгийн Очир сүлд мэдрэлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн төлбөрийн баримтаар 100,000 төгрөг,

8.Л.Лхаасүрэнгийн 2013 оны 09 сарын 16-ны өдрөөс 2013 оны 09 сарын 25-ны өдөр Ховд аймгийн Очир сүлд мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн төлбөрийн баримтаар 40,000 төгрөг,

9.2013 оны 10 сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Ганжин" эмнэлэгт Л.Лхаасүрэнгийн тархины цахилгаан бичлэг хийлгэсэн баримтаар 30,000 төгрөг,

10.2014 оны 1 сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч Ж.Энхжаргалд төлсөн төлбөр 1,500,000 төгрөг,

11.2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 7 сарын 25-ны өдөр Л.Лхаасүрэн Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 111,146 төгрөг,

12.2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Л.Лхаасүрэн Улаанбаатар хотын Энх-Ундарга эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 595,000 төгрөг,

13.Л.Лхаасүрэнгийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Энх-Ундарга эмнэлэгт эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн төлбөр 133,420 төгрөг,

14.Л.Лхаасүрэнгийн 2014 оны 5 сарын 12-ны өдөр Мед эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний үнэ 30,000 төгрөг,

15.2014 оны 7 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Эм, эмнэлэгийн хэрэгсэл багаж тоног төхөөрөмж хангамжийн төвөөс Л.Лхаасүрэнд шунт тархины гуурс авсан бэлэн мөнгөний орлогын өдрийн баримтаар 180,000 төгрөг,

16.2015 оны 1 сарын 21-ний өдөр Үлэмж өнгө ХХК-иар Солонгос хэлнээс орчуулга хийлгэсэн баримтаар 15,500 төгрөг,

17.Өмгөөлөгч Ц.Даваасүрэнг Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцуулсан 2015 оны 10 сарын 17-ны өдрийн Ховдоос Улаанбаатарын чиглэлд, 2015 оны 10 сарын 21-ны өдрийн Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд явсан онгоцны билетний үнэ 346,800 төгрөг, 

18.2014 оны 5 сарын 01-ний өдөр Л.Лхаасүрэн, Д.Ла нар нь Улаанбаатар- Эрдэнэт, Эрдэнэт-Улаанбаатар явсан галт тэрэгний тасалбарын үнэ 24,600 төгрөг,

19.2015 оны 10 сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч Ц.Даваасүрэнгийн өмгөөллийн хөлс 600,000 төгрөг,

20.2016 оны 5 сарын 12-ны өдрийн Хаан банкны орлогын баримт Л.Лхаасүрэнгийн эрүүгийн хэрэгт сэтгэцийн дүгнэлт гаргуулахад төлсөн төлбөр 30,000 төгрөг

21.2018 оны 2 сарын 8-ны өдрийн Хаан банкны орлогын баримтаар Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн өмгөөллийн хөлс шилжүүлсэн баримтаар 350,000 төгрөг,

22.2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Л.Лын Улаанбаатараас Ховд аймагт ирсэн автобусны билетний үнэ 70,000 төгрөг нийт 11,761,372 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэв.

Хариуцагчийн төлөөлөгч Д.Тамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Ла нь урьд нь шийдвэрлэсэн, шүүх хуралдаанд нэхэмжлэгдсэн хохирлыг одоо давхар нэхэмжилээд байна. Өмнөх шүүхийн шийдвэрийн дагуу З нь 3,900,000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Лын данс руу нь шилжүүлсэн. Иймд нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт байгаа нотлох баримтыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ла нь хариуцагч Зд холбогдуулан гэм хорын хохиролд 11,761,372 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа миний хүү Л.Лхаасүрэн нь 2011 оны 10 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд цэрэгт явахдаа эрүүл саруул явж эмч нарын комиссын үзлэг, сорилд эрүүл мэндээр тэнцэн цэргийн албанд татагдсан атлаа цэргийн алба хаах хугацаандаа зодуулж, цохиулсны улмаас биедээ гэмтэл авч, улмаар усан тэнэгрэл сэтгэцийн өвчинтэй болж цэргээс халагдсаны дараа удалгүй нас барсан. Энэ хугацаанд хүү Л.Лхаасүрэнг эмчлүүлэхэд гарсан зардлыг өмнөх хэрэгт авагдсан баримтуудтай давхацуулаагүй, зарим баримтуудыг нөхөж нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгсөн... гэж,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...нэхэмжилж байгаа хохирлууд нь өмнө шийдвэрлэгдсэн, одоо давхардуулан нэхэмжилээд байна гэж тус тус тайлбарлалаа.

Нэхэмжлэгч Д.Лын хүү Л.Лхаасүрэн нь 2011 оны 10 дугаар сараас 2012 оны 10 дугаар сарын хооронд Зд цэргийн алба хаасан, улмаар цэргээс халагдаж ирээд 2016 оны 5 дугаар сарын 27-ны өдөр нас барсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.

Талийгаач Л.Лхаасүрэн нь цэргийн алба хааж байхдаа гэмтлийн улмаас эмчлэгдэж байсан, батальоны захирагчийн зүгээс түүнтэй цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж байсан нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх боловч харин тэрээр цэрэгт татагдахаас өмнө усан тэнэгрэл онош бүхий сэтгэцийн өвчтэй байсан гэх баримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд Иргэний цэргийн үүргийн болон Цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасны дагуу З байлдагчийн эрүүл мэндийн байдал цаашид цэргийн жинхэнэ алба хаахад харшлах эсэхийг цаг тухайд нь дүгнээгүй, улмаар хугацаанаас өмнө цэргийн жинхэнэ албанаас чөлөөлөх эсэх асуудлыг бүрэн эрхийнхээ хэмжээнд холбогдох газарт мэдэгдэж шийдвэрлүүлээгүй эс үйлдэхүй байгаа тул Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2-д зааснаар төрийн албан хаагч албан үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгах үүрэгтэй.

Нэхэмжлэгч Д.Ла нь Л.Лхаасүрэнгийн өв залгамжлагч болох нь 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн өвлөх эрхийн гэрчилгээнд үзлэг хийсэн тус шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байх тул тэрээр Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар гэм хор учруулсны төлбөрийг шаардах эрхтэй байна.

Ингэхдээ нэхэмжлэгч Д.Ла нь урьд Зд холбогдуулан гэм хорын хохирол 34,165,518 /гучин дөрвөн сая нэг зуун жаран таван мянга таван зуун арван найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд уг иргэний хэргийг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2017/00367 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар хариуцагч Зас 3,759,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Лад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 30,406,318 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Монгол улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 001/ХТ2018/00239 дугаартай тогтоолоор анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /1-р хав, хх-153-159, 163-169/

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-т зааснаар Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2017/00367 дугаартай шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болсон байна. Түүнчлэн шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноор тухайн шийдвэр өөрчлөгдөхгүй байх, тухайн асуудлаар дахин шаардлага гаргах эрхийг хязгаарлах, нэгэнт тогтоогдсон маргааны үйл баримтыг өөр хэрэгт дахин нотлохгүй байх, заавал даган мөрдөх, биелэгдэх зэрэг эрх зүйн үр дагавар бүхий шинжтэй болдог. Эдгээр шинж тэмдэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ гэж, 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж, 120 дугаар зүйлийн 120.4-т зааснаар Зохигч ба хэргийн бусад оролцогч, түүнчлэн тэдгээрийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэгдсэн маргааны талаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах буюу шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт, эрх зүйн харилцаа, иргэний хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй гэж тус тус хуульчлагджээ.

Нэхэмжлэгчийн 11,761,372 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагуудтай холбоотой баримтууд нь Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн хүчин төгөлдөр болсон 153/ШШ2017/00367 дугаартай шийдвэртэй /1-р хав. хх-153-159/ иргэний хэрэгт авагдсан нотлох баримтуудтай давхцаагүй боловч хянан шийдвэрлүүлсэн шаардлагуудтай давхацаж байна. Үүнд:

- 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Улаанбаатар хотын Ганжин эмнэлэгт Л.Лхаасүрэнг үзүүлсэн төлбөрийн баримтаар 30,000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь тус шүүхийн 153/ШШ2017/00367 дугаартай шийдвэртэй иргэний хэрэгт шийдвэрлүүлсэн 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдрөөс 20-ны өдөр хүртэл Ховд аймгийн Чандмань сумаас хүү Л.Лхаасүрэнгийн хамт Улаанбаатар хотод ирж эмчлүүлсэн, ирж буцах унааны болон эмнэлэгт шинжилгээ хийлгэсэн зардал нийт 578,000 төгрөг... гэх шаардлагад багтсан,

- 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Л.Лхаасүрэнг Улаанбаатар хотын Сонгдо эмнэлэгт үзүүлсэн төлбөрийн баримтаар 16000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь өмнөх шийдвэрийн 2013 оны 10 дугаар сард Ховд аймгаас Улаанбаатар хот руу явж эмчлүүлсэн унааны болон Сонгодо эмнэлэгт үзүүлсэн нийт зардал 510,000 төгрөг гаргуулах гэх шаардлагад орсон байна,

- 2013 оны 1 дүгээр сарын 15-наас 2013 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн Л.Лхаасүрэн Солонгос улсын Дэжон хотын Ёнхүний анагаахын сангийн Дэжонсон эмнэлэгт эмчлүүлсэн эмчилгээний зардлын тооцоо 3,519,060 вон /1вон - 1,31төгрөг/ 3,519.060 х 1,31 = 4,609,968 төгрөгний шаардлага нь өмнөх шийдвэртэй хэргийн 2012 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгаас Улаанбаатар хот руу явсан болон Солонгос улсад эмчлүүлсэн зардал гэх шаардлагад багтсан байна,

- 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн Захиалгын хуудас" шинээр орсон дистрибьютор Д.Ла Солонгос улсаас худалдаж авсан эмийн төлбөрийн баримтаар 1233 ам.доллар, энэ нь 1,392.69x1233=1,717,186.77 төгрөг гаргуулах шаардлага гэж нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ дурдсан боловч шүүх хуралдаанд энэхүү шаардлагаа тодруулаад тяншин-гаас авсан эм гэж тодруулсан бөгөөд энэхүү шаардлага нь мөн өмнөх шийдвэртэй хэргийн Солонгосоос буцаж ирээд 2013 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод эмчлүүлсэн зардал, Тяншин эмнэлэгийн үзлэг болон курс эмчилгээнүүдийн эмийн үнэ гэх шаардлагатай давхацсан,

- Өмгөөлөгч Ц.Даваасүрэнг Дээд шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцуулсан 2015 оны 10 сарын 17-ны өдрийн Ховдоос Улаанбаатарын чиглэлд, 2015 оны 10 сарын 21-ны өдрийн Улаанбаатараас Ховд аймгийн чиглэлд явсан онгоцны билетний үнэ 346,800 төгрөг, 2015 оны 10 сарын 20-ны өдөр эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч Ц.Даваасүрэнгийн өмгөөллийн хөлс 600,000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагууд нь тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2017/00367 дугаартай шийдвэртэй иргэний хэрэгт шийдвэрлүүлсэн Л.Лхаасүрэнг 2012-2014 онуудад эмчлүүлэхээр гаргасан бусад зардлын тооцоо үүнд зочид буудалд байрласан, хоол хүнс, өмгөөлөгчийн туслалцаа авсан зардал гэх шаардлагатай давхацсан,

- 2014 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 7 сарын 25-ны өдөр Л.Лхаасүрэн Улсын гуравдугаар төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн төлбөр 111,146 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Л.Лхаасүрэн Улаанбаатар хотын Энх-Ундарга эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал 595,000 төгрөг гаргуулах тухай шаардлага, Л.Лхаасүрэнгийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс 2014 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотын Энх-Ундарга эмнэлэгт эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн төлбөр 133,420 төгрөг гаргуулах тухай, 2014 оны 7 сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Эм, эмнэлэгийн хэрэгсэл багаж тоног төхөөрөмж хангамжийн төвөөс Л.Лхаасүрэнд шунт тархины гуурс авсан бэлэн мөнгөний орлогын өдрийн баримтаар 180,000 төгрөг гаргуулах тухай шаардлага нь өмнөх шийдвэрийн 2014 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 8 дугаар сарын 11-ний хооронд Ховдоос Улаанбаатар хот руу эмчилгээнд явсан зардал, эм тариа, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн зардал гэх шаардлагад давхацсан байна. Өөрөөр хэлбэл өмнө шийдвэрлүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа одоо тодруулан нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжилсэн байна.

Дээрх шаардлагуудыг Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2017/00367 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул түүнийг дахин нотлохгүй учир хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Харин дараах шаардлагууд нь өмнө шийдвэрлэсэн тус шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 367 дугаартай шийдвэрээр шийдвэрлэсэн шаардлагуудтай давхацаагүй байх тул хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тус бүрд нь үнэлж дүгнэлт хийв. Үүнд:

- Л.Лхаасүрэнгийн 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Ховд аймгийн Очир сүлд мэдрэлийн эмнэлэгт эмчлүүлэгчийн хэрэглэсэн эмийн төлбөр 40,000 төгрөг нэхэмжилсэн боловч энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй,

- Л.Лхаасүрэнгийн 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдөр Мед эмнэлэгт хийлгэсэн шинжилгээний үнэ 30,000 төгрөг гаргуулах тухай шаардлагын баримтын /3-р хав, хх-62/ хүлээн авагчийн нэр бичигдээгүй, байгууллагын регистрын дугааргүй,

- 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр Үлэмж өнгө ХХК-иар Солонгос хэлнээс орчуулга хийлгэсэн 15,500 төгрөг нэхэмжилсэн баримт нь /1-р хав, хх-20/ хүлээлгэн өгсөн этгээдийн гарын үсэггүй, байгууллагын регистрийн дугааргүй, худалдан авагчийн нэр бичигдээгүй, тус баримтыг хуулбарлахад он, сар нь дутуу гарсан,

- 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Л.Лхаасүрэн, Д.Ла нар нь Улаанбаатар- Эрдэнэт, Эрдэнэт-Улаанбаатар явсан галт тэрэгний тасалбар нь /1-р хав, хх-237/ тамгагүй, Д.Ла, Л.Лхаасүрэн нар нь эмчилгээ хийлгүүлэхээр Эрдэнэт явсан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй тул эдгээр баримтууд нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Мөн 2018 оны 2 сарын 8-ны өдрийн Хаан банкны орлогын баримтаар Улсын Дээд шүүхийн шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгч Р.Нямцэрэнгийн өмгөөллийн хөлс шилжүүлсэн баримтаар 350,000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Л.Лын Улаанбаатараас Ховд аймагт ирсэн автобусны билетний үнэ 70,000 төгрөгийн шаардлагууд нь тус иргэний хэрэгт хамааралгүй байх тул хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 153/ШШ2017/00367 дугаартай шийдвэрээр шийдвэрлүүлээгүй дараах шаардлагуудтай холбоотой баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул хариуцагч байгууллагаас гаргуулах нь зүйтэй байна. Үүнд:

- 2013 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс 2013 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Д.Ла, Л.Лхаасүрэн нар нь Улаанбаатар хотоос Сөүл чиглэлд, Сөүлээс Улаанбаатарын чиглэлд Миат ХК-иар Д.Лын зорчсон онгоцны билетний үнэ 663,616 төгрөг, Л.Лхаасүрэнгийн зорчсон билетийн үнэ 543,136 төгрөг /1-р хав, хх-19/, нийт 1,206,752 төгрөг,

- 2018 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн Мон Тай Сино Групп-ээр солонгос хэлнээс монгол хэл рүү орчуулга хийлгэсэн /1-р хав, хх-22/ төлбөрийн баримтаар 25,000 төгрөг,

- 2013 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс 2013 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Л.Лхаасүрэн нь Ховд аймгийн Очир сүлд мэдрэлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчлүүлсэн /2-р хав, хх-108/ төлбөрийн баримтаар 100,000 төгрөг,

- 2013 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотын Ганжин" эмнэлэгт Л.Лхаасүрэнгийн тархины цахилгаан бичлэг /1-р хав, хх-17/ хийлгэсэн баримтаар 30,000 төгрөг,

- 2014 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр эрүүгийн хэрэгт хууль зүйн туслалцаа үзүүлсэн өмгөөлөгч Ж.Энхжаргалд төлсөн /3-р хав, хх-8/ төлбөр 1,500,000 төгрөг,

- 2016 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн Хаан банкны орлогын баримт Л.Лхаасүрэнгийн эрүүгийн хэрэгт сэтгэцийн дүгнэлт /1-р хав, хх-13/ гаргуулахад төлсөн төлбөр 30,000 төгрөг, нийт 2,891,752 төгрөгийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангасан байна.

Иймд хариуцагч Зас 2,891,752 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Лад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,869,620 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Лын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,747 /хоёр зуун дөчин найман мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зас хангагдсан нэхэмжлэлийн шаардлага 2,891,752 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 61,218 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Лад олгохоор шийдвэрлэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 498 дүгээр зүйлийн 498.2, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагч Зас 2,891,752 төгрөг /хоёр сая найман зуун ерөн нэгэн мянга долоон зуун тавин хоёр/-ийг гаргуулан нэхэмжлэгч Д.Лад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 8,869,620 /найман сая найман зуун жаран есөн мянга зургаан зуун хорь/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Лын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 248,747 /хоёр зуун дөчин найман мянга долоон зуун дөчин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Зас улсын тэмдэгтийн хураамжид 61,218 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д.Лад олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэддавж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МАРИНА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ