Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 00425

 

2019 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 153/ШШ2019/00425

Ховд аймаг

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Дуут сумын Хөхбэлчир багт оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Дөрвөд овогт Б-ийн Цийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулдаг, ... тоот регистрийн дугаартай, В ХХК-д холбогдох 9,600,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2019 оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2016 оны 6 сарын 08-нд В ХХК-ийн захирал Д.Дарамбазартай В 12 айлын орон сууцны барилга барихад туслах ажилтнаар ажиллахаар харилцан тохиролцож аман гэрээ байгуулж орсон. 2 сарын дараа засал чимэглэлийн ажлыг хийж эхэлсэн ба 1 мкв-ын шаврыг 3500 төгрөгөөр, дотор заслыг айл айлаар нь тохиролцсон.

Засал чимэглэлийн ажлыг хийж байхад ажилчид нь эхнээсээ цалин өгөхгүй байна гээд ажлаа хаяж явж байсан. Би өөрийн эхнэр, хадам ахын хамт энэ барилгын засал чимэглэлийн ихэнхийг хийж дуусгаад 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр ажлаа хүлээлгэж өгч, ажлаасаа гарсан. Энэ хугацааны цалин нийт 12,200,000 төгрөг болсон бөгөөд үүнээс 2,400,000 авсан. Үлдэгдэл 9,600,000 төгрөгийг барилгын зээл гарахаар төлж барагдуулна гэж тохиролцсон. Гэвч одоо үлдэгдэл 9,600,000 төгрөг өгөөгүй. Намайг явдаг газраараа яв гэж хэл амаар доромжилоод байгаа учир миний бие аргаа барж танай шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч В ХХК-аас 9,600,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Б.Ц нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие В ХХК-д холбогдуулан 9,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч В ХХК-д холбогдуулан 9,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч В ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж, шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзалыг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нэхэмжлэгч Б.Цийн нэхэмжлэлтэй, хариуцагч В ХХК-д холбогдох 9,600,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн  74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Цийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 168,550 /нэг зуун жаран найман мянга таван зуун тавь/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 84,275 /наян дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж, хариуцагч В ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж тал хувь болох 84,275 /наян дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулан тус тус нэхэмжлэгч Б.Цид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч 

В ХХК нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Б.МАРИНА