| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батсайханы Бээжин |
| Хэргийн индекс | 105/2023/0150/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/166 |
| Огноо | 2023-02-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Т.Эрдэнэтөр |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2023/ШЦТ/166
2023 02 01 2023/ШЦТ/166
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бээжин даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Чингис,
Улсын яллагч Улсын яллагч: Т.Эрдэнэтөр,
Шүүгдэгч: О.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ******* Б-т холбогдох эрүүгийн 2306000000070 дугаартай 1 хавтаст хэргийг 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1991 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төгрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэр бүлгүй, ************** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, *********** Б регистрийн дугаар *********,
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн товч агуулга: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ Шүүгдэгч О.Б нь *********** тоотод 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.Б-тай маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар цохих зэргээр биед нь халдаж, Ц.Б-ын эрүүл мэндэд нь зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, цээжинд зулгаралт гэмтэл үүсгэж хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хавтас хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч О.Б нь *********** тоотод 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр иргэн Ц.Б-тай маргалдаж улмаар гараараа нүүрэн тус газар цохих зэргээр биед нь халдаж, Ц.Б-ын эрүүл мэндэд нь зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, цээжинд зулгаралт гэмтэл учруулан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ц.Б-аас өгсөн “... 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 02 цагийн үед П гэдэг найзтайгаа 16 дугаар хороололд уулзаад гэрт нь ороод бид хоёр 2,5л-ийн хэмжээтэй 1 том пиво ууж дуусаад дахиад нэгийг уугаад байж байтал гаднаас 2 хүн ороод ирэх шиг болсон. Тэгээд нэг мэдсэн чинь миний толгойноос цус гарчихсан би газар хэвтэж байсан. Тэгээд босч ирээд байж байтал П цагдаа дуудлаа шүү гээд байсан ба удалгүй цагдаа нар хүрээд ирсэн ...” гэх мэдүүлэг /хх-ийн 7/-р тал,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч О.Б-ийн өгсөн “...2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр 04 цагийн Солонгос улсад хамт ажиллаж, танилцаж байсан найз Б-ыг ******** гэсэн фэйсбүүк хаягнаас миний О.Б гэсэн фэйсбүүк хаяг руу чатаар холбогдож Монгол улсад ирсэн талаар хэлж уулзах уу гэж асуухад нь хүлээн зөвшөөрч ахуйн үйлчилгээний CU-гийн урд уулзахад Б согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба хамт архи уух талаар хэлэхэд нь тээврийн хэрэгсэлтэй явж байсан болохоор манай гэрт очиж 1-2 пиво уучихаад унтъя гэхэд хүлээн зөвшөөрсөн бөгөөд бид хоёр уг CU үйлчилгээний төвөөс 2,5л-ийн сэнгүр 2 ширхэг, 0,5 литрийн лаазтай сэнгүр 1 ширхэгийг авч ********* тоот манай гэрт ирээд 2,5 литрийн 1 ширхэг Сэнгүрийг уугаад дуусаж байхад Бнадад хандаж би том артай, чамайг зодно миний дүү ч байсан чамайг зодно гэж хэлэхэд нь битгий ийм юм яриад бай гэр оронд ирсэн юм бол зүгээр бай гэж хэлэхэд ширээн дээр байсан 2 аягыг хоорондоо цохиж хагалахад нь цагдаагийн байгууллагад агсан тавиад байна гэж дуудлага өгчихөөд чи арай давраад байгаа юм биш үү гэж хэлээд заамдаж авахад намайг зөрүүлж заамдаж аваад баруун мөр хэсэг рүү 1 удаа цохиж авахад нь газар унагаж байгаад нүүр хэсэг рүү нь 3 удаа, хэвлий хэсэг рүү нь 2 удаа цохиж аваад дээрээс нь босоод чи одоо зайл гэж хэлэхэд Б ариун цэврийн өрөө орсон ба ороод гарч ирэхэд нь 2 цагдаа ирж таарсан. Тухайн газарт өөр ямар нэгэн маргаан зодоон цохион болсон зүйл байхгүй. Найз Б-ыг ариун цэврийн өрөөнөөс гарч ирэхэд нь харахад баруун талын шанаа хэсгээс нь цус гарч, нүд болон хацар хэсэгт нь хавдсан байсан бөгөөд намайг заамдаж байгаад түлхэж унагахад унах үедээ өөрийнхөө хагалсан аяганы хагархай дээр шанаа хэсгээрээ унасан байж магадгүй. Манай гэрт бид хоёроос өөр хүн байгаагүй. Б-ын хувьд миний баруун мөр хэсэг рүү нэг удаа цохиж авсан бөгөөд үүний улмаас учирсан ямар нэгэн гэмтэл шарх байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9, 26/-р тал,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 525 дугаартай дүгнэлт /хх-ийн 12-18/-р тал
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 525 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Ц.Б-ын биед зулайн хуйханд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн доод зовхи, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих, үрэх мехазнизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн Хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хх 14-15х/-р тал зэрэг болоод шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн мэдүүлэг зэрэг болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “...Яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно...” гэж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээ, эсхүл ялаас чөлөөлөх, эсхүл ял оногдуулахгүй тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай саналыг яллагдагч, түүний өмгөөлөгчид танилцуулж, яллагдагч зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ...” гэж,
Мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана...” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч О.Б-ийн зүгээс өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж, улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэн шүүгдэгч О.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгуулийн ял санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Харин улсын яллагчийн зүгээс тухайн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-д учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэсэн, хохирогчийн зүгээс хохиролтой холбоотой баримт гаргаж өгсөн эсэхийг нарийвчлан тогтоож энэ талаарх холбогдох баримтыг хавтас хэрэгт хавсаргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулах хуулийн зохицуулалттай бөгөөд нэгэнт хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн эсэх талаарх холбогдох баримтуудыг хавсаргаагүй байх тул хохирогч Ц.Б нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч О.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Б-т учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5 дахь хэсэгт заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзнэ.
Цаашид улсын яллагчийн зүгээс хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1, 17.2, 17.3 дугаар зүйлүүдэд заасан заалт нэг бүрээр хяналтын ажлыг хэрэгжүүлж байвал зохино.
Түүнчлэн хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болоод шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тайлбар зэргээс харвал шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хуулийн шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэлтэй байх тул мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь прокурорын саналын хүрээнд, түүний эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Иймд, шүүгдэгч О.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус зүйл хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгуулийн ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч О.Б нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-ийн 1 ддэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** Б-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /Таван зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-т шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш 05 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай..
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б нь шүүхийн оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч О.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Ц.Б нь өөрт учирсан гэм хорын хохирол, хор уршгийн бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээд болох О.Б-ээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БЭЭЖИН