| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00361/И |
| Дугаар | 00427 |
| Огноо | 2019-09-06 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 00427
| 2019 оны 09 сарын 06 өдөр | Дугаар 153/ШШ2019/00427 | Ховд аймаг |
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Марина би
Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн 09-16 тоотод оршин суух, .... тоот регистрийн дугаартай, Хулан цувдаг овогт М-ийн Эийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хсургуульд холбогдох Хсургуулийн захирлын 2019 оны 06 сарын 17-ны өдрийн Б/130 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хсургуулийн захирлын 2018 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн Б/128 дугаар тушаалаар М.Э намайг 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс нягтлан бодогчийн ажлын байранд жинхлэн томилж, ажиллуулсан. М.Э би нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа ажлын алдаа дутагдал гаргалгүйгээр хариуцсан ажлаа зохих түвшинд хийж гүйцэтгэн хичээсээр ирсэн. Гэтэл Хсургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/130 дугаар тушаалаар намайг нягтлан бодогчийн ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийг ноцтой зөрчсөн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:
Нэг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно гэжээ. Нэхэмжлэгч М.Э би 2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүү Б.Мөнх-Оргилыг төрүүлсэн, одоо 3 сартай байхад намайг нягтлан бодогчийн ажпаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна. Тодруулбал Хсургуулийн захирлын захирлын дээрх тушаалд баримталсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4, 37.1.5 дахь заалтууд нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг ажлаас чөлөөлж болох Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т үндэслэлд хамаарахгүй байна.
Хоёр. Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т зааснаар ажил олгогч нь жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах үүрэгтэй. Нэхэмжлэгч М.Э би хүү Б.Мөнх-Оргилыг төрүүлэхээр жирэмсний болон амаржсаны амралттай хугацаанд ажил олгогчоос ажилтан намайг ажлаас чөлөөлсөн нь хуулийн дээрх заалтыг зөрчиж байна.
Гурав. Нэхэмжлэгч М.Э намайг нягтлан бодогчийн ажлаас чөлөөл гэж хууль тогтоомжид заасан ямар нэг эрх бүхий байгууллага шаардаагүй байхад ажил олгогчоос үндсэн ажилтан намайг ажлаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.4-т заасныг буруу хэрэглэсэн. Л.Аззаяаг хөрөнгө орлого хариуцсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай шийдвэр нь нэхэмжлэгч М.Э миний жинхлэн томилогдсон нягтлан бодогчийн ажлын байртай хамааралгүй байна. Ийм байхад ажил олгогчоос ажилтан намайг ажпаас чөлөөлж, Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.5-т заасныг буруу хэрэглэсэн.
Дөрөв. Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлах ёстой. Гэтэл Хсургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/130 дугаартай тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасныг баримтлаагүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.
Тав. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т Ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт заана гэжээ. Гэтэл Хсургуулийн захирлын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн Б/130 дугаар тушаалд М.Э намайг ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоогоогүй, ажил хүлээлцүүлэгүй нь хуулийн дээрх заалтад нийцэхгүйн дээр ажил хүлээлцүүлэх хугацааны болон ээлжийн амралтын олговор авах эрх зөрчигдөж байна. Иймд М.Э миний Хсургуульд холбогдох гомдлын шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэхийг хүсье гэжээ.
Нэхэмжлэгч М.Э нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:Миний бие хариуцагч байгууллагатай харилцан ярилцаж намайг 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн няравын ажилд томилохоор тохирсон тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Хсургуульд холбогдуулан Хсургуулийн захирлын 2019 оны 06 сарын 17-ны өдрийн Б/130 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах холбогдуулан 9,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч М.Э нь хариуцагч Хсургуульд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа сайн дураараа татгалзаж, шүүхэд бичгээр хүсэлт ирүүлсэн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзалыг хүлээн авч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч М.Эийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хсургуульд холбогдох Хсургуулийн захирлын 2019 оны 06 сарын 17-ны өдрийн Б/130 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгал болон эрүүл мэндийн шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах холбогдуулан 9,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч М.Э нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Хсургууль нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАРИНА