| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00319/И |
| Дугаар | 00429 |
| Огноо | 2019-09-10 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 00429
| 2019 оны 09 сарын 10 өдөр | Дугаар 153/ШШ2019/00429 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн 7-16 тоотод оршин суух, ... тоот регистрийн дугаартай, Зуутраг овогт Б-ийн Бын хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие нь 1969 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. 1977 онд Ховд аймгийн Мянгад сумын 8-н жилийн дунд сургуулийн 1-р ангид орж 1985 онд 8-р анги төгсөж, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад хувиарлагдан 1985 оны 6 дугаар сараас 1991 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тасралтгүй ажилласан. Тус нэгдэлд ажиллаж байх үеийн баримтууд нь архив шатсаны улмаас олдохгүй байгаа учраас шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд Б.Б намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлт гаргагч Б.Б нь 1969 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Тэрээр 1985 онд 8-р анги төгсөж, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд хоньчноор томилогдсон боловч хоньчноороо ажиллаагүй байдаг. Б.Б нь 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдөр 8 дугаар анги төгссөн тул нэхэмжлэлийн шаардлагаа багасгаад 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Б нь 1985 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд туслах ажилтнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байх бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нямдорж нь хүсэлт гаргагч Б.Быг 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг багасгалаа.
Хүсэлт гаргагч Б.Баас Д.Нямдоржид 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр итгэмжлэл олгосон байх бөгөөд тус итгэмжлэлээр Д.Нямдорж нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгах эрхтэй байна. Иймд тус хэргийг 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан шийдвэрлэсэн болно.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 680 дугаартай лавлагаа,
-Б.Бын Нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-Б.Бын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,
-Улсын бүртгэлийн хэлтсийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн лавлагаа,
-Б.Бын нэр дээрх 1985 оны 6 дугаар сарын 19-ний өдөр нээлгэсэн эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр,
-Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт,
-Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн даргын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 30 дугаартай Хувиарлан томилох тухай тушаалын хуулбар,
-Мянгад сумын 8 жилийн сургуулийн 1985 оны төгсөлтийн зураг,
-Гэрч Ц.Баттөмөрийн шүүхэд өгсөн ...би 1983 оноос эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилчнаар ажиллаж байгаад цэрэгт явсан. Цэргээс халагдаж ирээд мөн нэгдэлдээ нэгдэл тарах хүртэл ажилласан. Намайг цэргээс халагдаж ирээд нэгдлийн Үйлдвэр бригадад ороход Б.Б тогоочоор ажиллаж байсан. Тэгээд Б.Быг энэ үеэс л эхлэн мэддэг болсон. Бид 1991 он хүртэл хамт ажилласан гэх мэдүүлэг,
-Гэрч О.Чулууны шүүхэд өгсөн ...би 1977-1989 он хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригад хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байсан. Тэгэхэд Б.Б нь Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан. Тэрээр нэгдэлд шаардлагатай ажил бүрийг хийдэг байсна гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч Б.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч Б.Б нь 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан нь нотлогдож байх тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЗ69022505 тоот регистрийн дугаартай, Зуутраг овогт Бадарчийн Бын 1985 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Үйлдвэр бригадад туслах ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА