| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бадарчийн Марина |
| Хэргийн индекс | 153/2019/00327/И |
| Дугаар | 00433 |
| Огноо | 2019-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2019 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 00433
| 2019 оны 09 сарын 13 өдөр | Дугаар 153/ШШ2019/00433 | Ховд аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ховд сумын Баруун салаа багт оршин суух, .... регистрийн дугаартай, Мянгад овогт У-ийн Сгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч У.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч У.С шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У.С миний бие 1967 онд Ховд аймгийн Мянгад суманд төрсөн. Би сургуульд огт сурч байгаагүй, бичиг үсэг мэддэггүй. Тухайн үед би бага наснаасаа эхэлж эхийнхээ хамт мал малладаг байсан. 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар эхийнхээ хамт ажиллаж эхэлсэн ба 1992 оны 11 сарын 09-ний өдөр Ховд аймгийн Ховд сумын иргэн Ширчин овогтой Энхтөртэй гэр бүл болж, тус нэгдэлд малчнаар одоог хүртэл мал маллаж амьдарч байна. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч Мянгад сумын архив шатсан учраас баримт олдохгүй байгаа тул шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд У.С намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч У.С нь 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагатай холбогдуулан дараах баримтууд хэрэгт авагджээ. Үүнд:
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 2256 дугаартай лавлагаа,
-У.Сгийн нэр дээрх 01319348 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-У.Сгийн нэр дээрх 3272 дугаартай нэгдлийн гишүүний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,
-У.Сгийн 1982 онд малчдын чуулга уулзалтанд оролцоод авахуулсан гэх гэрэл зураг,
-Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл нь 1992 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Давшилт ХК болж өөрчлөн зохион байгуулагдсан байна гэх 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 128 дугаартай Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа,
-У.Сгийн нэр дээрх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа,
-У.Сгийн нэр дээрх 1981 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нээлгэсэн эрхэлсэн ажил, ажилласан хоног, авсан хөлсийн талаарх бичилттэй хөдөлмөрийн дэвтэр эх хувиараа,
-Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн 752 дугаартай Ховд аймгийн Мянгад сумын Үйлдвэр бригадын 1985 оны малын тооллогын картны бүртгэлийн 24 дүгээрт У.Бямбадаш ам бүл 8, хөдөө аж ахуйд 4, 25 толгой мал тоолуулжээ. Х№23, Д№01, ХН№233, Ховд аймгийн Мянгад сумын Үйлдвэр бригадын 1986 оны малын тооллогын картны бүртгэлийн 13 дугаарт У.Бямбадаш ам бүл 7, хөдөө аж ахуйд 4, 32 толгой мал тоолуулжээ. Х№23, Д№1, Х№242 гэх лавлагаа,
-Ховд аймгийн Мянгад сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн 60 дугаартай Уртнасан овогтой С нь .. регистрийн дугаартай, 1975-1978 он хүртэл бага сургуульд 3 анги хүртэл суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар сургуулиас гарсан нь үнэн болно гэх албан бичиг,
-Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 1985 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн У.Сгийн нэр дээрх Баярын бичиг,
-Гэрч Л.Жийзаагийн шүүхэд өгсөн ...1984 оны Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Гахайт бригадад эх Уртнасангийн хамт саальчнаар ажиллаж байсан. У.С нь 1991 он хүртэл уг нэгдэлдээ ажиллаж байсан... гэх мэдүүлэг,
-Гэрч Д.Бямбадашийн шүүхэд өгсөн ...У.С нь Уртнасан гэдэг айлын дээрээсээ 3 дахь хүүхэд, доороо 2 дүүтэй. Уртнасан гэдэг ээж нь, У.С нь огт сургуульд сурч байгаагүй, бага наснаасаа ээж Уртнасангийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчин, саальчнаар нэгдэл тарах хүртэл ажиллаж байсан... гэх мэдүүлэг зэрэг баримтууд цугларчээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан дээрх нотлох баримт болон хэрэгт авагдсан бусад баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.
Хүсэлт гаргагч У.С нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлт гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.
Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж дүгнэлээ.
У.Сгийн нэр дээрх 1981 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нээлгэсэн хөдөлмөрийн дэвтэр нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлээс олгосон байх бөгөөд хөдөлмөрийн дэвтэр олгосон хэсэгт хэн гарын үсгийн тайлалгүй, хэн гарын үсэг зурсан нь тодорхойгүй боловч хөдөлмөрийн дэвтэр дээр нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл гэсэн тамга дарагдсан байна. Тус дэвтрийн 2-3 дугаар хуудсаанд 1981 оны 6 дугаар сарын 01-ний өдөр Тариа бригадад малчин, хоньчноор томилон ажиллуулав гэж бичээд ар талд нь нэгдлийн даргын 1981 оны 4 дүгээр сарын 28-ний өдрийн 14 тоот тушаалаар гэх бичилт хийгдсэн дээр нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл гэсэн тамга дарсан, 1981 оны 6 дугаар сараас 1990 оны 12 дугаар сарыг дуустал хөдөлмөрийн хөлс бүрэн бичигдсэн, гарын үсэг зурагдсан, тамга тэмдэг дарагдсан байна. Дээрх хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн ажилд томилсон талаарх бичилт нь засвар ороогүй байгаа тул дээрх хөдөлмөрийн дэвтрийг нотлох баримтаар үнэлсэн болно.
Иймд хэрэгт авагдсан дээрх баримтуудаар хүсэлт гаргагч У.С нь 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар тус тус ажиллаж байсан болох нь нотлогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ПЗ67062600 регистрийн дугаартай, Мянгад овогт Уртнасангийн Сг 1983 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА